Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00597

 

 

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00597

 

ххххгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/00035 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ххххгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ххххх ХХК-д холбогдох,

 

Гүйцэтгэх захирлын 2019 оны А/78, Б/25 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 108,432,270 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххххх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххххх, хххххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие ххххх ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б/205 тоот тушаалаар Захиргаа, хүний нөөцийн газрын тайлан төлөвлөгөө, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэнээр томилогдон ажилласан.

1.2. ххххх ХХК-ийн ажилтнуудын Үйлдвэрчний эвлэлийн хороо 2017 онд байгуулагдсан бөгөөд 2018 оны 02 дугаар сард тэргүүнээр сонгогдож ажиллаж эхэлсэн.

2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 01/02 тоот албан бичгийг Гүйцэтгэх захирал ххххххххд илгээснээс болж ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дэх хэсэгт заасныг зөрчсөн зөрчил болно.

1.3. Манай удирдлагаас цагийн бүртгэлийг үндэслэн надад 2019 оны 03 дугаар сарын 08-ны дугаар А/78 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулахдаа 381 минут хоцорсон гэх үндэслэл заасан мөртлөө 540, 581 минут хоцорсон хумүүст шийтгэл оногдуулаагүй, цалингийн 20 хувиар хасалт хийгээгүй байгаа нь зөвхөн намайг хууль ёсны шаардлага тавьж, ажиллагсадын эрхийг хамгаалснаас болж шийтгэсэн гэж үзэхээр байна.

1.4. Нэхэмжлэгч нэг удаа 60 минут хоцорсон нь үнэн бөгөөд энэ нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлд хамаарахгүй. Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар нэг сард гурав болон түүнээс дээш удаа 60-аас дээш минутаар хоцорсон тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан.

1.5. А/78 дугаар тушаалд 381 минут хоцорсон гэдэг ч хэрэгт авагдсан цагийн бүртгэлээр нэг л удаа 60 минутаас дээш хоцорсон болох нь тогтоогддог. Мөн 2018 оны 12 дугаар сард хүнд зодуулсны улмаас тухайн асуудал дуусаагүй 2019 оны 02 дугаар сард олон удаа цагдаагийн газарт очиж байсан. 2019 оны 03 дугаар сарын цагийн бүртгэл мөн адил 60-аас дээш минутаар гурван удаа хоцорч байгаагүй.

1.6. Хариуцагч байгууллагын ирүүлсэн хурууны хээний бүртгэл эргэлзээтэй. Нэхэмжлэгчийн өвчтэй, чөлөөтэй, гадуур ажилласан цагийг хоцорсон тасалснаар тооцсон. Мөн энэ талаар холбогдох бүртгэлээ устгасан байж болзошгүй гэдэг нь үзлэгээр тогтоогдсон. Хоцорсон ажиллаагүй, сахилгын шийтгэл ногдуулсан гэсэн хэрнээ цалинг бүрэн олгосон.

Иймд ххххх ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 3 дугаар сарын 18-ны дугаар А/78 тоот, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/25 тоот сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг тус тус хүчингүйд тооцож, Захиргаа, хүний нөөцийн газрын тайлан төлөвлөгөө, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх 54 сарын цалин 108,432,270 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн учир ажлаас халсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

2.2. хххх нь ххххх ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн газарт тайлан төлөвлөгөө, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэнээр ажиллах хугацаандаа дараах сахилгын зөрчил гаргасан нь цагийн бүртгэлийн машинаар тогтоогдсон болно. Үүнд:

2.2.1. 2018 оны 11 дүгээр сард нийт 142 минут ажлаас хоцорсон тул түүнд гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/196 тоот тушаалаар Сануулах шийтгэл ногдуулсан.

2.2.2. 2019 оны 02 дугаар сард ажлаас нийт 381 минут хоцорсон тул Гүйцэтгэх захирлын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/78 тоот тушаалаар Үндсэн цалинг 3 сар хүртэлх хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан.

2.2.3. Мөн оны 03 дугаар сард ажлаас нийт 200 минут хоцорсон, түүнчлэн давтан сахилгын зөрчил гаргасан тул түүнд 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/25 тоот тушаалаар гэж үзэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

2.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан сахилгын шийтгэлтэй байхдаа давтан сахилгын зөрчлийг гаргасан гэж үзэн ххххгийн хөдөлмөрийн гэрээг цуцласан.

хххх ххххх ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу Хөдөлмөрийн дотоод журмыг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн тул журмын заалтыг мөрдөх үүрэгтэй. Тэрээр ажилтан цагийн бүртгэлээ хурууны хээ уншигч машинд уншуулах замаар баталгаажуулах ёстой байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ххххх ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны А/78, Б/25 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 108.432.270 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай ххххгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг эргэлзээгүй үнэн зөв үнэлж чадаагүй, хариуцагч татгалзлаа нотлоогүй.

