Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хонгорын Энхзаяа |
Хэргийн индекс | 102/2015/08889/И |
Дугаар | 4714 |
Огноо | 2016-07-26 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 4714
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Монгол 3000” ХХК-ийн байранд байрлах “ДФ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 62 дугаар байрны 45 тоотод оршин суух Тайжууд овогт Самбуугийн Гүндсамба /РД:УУ77111837/-д холбогдох,
154,069,792 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Сарантуяа, хариуцагч С.Гүндсамба, хариуцагчийн өмгөөлөгч Д.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ДФ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ДФ” ХХК-ийн худалдагчаар ажиллаж байсан С.Гүндсамба нь 2002 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс худалдагчаар ажилд орсон. 2015 он гарснаар орлого багассан. Ингээд тооллого хийхэд 8 дугаар сард борлуулсан барааны орлогоос 19,218 ам.долларыг С.Гүндсамба нь дутуу тушаасан байсан учраас үүнтэй холбогдуулан бараа дутагдсан байж болзошгүй гэсэн хардлага төрөөд бүх бараанд эд хөрөнгийн нэг бүрчлэн тооллого хийхэд 58,096 ам.долларын 2577 ширхэг бараа дутсан. Иймд 77,314 ам.доллар буюу 154,069,792 төгрөгийг С.Гүндсамбаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Гүндсамба нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:. “ДФ” компанийн гаргасан нэхэмжлэлд тооллого хийхэд 58,096 ам. долларын бараа дутсан гэж заажээ. 2015 оны 08 сард миний ажиллаж байсан салбар дэлгүүрт Улаанбаатар хотын гаалиас шалгалт орж барааны илүүдэлтэй байна гэж тогтоосон. Компани энэхүү зөрчлийг хүлээн зөвшөөрч, дэлгүүр 2015 оны 8 сарын 21-ний өдрийг хүртэл гурван долоон хоногийн турш хаалттай, битүүмжлэгдсэн байсан. Дэлгүүр нээгдэхэд компанийн дэд захирал н.Чимгээ надаас агуулах, дэлгүүр, кассны зэрэг бүх түлхүүрийг нэхэж авсан. Мөн илүүдсэн байсан 300 орчим хайрцаг бараанаас 155 хайрцаг барааг нягтлан бодогч Энхболд бид хоёр Чимгээ захирлын өгсөн үүргийн дагуу дэлгүүрээс гаргасан. Татваргүй барааны дэлгүүрийн бусад худалдааны газруудаас ялгаатай нь өдөр болгон “борлуулалтын өдрийн мэдээ" нэртэй тайлан гаргадаг. Мөн Татваргүй барааны дэлгүүрийн өөр нэгэн онцлог бол дэлгүүрийн агуулахыг Гаалийн байгууллагаас битүүмжилж, зөвхөн гаалийн байцаагчийн хяналт доор бараа хөдөлгөөнд ордог байсан. Миний бие өдөр болгон “борлуулалтын өдрийн мэдээ"-гээ гаргаж компанийн удирдлагад өгч шалгуулдаг байсан төдийгүй компани намайг үр дүнтэй сайн ажиллаж байна гэж сар бүр нэмэгдэл цалин олгодог байсан. “ДФ” компани гаргасан нэхэмжлэлдээ намайг 19,218 ам.долларын орлогыг дутуу тушаасан гэж заажээ. Дээр дурдсан гаалийн шалгалттай холбоотойгоор дэлгүүр эргээд нээгдсний дараа Чимгээ захирал 19,218 ам.долларыг хэд хэдэн өдрийн "Борлуулалтын өдрийн мэдээ"-нд хувааж оруулуулсан. Өөрөөр хэлбэл Чимгээ захирал надад үүрэг өгч орлого ороогүй, дэлгүүр ажиллаагүй байхад 19,218 ам.долларын орлого орсон мэтээр тайланд тусгуулсан. “ДФ” ХХК нь нэхэмжлэлдээ Санхүүгийн баримтуудыг хавсаргасан байна. Миний бие “ДФ” ХХК-ийн гаргаж өгсөн баримтуудыг нотолгоо гэж үзэхгүй байна. Иймээс нэхэмжлэгч ДФ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг надад хариуцуулах үндэслэлгүй, нотолгоогүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ДФ” ХХК нь хариуцагч С.Гүндсамбад холбогдуулан борлуулсан барааны орлогоос дутуу тушаасан 19,218 ам.доллар, дутагдуулсан барааны үнэд 58,096 ам.доллар нийт 77,314 ам.доллар буюу 154,069,792 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хариуцагч С.Гүндсамба нь “ДФ” ХХК-ийн татваргүй барааны дэлгүүрт 2002 оноос эхлэн худалдагчаар ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажилчдын дотоод журам зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /хх-4-6, 402-405 тал/.
