Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 89

 

Д.Бд  холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б, иргэний нэхэмжлэгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1519 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 1209 дүгээр магадлалтай, Д.Бд холбогдох 1803010200043 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тамирын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1976 оны 3 дугаар сарын 6-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Х овогт Д.Б нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Быг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т заасан согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2  жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Д.Бд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авч, анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд 2019 оны 3 дугаар сарын 28-ы өдөр тушаасан хохирлын 440.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.Нд олгуулах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч нар нь энэ хэрэгтэй холбоотой гарсан бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт хураагдан ирсэн Д.Бын 326651 дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолохыг мэдэгдэж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Бд холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тамир гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон магадлал гаргасан нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Быг "цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн" гэх үндэслэлээр түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд заагаагүй үндэслэлүүдийг дурьдаж, үүнийгээ эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болгон тайлбарлаж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугзар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан арга хэмжээг хэрэглэсэн ба магадлалд дурьдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан бүх шалгуур нөхцөл байдал хангагдсан эсэхийг тал бүрээс нь харгалзан үзэж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн прокурор Н.Уранбайгаль шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй асуудлын талаар буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Байгалийн "маш их гомдолтой байгаа, охин төгөлдөр хуур дардаг байсан, одоо мөрөөдөл нь биелэгдэхгүй болчихлоо гэдэг" гэх мэдүүлгийг өөрчлөн тайлбарлаж огт шалгагдаагүй, тогтоогдоогүй асуудлын талаар дүгнэлтдээ тайлбарлан ярьсан нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэж мэдүүлж хүсэл зоригоо илэрхийлсэн нь хурлын тэмдэглэл болон шийтгэх тогтоолд тусгагдсан бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчөөгүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 1209 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1519 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон ахлах прокурор Г.Гэрэлтуяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Ял хөнгөдсөн үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тамирын гаргасан гомдлыг үндэслэн Д.Бд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Быг 2018 оны 12 дугаар сарын 7-ны орой 22 цаг 20 минутын үед согтуурсан үедээ өөрийн эзэмшлийн Toyota Corolla маркийн 76-92 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Улиастайн хуучин эцсийн замд явахдаа Автотээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас Э.Байгалийн жолоодон явсан Honda HR-V маркийн 21-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Б.Солонгын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон гэж дүгнэн Д.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б нь хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн хэдий ч уг хохирлыг ямар эх үүсвэрээр, бодитой нөхөн төлөхөө нотолж чадаагүй, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Бийн гомдол барагдаагүй байхад анхан шатны шүүх Д.Бд ял оногдуулахгүйгээр тэнссэн нь түүний согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасан гэм буруу, бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, шинж чанарт илтэд тохироогүй байх бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 1209 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тамирын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                                     

                                                   ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                                   ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН