Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/02110

 

 

 

 

 2023 12 06 210/МА2023/02110

 

 

Н... ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн даргалагч шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2023/02739 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.... ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.... ХК-д холбогдох,

 

4,031,205,689 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Дугармаа, Ж.Энхчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамханд, Б.Бөртэ, хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

 

1.1. Нэхэмжлэгч нь Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 94 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгэхээр 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр С-АЗ-Б2012-71/126 тоот гэрээг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, санхүүжүүлэгч Хөгжлийн банктай байгуулсан юм.

 

1.2. Талууд тус гэрээт ажлыг 44,000,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон. Г.... ХХК, Н.... ХХК-ийн хооронд 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан TE0499120662 тоот Банкны баталгааны гэрээний дагуу 8,880,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийн баталгааг Г... ХХК гаргахаар тохиролцож, энэхүү гэрээг үндэслэн Хөгжлийн банк 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 8,880,000,000 төгрөгийг манай компанид шилжүүлсэн.

 

1.3. Замын барилгын ажлын гэрээний үүрэг хэрэгжиж, ажлыг гүйцэтгэх явцад захиалагч Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай 190 дугаар тушаал гарсан.

 

Монгол Улсын Хөгжлийн банк 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2/27 дугаартай албан бичгийг Г....анд хүргүүлж, урьдчилгаа төлбөрийн баталгааны дагуу нийт 8,880,000,000 төгрөгийн төлбөрийг 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дотор шилжүүлэхийг мэдэгдсэн.

Г.... ХХК 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөгжлийн банканд 8,880,000,000 төгрөгийг манай компанийн баталгааны төлбөрт шилжүүлсэн.

 

1.4. Г.... нь дээрх төлбөрийг шилжүүлсний дараа 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ЗГ8115005858 тоот Зээлийн гэрээ байгуулж, мөн оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай компанийн 1140000029 тоот дансанд 8,880,000,000 төгрөгийн зээлийг ЗГ/8115005858 тоот шийдвэрийн дагуу зээл олгов гэсэн утгаар шилжүүлж, мөн өдрөө 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Хөгжлийн банк руу баталгааны мөнгө шилжүүлсэн авлагыг хаав гэсэн утгаар зарлага гаргасан.

 

Г....тай байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ8115005858 тоот Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д 8,880,000,000 төгрөгийн зээлийг 2.1.1,2.1.2-т заасан жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2.1.3-т заасан Эргэлтийн хөрөнгийн зориулалтай, 2.1.5-д заасан зээлийн дансанд шилжүүлэхээр тус тус тохиролцсон нөхцөл бүхий гэрээтэй бөгөөд Г.... нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч манай компанид бодитоор олгоогүй учраас зориулалтын дагуу ашиглах боломж олгоогүй.

 

1.5. Улмаар тус ЗГ8115005858 тоот Зээлийн гэрээнд 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, хугацааг 12 сараар, хүүг 19,2 хувь болгон өөрчилсөн ба 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрээг 12 сараар сунгаж, өөрчлөлт оруулсан. 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дахин нэмэлт оруулж, гэрээний хугацааг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 12 сараар сунгаж, хүүгийн хэмжээг 21,6 болгосон.

 

Г.... ХХК нь тус банкан дахь манай компанийн харилцах данснаас ЗГ8115005858 тоот Зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 8,880,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 3,622,803,833 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 408,401,856 төгрөг нийт 12,911,205,689 төгрөгийг суутган зээлийн төлбөрийг гүйцэтгэсэн.

 

1.6. Г.... ХХК нь тус зээлийн гэрээний үүрэгт 320,813,378 төгрөг төлөөгүй гэж 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж шийдвэрлээд байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/00980 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1467 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 001/XT2022/00410 дугаар тогтоолоор Г.... ХК-ийн нэхэмжлэлийн 2013 оны 02 дугаар сарын 01- ний өдрийн ЗГ8115005858 тоот Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 320, 813, 378 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Г... ХХК, Н... ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ8115005858 тоот Зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-дэх хэсэгт заасан "хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж шат шатны шүүхээс тогтоосон.

