Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2017/01077

 

Г.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 109 дүгээр шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 21 дүгээр магадлалтай,

Г.Бын нэхэмжлэлтэй,

О.Т-д холбогдох,

гэрээний үүрэгт 9.200.000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

автомашины доголдлыг арилгахад гарсан зардал 2.080.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Г.Бын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч түүний өмгөөлөгч Г.Б, Д.Очирваань, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Т- нь 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр миний өмчлөлийн 7916 УБЧ улсын дугаартай HINO RANGER маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг худалдан авах зээлийн гэрээгээр авч явсан бөгөөд үлдэгдэл 5.000.000 төгрөгийг хугацаа хэтрүүлсэн тул гэрээнд заасны дагуу хоног тутамд 0.5 хувийн алданги болох 168 хоногийн алданги 4.200.000 төгрөг нийт 9.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Т- шүүхэд гаргасан тайлбартаа: Би Г.Баас HINO RENGER 3 маркийн ачааны автомашиныг 8.000.000 төгрөгөөр үнэ тохирч худалдан авсан ба 3.000.000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 5.000.000 төгрөгийг төлөөгүй байгаа нь үнэн. Учир нь уг автомашинаар шууд ажил гүйцэтгэх боломжгүйгээс төлөвлөсөн ашиг орлогоо олж чадаагүй. Машиныг анх авахад нормалдахгүй буюу асч унтраад байсан, мөн рулийн аппарат хатуу байгаа талаар Бямбабаатарт хэлэхэд гайгүй байх аа, чи үзүүлнэ биз гэж байсан. Надад ажил эхлэх гээд уг машины хэрэгцээ шаардлага их байсан тул оношлогоонд оролгүй шууд авсан. Гэтэл ажил хийх боломжгүй буюу урд 2 нум, хойд 1 нум хугархай байсан, мөн мотор нь муудсан ашиглах боломжгүй байсан тул бүрэн ээлж хийсэн. Энэ талаар Бямбабаатарт тухай бүр нь мэдэгдсэн. Би энэ бүх доголдлыг засч янзлуулахад ажлын хөлстэйгээ нийлээд 2.000.000 шахам төгрөгийн зардал гаргасан тул энэ зардлыг машины үнээс хасч тооцуулах саналтай байна. Нэхэмжлэгч алданги тооцож  нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч О.Т- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Автомашины гэмтлүүдийг засварлах, солиход 2.080.000 төгрөгийн зардал гаргасан тул Г.Баас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдах үед миний тээврийн хэрэгсэлд доголдол, эвдрэл байгаагүйг О.Т- өөрөө мэдсэн болох нь гэрээнд гарын үсэг зурснаар нотлогдоно. О.Т- нь тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшил, ашиглалтад байх хугацаанд эвдрэл гэмтэл учруулж түүндээ засвар үйлчилгээ хийлгэсэн байхыг үгүйсгэхгүй. Би завсар үйлчилгээ хийлгэх тээврийн хэрэслийг хариуцагчид худалдаагүй болно гэжээ.

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 109 дүгээр шийдвэрээр: Монгол улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Атаацаг овогт Оюуны Түмэндэмбэрэлээс автомашины төлбөр 7.200.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Жонон овогт Ганбаатарын Бямбабаатар олгож, хариуцагч О.Т-ээс гаргасан Г.Бт холбогдох автомашинд сэлбэг авсны төлбөр 2.080.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг, нэхэмжлэгч Г.Бын нэхэмжлэлээс 2.000.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг тус, тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Баас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 160.150 төгрөгийг, О.Т-ээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 48.230 төгрөгийг Төрийн сангийн 130400941 тоот дансанд тус, тус хэвээр үлдээж, хариуцагч О.Т-ээс улсын тэмдэгтийн хураамжинд 130.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Бт буцаан олгож шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 21 дүгээр магадлалаар: Сэлэнгэ аймаг Мандал дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 сарын 16-ны өдрийн 109 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130.150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 сарын 17-ны өдрийн 21 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг хяналтын журмаар гаргаж байна.

