Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/00952

 

    Д.Б, О.Д нарын нэхэмжлэлтэй

           иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2017/000130 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 83 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Д.Б, О.Д нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Э Б Ц Т С” ТӨХК-нд холбогдох,

“Гэм хорын хохирол 27 157 010 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Г.Баярцогтын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Д, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.Адъяасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б, О.Д нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э Б Ц Т С” ТӨХК-ийн салбар нь Эрчим хүчний тухай хууль ба Цахилгаан эрчим хүч хэрэглэх тухай дүрэм болон хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, техник технологийн дүрэм журмаа мөрдөж ажиллаагүйгээс болж Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8-р багийн 11-р гудамжны 8 тоотод оршин суух иргэн Д.Б, О.Д бидний өвлийн 2 давхар сууцны 2 дугаар давхрын цахилгааны сүлжээний оруулгын кабелийн зангилаа хэсэгт халалт үүссэнээр гал гарч хохирол учраад байгаа ба гал хаанаас гарсныг Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Б.Батсайхан, Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Д.Цэцэгмаа, “Э Б Ц Т С” ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын дэргэдэх техникийн комисс газар дээр нь шалгаж тогтоосон ба гал гарсан шалтгаан нөхцөл нь “Э Б Ц Т С” ТӨХК-ийн салбарын буруутай үйл ажиллагаанаас болсон нь Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын байцаагч Д.Цэцэгмаагийн дүгнэлт болон Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 02 тоот шийдвэрээр нотлогдсон байх тул галын аюулын улмаас учирсан хохирол 27 157 010 төгрөгийн хохирлыг гаргуулж, биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Бд “Э Б Ц Т С” ТӨХК-ийн зүгээс эрчим хүчээр хангах гэрээ хийхийг удаа дараа шаардсан боловч гэрээгүйгээр эрчим хүч хэрэглэж байсан. Тэгэхдээ цахилгаан эрчим хүчийг гэрээгүйгээр хэрэглэж байснаас гал гараагүй юм. Нэхэмжлэгч хувийн орон сууцандаа нэмэлт халаагуур тавих гэж эрчим хүчний байцаагч н.Пүрэвсүрэнгээс ямар халаалт сайн байдаг талаар хувиараа зөвлөгөө авч 5 халаагуур тавьсан байх бөгөөд манай байгууллагад хандаж хүсэлт тавьж, техникийн нөхцөл, зөвшөөрөл аваагүй байна. Эрчим хүчний сайдын 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 тоот тушаалаар Цахилгаан, Дулаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох журмын нэгдүгээр хавсралтын 3 дугаар зүйлийн 3.5, болон Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээнд шинээр холболт хийх, хэрэглэгчийн холбогдсон чадлыг нэмэгдүүлэх шаардлага гарах бүрт техникийн нөхцөл өгөх ёстой байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь халаагуур тавих гэж байгаа талаар нэг ч удаа хариуцсан байцаагч Наранцацралтад болон манай байгууллагад мэдэгдээгүй. Д.Б нь өөрөө дураараа эрчим хүчний чадлыг хэрэглэгчийн заагт 5 халаагуур тавьж нэмэгдүүлснээс болж гэрийн доторхи цахилгааны утас ачааллаа даахгүй халалт үүссэнээс болж гал гарсан байдаг. Тийм учраас манай байгууллага хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2017/000130 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч “Э Б Ц Т С” ТӨХК-иас 13 578 505 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б, О.Д нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 578 505 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375 972 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Э Б Ц Т С” ТӨХК-иас 225 843 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б, О.Д нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б, О.Д нараас 150 000 төгрөг, хариуцагч “Э Б Ц Т С” ТӨХК-иас 150 000 төгрөг тус тус гаргуулан хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХК-н Өвөрхангай аймаг дахь салбарт олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 83 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2017/00130 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Б, О.Д хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгч Д.Б, О.Д нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225.843 төгрөгийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбатын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 843 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Баярцогт хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлал нь ИХШХШ тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчиж хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй бөгөөд мөн хуулийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг шийдвэр, магадлал хангаагүй, хууль буруу хэрэглэсэн байгаа тул хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3-т “Техникийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөж ажиллах”, 30.1.8-д “өөрийн эзэмшлийн шугам сүлжээ тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг хариуцах” гэж хэрэглэгчийн үүргийг хуульчилсан. Хэрэглэгчийн эзэмшлийн зааг гэдгийг “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн 1.2.1-д “эзэмшлийн зааг гэж” дамжуулагч, түгээгч, хангагч болон хэрэглэгчийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээг өмчлөлийн буюу эзэмшлийн харьяаллаар нь хуваан зааглаж байгаа цэгийг хэлнэ гэж тайлбарлажээ. Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 25.11-д “иргэн өөрийн сууц, гараж, хашаа, туслах аж ахуйн болон зуслангийн байрны цахилгаан шугам, дотоод холболт, цахилгаан хэрэгслийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, галын аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагыг бүрэн хариуцах” үүрэгтэй гэж заасан. “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийн цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох журмын 3.5-д “иргэн хуулийн этгээдийн объект нь анх авсан техникийн нөхцөлд заасан хүчин чадлаас 25 хувиар нэмэгдсэн тохиолдолд техникийн нөхцөлийг дахин авна” гэж үүрэг болгосон байхад техникийн нөхцөл тогтоолгож авалгүйгээр дур мэдэн ачааллаа нэмсэн.

