Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00681

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00681

 

 

2024.04.05 210/МА2024/00681

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/00256 дугаар шийдвэртэй

******* ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох

Орон сууцны ашиглалтын төлбөрийн алдангид үндэслэлгүйгээр төлсөн 3,646,771 төгрөг, харуул хамгаалалтын төлбөрт илүү төлсөн 425,173 төгрөг, нийт 4,071,944 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* ХК нь *******,******* тоот, 400 м.кв талбайтай хувийн сууц, гаражийн өмчлөх эрхийг Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасны дагуу 2018 оны 12 сарын 26-ны өдөр шилжүүлэн авсан. Улмаар *******тай 2022 оны 01 сарын 12-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр тус хөрөнгийг шилжүүлсэн. Тус хувийн сууцны 2019.11.20-2022.01.20-ны өдрийг дуустал хугацаанд 8,155,223,75 төгрөгийг 2022 оны 02 сарын 18-ны өдөр хариуцагчид төлсөн. Гэтэл хариуцагч нь 2019.11.20-2022.01.20-ны өдрийг хүртэлх хугацааны алданги төлөөгүй гэж хувийн сууцны цахилгаан, ус дулааныг хязгаарласан байдаг. Банкны зүгээс *******ын нялх хүүхэдтэй, гэр бүлийн гишүүнийн эрүүл мэндийн байдлыг харгалзан алдангийг яаралтайгаар 2022 оны 03 сарын 02-ны өдөр хариуцагчид шилжүүлсэн.

Уг хөрөнгө *******ны өмчлөлд шилжиж ирснээс хойш хариуцагч нь төлбөрийн нэхэмжлэх, алдангийн мэдээлэл, эрчим хүчний хэрэглээг хязгаарласан тухай мэдэгдэл, шаардлага ирүүлж байгаагүй, энэ тухай баримт хэрэгт авагдаагүй. Мөн хариуцагч нь ямар эрх зүйн актад үндэслэн хэрэглэгчийн ямар үйлчилгээний зардлыг ямар хугацаанд төлөөгүй, хэдэн төгрөгийн алдангийг хэрхэн тооцсон талаархи баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

Мөн хариуцагч ******* ХХК нь 8,155,223.75 төгрөгийн ашиглалтын төлбөрийг нэхэмжлэхдээ 2019 оны 11 сарын 20-ны өдрөөс 2021 оны 06 сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны харуул хамгаалалтын төлбөрт 113,636 төгрөгөөр тооцож нэхэмжилдэг боловч түүнээс хойш 2022 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны харуул хамгаалалтын төлбөрт 174,375 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь хариуцагч, банктай харуул хамгаалалт, аюулгүй байдлыг хангах гэрээ байгуулаагүй атлаа үйлчилгээ үзүүлсэн, харуул хамгаалалтын төлбөрөө үндэслэлгүй нэмсэн, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийг нийт сууц өмчлөгчийн талбайн тоонд хувааж нэхэмжлээгүйгээс үзвэл 2021.06.20-2022.01.20-ны өдрийг хүртэлх хугацааны 425,173.00 /60,739х7сар/ төгрөгийг илүү авсан байх тул хариуцагчаас шаардах үндэслэлтэй байна. Иймд ******* ХХК-д үндэслэлгүй шилжүүлсэн төлбөр, алданги нийт 4,071,944.03 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч төлбөр тооцоог бүрэн барагдуулаагүй, өмнөх хэрэглэгчтэй төлбөрийг төлүүлэлгүй үл хөдлөх хөрөнгийг хүлээн авсан тул Эрчим хүчээр хангах гэрээг шинэчлэн байгуулах боломжгүй байсан. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017 оны 05 сарын 19-ний өдрийн ******* Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм-ийн 2.7-д ...цэвэр бохир усны үйлчилгээнд хамаарч буй барилга байгууламжийг өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд шилжүүлбэл тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээг 7 хоногийн өмнө цуцалж, төлбөр тооцоог дуусган акт үйлдсэн байна гэж, Сууц өмчлөгчдийн холбооны Эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт ...Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг даалгавар байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна гэж заасан. Иймд нэхэмжлэгч нь орон сууцыг шилжүүлэн авсан тохиолдолд өмнөх хэрэглэгчийн үлдэх төлбөрийг шалгаж төлүүлэх, өрийг төлүүлж Эрчим хүчээр хангах гэрээг шинэчлэн байгуулах зэрэг үүргүүдээ биелүүлээгүй тул өмнөх өмчлөгч, эзэмшигчийн өр төлбөрийг бүрэн хариуцан барагдуулах үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай гэрээ байгуулаагүй, төлбөр нэхэмжлэх эрх үүсээгүй гэх боловч харуул хамгаалалтын төлбөрөө үндэслэлгүй нэмсэн гэсэн нь төлбөр төлөх үүргийг зөвшөөрч, харин төлбөрийн хэмжээг эөвшөөрөхгүй агуулгатай байна. ******* хувийн орон сууц нь 8 айлын нийтийн эзэмшлийн орон сууц бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар тус хотхоны дундын талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, харуулын ажлыг манай байгууллага хариуцдаг. Уг ажлын хүрээнд орон сууцны гадна талбайн гэрэлтүүлэг, хог хаягдлын төлбөрийг төлж, талбайн цэвэрлэгээ, дундын өмч хөрөнгө, талбайн бүрэн бүтэн байдлыг харуулууд харж үйлчилгээ үзүүлдэг. Оршин суугчдын хурал, уулзалтаар харуул цалинжуулах, цалин хөлс нэмэх асуудлыг шийдвэрлэдэг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас 3,646,771 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 425,173 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,101 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 73,298 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх хэргийн үйл баримтыг нэг талд ашигтайгаар тайлбарлаж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-д хэрэглэгч гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчнийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг ойлгоно, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт Хуулийн этгээдтэй байгуулах эрчим хүчээр хангах гэрээнд энэ хуулийн 28.2-т зааснаас гадна эрчим хүчний хэрэглээний горим, сар бүрийн хуваарь, хэрэглэгч хуулийн этгээдийн харилцах данснаас төлбөрийг банкны байгууллагаар шууд хийлгэх нөхцөл, төлбөрийн барьцаа болон шаардлагатай бусад асуудлыг тусгана гэж заасан ба хэрэглэгчтэй гэрээ шинэчлэн байгуулаагүй атлаа хуулиар тогтоосон алдангийг төлөх үүрэгтэй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь гэрээний үүрэг болон хуульд заасан үүргийг ялгамжтай хэрэглэх бус хооронд нь эсрэгцүүлэн нэгээр нөгөөг үгүйсгэсэн нь алдаатай, буруу байна.

Шийдвэрт Иргэний хууль болон Эрчим хүчний тухай хуулийн дагуу алданги ногдуулах тухай хуулийг дурдаж Хариуцагч хуульд зааснаар алданги шаардах эрхтэй гэж дүгнэсэн атлаа уг үндэслэлээ хэрэглэгчтэй тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээ байгуулах ёстой, гэрээ байгуулснаар хэрэглэгч гэж үзнэ, Тэрээ шинэчлэн байгуулаагүй учир алданги төлөх үндэслэлгүй гэж дүгнэжээ. Энэ хэргийг Улсын дээд шүүхийн 2023 оны 04 сарын 04-ний өдрийн 58 дугаартай тогтоолд давж заалдах шатны шүүх анзыг зөвхөн гэрээгээр үүснэ гэж үзсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй,... анз нь хуулиар, мөн гэрээгээр үүсдэг... гэж дүгнэсэн.

Иймд хуульд зааснаар төлөх үүрэгтэй анзыг төлөх үндэслэлгүй гэж үзэх, няцаах тохиолдолд хуулийн хориглосон заалт, эсхүл анз тооцох үндэслэл байгаа эсэх, зөв тооцсон эсэхийг дүгнэх байтал гэрээ байгуулаагүй гэж дүгнэсэн нь буруу юм.

4.2. Шүүх нотлох баримтыг бодитой, үнэн зөв талаас нь харьцуулан дүгнээгүй. Шийдвэрт ...алданги 3,646,771 төгрөгийг мэдэгдэж байсан гэх боловч 2022 оны 02 сарын 14-ний өдрийн нэхэмжлэхэд үндсэн төлбөр 8,155,233 төгрөгийг төлөх талаар дурдсан, нэхэмжлэхэд алданги төлөх талаар дурдаагүй гэж, мөн Иймд хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХК-аас алданги тооцон авсан нь үндэслэлгүй, хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үндэслэлгүй дүгнэсэн. Хэрэгт нэхэмжлэгчээс гаргасан баримтуудад Төрийн банкны И-биллинг үйлчилгээгээр авсан, хариуцагчаас нэхэмжлэгчид илгээсэн төлбөрийн нэхэмжлэхүүдэд алдангийн дүн бүрэн орсон, мөн шүүхийн үзлэгээр 2021 оны 08 сарын 25, 2022 оны 01 сарын 17, 2022 оны 02 сарын 28, 2022 оны 03 сарын 09, 2022 оны 04 сарын 06-ны өдрүүдэд ******* ХК-д өгсөн нэхэмжлэхүүдээр алдангийг дурдаж шаардсан.