Хариуцагч тал шүүн таслах ажиллагааг тасралтгүй явуулах зарчмын эсрэг үйлдлийг удаа дараа хийж зөвхөн хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдаан 3 удаа хойшлогдсон. Ингэхдээ 2017 оны 02 сарын 16-ны өдөр болсон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн хамт нотлох баримт гарган өгснийг шүүхээс хүлээн авч шүүх хуралдааныг 1 сарын хугацаагаар хойшлуулж энэ хугацаанд сөрөг нэхэмжлэлээ нотлох ажиллагаа өөрөө хийх ёстой талаар О.Т-д тайлбарласан. Түүнчлэн хариуцагчийн гаргаж өгсөн баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагчтай байгуулсан зээлээр худалдах худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасан зориулалтаар бүрэн ашиглах боломжтой тээврийн хэрэгслийн худалдан авагч талд шилжүүлсэн. Хариуцагч талын зүгээс автомашины эвдрэл гэмтлийн талаар, гранд марк загварын тээврийн хэрэгсэл авах тухай худалдагч талд хэлж байсан тухай гомдолдоо дурдсан нь огт үндэслэлгүйн шүүх хуралдааны явцад зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримт нь худалдан авагч талын эзэмшил, ашиглалтад тээврийн хэрэгсэл шилжсэнээс хойш буюу 2, 5 сарын дараа тээврийн хэрэгсэлд засвар хийсэн нь түүний ашиглалтаас үүдэлтэй эвдрэл гэмтэл. Нөгөө талаар тээврийн хэрэгслийг 7 сарын сүүлээр гуравдагч этгээдэд зарсан гэсэн атлаа 9 сард завсар үйлчилгээ хийсэн гэж буй нь түүний татгалзал үндэслэлгүйг харуулж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа давж заалдах шатны шүүх “...хариуцагч сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан гэрч асуулгах хүсэлт гаргасныг хангахаас татгалзсан нь  ...хэргийн  оролцогчийн хуульд заасан эрхийг хангаагүй, мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй” гэх дүгнэлтийг магадлалд заажээ.   

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч О.Т-ээс 9.200.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг худалдсан машины үнийн үлдэгдэл, алданги гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч улмаар 2.080.000 төгрөг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргахдаа “...доголдлыг арилгахад гаргасан  зардал” гэжээ.

Анхан шатны шүүх хариуцагчид нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр гардуулан өгч, эрх үүргийг тайлбарлан өгсөн, 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хариуцагчийн гаргасан “...нотлох баримт гаргаж өгөх” хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 10 хоногоор, мөн сөрөг нэхэмжлэл гаргасан үндэслэлээр 2017 оны 3 дугаар сарын 17-ний өдрийн 10 цаг хүртэл тус тус хойшлуулсан, энэ хугацаанд хариуцагч гэрч асуулгах талаар хүсэлт гаргаагүй байна /хэргийн 16, 19, 28, 37 дугаар тал/.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, харин нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр хийхээр мөн зүйлийн 38.6-т тусгагджээ.

Түүнчлэн мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т “хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно” гэж заасан.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаан хойшилсон 1 сарын хугацаанд нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа явуулах хүсэлт гаргах боломжтой байсан боловч энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй байна. Тэрээр уг хүсэлтийг шүүх хуралдааны үед  гаргах болсон хүндэтгэн үзэх ямар шалтгаан байсан нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тохиолдолд анхан шатны шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

Иймд нэхэмжлэгчийн “...магадлалыг хүчингүй болгох” гомдлыг хангах үндэслэлтэй байна. 

Зохигчдын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч 79-16 УБЧ улсын дугаартай H RANGER маркийн ачааны зориулалттай автомашиныг 8.000.000 төгрөгөөр худалдах, хариуцагч машины үнийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны дотор хэсэгчлэн төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ /хэргийн 3 дугаар тал/.  

Талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр байна.  

Дээрх гэрээний дагуу хариуцагч машиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан боловч 5.000.000 төгрөг төлөөгүй бөгөөд автомашиныг бусдад шилжүүлсэн тухай тайлбар гаргажээ.   

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд хариуцагч төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор гэрээгээр тохирчээ.

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээний үлдэгдэл төлбөр, алданги шаардах эрхтэй.

Гэрээний зүйл болох автомашин доголдолтой болохыг хариуцагч нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хариуцагчаас машины үнэ 5.000.000 төгрөг, алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар хязгаарлан 2.200.000 төгрөг нийт 7.200.000 төгрөг гаргуулж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш боловч зохигчдын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж чадаагүй, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хууль баримтлаагүй, 1, 2 дах заалтын найруулга ойлгомжгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 21 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 109 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ”Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч О.Т-ээс 7.200.000 төгрөг гаргуулж Г.Бт олгож, нэхэмжлэлээс 2.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтыг “Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Г.Баас 2.080.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч О.Т-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж 2017 оны 5 дугаар сарын 31-ны өдөр төлсөн 130.600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.             

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