Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2017/01120

 

Н.Д, Ж.Э нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/00370 дугаар шийдвэр,           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1134 дүгээр магадлалтай,

Н.Д, Ж.Э нарын нэхэмжлэлтэй,

Б.Я-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Орхон,

51.500.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

гуравдагч этгээдийн “орон сууцанд оруулсан 51.500.000 төгрөгт ногдох хэсгийг охин О.Цэцүүх өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох”тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Нямцоожийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Орхон өмгөөлөгч Ц.Нямцоож, хариуцагч Б.Я-, өмгөөлөгч Д.Батсүх, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Д, Ж.Э наршүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бидний хүү Д.Отгонтөр нь Анагаахын лицей 21 дүгээр дунд сургуульд суралцаж байх үедээ Б.Я-гийн охин Б.Орхонтой танилцсан. 2014 оноос хойш 2 жил гаруй хугацаанд Б.Орхоны Баянгол дүүргийн 4 дүгээр хороолол дахь гэрт хамтран амьдарсан. Д.Отгонтөр нь найз охинтойгоо тусдаа амьдрахаар төлөвлөж байгааг хэлсний дагуу бид хүүдээ цуглуулсан мөнгөө өгөхөөр болсон. Ингээд Б.Я-гийн охин Б.Орхоны Хас банк дахь төгрөгийн 5001137891 тоот төгрөгийн данс руу 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 21.500.000 төгрөг, мөн Хаан банк дахь төгрөгийн 5026609405 тоот төгрөгийн данс руу нь 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 30.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн.Улмаар тэд Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 412 дугаар байр, 1 дүгээр орц, 12 тоотын 3 өрөө орон сууцыг дээрх 51.500.000 төгрөг болон хуучин амьдарч байсан байраа оролцуулан худалдан авч өгсөн. Гэвч уг байрны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Я- зөвхөн өөрийнхөө нэр дээр гаргуулан авсныг сүүлд мэдээд Д.Отгонтөр, Б.О нарыг өмчлөгчөөр нэмж бүртгүүлээрэй гэхэд тэгнэ гэдэг.Улмаар Д.Отгонтөр нь найз охин Б.Орхонтойгоо гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас 2016 оны 7 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид ч хамтран амьдрах боломжгүй тухайгаа хэлсэн.Иймд хариуцагч Б.Я-гоос 51.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Я- шүүхэд гаргасан тайлбартаа:2015 оны 10 дугаар сард охин Б.О нь өөрийн найз залуу Д.Отгонтөрийг дагуулж ирснээр Б.Я-, Б.Орхон, Д.Отгонтөр нар хамт амьдрах болсон. 2016 оны 3 дугаар сард Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, 412 дугаар байрны 8 тоотын 88.9 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар өөрийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 42 дугаар байрны 14 тоотын 61 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг арилжихаар арилжааны гэрээ байгуулсан.Уг байрны эзэн П.Батзориг өөрийн байрны 1 м.кв талбайг нь 1.800.000 төгрөгөөр үнэлсэн ба би мөн адил өөрийн байрны 1 м.кв талбайг нь 1.800.000 төгрөгөөр үнэлж солилцохоор болсон.Арилжааны гэрээ өмчлөгч Б.Я- болон Баянзүрх дүүрэг, Баянмонгол хороолол, 412 байрны өмчлөгч байсан н.Мартгэрэл н.Батзориг нарын хооронд байгуулагдсан байдаг тул арилжааны гэрээг үндэслэж бүртгэлийн газар Б.Я-гийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргасан. Би Ж.Э нхцэцэг, Н.Д нараас мөнгө аваагүй. Цаашид нэхэмжлэгч нар нь Д.Отгонтөр, Б.О нараас нэхэмжлэх нь зүйтэй гэж бодож байнагэжээ.

Гуравдагч этгээд Б.О шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:Нэхэмжлэгч нарын хүү Д.Отгонтөр бид хоёр 2014 оноос эхлэн хамтран амьдарч байсан бөгөөд 2016 оны 3 дугаар сард би бие давхар болсноор Д.Отгонтөрийн эцэг Н.Д, эх Ж.Э нар нь бидэнд 51.500.000 төгрөгийг өгсөн бөгөөд энэхүү мөнгийг биднийг орон байр авахад зориулж өгсөн бэлэг гэж би ойлгож байна.Д.Отгонтөр бид хоёр энэ мөнгийг Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, 412 дугаар байр, 12 тоот дахь 88.9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авах төлбөрт тооцон оруулсан.Хэдийгээр дээрх эд хөрөнгө нь ээж Б.Я-гийн нэр дээр байдаг боловч уг 3 өрөө орон сууцыг худалдан авахад төлбөрийн нэг хэсэг болж орсон учир Д.Отгонтөр, би, бидний охинд энэхүү байрны 51.500.000 төгрөгт оногдох хэсгийг өмчлөх эрхтэй.Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, 412 дугаар байр, 12 тоот дахь 88.9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд Д.Отгонтөр, Б.О бидний зүгээс оруулсан 51.500.000 төгрөгт оногдох хэсгийг бидний дундаас төрсөн охин О.Цэцүүх өмчлөх эрхтэй болохыг тогтоох, орон сууцанд оруулсан 51.500.000 төгрөгийг охин Б.Цэцүүхийг тэжээн тэтгэх тэтгэлэгт тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Д, Ж.Э нар гуравдагч этгээдийн шаардлагад тайлбартаа:Бид нар Отгонтөр Орхон хоёрыг тусад нь амьдруулъя гээд өөрсдийн амьдарч байсан Орбитын Шинэ цэргийн хотхоны 2 өрөө байрыг санал болгоход Янжинхорол болон Орхон муухай үнэр үнэртдэг, орчин нь муухай, хол газар охины амьдруулахгүй гээд зөвшөөрдөггүй байсан. 51.500.000 төгрөг нь өөрсдийн Орбитын байраа 42.000.000 төгрөг, цалингийн зээл аваад 9.500.000 төгрөг өгч бүрдүүлсэн. Бидний сайхан сэтгэлийг минь ашиглан Баянмонголын байрны ордер дээр ганцхан өөрийнхөө нэрийг оруулан залилангийн арга зохиож, бидний бэлэн мөнгийг ашиглан 3 өрөө байранд орж амьдарч байгаа нь ойлгомжтой. Орхоны хэвлийд байгаа ач хүүхдээ бодоод цаашид цуг амьдруулъя гэж бодсон боловч энэ 2 хүний ааш араншин нь өөрчлөгдөн Отгонтөрийг хөөж, зүй бусаар харьцдаг байсныг сүүлд мэдсэн. Цаашид энэ 2 хүнтэй Отгонтөрийг хамт амьдруулъя гэж бодоход тусад нь амьдруулъя гэхэд зөвшөөрдөггүй, оруулсан мөнгө өгөхгүй, ордерт нэрийг нь оруулахгүй байгаа нь бидэнд сэжигтэй санагдаж байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/00370 дугаар шийдвэрээр:Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т зааснаар хариуцагч Б.Я-гоос 51.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Э нхцэцэг, Н.Д нарт олгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Орхоны Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, 412 дугаар байр, 12 тоот дахь 88.9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд Д.Отгонтөр, Б.О нарын оруулсан 51.500.000 төгрөгт оногдох хэсгийг охин О.Цэцүүх өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 415.500 төгрөгөөс илүү төлсөн 50 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, хариуцагч Б.Я-гоос 415.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Э нхцэцэг, Н.Д нарт олгож, гуравдагч этгээд Б.Орхоныг улсын тэмдэгтийн хураамж 415.450 төгрөгийг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 28370 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1134 дүгээрмагадлалаар:Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/00370 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дүгээр зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Я-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415 500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Нямцоож хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1134 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зөв тодорхойлж, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шүүх хуралдааныг даргалагч хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн нэрийг нэрлэн заагаагүй орхигдуулсан, техникийн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөн шүүхийн шийдвэрт нэмэлт оруулах байдлаар холбогдох алдааг засварлах бүрэн боломжтой байсан.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн гаргасан алдаа, зөрчлийг илрүүлэх нь зөв боловч уг алдааг залруулах арга, журмыг зөв сонгон хэрэглэх ёстой. Нөгөө талаас манай тохиолдолд анхан шатны шүүх хуульд заасан зөрчил гаргасан боловч энэ алдааг залруулахын тулд зохигчдын хоорондох эрх зүйн маргааныг дахин хянан шийдвэрлүүлэх шаардлагагүй байсан болно.Хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгоогүйгэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2. дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх хуулийн шаардлагад нийцэхгүй, зөрүүтэй, хоёрдмол утга, агуулгатай, хийсэн дүгнэлтээ үгүйсгэсэн, логик уялдаагүй, ойлгомжгүй байна. Анхан шатны шүүх хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон ямар эрхийг зөрчсөн, эдлүүлээгүй талаар тодорхой дүгнэлт хийгээгүй. Түүнчлэн эдгээр зөрчил нь шүүхийн шийдвэрт шууд нөлөөлсөн эсэх, давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй, заавал дахин хэлэлцүүлэх шаардлагатай байсан эсэх талаар ч шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1134 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/00370 дугаар шийдвэрийн удиртгал хэсгийн нэхэмжлэгч гэсний өмнө “Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээж өгнө үүгэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаахдаа давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1, 118.2-т зааснаар Шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэх ба удиртгал хэсэгт шийдвэрийг хэзээ, хаана ямар шүүх гаргаж байгаа, шүүх бүрэлдэхүүн болон шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн оролцогч болон шүүх хуралдааны оролцогчдыг нэрлэн заана.

Нэхэмжлэгч Н.Д, Ж.Э нарын нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй тодруулбал, тухайн шийдвэрийг ямар шүүх гаргасан, шүүх бүрэлдэхүүн болон шүүгчийг нэрлэн заагаагүйбөгөөд энэ нь ноцтой үр дагаврыг үүсгэнэ.

Анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн бол давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүх шийдвэрийг хүчингүй болгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1, 168.1.4-т заасан. Хуулийн энэхүү зохицуулалтын агуулгаас үзвэл шийдвэрт шүүх, шүүгчийг нэрлэн заагаагүй явдал нь тухайн хэргийг хууль ёсны бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1134 дүгээрмагадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Нямцоожийн  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 415.450төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                       Г.ЦАГААНЦООЖ