Нэхэмжлэгч “ДФ” ХХК нь “... хариуцагч С.Гүндсамба нь 2015 оны 08 дугаар сард борлуулсан барааны орлогоос 19,218 ам.доллар дутагдуулсан, мөн 2015 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр түүний хариуцаж байсан бараанд нэг бүрчлэн тооллого хийхэд 2577 ширхэг, 58096 ам.долларын нийт 77,314 ам.доллар буюу 154,069,792 төгрөгний барааг дутагдуулсан” гэж нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодорхойлж байгаа бол, хариуцагч С.Гүндсамба нь “...2015 оны 8 сард миний ажиллаж байсан салбар дэлгүүрт Улаанбаатар хотын гаалийн газраас шалгалт орж барааны илүүдэлтэй байна гэж тогтоосон. Энэхүү зөрчлийг хүлээн зөвшөөрч дэлгүүрийг 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 21 хоногийн хугацаатайгаар хаасан. ...Чимгээ захирал надад үүрэг өгч орлого ороогүй, дэлгүүр ажиллаагүй байхад 19,218 ам.долларын орлого орсон мэтээр тайланд тусгуулсан, ... 8 сард илүүдэлтэйгээр гарсан бараа 2015 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн тооллогоор дутагдсанд гайхаж байна. Ийм байх ёсгүй. Миний бие өдөр болгон борлуулалтын өдрийн мэдээгээ гаргаж өгдөг байсан..., мөн илүүдсэн байсан 300 орчим хайрцаг бараанаас 155 хайрцаг барааг нягтлан бодогч Энхболд бид хоёр Чимгээ захирлын өгсөн үүргийн дагуу дэлгүүрээс гаргасан” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Талуудын хооронд үүссэн дээрхи маргаан нь ажилтны хөдөлмөрлөх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан буюу эд хөрөнгийн хариуцлагатай холбоотой хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан байна гэж дүгнэлээ.
Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний дагуу хариуцагч С.Гүндсамба нь тус компаний Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж, “Монгол 3000” ХХК-ийн байранд байрлах татваргүй барааны дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан болон 2015 оны 09 дүгээр сарын 09-ны өдрөөс эхлэн уг хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон болох нь зохигчийн тайлбар бусад нотлох баримтаар тогтоогдож байх ба энэ асуудалд зохигч маргахгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2 дэх хэсэгт Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд ... эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх, хохирлын хэмжээг учирсан шууд хохирлоор тодорхойлохоор заасан байх ба мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэжээ.
Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.16-д ажилтан өөрийн буруугаас компанид эд хөрөнгийн хохирол учруулбал түүнийг барагдуулна гэж, 3.1-д ажил олгогч нь ...эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх эрхтэй гэж заасан нь талуудын хооронд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдсан гэж үэхээр байх тул ажил олгогч “ДФ” ХХК нь ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн дутуу тушаасан орлого болон дутагдуулсан барааны үнэ болох 77,314 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны төгрөгийн ханшаар тооцон нэхэмжилсэн нь дээрх хуульд нийцсэн байх ба үүнд талууд маргахгүй байна.
Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журамд зааснаар гаалийн мэдүүлгээр ирсэн барааг өөрийн биеэр тоо ширхэгтэй нь тулган санхүүгийн программд бүртгэн хүлээн авч, түүнийг худалдан борлуулах үндсэн үүрэгтэй байна.