 

Энэхүү хууль зөрчсөн зээлийн гэрээний улмаас үндэслэлгүйгээр суутган төлүүлсэн зээлээс шалтгаалан өнөөдрийн байдлаар маш их хохиролд орж, үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байдалд хүрээд байна.

 

Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцохдоо 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ8115005858 тоот Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан боловч, сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан.

 

1.7. Нэгэнт Г... ХХК-ийн нэхэмжлэлтэй 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ8115005858 тоот Зээлийн гэрээ-тэй холбогдсон хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдэж, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тогтоосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт суутгасан 4,031,205,689 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.       Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

 

2.1. Н.... ХХК, Ж.Э..., Э.Э..., Б.Т... нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 7,124,068,864.47 төгрөг гаргуулах иргэний хэрэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/00980 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 сарын 03-ны өдрийн 1467 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн 2022 оны 04 сарын 05-ны өдрийн 001/XT2022/00410 дугаар тогтоол гарсан.

 

Дээрх шийдвэр, магадлал, тогтоолд талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээг хүчин төгөлдөр хэмээн үзэж, хариуцагчид болох Н... ХХК, Ж.Э..., Э.Э...н, Б.Т... нараас 5,319,831,048.00 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 26,757,105.24 төгрөг тус тус гаргуулж Г.... банканд олгуулах, хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн.

 

Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж тогтоосон үйл баримт байхгүй.

 

2.2. Уг 8,880,000,000 төгрөгийн хувьд нэхэмжлэгчийн зүгээс Г... ХХК-д хүсэлтээ гаргаж, банк Зам тээвэр барилга хот байгуулалтын яам, Хөгжлийн банкинд баталгаа гаргасан байдаг. Нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэл тухайн Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамтай байгуулсан гэрээ хангалтгүй гэж үзсэний үндсэн дээр тус яамнаас гэрээг цуцлаад баталгааг 3 хоногийн дотор шилжүүлнэ үү гэсэн албан бичиг Г... ХХК-д ирүүлсэн.

 

Төлбөр гаргахаар баталгааны гэрээг байгуулсан. Энэ тал дээр талууд хэн аль нь маргаагүй ч баталгааны гэрээний 2.2 дах хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч буюу яам нь банкинд шаардлага гаргасан тохиолдолд банк урьдчилгаа төлбөрийг үл маргах журмаар төлнө. Харин энэ талаар гүйцэтгэгчээс авна гэж гэрээ байгуулсан.

 

2.3. Нэхэмжлэгч энэ төлбөрийг төлж чадахгүй байгаатай холбоотойгоор банканд 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр албан бичгээр зээл олгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Энэхүү хүсэлтийн дагуу банк холбогдох судалгааг хийгээд гэрээ байгуулаад Н.... ХХК-ийн харилцах дансанд 8,880,000,000 төгрөгийн олголтыг хийгээд, зээлийг нь олгоод талууд гэрээ байгуулсан.

 

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээд 2013 оноос 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийтдээ банкинд 4 удаа хүсэлт өгөөд, 3 удаа зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан.

 

Нэхэмжлэгч нийт 12 тэрбум гаруй төгрөгийн төлөлтийг хийгээд явж байсан. Гэвч талуудын хооронд байгуулагдсан гэрээний хувьд хуульд заасан хэм хэмжээг зөрчөөд, хуулиар хориглосон зүйл байхгүй.

Хуульд заасан шаардлага буюу барьцааны гэрээнүүдийг хүртэл улсын бүртгэлд бүртгүүлсэн хэргийн баримт байгаа. Цаашлаад нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээний эсрэг үйл баримт байхгүй. Өмнө, хожим зөвшөөрсөн буюу зөвшөөрлийн үндсэн дээр хийгдсэн.

 

2.4. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасны дагуу бэлэн бус төлбөр тооцооны баримтыг захиран зарцуулах эрх бүхий этгээд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гэж заасан байгаа. Энэ зөвшөөрлийг авсан. Н.... ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/002 дугаартай хүсэлт, 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан 5858 дугаар зээлийн гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 5858/а дугаар нэмэлт өөрчлөлт, 2015 оны 01 дүгээр сарын 19, 07 дугаар сарын 3, 10 дугаар сарын 26-ны өдрүүдийн хүсэлтүүд, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хүсэлт, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүд дээр нэхэмжлэгч үүргээ биелүүлээд 12,911,205,689 төгрөгийг төлчсөн.

