Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2019/0348

 

 

 

 

Н.П-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Н.П нарыг оролцуулан, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Н.П-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.4-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргад холбогдох “Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан олговрыг гаргуулах тухай” шаардлага бүхий Н.П-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Миний бие Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хандаж гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг Монгол Улсын Төрийн албаны зөвлөл хянан үзээд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1336 дугаартай албан бичгээр “Энэхүү гомдолд дурдсан асуудлуудыг нэгбүрчлэн хууль тогтоомжид нийцүүлэн нарийвчлан судлан үзэж, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийг баримтлан Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчмаар шийдвэрлэж, холбогдох арга хэмжээ авч, Төрийн албаны зөвлөлд 2018 оны 12 дугаар сарын 20-ны дотор хариу мэдэгдэхийг үүргээр хүргүүлж байна” гээд гомдол болон холбогдох материалыг Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн байдаг боловч тус салбар зөвлөл энэ албан бичгийн дагуу ямар арга хэмжээ авч, хэрхэн шийдвэрлэсэн тухай надад хариу ирүүлээгүй. Төрийн албаны зөвлөлд хариу хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй байгаа. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримт нь шүүхийн урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар эцэслэн шийдвэрлэгдээгүй хүчин төгөлдөр бус маргаан бүхий нотлох баримт болох нь Төрийн албаны зөвлөлийн дээрх албан бичгээр нотлогдож байна.

Учир нь Төрийн албаны зөвлөл миний гомдлыг шалгахгүйгээр “харьяаллын дагуу” Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд шалгаж шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байдаг. Тус албан бичгийн дагуу Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл нь ямар арга хэмжээ авч, хэрхэн яаж шийдвэрлэсэн нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байхад анхан шатны шүүх хуульд зааснаар нотлох баримт цуглуулах, шалгах ажиллагаа явуулахгүйгээр “хянаж дүгнэх боломжгүй” гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хөвсгөл аймгийн Ёс зүйн хорооны дарга Г.Г, нарийн бичгийн дарга Э.М нар нь Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд Э.М нь нарийн бичгийн даргаар, Г.Г гишүүнээр тус тус ажилладаг байхад Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Хөвсгөл аймгийн Ёс зүйн хорооны 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар дүгнэлт, тус дүгнэлтийг баталсан 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолыг эс зөвшөөрч гаргасан миний гомдлыг Хөвсгөл аймгийн Ёс зүйн хороо болон Төрийн албаны салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд аль алинд нь орж ажиллаж байгаа албан тушаалтнуудаар өөрсдөөр нь шалгуулахаар буцааж шилжүүлж байгаа үйлдэл нь Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийг 5-д зааснаар “Гомдлыг түүнд холбогдож байгаа албан тушаалтанд шилжүүлэхийг хориглоно” гэснийг зөрчиж байгаа юм.

Харин тус Ёс зүйн хорооны гишүүн гэгдэж байгаа В.Н, Ч.У, С.Э нарыг Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд байдаг эсэхийг миний бие мэдэхгүй байна.

Намайг Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй Төрийн албаны зөвлөлд хандаж гомдол гаргасан байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5-д “Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолыг холбогдох хууль журмын дагуу тухайн үед шүүхэд гомдлоо гаргаагүй бөгөөд харин шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс энэхүү тогтоолд маргаж тайлбарлах боловч, шүүхээс сумын Засаг даргад холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх тул аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс гаргасан захиргааны актыг хянаж дүгнэх боломжгүй байна” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна...

Учир нь миний бие Төрийн албаны зөвлөлд хандаж Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолыг эс зөвшөөрч, хууль бус гэж шалгуулах хүсэлт тавьсан байхад Төрийн албаны зөвлөлөөс тус 48 дугаар тогтоолыг гаргасан Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүдэд буцааж шилжүүлж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн Төрийн албаны зөвлөлийн 1336 дугаартай албан бичгээр үүрэг болгосны дагуу өргөдлийг хэрхэн шалгаж шийдвэрлэсэн тухайгаа надад албан ёсны хариу ирүүлээгүй учир гомдол гаргах боломжгүй юм. Анхан шатны шүүх хуульд заасан чиг үүргийнхээ дагуу шалгах ажиллагааг хийхгүйгээр гомдол гаргаагүй гэж үзэж хийсвэрээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Намайг ажлаас халсан захирамжийн үндэслэл болж буй Ёс зүйн хорооны дүгнэлт, Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 48 дугаар тогтоол нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус, дахин шалгаж шийдвэрлэх шаардлагатай баримтууд болох нь тогтоогдож байгаа. Энэ агуулгаараа дээрх дүгнэлт тогтоолуудыг “...Н.П-ийн албан үүргээ гүйцэтгэх явцдаа гаргасан үйлдлүүдийг зөрчил мөн эсэхийг тогтоосон хөндлөнгийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн хуулиар зөвшөөрсөн хэмжээ хязгаар өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрээ гаргасан нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэрийг хууль бус гэж үзэх мөн Монгол Улсын үндсэн хуульд заасан “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчим зөрчигдсөн, “нотлох баримтыг шалгуулах”, “шударга шүүхээр шүүлгэх” үндсэн эрх зөрчигдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл болж байна.