Нэхэмжлэгч нар “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн 25.8-д хяналтын болон хангагч байгууллагын шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах, тавьсан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлэх гэсэн үүргээ зөрчсөн. Өөрөөр хэлбэл дуудлагаар очсон н.Тогоодорж “цахилгааны гол утас чинь халсан байна ачаалал өгч болохгүй шүү” гэж анхааруулсаар байтал нэхэмжлэгч нар ачаалал өгсөн.

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон ажилтнууд болох н.Пүрэвсүрэн, н.Наранцацралт, н.Тогоодорж нарын ямар үйлдэл, эс үйлдлийн улмаас гал гарсан болох тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо нь юу болохыг тогтоож чадаагүй. Нэхэмжлэгчийн гэм хорын хохиролд шаардаж буй 27 157 010 төгрөг нь бодитой биш, үнэлгээний компани үнэлгээ хийхдээ шатсан, хайрагдсан гэх зүйлүүдийг нүдээр харж үнэлээгүй, зарим хивсийг зах зээлийн үнээс өндөр үнээр үнэлсэн, үнэлгээний материалд зарим эд зүйлсийн зураг байхгүй, эд зүйл байсан гэх нотлох баримт хэрэгт байхгүй. Байшингийн зөвхөн 2 давхрын хэсэг шатсан байхад үнэлгээ хийхдээ сэргээн босгох зардалд бүтэн байшин барих материалын зардлаар хэт өндөр үнэлсэн.

Гал гарах болсон гол шалтгаан нь уг байшингийн цахилгааны дотуур монтаж нь түргэн шатамхай материал болох хөөсөнцөртэй наалдуулан тусгаарлагчгүйгээр хийсэн байснаас болсон. Нэхэмжлэгч нь 1999 оны Галын аюулгүй байдлын тухай хуулийн 19.1.-д Галын аюулгүй байдлын шаардлагыг тодорхойлсон стандарт, бусад техникийн нормативыг албан тушаалтан, иргэд үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллах үүрэгтэй, 20.1.-д Барилга байгууламж, объектын зураг төсөл зохиох, барилга барих, засварлах, хийц бүтээцийг өөрчлөх, техник тоноглолыг шинэчлэхэд галын аюулгүй байдлын шаардлага /стандарт, техникийн норматив/-ыг дагаж мөрдөнө гэсэн заалтуудыг зөрчсөн. Мөн уг барилгыг худалдан авахдаа 20.2.Галын аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авахыг хориглоно гэж заасныг зөрчиж цахилгааны дотор монтажны утсыг шалгаж аваагүй.

Мөн 2008 оны Барилгын тухай хуулийн       9.1.1-д “хүн ажиллаж,           амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл  мэндэд           сөрөг нөлөөгүй, галын аюулгүй байдлыг хангасан”, 22. Хэрэглэгчийн шинээр барьсан буюу шинэчилж өрчилсөн цахилгаан тоног төхөөрөмж нь цахилгаан тоног төхөөрөмжийн угсралтын болон барилгын норм, дүрэм, өгөгдсөн техникийн нөхцөлийн шаардлагыг бүрэн хангасан байвал зохино гэж заасныг зөрчсөн.

Хариуцагч “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компани нь нэхэмжлэгч Д.Б, О.Д нарын байшин шатсанд буруугүй болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байхад давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т заасныг үндэслэлгүйгээр энэ хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг хэрэглэн шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байх         тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу хэргийн бодит байдлын талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтуудад тулгуурласан, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байна. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзнэ.

 Д.Б, О.Д нар нь “Э Б Ц Т С” ТӨХКомпаниас гэм хорын хохирол 21 040 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 27 157 010 төгрөг  болгон нэмэгдүүлжээ. Нэхэмжлэгч нарын өмчлөлийн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 11-8 тоотод байрлах 2 давхар өвлийн байшин 2015 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө шатаж үгүй болсон нь хариуцагч байгууллагын Өвөрхангай аймаг дахь салбарын ажилтнуудын буруутай үйл ажиллагаатай холбоотой, хариуцагчийн гэм буруу Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн болон Онцгой байдлын ерөнхий газрын гамшгаас хамгаалах улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ. Хариуцагч “Э Б Ц Т С” ТӨХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “нэхэмжлэгч нар цахилгааны хүчин чадлыг нэмэгдүүлсэн атлаа техникийн нөхцлийг аваагүй, цахилгааны гол утас халсан, ачаалал өгч болохгүй гэж байгууллагын ажилтан сануулсаар байхад анхаараагүй, байшингийн цахилгааны дотуур монтажийг хийхдээ түргэн шатамхай материал болох хөөсөнцэртэй наалдуулан тусгаарлагчгүйгээр хийсэн” нь гал гарах нөхцөл болсон, хохирлын хэмжээг бодитой үнэлээгүй гэсэн үндэслэлээр маргасан байна.

Шүүх Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 137/03 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 15/07/024/16 дугаартай дүгнэлт, 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01 дугаартай гал түймрийн хамтарсан акт, протокол, гэрчүүдийн мэдүүлэг, фото зураг, Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэр /хх-45/, шинжээч” Лэндс” ХХК-ийн дүгнэлт зэрэг баримтад тулгуурлан нэхэмжлэгч болон хариуцагч нарыг аль алиныг нь буруутай гэж үзэн, Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хохирлыг багасгаж хариуцагч байгууллагаас 13 578 505 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т нийцжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.5-д “Эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан нь байгалийн гамшиг, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэн, түлшний хомсдол бий болсон, эрчим хүчний хангамжид осол, саатал гарсан, хүний амь нас, эд хөрөнгөд аюул учрах, гал түймэр гарах нөхцөл үүссэн бол хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ” гэж заасан бөгөөд хариуцагч нь ... халаагуур нэмж тавьсан нэхэмжлэгчийн үйлдэл, цахилгааны гол утас халж осол гарах нөхцөл үүссэн талаар мэдсэн атлаа эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх арга хэмжээг аваагүй нь хариуцагчийг зохих гэм буруутай гэж үзэх нөхцөл болжээ. Хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, нэхэмжлэгч болон хохирогчийн буруутай үйлдлээс тус тус шалтгаалж гал гарсан, улмаар нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан шалтгаан нөхцлийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцүүлэн дүгнэжээ. Иймд гэм буруугүй гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1- д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2017/00130 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 83 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 225 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Х.СОНИНБАЯР

                      ШҮҮГЧ                                                     П.ЗОЛЗАЯА