Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2016/0135

 

З.Хайдарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, О.Зандраа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхболд, М.Төрбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансоёмбо, Ш.Нарангарав нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 149 дүгээр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор З.Хайдарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч З.Хайдар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар бидний дээд өвөг болох Д.Сүхбаатарын нэрээр нэрлэсэн төв талбайн нэрийг өөрчилсөн “Талбайн нэр өөрчлөн нэрлэх тухай” 79 дүгээр тогтоол гаргасныг Д.Сүхбаатартай хамаарал бүхий бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэн уг шийдвэрийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргаж байна.

Бид өмнө нь уг шийдвэртэй албан ёсоор танилцаагүй байсан ба харин 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр уг тогтоолын хуулбарыг “Өнөөдөр” сонины байранд хэвлэлийн бага хурал хамтран хийсэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Т.Гантөмөр, Б.Энх-Амгалан нараас авч анх удаа уншиж танилцаж мэдсэнийг онцолж байна.

Энэ шийдвэр нь Д.Сүхбаатарын үр удам бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт тунхагласан үндсэн эрхийнхээ дагуу шүүхэд доорх үндэслэлээр хандаж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийн “холбогдох тооцоо, судалгаагүй асуудлыг хэлэлцэхгүй” тухай хуулийн нэн тодорхой шаардлагыг зөрчиж огт судалгаа тооцоо, дүгнэлтгүйгээр асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан байна. Хэдийгээр Д.Сүхбаатарын нэрэмжит талбайн нэрийг өөрчлөх эсэх асуудал нь хууль тогтоогч, эрх баригчдын асуудал мөн боловч “холбогдох судалгаагүй асуудлыг хэлэлцэхгүй” гэсэн хуулийн шаардлагыг зөрчиж Д.Сүхбаатарын үр удам болох бидний санал, хүсэлт, сэтгэгдлийг сонсож, нэр төр, алдар хүнд, эрх ашиг хөндөгдөх эсэхийг огт тооцолгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасанчлан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй. Энэхүү захиргааны акт нь Монгол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль, Засгийн газрын шийдвэрээр хуульчлагдан нэрлэгдсэн нэрийг өөрчилсөн, мөн 1946 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Д.Сүхбаатарын хөшөөг байгуулж байршуулснаас хойш нэршсэн Д.Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөн хуулиар олгогдоогүй шийдвэр гаргасан байна.

Сайд нарын зөвлөлийн тогтоолыг өөрчлөх эрх нь тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгогдоогүй, эрх шилжүүлсэн шийдвэр байхгүй билээ. Эдгээр нь Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 63 дугаар зүйлийн 63.2-т заасан эрхээ хэтрүүлсэн байна. Тиймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан акт” гэж үзэхээр байна.

Энэхүү талбайн нэрийг өөрчлөхдөө Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэл Улаанбаатар хотын гудамж талбайд нэр өгөх, нэрэмжит болгох журам”-ын 3.1, 3.2, 3.3 дахь заалтуудыг үндэслэн шийдвэрлэх журамласан харилцааг мөрдөж ажиллах хууль зүйн үндэслэл байсан байдаг. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасан “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль тогтоомж зөрчсөн” гэж үзэхээр байна. 

Иймд “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн Талбайн нэр өөрчлөн нэрлэх тухай 79 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож, уг тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгохыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга Д.Баттулгад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Дээрх тогтоолтой холбоотой асуудал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Учир нь 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс хойш даруй олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Их эзэн Чингис хааны талбайтай холбоотой олон мэдээ мэдээлэл гарсан. Иймд тус шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдсан гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэлдээ Д.Сүхбаатарын үр удам болж төрсөн бид дээд өвгийнхөө баатарлаг нэр төрөөр бахархах, хайрлан хамгаалахыг үүргээ гэж бодсон ба бидний эрхэм нэр төр, алдар хүндийг ноцтойгоор зөрчсөн гэж нэхэмжилж байгаа нь өөрөө Иргэний хуулийн 21 дүгээр зүйл, 511 дүгээр зүйлтэй зөрчилдөж байна. Яагаад гэвэл алдар хүнд нь нэр төртэй салшгүй холбоотой ойлголт юм. Мөн хуульд гучинцар нэр төрийг өвлөх болоод зөрчигдөнө гэж шууд заасан заалт байхгүй болно. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана уу гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 847 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12, 25.1, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 79 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, дээрх тогтоолыг хүчингүй болгохыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 149 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 847 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Төрбат, З.Энхболд нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий актыг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон бөгөөд үүнийгээ анхан шатны шүүх хуралдааны үед тодруулсан тул анхан шатны шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хэлэлцэж нэхэмжлэлийн зарим буюу хүчингүй болгох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэг нэхэмжлэлд хэд хэдэн шаардлага байж болох бөгөөд нэхэмжлэлийн хэдэн шаардлага гаргах нь

нэхэмжлэгчид хуулиар олгогдсон эрх бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг шүүх хэлэлцэж шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

Энэ дагуу “хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангасан учир үүний нөгөө тал болох “илт хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл биш билээ.

Дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага тус бүрд дүгнэлт хийх замаар хуулийн дагуу шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийг зөрчиж нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус гэж үзсэнтэй санал нийлэхгүй байна.

2. Дутуу цуглуулсан нотлох баримт гэдэгт "иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны дэг" хэрэгт авагдаагүй гэж үзэж байгаа нь ташаа ойлголт бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тусгайлсан дэг байхгүй бөгөөд Тэргүүлэгчид хуульд зааснаар Хурлын чөлөө цагт түүний бүрэн эрхийг хэрэгжүүлдэг байгууллага учир Хурлын хуралдааны дэгийн дагуу Тэргүүлэгчдийн хуралдаан явагддаг. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23, 24, 25 дугаар зүйл ба бусад зүйлд зааснаас тодорхой харагдана.

Энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдааны үед хариуцагчийн төлөөлөгч тодорхой тайлбарласан бөгөөд үүнтэй холбоотой нотлох баримт цуглуулах ямар ч шаардлагагүй буюу нотлох баримт байхгүй мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "Нийслэлийн гудамж, талбайн нэрийн асуудал эрхэлсэн комисс"-ын бүрэлдэхүүний талаар хариуцагчаас нотлох баримт шаардсан боловч хэрэгт авагдсан баримтаар Шинээр гудамж нэршүүлэх, хөшөө дурсгалын самбар байршуулах комисс гэх байгууллага дээрх комиссын үүргийг гүйцэтгэдэг болох нотлогдсон. Анхан шатны шүүх хуралдааны үед энэ талаар хариуцагчийн төлөөлөгч тодорхой тайлбарласан байдаг.

Түүнчлэн анхан шатны шүүхээс талбайн нэр өөрчлөхтэй холбоотой тооцоо, судалгаа, иргэдийн санал, хүсэлт зэрэг бүхий л баримтыг цуглуулсан бөгөөд ялангуяа холбогдох тооцоо, судалгаа огт байхгүй гэдэг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдаж байхад энэ талаар нотлох баримт цуглуулах шаардлагатай гэж үзэж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг зөрчиж байна.

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасныг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь дээрх 2 тохиолдол бүхий асуудлыг дутуу дүгнэж, нэгэнт хуулиар нарийвчлан зохицуулсан харилцаатай холбоотой буюу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны дэг байхгүй болохыг анхан шатны шүүх хуралдааны явцад тодорхой болсон байтал тэрхүү огт байхгүй хурлын дэгийг хэрэгт авахуулахыг, мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхойлох асуудал хэвийн явсан байтал дахин тодруулах шаардлагатай гэж үзсэн болон Монгол Улсын Засаг захиргаа, түүний нутаг дэвсгэрийн тухай хуулийн 23-25 дугаар зүйлийг, болон холбогдох журмуудыг буруу тайлбарлажээ. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 149 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч З.Хайдар нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 79 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцуулах, илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Уг маргаан бүхий тогтоолоор Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах Жанжин Сүхбаатарын талбайг “Их Монгол Улсын үндэслэгч Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай” гэж өөрчлөн нэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс “хүндтэй хувь заяагаар Д.Сүхбаатарын үр удам болж төрсөн бидний дээд өвгийнхөө баатарлаг нэр төрөөр бахархах, хайрлан хамгаалах, бусдад үлгэрлэх эрхэм нэр төр, алдар хүндийг зөрчсөн” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагын хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүсдэг. Өөрөөр хэлбэл хуульд зааснаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад нэгдүгээрт, захиргааны байгууллагын акт хууль бус байх, хоёрдугаарт, энэхүү акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхыг шаардсан байна.

Энэ тохиолдолд захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн болох нь тодорхойгүй, энэ талаар анхан шатны шүүх тодруулаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэхүү үйл баримтыг тодруулахаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь зөв болжээ

Нэгэнт хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх нь тодорхойгүй байх тул актын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Хурлын Тэргүүлэгчид нэр өөрчлөх эрхгүй, хурлын тусгайлсан дэг байхгүй байхад шүүхээс шаардсан, тооцоо судалгаа хийгээгүй” гэх зэрэг гомдолд шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх хууль зүйн боломжгүй.

Түүнчлэн анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.5 дахь хэсэгт заасныг зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагын маргаан бүхий тогтоолыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй, энэ нь нэхэмжлэлийн бусад шаардлагатай хэрхэн уялдаж байгаа зэргээр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй буруутай байна.

Иймээс шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 149 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ

 ШҮҮГЧ                                                                                            П.СОЁЛ-ЭРДЭНЭ