Анхан шатны шүүхээс миний тайлбартаа хавсаргаж өгсөн нотлох баримтуудыг хариуцагч талтай маргалдсан үндэслэлүүдтэй тулгаж, харьцуулан үнэн зөв, үндэслэл нотолгоотой эсэхийг шалган, тогтоож шийдвэрлэхийн оронд миний буруугүй болохыг нотлох, бодит байдалд нийцсэн нотлох баримтуудыг ач холбогдолгүй гэж үзэж үнэлэхээс татгалзсанд гомдолтой байна.

Хэргийн оролцогчдын маргалдсан маргаан болгонд шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ тайлбар хийх байсан гэж би ойлгож байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлэг хийхдээ нотлох баримт хасах эсэх талаар юу ч яриагүй мөн 70.1.4-д зааснаар миний нэхэмжлэлтэй холбогдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааныхаа явцад урьдчилсан хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг ч шүүгчийн зүгээс надад тавьж болох байсан боловч, тийм боломж олгохгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх явцад Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолын хариуг Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс надад хүргүүлсэн эсэхийг болон тус салбар зөвлөлөөс дээд шатны байгууллагаасаа өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хэрхэн хангаж ямар хариу хүргүүлсэн эсэхийг, эсвэл ямар ч ажиллагаа явуулж хариу хүргүүлээгүй эсэхийг шалгаж тогтоогоогүй, надаас миний нэхэмжлэлд холбогдох нэмэлт нотлох баримт шаардсан ямар ч албан бичгийг надад хүргүүлээгүй мөртлөө нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хөвсгөл аймгийн Ёс зүйн хорооны 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №03 дугаар дүгнэлт, тус дүгнэлтийг баталсан Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолууд нь намайг буруутгах үндэслэлүүдээ урьдчилан төлөвлөж бэлтгэчихээд түүнийгээ батлах зорилгоор гаргасан эрх зүйн актуудыг, миний удирдах албан тушаалтныхаа хувьд ажилтнууддаа тавьсан хууль ёсны шаардлагад шалгах ажиллагаа явуулаагүй мөртлөө тус хууль бус баримтуудыг миний эсрэг ашиглаж, хууль хяналтын байгууллагаар шалгагдаж нотлогдож, тогтоогдсон юм шиг шийдвэрийн үндэслэх хэсгийн 1-д “...Хөвсгөл аймгийн Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны 48 дугаар тогтоол. Ёс зүйн хорооны 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг ....баримтлан Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.П-д төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны төрийн албаны тухай хуулийн 13.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байх”, 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ биелүүлээгүй”, 26 дугаар зүйлийн 26.1-д “энэ хуулийн 13,15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн ... төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.1.3-д “төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах” гэж заасныг зөрчөөгүй байна” гэж үнэлсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Н.П нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргад холбогдуулан “Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаад эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны ажилгүй байсан цалинг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар “Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны 48 дугаар тогтоол, Ёс зүйн хорооны 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх, албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгахыг хориглох, ...төрийн албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.П-д төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, маргаан бүхий захиргааны акт нь хууль бус болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болон дараах үндэслэл, үйл баримтаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоол, Хөвсгөл аймгийн Ёс зүйн хорооны 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар дүгнэлт, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, иргэдийн санал хүсэлтийг сонсох, өвөлжилт хаваржилтын бэлтгэлийг хангуулах шалгалтын дүнгийн хурлын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэргээр нэхэмжлэгчийг “ёс зүйн зөрчил гаргаж, төрийн албан болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ хэрэгжүүлээгүй” гэх сахилгын зөрчил гаргасан гэж үзэх бүрэн үндэслэл тогтоогдохгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.9-д “сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газар тогтооно”, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 2-т “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох”-оор заажээ.

Тодруулбал, нэхэмжлэгч Н.П-г Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажил, албан тушаалыг эрхлэх хугацаандаа “иргэд, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх, албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгахыг хориглох, ...төрийн албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ биелүүлээгүй” гэх зөрчлийг гаргасныг хариуцагч бүрэн тогтоогоогүй атлаа түүнд сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх зөвхөн хариуцагч талын гаргасан тайлбар, бусад нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон буруу болжээ.

Тиймээс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар захирамж нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 26 дугаар зүйлийн 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.П-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар захирамжийг хүчингүй болгож, Н.П-г Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.П-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс шүүхийн магадлал гарсан 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцон, зохих журмын дагуу бодож олгохыг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР