Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2017/01142

 

Ц.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

              Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00786 дугаар шийдвэр,

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1265 дугаар магадлалтай,

             Ц.М-ийн нэхэмжлэлтэй,

            “Г” ХХК-д холбогдох

       Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, үр дагаврыг хариуцахгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.М, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баяраа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

          Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний эхнэр Б.Н нь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр бидний дундын өмчлөл болох Хан-Уул дүүргийн 11-р хороо, Стадион Оргил Богд Жавзандамба гудамж, 61/5-1 тоот, 000329729 тоот гэрчилгээтэй, Ү-2206005945 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий 168 м.кв талбайтай орон сууцыг Зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээ барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангах үйлдэл хийх эрхийн итгэмжлэлийг надаар олгуулсан мэтээр хууль зөрчин итгэмжлүүлсэн. Тэрээр тухайн өдрөө Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус итгэмжлэлээр бидний дундын өмчлөл болох орон сууцыг Голомт банкны Найман шарга салбарт их хэмжээний зээлийн барьцаанд тавьсан бөгөөд миний бие бидний орон сууцыг ямар хэмжээний мөнгөн дүнтэй зээлийн барьцаанд тавьсан болон зээлийн төлөлтийн байдлыг мэдэхгүй, Голомт банкнаас зээлийн барьцааны гэрээний хуулбарыг надад өгөхгүй байна. Тиймээс зээлийн барьцааны гэрээг шүүхийн журмаар гаргуулахгүй бол тэмдэгтийн хураамж төлөх боломжгүй байна. Миний бие уг асуудлаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд шүүхээс Ц.М-оос Б.Н-д олгосон итгэмжлэлийг хууль бус гэдгийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2016/00964 дүгээр тогтоолоор тогтоосон. Иймд эхнэр Б.Н, Голомт банкны хооронд хууль бус итгэмжлэлээр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

       Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Иргэн Ц.М-ийн нэхэмжлэлтэй, “Г” банкинд холбогдох барьцааны гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Г барьцааны гэрээг байгуулахдаа Ц.М-оос Б.Н-д олгосон итгэмжлэлийг үндэслэл болгон гэрээ байгуулсан бөгөөд тухайн үед итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах маргаан гараагүй хүчин төгөлдөр итгэмжлэл байсан. Иймд Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6, 154.7-д заасны дагуу “Г” банкны барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00786 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу нэг талаас Ц.М, Б.Н, нөгөө талаас “Г” ХХК нарын хооронд 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан ББГ3305103717 тоот барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул уг хэлцлээс аливаа хууль зүйн үр дагавар үүсэхгүй болохыг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, хариуцагч “Г” ХХК-иас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.М-д олгож шийдвэрлэжээ.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1265 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00786 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Ц.М-ийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, үр дагаврыг хариуцахгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгч Ц.М-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1265 тоот магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх Ц.М, Б.Н, “Г” ХХК нарын хооронд 2016.02.18-ны өдөр байгуулсан ББГ3305103717 тоот барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул уг хэлцлээс аливаа хууль зүйн үр дагавар үүсэхгүй болохыг тогтоож шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь уг барьцааны гэрээний үндэслэл болсон 2016.02.17-ны өдрийн Ц.М-оос Б.Н-д олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2016/00964 тоот Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон бөгөөд энэхүү шийдвэр хууль зүйн хүчин төгөлдөр байна. Нэгэнт итгэмжлэлийг хүчингүйд тооцсон шүүхийн шийдвэр гарсан ч хууль ёсны хүчин төгөлдөр байхад итгэмжлэлийн хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийх нь үндэслэлгүй юм. Түүнчлэн Иргэний хуулийн 66.2 дахь хэсэгт “...төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс өгсөн итгэмжлэлээр олгосон бүрэн эрх, зааврын дагуу хэлцэл хийсэн бол төлөөлүүлэгч өөрөө сайн мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан нөхцөл байдлын талаар төлөөлөгч мэдээгүй гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхгүй" гэж заасан байна. Төлөөлүүлэгч буюу нэхэмжлэгч Ц.М би төлөөлөгч буюу Б.Н-ыг мэдээгүй гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргаагүй, мөн Б.Н-д заавар өгөөгүй ба хууль ёсны дагуу итгэмжлэл ч олгоогүй юм. Итгэмжлэлийг нотариатчаар гэрчлэх нь төлөөлүүлэгч өөрөө гарын үсэг итгэмжлэлд зурж байгаад хяналт тавихаас гадна төлөөлүүлэгч ямар нэг хүчинд автаагүй, эрх зүйн чадамжтай, уг итгэмжлэлийг юунд зориулан олгож байгааг бүрэн ойлгож мэдэж байгааг хянахад чухал ач холбогдолтой. Нэхэмжлэгчийн хувьд гэр бүлийн дундын хөрөнгийг барьцаанд тавих гэж байгаа талаар маргаан үүсэх хүртэл мэдээгүй байсан юм. Гэтэл Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж төлөөлүүлэгч мэдээгүй гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардах эрхгүй мэтээр тайлбарлажээ. Мөн давж заалдах шатны шүүх магадлалдаа “...уг хэлцлийг хийхэд нотариатч журам зөрчсөн гэх нөхцөл байдлыг хариуцагч тал мэдэх боломжгүй байх тул ИХ-ийн 63.2 дахь хэсэгт зааснаар түүний итгэмжлэлээр олгосон бүрэн эрхийн хүрээнд хийсэн хэлцлийн үр дагавар төлөөлүүлэгч буюу нэхэмжлэгчид үүснэ” гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй юм. Учир нь банк буюу барьцаалагч нь зохих этгээдийн зөвшөөрлийг авсан эсэхийг шалгах үүрэгтэй. Мөн хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч буюу Ц.М миний Б.Н-д олгосон итгэмжлэл нь хууль бус гэдэг нь нэгэнт тогтоогдсон үйл баримт байхад хууль бусаар төлөөлөгчийн хийсэн үйлдлийн үр дагавар төлөөлүүлэгч надад үүснэ гэж дүгнэсэн нь илтэд хууль бус гэж үзэж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 64 дүгээр зүйл 64.2 дахь хэсэгт бичгээр олгосон итгэмжлэлийг хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэхээр шаардсан байдаг. Мөн хуулийн 109 дүгээр зүйл 109.2 дахь хэсэгт “үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатчаар гэрчлүүлэх..."-ээр, Иргэний хуулийн 128 дугаар зүйл 128.2-т “гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатчаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авахаар тус тус заасан. Үл хөдлөх хөрөнгийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалах явдал нь иргэний эрх зүйн өмчийн хэлцлийн төрөлд хамаарна гэж зөв үнэлэлт, дүгнэлт хийн зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, хэлцэлд тавигдах субъектын шаардлага хангаагүй Ц.М, Б.Н болон “Г” ХХК нарын хооронд 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан ББГ3305103717 тоот барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул уг хэлцлээс аливаа хууль зүйн үр дагавар үүсэхгүй байхыг тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй шийдвэр юм. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1265 тоот магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00786 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

       Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцээгүй байна. 

         Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэг талаас “Г” ХХК, нөгөө талаас Б.Н, Ц.М нарын хооронд байгуулсан БГ3305103717 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, үр дагаврыг хариуцахгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг үндэслэн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ц.М-оос Б.Н-д олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгосон тухай Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0964 тоот шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгосон байна.

          Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэрээр итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хууль бус гэж үзсэн боловч  итгэмжлэл хууль бус эсэх асуудлаар дүгнэлт өгөөгүй. Итгэмжлэл нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасан үндэслэлээр хууль ёсны гэж тооцогдох учиртай гэж маргажээ.

       Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагад заасан барьцааны зүйл болох нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Стадион оргил Богд Жавзандамба гудамж, 61/5 дугаар байрны 1 тоот, 168 м.кв орон сууц нь Ц.М, Б.Н нарын хамтран өмчлөх дундын өмчлөлийн хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд Ц.М, Б.Н нар нь эхнэр, нөхөр буюу нэг гэр бүлийн гишүүд байна.

         2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Ц.М, түүний эхнэр Б.Н нар нь “Г” ХХК-тай дээр дурдсан дундын өмчлөлийн орон сууцаар БГ3305103717 тоот ипотекийн гэрээ байгуулсан, энэ нь “Назупроперти” ХХК-ийн “Г” банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилготой бөгөөд Б.Н нь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн огноотой итгэмжлэлээр нэхэмжлэгч Ц.М-ийг төлөөлж маргааны зүйл болж буй барьцааны гэрээнд гарын үсэг зурсан гэжээ.

        Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0964 тоот шийдвэрээр Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг үндэслэн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ц.М-оос Б.Н-д олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

          Үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалах үйлдэл нь иргэний эрх зүйн өмчийн хэлцлийн төрөлд хамаарна гэж анхан шатны шүүх тайлбарлахдаа дундын өмчлөлийн орон сууцыг хамтран өмчлөгчийн нэрийн өмнөөс бусдад барьцаалуулах эрх олгосон итгэмжлэлд иргэний эрх зүйн хэлцэлд тавигдах хэлбэрийн шаардлага нэгэн адил тавигдана гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, 109 дүгээр зүйлийн 109.2, 128 дугаар зүйлийн 128.2-т заасан зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

          2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр зээлдэгч “Назупроперти” ХХК-ийн “Г” банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн БГ3305103717 дугаар бүхий ипотекийн гэрээг нэг талаас барьцаалагч “Г” банк, нөгөө талаас барьцаалуулагч Ц.М, Б.Н нарын хооронд байгуулсан гэрээний хуулбар хэрэгт авагдсан байх бөгөөд харин гэрээний төгсгөлд Ц.М-ыг биш харин Ц.М-ийг төлөөлж Б.Н гарын үсэг зурсан байна. 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар нэхэмжлэгч Ц.М нь барьцааны гэрээний нэг тал болох “Г” банкыг хариуцагчаар татсан тул шүүх “Г” банкинд холбогдуулж иргэний хэрэг үүсгэсэн нь зөв боловч хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагын зүйл болж буй ипотекийн гэрээнд Ц.М, Б.Н нар нь хамтран үүрэг гүйцэтгэгч болсон, гэрээний нэг тал болох Б.Н хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцоогүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзлээ.

           Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг илрүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

          Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00786 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1265 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Ц.М-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 70.200/ далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

                                   ШҮҮГЧ                                                        Д.ЦОЛМОН