Үүний дагуу тус дэлгүүрт гаалийн мэдүүлгээр ирсэн барааг хүлээн авч, санхүүгийн программд бүртгэн худалдан борлуулдаг ба зарагдсан барааг кассанд уншуулан худалддаг. Өөрөөр хэлбэл зарагдсан бараа нь санхүүгийн программд бүртгэгдсэн бараанаас хасагдах байдлаар үлдэгдэл барааны тоо гардаг гэдгийг зохигчийн хэн алин хүлээн зөвшөөрч маргахгүй байх ба энэ байдал нь шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.
2015 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр үлдэгдэл барааны тооллогыг хийхдээ хариуцагч С.Гүндсамбын санхүүгийн программаас гаргаж өгсөн барааны үлдэгдэлтэй тулгах байдлаар хийсэн гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрч байх ба уг тооллого хийх ажиллагаанд хариуцагч С.Гүндсамба нь өөрийн биеэр байлцсан боловч гарын үсэг зураагүй байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотын гаалийн байгууллагаас тооллого хийхэд илүүдэлтэй гарсан” гэж тайлбарлаж байх боловч уг илүүдэлтэй гарсан бараа нь өөр бусад салбар дэлгүүрүүдээс авч ирж зарж байгаа санхүүгийн программд бүртгэгдээгүй бараанууд гэдгийг хариуцагч нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад хүлээн зөвшөөрч байх ба энэ байдал нь Улаанбаатар хот дахь гаалийн газраас 2015 оны 08 дугаар сард үзлэг тооллого хийсэн тухай дүгнэлтэд “ ...дээр дурдсан 12 төрлийн согтууруулах ундааны зүйлсийн хайрцаг саван дээрх хаягууд бүгд нисэх онгоцны буудлын ТБД-ийн хаягтай ба үлдсэн ихэнх нь Алтанбулаг дахь ТБД-ийн хаягтай,... тухайн бараануудын гаалийн мэдүүлгүүдийг гаргаж өгөхгүй байна ...” гэх дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-214 тал/.
Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл болсон “илүүдсэн барааны асуудал” нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ны тооллогонд хамааралгүй байх ба уг тооллогоор 58,096 ам доллар дутсан болох нь тогтоогдож байна. Энэхүү дутагдалд худалдагч С.Гүндсамба буруугүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул уг дутагдлыг хариуцан төлөх үүрэгтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан мөнгөн хөрөнгийн журналд бичигдсэнээр борлуулалтын орлогоос 19,218 ам.долларын дутуу тушаасан гэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь “битүүмжлэлтэй байх хугацаанд буюу орлого ороогүй, дэлгүүр ажиллаагүй байх хугацаанд орлого орсон мэтээр тайланд тусгуулсан гэж” эс зөвшөөрч байх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан мөнгөн хөрөнгийн журналаар дэлгүүр битүүмжлэлтэй байсан гэх 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 24-ны өдрүүдэд бэлэн мөнгийн орлого орсон байдал тусгагдаагүй байх тул хариуцагчийн энэхүү тайлбар үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч С.Гүндсамба нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа нэхэмжлэгч “ДФ” ХХК-д 77,314 ам.доллар буюу 154,069,792 төгрөгний хохирол учруулсан болох нь “ДФ” ХХК-ийн мөнгөн хөрөнгийн журнал, тооллогоор дутсан барааны жагсаалт болон бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч С.Гүндсамбаас 154,069,792 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ДФ” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Мөн хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шат дуусахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6,38.9 дэх хэсэгт зааснаар тус дэлгүүрийн 08 дугаар сарын 31-ний өдрийн барааны эцсийн үлдэгдэл, 09 сарын 09-ний өдрийн тооллогын барааны үлдэгдлийн баримтуудыг гаргуулах шаардлагатай гэж тайлбарлаж байх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хэргийн үйл баримтыг тогтоох боломжтой гэж үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Гүндсамбаас 154,069,792 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ДФ” ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 928,299 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Гүндсамбаас улсын тэмдэгтийн хураамжид 928,299 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ДФ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА