Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 485

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч Н.Уранбайгаль,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б ,

иргэний нэхэмжлэгч Б.Н ,

шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Д.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгаль Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б д холбогдох эрүүгийн 1803 01020 0043 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Б , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Б  нь Баянзүрх дүүргийн 28-р хороо Улиастайн хуучин эцсийн замд 2018  оны 12 дугаар сарын 07-ны орой 22 цаг 20 минутын үед өөрийн эзэмшлийн Toyota Corolla маркийн 76-92 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 11.3-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу чаадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Э.Б ийн жолоодон явсан Honda HR-V маркийн 21-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгсэглд сууж явсан зорчигч /14 настай эмэгтэй/ Б.Солонгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б  мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр аавындаа хоол идчихээд гудамжаас зам руу нийлээд дөнгөж гарч иртэл нэг машин мөргөчихсөн. Миний гурван охин уйлахаар нь би зүгээр үү гэтэл миний гурван охин зүгээрээ гэсэн. Камерын бичэг дээр ч харагдана. Би хүүхдүүдээ тоохгүй шууд энэ хүний машин руу гүйж очсон. Бусад жолоочид ирээд энэ хүнийг согтуу байна гэсэн. Дараагийн долоо хоногийн 4 дэх өдөр уучлаарай гээд ирсэн. Хүүхдийн эрүүл мэндийн хувьд баруун гар хугарсан. Би оёдлын ажлын байр түрээслээд 3 хүүхдээ тэжээдэг. Намайг түрээсийг минь төлөхгүй бол би түрээсийн байргүй болох гээд байна гээд энэ ахад хэлэхэд 120.000 төгрөг авсан. Би 12 дугаар сарын 07-ноос 01 дүгээр сарын 07-ныг хүртэл гэртээ хүүхдээ хараад суусан. Тэр үед би ямар ч ажил хийгээгүй, хийх ч боломж байгаагүй. Цагаан сарын үеэр миний охины гар нь эдгэсэн. Миний охин боксоор хичээллэдэг. Миний охины ирээдүйг үгүй хийж, дахиж спортоор явах ирээдүйг нь хаасан. Надад яг бэлнээр 600.000 төгрөг 12 дугаар сарын 30-нд авчирч өгсөн. Нэг сая төгрөг аваагүй нь үнэн, би хоёр хүүхдийнхээ утсыг авна гэж хэлсэн. Тэр 1 сая төгрөг авчираад гомдолгүй гээд бич гэсэн.  Нэг удаа над руу орой яриад хоёулаа уулзъя гэж над руу ярьсан. Би хэдийгээр ганц бие эмэгтэй хүн ч гэсэн надтай ингэж ярьж болох юм уу. Би гомдолтой байна. Ажилгүй байсан нэг сарын хөлсийг нэхэмжилж байна” гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Н  мэдүүлэхдээ: “Би машинаа л бүрэн болгож авмаар байна. Энэ бол миний нэр дээрхи машин. Охин маань хүүхдүүдээ нааш цааш нь хүргэж өгдөг болохоор өгсөн байсан. Миний машиныг бүрэн бүтэн болгож өгнө гээд аваад явсан. Би хамт явна гэсэн чинь намайг хамт явуулаагүй. Яг үнэндээ энэ хүн бол ямар ч хариуцлага хүлээх чадваргүй. Шаариг нь эвдэрсэн бол шааргыг нь бүтэн болгоод тавьчихна, шилийг нь солиулна. Засварын газар аваачиж хаяад 5-6 хоног алга болсон. Очоод авах гэтэл энэ хүнтэйгээ утсаар ярь гэсэн. Шөнө нөхөртэйгөө очоод машинаа авсан чинь урд талын гэрлийг нөлөөтэй гэрэл болгочихсон байсан. Энэ хүн бол хямдхан юм хийлгэсэн, тэрийгээ үнэтэй бичүүлсэн. Чиний машин муу машин байсан гэсэн. Тэрний гарч байгаа төлбөрийг хэн төлж байна би төлж байгаа. Сард 170.000 төгрөг төлдөг. Энэ хүн машин жолоодоод явж байна. Өнөөдөртэйгээ гурав дахь удаагаа таарч байна. Бүх юмыг нь эхнээс нь хийлгэнэ. Үнэлгээгээр гарсан дүнгээр нэхэмжилнэ” гэв.  

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б ийн өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 21 цаг 30 минутын орчим би 21-86 УНО улсын дугаартай Хонда маркийн автомашин жолоодон Баянзүрх дүүргийн 23-р хороо Улиастайн хуучин эцсийн замд урдаас хойшоо чиглэлтэй явж байтал эсрэг урсгалаас Toyota Corolla маркийн машин урсгал сөрж орж ирээд миний машины зүүн урд хэсэгт мөргөсөн. Мөргөлдөх үед тэнд нэг цагдаа явж байсан цагдаа хүрч ирээд нөгөө машины жолоочийг согтуу байна гээд цагдаагийн хэсэг рүү машиндаа суулгаад аваад явсан. Би өөрөө 102, 103 руу дуудлага өгөөд байж байтал түргэн тусламж ирж үзээд манай охины биед хүнд гэмтэл байхгүй. Харин гар нь тулсан юм шиг байна гээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээрэй гээд явсан” гэх мэдүүлэг. /хэргийн 15-16 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Н гийн өгсөн: “Уг автомашин нь миний өөрийн эзэмшлийн машин юм. Уг машиныг банк бус санхүүгийн байгууллагаас 1.5 сая төгрөг зээлээд уг байгууллагын нэр дээр бичиг баримтыг нь шилжүүлсэн байсан. Манай охин ихэвчлэн уг машиныг жолооддог юм” гэх мэдүүлэг /хэргийн 20 дугаар хуудас/,

Яллагдагчаар Д.Б ын өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 07-ны орой Toyota Corolla маркийн 76-92 УНЧ улсын дугаартай автомашиныг жолоодон өдрийн 13 цагийн орчим цэргийн найз Эрдэнээтэй Улиастайн шинэ эцэс дээр таарч дэлгүүрээс 14-15 ширхэг пиво худалдаж аваад гудамжинд машинаа зогсоож байгаад уусан. Нэг мэдсэн би машиндаа тасарсан унтаж байсан. Надтай хамт байсан найз Эрдэнэ буугаад явсан байсан..., хүргэн Эрдэнэболдын гэрт машинаа аваачиж тавихаар явж байтал 300 орчим метр яваад нэг машинтай зүүн карлонаараа шүргэлцэж зогссон..., гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хэргийн 48-49 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн ¹ 019 дүгнэлтэд “1. Б.Солонгийн биед баруун сарвууны 3-4-5-р хурууны алганы шивнүүрийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хэргийн 25 дугаар хуудас/,

Мөрдөгчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн №279 дугаартай магадлалд: “1. Toyota Corolla маркийн 76—92 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 11.3-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу чаадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй. 2. Хонда маркийн 21-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Б  нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэжээ. /хэргийн 38 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2-4 дүгээр хуудас/, жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хэргийн 5 дугаар хуудас/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 10 дугаар хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хэргийн 30-31, 34-37 дугаар хуудас/ Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 52 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 51 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Б нь Баянзүрх дүүргийн 28-р хороо Улиастайн хуучин эцсийн замд 2018  оны 12 дугаар сарын 07-ны орой 22 цаг 20 минутын үед өөрийн эзэмшлийн Toyota Corolla маркийн 76-92 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 11.3-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу чаадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Э.Б ийн жолоодон явсан Honda HR-V маркийн 21-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгсэглд сууж явсан зорчигч /14 настай эмэгтэй/ Б.Солонгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,  шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б ийн өгсөн...аавындаа хоол идчихээд гудамжаас зам руу нийлээд дөнгөж гарч иртэл нэг машин мөргөчихсөн..., энэ хүнийг согтуу байна гэсэн..., хүүхдийн эрүүл мэндийн хувьд баруун гар хугарсан..., яг бэлнээр 600.000 төгрөг 12 дугаар сарын 30-нд авчирч өгсөн..., би гомдолтой байна. Ажилгүй байсан нэг сарын хөлсийг нэхэмжилж байна гэх, шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Н гийн өгсөн...би машинаа л бүрэн болгож авмаар байна..., бүх юмыг нь эхнээс нь хийлгэнэ. Үнэлгээгээр гарсан дүнгээр нэхэмжилнэ гэх, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б ийн...2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 21 цаг 30 минутын орчим би 21-86 УНО улсын дугаартай Хонда маркийн автомашин жолоодон Баянзүрх дүүргийн 23-р хороо Улиастайн хуучин эцсийн замд урдаас хойшоо чиглэлтэй явж байтал эсрэг урсгалаас Toyota Corolla маркийн машин урсгал сөрж орж ирээд миний машины зүүн урд хэсэгт мөргөсөн. Мөргөлдөх үед тэнд нэг цагдаа явж байсан цагдаа хүрч ирээд нөгөө машины жолоочийг согтуу байна гээд цагдаагийн хэсэг рүү машиндаа суулгаад аваад явсан гэх, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн ¹ 019 дүгнэлтэд Б.Солонгийн биед баруун сарвууны 3-4-5-р хурууны алганы шивнүүрийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо..., эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт, Мөрдөгчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн №279 дугаартай магадлалд: 1. Toyota Corolla маркийн 76—92 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 11.3-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу чаадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй. 2. Хонда маркийн 21-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Б  нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэх дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Д.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Б  нь шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б д эмчилгээний төлбөрт 600.000 төгрөг, түрээсийн төлбөрт 120.000 төгрөгийг тус тус төлсөн байх ба шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэн аль нь маргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б  нь уг зам тээврийн ослын улмаас хүүхдүүдээ гэртээ хараад ажилгүй байсан 1 сарын хугацааны олох байсан орлого 1000000 төгрөг, ослын улмаас хүүхдүүдийн гар утас эвдэрсэн ба үнэлгээгээр 246000 төгрөг гарсан тул дээрх мөнгийг тус тус нэхэмжилж байна гэжээ.

Хавтас хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б  нь ажилгүй байсан хугацааны 1000000 төгрөгний талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон гар утсны үнэ болох 246000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Н  нь шүүгдэгч Д.Б  миний машинд засвар үйлчилгээ хийлгэсэн боловч анх ямар байсан хуучин хэвэндээ ороогүй байх тул эд зүйлийн үнэлгээгээр тогтоосон 939100 төгрөгийг нэхэмжилж байна гэж мэтгэлцэж байгаа боловч шүүгдэгч нь хавтас хэргийн 70 дугаар хуудаст авагдсан баримтуудаар “Сэржээ” амортизатор пүршний төвд 748500 төгрөгний засвар үйлчилгээг Honda HR-V маркийн 21-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийлгэсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

Иймд иргэний нэхэмжлэгийн нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 939100 төгрөгнөөс уг 748500 төгрөгийг хасаж тооцон үлдэх 190600 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дах хэсэгт заасан “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно”. ...завсарлуулах хугацааг ажлын 5 өдрөөс хэтэрч болохгүй” байх ба шүүгдэгч болон шүүгдэгийн өмгөөлөгч хүсэлт гаргаж хуралдааныг 5 хоног завсарлуулсан болно.

Шүүгдэгч Д.Б  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгчид төлөх хохирлын нийт 436600 төгрөгийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тушаасан болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримтаар нотлогдож байх тул бусдад төлбөр төлбөргүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тушаасан 440.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 23-р хороо Сургуулийн 3-р хэсгийн 1297 тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б /РД:/, иргэний нэхэмжлэгч Б. Н/РД:/ нарт олгох нь зүйтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч нар нь энэ хэрэгтэй холбоотой гарсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Б д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дах заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Б ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №326651 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Лицензын төвд хүргүүлж, Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалуулахаар тус тус шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.