4.2. Шүүх зөвхөн нэг хувь үйлдэгдэж байгууллагын архивт хадгалагддаг өвчтэй, чөлөөтэй байсан баримтууд устгагдсан учир хурууны хээ тоолдог машинаар гарсан хугацааг ажил тасалсан хугацаанд тооцож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо гэсэн утга агуулгатай шийдвэр гаргасан.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн бичлэгт олон удаа чөлөө авах хүсэлт гаргаж ажлаас нь чөлөөлж байсан нь нотлогддог. Байгууллагын архивт хадгалагдаж байх ёстой цор ганц хувь үйлдэгддэг санхүүгийн анхан шатны баримт устгагдсан гэх үйлдэл нь байгууллагын буруутай үйлдэл.

Өвчтэй, чөлөөтэй байсан баримтыг үндэслэж цалин олголт хийгдэнэ. Ингэхдээ хоцорсон тасалсан гэх цаг нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 200 минут байгаа нь шүүх нотлох баримтыг шударга үнэлээгүй буюу хөдөлмөрийн дотоод журмын 12.2.2-т заасныг ноцтой зөрчсөн байна.

4.3. Шүүх Үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтай байх нь хөдөлмөрийн маргаанд хамаарахгүй гэж үзжээ.

Хавтаст хэрэгт Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын удирдлагын хувьд хххх нь ажил олгогчид шаардлага хүргүүлж байсан баримтууд бий.

Уг шаардлагатай холбоотой асуудлаар даргатайгаа ярилцсан ярианы бичлэгийг үзлэгээр баталгаажуулсан ба давж заалдах шатны шүүх үнэлж анхан шатанд дахин хэлэлцүүлэхээр буцааж байсан.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1800 тоот магадлалд СД бичлэгт үзлэг хийж үзлэгийн тэмдэглэлд ... чи их чөлөө авдаг, хамгийн их ажлын цаг цалгардуулдаг хүмүүсийн нэг, хамгийн их хоцордог, чи 500 хэдэн минут хоцроод өнөөдөр арга хэмжээ авагдаад байж байна гэснээс үзэхэд ажилтанд хэдэн өдөр чөлөө олгоогүй талаархи үйл баримт тодорхой бус байх бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт байна гэж дүгнэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 310 тоот магадлалд хэрэгт авагдсан хөдөлмөрийн дотоод журмын 12.2.2-т ажлаас хоцорсонтой холбоотойгоор сахилгын зөрчилд тооцох үндэслэлийг заахдаа ажилтан 60 минутаас дээш хугацаагаар гурав болон түүнээс дээш удаа хоцорсон нөхцөл байдлыг тогтоохдоо 1 сард хоцорсон, нийт хоцорсон цагийг нэгтгэсэн байдлаар тооцож шийдвэрлэсэн нь талуудын мэтгэлцэж буй үйл баримтын талаар тогтоосон гэж үзэх боломжгүй байна гэж заасан байна.

Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай тогтоолын 15.4.2-д заасныг зөрчсөн бөгөөд хххх нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчөөгүй байхад түүнийг буруутгасан. Мөн Улсын Дээд шүүхийн 2012 оны 06 дугаар 15-ны өдрийн зөвлөмжийг анхаарч үзээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д2019 оны 02 дугаар сарын эхний хагаст 3 өдөр өвчтэй байсан, сүүлийн хагаст 1 өдөр өвчтэй байсан, нэмж бүртгэлд бүртгэсэн тухайн 4 өдрийг хасаж тооцлоо, ингэж хасаж тооцсон ч 2 дугаар сард 3 болон түүнээс дээш удаа 60 минутаас дээш хугацаанд хоцорсон зөрчил тогтоогдож байгаа учраас тушаал хууль зүйн хувьд хүчинтэй гэдэг үндэслэл гаргасан.

5.2. Цагийн бүртгэлийн баримт байгаа, анхан шатны шүүх дээр болон гомдолд нэхэмжлэгч тал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг гуйвуулж тайлбарлаж байгаа бөгөөд хариуцагч баримтууд устгасан, гаргаж өгөхгүй байна гэдэг зүйл ярьж байгаа. 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс манайд хурууны хээгээр цаг бүртгэл хийгддэг, уг бүртгэлд үзлэг хийлгэе гэсэн хүсэлт гаргасан бөгөөд тухайн үед үзлэг хийсэн эсэх талаар тодорхой баримт байхгүй, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хурууны хээний бүртгэлийг үндэслээд тушаал гаргасан гэдэг байдлаар баримтуудыг гаргаж өгсөн.

5.3. Давтан зөрчил гаргасан гэдгийг анхан шатны шүүх дүгнэсэн. 2019 оны 178 дугаар тушаал болон бусад 2 тушаал нь хууль зүйн хувьд хүчинтэй учраас давтан зөрчил гаргасан гэдэг нь 41.4 дэх хэсэгт зааснаар нотлогдож байна гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх 60-аас дээш минут гэдэг талаар дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.2-т өвчтэй, чөлөөтэй баримт байхгүй тохиолдолд өглөө ирэх, орой ажлаас тарах цагаа бүртгүүлээгүй бол 60 минут болон түүнээс дээш хугацаагаар тооцно гэсэн байдаг.

Бүртгэл дутуу, өвчтэй, чөлөөтэй цагийг хассан ч гэсэн 60 минут болон түүнээс дээш хугацаагаар тасалсан болох нь тогтоогдож байгаа учраас тушаалын хууль зүйн үндэслэлийг үгүйсгэхгүй, үндэслэлтэй тушаал гарсан байна гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэр гарсан. Хэрэгт авагдсан шүүхийн тодруулга байгаа бөгөөд хариуцагч байгууллагаас хххх нь тухайн хугацаандаа өвчтэй, чөлөөтэй талаар ямар нэгэн баримт байсан эсэхийг асуухад ххххх ХХК-ийн хувьд хэрэв тухайн хүн өвчтэй, чөлөөтэй байсан, хоцорсон бол цалингаас нь хасалт хийж, санхүү дээр бүртгээд явдаг гэсэн.

Хэрэгт авагдсан цалин олгосон хүснэгтэд хоцорсон минутад холбогдох цалинг хасаж тооцсон болох нь харагдаж байгаа. Иймд нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

2. Нэхэмжлэгч хххх нь хариуцагч ххххх ХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын А/87, Б/25 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 108,432,270 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хөдөлмөрийн давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Талуудын хооронд 2007 оноос хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байх бөгөөд тэрээр 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хххх нь ххххх ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн газарт тайлан, төлөвлөгөө, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтнээр ажилласан байна. /1хх4-5/

 

4. Ажил олгогч ххххх ХХК-ийн гүйцэтгэх захирал 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/196 тоот тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.6, 6.5.4, 12.1.1, 12.2.2-д заасныг тус тус үндэслэн ажилтан хххх нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ажлын байранд байгаагүй, 11 сард нийт 142 минут хоцорсон, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны сургалтад хүндэтгэх шалтгаангүйгээр оролцоогүй ажил тасалсан зөрчил гарган, хөдөлмөрийн гэрээний нөхцөл, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл, /1хх-65/ мөн компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/78 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Компанийн дүрмийн 9.7.4, 9.7.12, 9.7.16, Хөдөлмөрийн гэрээний 5.1.1, 5.2.2, Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.6, 6.5.4, 12.1.2, 12.2.1-д заасныг тус тус баримтлан ажилтан ххххг сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа 2019 оны 02 дугаар сард ажлаас 381 минут хоцорсон зөрчил гаргасан нь цагийн бүртгэлээр тогтоогдсон гэж үзээд үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан байна. /1хх-11/

Улмаар ххххх ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/25 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 5.1.1, 5.2.3, Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.6, 6.5.4, 12.1.3, 12.2.1-д заасныг тус тус баримтлан ххххг сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ. /1хх-14/

5. Нэхэмжлэгч хххх нь хариуцагч ххххх ХХК-ийн гүйцэтгэх захирлын А/78 болон Б/25 тоот тушаалыг тус тус эс зөвшөөрч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан байна.

 

6. Талууд дээрх үйл баримтын талаар маргаангүй, харин сахилгын давтан зөрчлийг тогтоогдсон эсэх талаар маргажээ.

 

7. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан, хэрэглэсэн байна.

7.1. Тодруулбал, Хөдөлмөрийн гэрээний 3.3-т заасны дагуу ажилтан нь ажил олгогчоос хариуцуулсан ажил, албан тушаал, үүрэгт ажлыг үнэнч, шударга, хариуцлагатай гүйцэтгэж, ... холбогдох хууль, эрх зүйн акт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллах үүрэг хүлээжээ.

7.2. Талууд гэрээний 5.1.1-д Ажилтан ажлын цаг ашиглалт хангалтгүй буюу сард 3 болон түүнээс дээш удаа хоцорсон, цагаас өмнө эрт тарсан тохиолдлыг сахилгын зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар сахилгын шийтгэл ногдуулах, 5.2 дахь заалтаар ажилтан дотоод журам болон хөдөлмөрийн гэрээг зөрчсөн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах хэлбэрийг тус тус харилцан тохиролцсон байна. /1хх-5/

7.3. ххххх ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 12.2.2-т Ажилтан нэг сард 60 минутаас дээш хугацаагаар гурав болон түүнээс дээш удаа хоцорсон, ажил дуусах цагаас эрт тарсан, эсхүл ажил тасалсан бол сахилгын зөрчилд тооцон хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаар, 7.2.1-д ажлын цагийн бүртгэлийг ажилтны хурууний хээ танигч цахим машинд таниулсан хээгээр уншуулж баталгаажуулна, 7.2.2.-т Ажилтан энэхүү журмын 7.2.1-д заасны дагуу хурууний хээ танигч цахим машинд ирсэн, эсвэл явсан цагийн аль нэгийг бүртгүүлээгүй бол ажилтныг тухайн өдөр ажлаас 60 /жар/ минут хоцорсонд тооцно. Хэрэв ирсэн, эсвэл явсан цаг аль алиныг бүртгүүлээгүй бол тухайн ажлын өдрийг бүтэн тасалснаар тооцно гэж тус тус журамлажээ. /1хх78, 84/

7.4. Нэхэмжлэгч хххх нь ххххх ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/196 тоот тушаалд гомдол гаргаагүй тул уг тушаалд заасан 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ажлын байранд байгаагүй, 11 сард нийт 142 минут хоцорсон, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны сургалтад хүндэтгэх шалтгаангүйгээр оролцоогүй ажил тасалсан сахилгын зөрчлийг тогтоогдсон гэж үзнэ.

7.5. Анхан шатны шүүхээс, нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагч компанийн цаг бүртгэлийн цахим төхөөрөмж болон компанийн архивын устгах хэргийн материалаас Санхүү бүртгэлийн газар, ажлын цагийн бүртгэл 2019 он гэсэн баримтад тус тус үзлэг хийж, тэмдэглэл үйлдэн бэхжүүлсэн байна. /хх239-240, 243-250, 3хх1-20/

Дээрх үзлэгийн тэмдэглэлийг, хэргийн 1 дэх хавтасны 69, 105-108, 113, 178-178, 2 дахь хавтасны 117, 203-231, 3 дахь хавтасны 33-35, 27-40 дэх талд авагдсан компанийн 2019 оны 2, 3 сарын цагийн бүртгэл, нийт ажилчдын ажлын цагийг нэгтгэсэн жагсаалт, нэхэмжлэгчийн цалингийн тооцооны карт, ххххд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны баримт зэрэг бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбар зэргийг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн, зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлээд нэхэмжлэгч ххххгийн ажилласан, өвчтэй болон чөлөөтэй байсан хугацааг тооцон, түүнийг 2019 оны 02 дугаар сард ажлаас 381 минут хоцорсон зөрчил гаргасан болох нь тогтоогдсон гэж үзсэн нь зөв байна.

7.6. Улмаар хариуцагч ххххх ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/25 дугаартай тушаалаар нэхэмжлэгч ххххг сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасантай тус тус нийцсэн талаар зөв дүгнэжээ.

8. Харин нэхэмжлэгчээс гаргаж өгсөн цэнхэр өнгийн СД бичлэгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар үйлийн 37.1 дэх хэсэгт заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримт гэж үзэхгүй тул үнэлэх боломжгүй гэсэн шүүхийн алдаатай дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

8.1. Анхан шатны шүүх 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр цэнхэр өнгийн СД бичлэгт үзлэг хийж, бэхжүүлсэн байна. Үзлэгийн тэмдэглэлээс үзвэл, 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хххххххх захирлын өрөөнд хийсэн бичлэг байх ба бичлэгт нэхэмжлэгч ххххг тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулсан, ажлаас чөлөөлөхтэй холбоотой харилцан ярианы агуулга тусгагдаагүй, харин ххххгийн ажлын цаг ашиглалттай холбоотой харилцан ярианы агуулга тусгагджээ. /1хх127-130/

8.2. Мөн шүүх хэргийн 2 дахь хавтасны 244 дүгээр талд авагдсан 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлийг үндэслэн нэхэмжлэгч ххххд 2019 оны 02 дугаар сард ажилласан цагт ногдуулж цалин, хөлсийг хасч тооцсон үйл баримтыг зөв тогтоосон байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1800 дугаартай магадлалд дурдсан баримтууд гарч ирээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэх агуулга бүхий нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

9. Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.4.2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэдгийг тайлбарласан. Талууд сахилгын зөрчил давтан гаргасан эсэх, уг зөрчил тус бүр тогтоогдсон эсэх талаар маргасан тул 33 дугаартай тогтоол болон 2012.06.15-ны өдрийн зөвлөмжийг анхаарч үзээгүй, зөрчсөн гэх нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/00035 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Ч.ЦЭНД