Гэтэл шүүхээс 2022 оны 02 сарын 14-ний өдрийн нэхэмжлэхэд алдангийг бичээгүй тул тооцон авсан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь огт ойлгомжгүй, хэргийг хэт нэг талаас дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зайлшгүй байх урьдач нөхцөл нь үүрэг үүсээгүй байх, эсхүл хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон байх явдал юм.

Эрчим хүчний хууль тогтоомжийн зорилго, үзэл баримтлал, салбарын онцлогоос шалтгаалж Эрчим хүчээр хангах гэрээ байгуулаагүй ч эрчим хүч хэрэглэсэн этгээд нь түүний төлбөрийг төлөх, хэм хэмжээний актаар тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй бол алданги төлөх зохицуулалттай буюу хуулиар хүлээх үүрэг юм. Иймд үүрэг үүсээгүй гэж үзэх үндэслэлгүй. Дээрх үндэслэлийн аль аль нь үүсээгүй тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэх нь буруу юм.

4.3. Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэх эсэх талаар шүүх буруу дүгнэсэн. Зохигчдын хооронд үүссэн маргааныг зохицуулах чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллага шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ёстой. Учир нь Эрчим хүч, ус хангамжийн талаарх хуулиудад маргалдагч талуудад субъектын тусгай шаардлага тавигддаг буюу нэг талд тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд, нөгөө талд эрчим хүч хэрэглэгч хооронд үүсч буй маргааныг заавал салбарын хуульд заасан журмаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэхээр заасан. Ингэхдээ маргааныг зөвхөн хангамж, хэрэглээтэй холбон хязгаарлаагүй бөгөөд төлбөр тооцоо, алданги тооцох зэрэгт мөн Эрчим хүчний тухай хууль болон тус салбарын бусад дүрэм, журмаар нарийвчилсан зохицуулалтууд тусгагдсан байдаг.

Хэрэглэгчид нь эрчим хүчний хангамж, хэрэглээ, эрчим хүчний чанарын асуудлаас гадна хэрэглэсэн эрчим хүчний төлбөр, түүний тооцоолол, ногдуулсан алданги нь үндэслэлтэй эсэх маргааныг Зохицуулагч байгууллага хянаж, Эрчим хүчний тухай хууль, Эрчим хүч хэрэглэх дүрэм, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, хэрэглэгч, гусгай зөвшөөрөл эзэмшигч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм зэрэг эрх зүйн баримт бичгүүд, дүрэм, журмуудад заасны дагуу шийдвэрлэдэг ба анхан шатны шүүхээс алдангийн асуудлыг зөвхөн Иргэний хуулиар шийдвэрлэх маргаан гэж буруу дүгнэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж орон сууцны ашиглалтын төлбөрийн алдангид төлсөн 3,646,771 төгрөгийг гаргуулж гэснийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Манай байгууллага 2022 оны 02 сард эд хөрөнгөө худалдах үед хариуцагчаас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу 8,100,000 төгрөгийг төлсөн. 2022 оны 04 сард эд хөрөнгийг худалдан авсан тал банканд хандаж ******* ХХК нь дулаан, цахилгааныг хязгаарласан гэж гомдол гаргасны дагуу ******* ХХК-аас тодруулахад алданги төлөөгүй гэх тайлбар өгсөн. Хариуцагч нь алдангийг гэрээний үндсэн дээр үүсээгүй, хуулийн дагуу үүснэ гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч талаас гэрээний үндсэн дээр алданги үүсэх ёстой гэж үзэж байна.

******* ХХК-аас ******* ХК-ийг өөрөө гэрээ байгуулах ёстой гэж тайлбарладаг. Тухайн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг ******* ХХК байхад 2019 оноос хойш ******* ХК-д ямар нэгэн байдлаар албан бичиг болон төлбөр, алданги шаардсан баримтыг илгээгээгүй. Эрчим хүч, дулааныг хязгаарласан асуудал гарах үед ******* ХК-аас өр төлбөртэйг мэдсэн тул төлбөрийг төлж барагдуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан орон сууцны ашиглалтын төлбөрийн алдангид үндэслэлгүйгээр төлсөн 3,646,771 төгрөг, харуул хамгаалалтын төлбөрт илүү төлсөн 425,173 төгрөг, нийт 4,071,944 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон бөгөөд талуудын хооронд үүрэг үүсээгүй үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

4. Нэхэмжлэгч Худалдаа, хөгжлийн банк ХК нь , тоотод орших 400 м.кв талбайтай хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шүүхийн шийдвэрийг үндэслэн 2018 оны 12 сарын 26-ны өдөр өмчлөлдөө шилжүүлэн авсан. Улмаар уг эд хөрөнгийг 2022 оны 01 сарын 12-ны өдөр иргэн *******ад худалдаж, өмчлөх эрхийг шилжүүлжээ. Нэхэмжлэгч нь хариуцагч талаас ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэхийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн 2019 оны 11 сарын 20-ны өдрөөс 2022 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хуримтлагдсан ашиглалтын төлбөрт 8,155,223 төгрөг, мөн хугацааны алдангид 3,646,771 төгрөгийг хариуцагч ******* ХХК-д төлсөн талаар зохигч маргаагүй, энэ тухай үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

5. Хариуцагч ******* ХХК нь тусгай зөвшөөрөлд заасан нутаг дэвсгэр дэх хэрэглэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр цахилгаан, дулаанаар хангах үйлчилгээг үзүүлэхээр хуульд заасан байхад нэхэмжлэгч ******* ХК-тай гэрээ байгуулаагүй явдалд нэхэмжлэгчийг буруутгасан, мөн гэрээгүйгээр алданги төлүүлсэн нь Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.16, 3.1.19, 28 дугаар зүйлийн 28.1, 28.3 дахь хэсэгт тус тус заасантай нийцээгүйг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

5.1. Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.3 дахь хэсэгт зааснаар эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг хууль болон аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулахаар хуульчилжээ. Уг харилцааг Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 сарын 11-ний өдрийн 292 дугаартай Дүрэм шинэчлэн батлах тухай тогтоолын хавсралт болох Аж ахуйн харилцааны дүрэм-ээр нарийвчлан зохицуулсан байх бөгөөд дүрмийн 2.1, 2.4-т хангагч-хэрэглэгчийн хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан байхыг, 3.1-д ийнхүү гэрээ байгуулснаар хангагч нь гэрээнд заасан тоо, хэмжээгээр цахилгаан, дулаанаар хангах үүргийг хүлээхийг, 3.8-д хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэх банкинд очсоноос хойш алданги тооцож эхлэх ... хоногийг гэрээгээр зохицуулна гэж тус тус заажээ.

Гэвч зохигчийн хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаар зохигч маргаагүй. Хариуцагч ******* ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд зааснаар эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд бөгөөд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д заасан тусгай зөвшөөрөлд заасан нутаг дэвсгэрийн хэрэглэгчийг цахилгаан, дулаанаар хангах үүрэг нь тухайн нэгж хэрэглэгчтэй байгуулсан гэрээний дагуу үүсэхээр холбогдох хууль, дүрэмд заасан байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчтэй дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулаагүй нөхцөлд цахилгаан, дулаанаар хангах үүрэггүй байсан гэж үзэхээр байна.

 

5.2. Иймд талуудын хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдсанаар хариуцагч нь дулааны эрчим хүчээр хангах үүрэг, нэхэмжлэгч нь эрчим хүчээр хангагдах эрх нь Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4, 30.1.1-д зааснаар үүсэхээр байна. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХК-тай гэрээ байгуулаагүй боловч дулааны эрчим хүчээр хангаж, хэрэглэсэн эрчим хүчний төлбөрөө төлүүлсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцсэн боловч, алданги 3,646,771 төгрөгийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлснээр хариуцагч нь уг төлбөрийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж заасан нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран эрчим хүчний хуримтлагдсан төлбөрт алданги тооцох эрхийг хариуцагчид олгоогүй байна.

Талуудын хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээтэй нөхцөлд хариуцагч нь мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ зөрчсөн гэж үзэж, хуулийн дээрх заалтыг үндэслэн нэхэмжлэгчид алданги тооцох эрх үүсэх байжээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт анзын гэрээг бичгээр байгуулахаар суурь харилцааг зохицуулсан тул хариуцагч ******* ХХК нь дулааны эрчим хүчээр хангах гэрээг нэхэмжлэгч ******* ХК-тай байгуулаагүй учир 3,646,771 төгрөгийн алданги шаардах эрхгүй байна.

Иймээс Эрчим хүчиний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу эрчим хүчний төлбөрөө хугацаанд нь төлөөгүйн алдангийг хариуцагчид төлөх үүрэгтэй гэсэн тайлбар, татгалзал нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

6. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулаагүй атлаа 3,646,771 төгрөгийн алданги төлүүлсэн нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж анхан шатны шүүх зөв дүгнэж, хариуцагч ******* ХХК-аас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХК-аас орон сууцны ашиглалтын төлбөрт төлсөн 3,646,771 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд хариуцагч талын анхан шатны шүүх нотлох баримтыг бодитой, үнэн зөв талаас нь харьцуулан дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

7. Харин нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар харуул хамгаалалтын төлбөрт илүү төлсөн 425,173 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн шийдвэрийн энэ хэсэгт шүүх дүгнэлт өгөхгүй.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/00256 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,300 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Э.ЭНЭБИШ