 

Талуудын хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлээд гэрээний чөлөөт байдлын дагуу нөхцлөө тодорхойлсон.

 

Гэтэл зээлийг олгоогүй, төлбөрийг эргүүлэн төлөөгүй, зөвшөөрөл өгөөгүй мэтээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй гэжээ.

 

3.       Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

 

Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г... ХК-иас 4,031,205,689 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.... ХХК-д олгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,313,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.... ХК-иас Улсын тэмдэгтийн хураамжид 20,313,980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н... ХХК-д олгож, шийдвэрлэжээ.

 

4.       Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

 

4.1. Анхан шатны шүүх "Г... ХК нь Н... ХХК-ийн дансан дах мөнгөн хөрөнгийг үндэслэлгүйгээр, өөрийнх нь зөвшөөрөлгүй захиран зарцуулсан байх тул хариуцагч Г... ХК-аас 4,031,205,689 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н... ХХК-д олгох үндэстэй" хэмээн тайлбарласан атлаа мөн хэсгийн 8 дах заалтад "Талуудын хооронд 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ЗГ8115005858 дугаартай Зээлийн гэрээг байгуулж 8,880,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгохоор зээлийн гэрээ байгуулсан бөгөөд энэ тухай зохигчид маргаагүй. хэмээн агуулгын хувьд зөрүүтэй дүгнэлт хийсэн.

 

 

4.2. Нэхэмжлэгч тал өөрийн үндэслэл, тайлбарыг бүрэн нотлоогүй байхад шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг хэт гуйвуулан үнэлсэн.

Хариуцагч мөнгөн хөрөнгийг шилжүүлж ашиглуулсан, нэхэмжлэгч уг мөнгөн хөрөнгө, хүүг буцаан төлөх үүргээ даруй 3 жил 10 сарын хугацаанд биелүүлсэн байдлыг огт харгалзаж үзээгүй.

 

Шүүх "хариуцагч Г... нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид бодитоор олгоогүй байх ба зээлдэгч Н... ХХК-ийн нэр дээрх 1140000029 тоот төгрөгийн харилцах дансанд 8,880,000,000 төгрөгийг шилжүүлж, шилжүүлсэн өдрөө Хөгжлийн банк руу баталгааны мөнгө шилжүүлсэн авлага хаасан болох нь Зээлийн дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байна." гэж,

 

"...зээлийг зээлийн дансанд шилжүүлж бодитоор олгоогүй атлаа 4,031,205,689 төгрөг суутган, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх нэхэмжлэгч талын тайлбар, тооцоолол үндэслэлтэй гэж үзнэ." гэж тус тус тайлбарласан.

 

Хариуцагчийн тайлбар, татгалзлаар "нэхэмжлэгч талын хүсэл зориг бүхий л цаг хугацаанд байсан, зээл авах хүсэлтээ 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 1/002 албан бичгээр илэрхийлсэн, зээлийн төлөлтийг 1140000... харилцах дансаар дамжуулан 8115005.... зээлийн дансанд хийж байсан.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2020/00980 шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1467 магадлал, Улсын дээд шүүхийн 001/XT2022/00410 тогтоолоор Голомт банкны 320,813,378 төгрөг гаргуулах шаардлагыг шийдсэн тухай удаа дараа дурдсан.

 

Уг байдалтай холбоотойгоор талуудын хооронд үүссэн гэрээний харилцаанд Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан "Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ." гэх байдлыг үнэлэх нь зүйтэй.

 

Учир нь, талуудын хооронд байгуулагдсан ЗГ8115005858 тоот Зээлийн гэрээний харилцаа 2013 онд үүсэж нэхэмжлэгч тал 4 удаа хүсэлт гаргаж, 3 удаа нэмэлт өөрчлөлтийн гэрээ хийсэн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан. Түүнчлэн, шүүхийн зүгээс "Н..." ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр зарлага гаргасан нь хууль зөрчсөн гэж тайлбарласан.

 

4.3. Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2-т "Банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх бөгөөд шүүх болон банкны эрх хүлээн авагчийн шийдвэр, эсхүл үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно гэж заасан байгаа боловч тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д Банкны төлбөр тооцооны үйл ажиллагааг хуулиар зохицуулна" гэж заасан нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг баримтална гэсэн ойлголт билээ.

 

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т "Төлбөр хариуцагч, төлбөр хүлээн авагч нь бэлэн бус мөнгөний төлбөр тооцооны ямар хэлбэрээр харилцахаа өөрсдөө сонгож авна. Төлбөрийн нэхэмжлэлээр хийх төлбөрийг гагцхүү төлбөр хариуцагчийн мөнгөн хөрөнгийг зарцуулах эрх бүхий этгээдийн зөвшөөрсөн нөхцөлд гүйцэтгэнэ." гэсэнд уг маргааны агуулга нийцнэ.

 

Баталгааны гэрээний үүргийг ЗГ8115005858 тоот Зээлийн гэрээгээр олгогдсон мөнгө хөрөнгөөс төлөх бичгээр олгосон зөвшөөрөл, хүсэлт байгаа гэж үзэхээр байна. Иймд харилцагчийн зөвшөөрөлгүй зарлага гаргасан гэж байгаа нь үндэслэлгүй, Иргэний хуулийн 495 дугаар зүйлийг эшилж байгаа нь үндэслэлгүй.

 

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

 

5.1. 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан ЗГ8115005858 тоот зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт.

  

5.2. Зөвшөөрөлгүйгээр мөнгийг нь аваад өөртөө ашиг орлого бий болгочихсон учраас бодитой олгоогүй зээлийг ашиглах боломж олгохгүйгээр зээлийн гэрээний мөн чанарыг алдагдуулсан тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Н... ХХК нь хариуцагч Г... ХК-д холбогдуулан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт үндэслэлгүйгээр суутгасан 4,031,205,689 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, ...зээлийн гэрээ хүчин төгөлдөр, Н... ХХК мөнгөн хөрөнгийн шилжүүлэг хийхэд албан бичгээр зөвшөөрөл өгсөн гэж маргажээ. /1-р хх 1-5, 65/

3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.а. Монгол Улсын Хөгжлийн банк, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яам болон Н.... ХХК-уудын хооронд 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 94 км хатуу хучилттай авто замын барилгын ажил-ын гэрээ байгуулагдсан.

Уг гэрээгээр гүйцэтгэгч Н... ХХК нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 94 км хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажлыг 44,400,000,000 төгрөгийн өртгөөр 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд барьж ашиглалтад оруулах, захиалагч Зам, тээвэр барилга хот байгуулалтын яам нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх, Хөгжлийн банк уг төслийг санхүүжүүлэхээр тус тус тохиролцсон байна. /1-р хх 28-33/

3.б. Зохигчийн хооронд 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Банкны баталгааны гэрээ байгуулагдаж, Г... ХК нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 94 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр Н... ХХК-ийн хүлээсэн урьдчилгаа төлбөрийн баталгаа 8,880,000,000 төгрөгийг төлөхөөр болжээ. /1-р хх 40-41/

 

3.в. Зам, Тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 190 дугаар тушаалаар Монгол Улсын Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 94 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гүйцэтгэгч Н... ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан байна. /1-р хх 26/

 

Зам, тээврийн яамны 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 3/2531 тоот албан бичгээр энэ талаар ажил гүйцэтгэгч Н... ХХК-д мэдэгдсэн. /1-р хх 27/

 

3.г. Улмаар Монгол Улсын Хөгжлийн банк 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2/27 тоот албан бичгээр Г... ХК-д хандаж, баталгаа гаргасны дагуу 8,880,000,000 төгрөгийг 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дотор шилжүүлэхийг мэдэгдсэн.

 

3.д. Талуудын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ8115005858 тоот гэрээтэй холбоотой үйл баримтыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/00980 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт:

 

Г... ХХК нь 8,880,000,000 төгрөгийн баталгааны гэрээний үүргийг шаардаагүй атлаа хариуцагч "Н..." ХХК-тай 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдөр ЗГ8115005858 тоот зээлийн гэрээ байгуулж, мөн оны 2 дугаар сарын 28-ны өдөр "Н..." ХХК-ийн 1140000029 тоот дансанд 8,880,000,000 төгрөгийн зээлийн орлого шилжүүлж, мөн өдрөө "2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Хөгжлийн банк руу баталгааны мөнгө шилжүүлсэн, харилцагчийн зөвшөөрөлгүйгээр зарлага гаргасан, Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15, 17-д заасныг зөрчсөн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-дэх хэсэгт заасан "Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл" гэж дүгнэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1467 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 001/ХТ2022/00410 дугаар тогтоолоор дээрхи анхан шатны шүүхийн дүгнэлтийг хэвээр үлдээжээ. /1-р хх 66-87/

 

3.е. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдэд дээрх 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн ЗГ8115005858 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн. Дээрхи хэлцэл нь анхнаасаа эрх зүйн ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй ба хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус тул хүчин төгөлдөр гэрээний адил эрх, үүрэг, хариуцлага тооцох боломжгүй. Гэрээний дагуу хүүд 320,813,378.20 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

 

3.ё. Г.... ХК-аас 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ8115005858 дугаартай зээлийн гэрээнд зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон тооцооллын хүснэгтийг нотлох баримтаар гаргасан./1-р хх 46-47/ Уг тооцооны баримтаас үзэхэд Н... ХХК нь зээлийн гэрээний дагуу зээлд 8,880,000,000 төгрөг, хүүд 3,622,803,833.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 408,401,856, нийт 12,911,205,689.55 төгрөгийг төлсөн, энэ талаар зохигч маргаагүй.

 

4. Зохигч дараах асуудлаар маргаж байна. Үүнд:

4.а. Дээрхи 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ8115005858 дугаартай гэрээний зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт суутгасан 4,031,205,689 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлтэй эсэхэд талууд маргаж байна. Уг гэрээг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдэд хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн эсэх, талуудын хооронд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан дахин нотлох шаардлагагүй нэгэнт тогтоогдсон үйл баримт байгаа эсэхэд маргаж байна. Мөн 4,031,205,689 төгрөгийг Н.... ХХК зөвшөөрч төлсөн гэж хариуцагч Голомт банк ХК тайлбарлажээ.

5. 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ8115005858 дугаартай гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

5.а. Нэгэнт талуудын хэлцэл хүчин төгөлдөр бус тул уг үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй. Хүчин төгөлдөр бус хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагврыг арилгуулахаар шаардах эрхтэй, үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар шүүх шийдвэрлэх нь хуульд нийцнэ. Энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзнэ. Харин анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүсэх үүргийн харилцаа үүссэн гэж буруу дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

Зээл нь зориулалттай байх бөгөөд ашиглалтын хугацаа шаардана. Хүү нь зээлийг ашигласан хугацааны хариу төлбөр юм. Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн агуулгаас үзэхэд хариуцагч Голомт банк ХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг ашиглах боломжоор хангаагүй атлаа Н... ХХК-аас хүү 3,622,803,833.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 408,401,856 төгрөгийг төлүүлэн авсан байх тул түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

 

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар 408,401,856 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Н... ХХК-нд олгох нь зүйтэй. Энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

6. Хариуцагчийн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд хэрэгжиж дууссан. Н... ХХК-ийн зөвшөөрлийн дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэх агуулгатай давж заалдах гомдол нь дээр дурдсан хэргийн баримтаар үгүйсгэгдэж байна.

 

6.а. Н... ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г... ХК-аас 12,911,205,689.55 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан, агуулгаар эцэслэн шийдвэрлээгүй болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд дахин шүүхэд хандах эрх нээлттэй юм. Иймд маргааны талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2023/02739 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 гэснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,313,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД  Д.ЦОГТСАЙХАН

 

Ш.ОЮУНХАНД