Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 588

 

 

 

 

 

 

    Д.Бд холбогдох эрүүгийн

                                                       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ж.Энхжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Байгал, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл,  

иргэний нэхэмжлэгч Б.Наран, 

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн  даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 485 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Байгаль, иргэний нэхэмжлэгч Б.Наран нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Б-д холбогдох эрүүгийн 1803010200043 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

, 1976 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 18/а байрны 60 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: /;

 

Д.Бнь Баянзүрх дүүргийн 28-р хороо Улиастайн хуучин эцсийн замд 2018 оны 12 дугаар сарын 7-ны орой 22 цаг 20 минутын үед өөрийн эзэмшлийн Toyota Corolla маркийн 76-92 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 11.3-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Э.Байгалийн жолоодон явсан Honda HR-V маркийн 21-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч /14 настай эмэгтэй/ Б.Солонгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Д.Бд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авч, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Бнь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тушаасан хохирлын 440.000 төгрөгөөс Баянзүрх дүүргийн 23-р хороо Сургуулийн 3-р хэсгийн 1297 тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Эрдэнэбаатарын Байгаль /РД: ЦД82090602/-д 246.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Батхоролын Наран /РД: ЦО63092801/-д 194.000 төгрөг тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч нар нь энэ хэрэгтэй холбоотой гарсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Бын №326651 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Лицензын төвд хүргүүлж, Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалуулахаар тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг тэнссэн хугацааг дууссаны дараа үеэс хугацааг тоолохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Байгал, иргэний нэхэмжлэгч Б.Наран нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Байгал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний 2019/ШЦТ/485 тоот шийтгэх тогтоолыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Байгал, иргэний нэхэмжлэгч Б.Наран бид эс зөвшөөрч хамтран дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Э.Байгал би оёдлын ажлын байр түрээслэж, 3 хүүхдээ тэжээдэг, өрх толгойлсон эмэгтэй. Би уг осол болсноос хойш 1 сарын хугацаанд охиноо харж ажил хийх боломжгүй байсан тул ямар ч орлогогүй байсан. Энэ хугацаанд оёдол хийж олох байсан орлогоо дундажлан 1.000.000 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх үл ойшоож хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Энэ хугацаанд Д.Ббиднийг огт хайхраагүй, биднээс уучлалт гуйгаагүй. Нэг удаа л 1.000.000 төгрөг өгье ямар ч гомдол саналгүй гэж бичиж өг, тэгэхгүй бол би чамд ямар ч мөнгө өгөхгүй, шүүх дээр очоод би ялгүй гарна, хараарай гэж дарамталж байсан.

Би Д.Быг зөвхөн бидэнд учирсан хохирлыг нөхөн төлж, машиныг минь эвдрэлгүй болгон засаж өгөхийг л хүссэн боловч тэрээр машиныг засаж өгөхөөр унаж явсан бөгөөд бүрэн засаж өгөхгүй, будахдаа мэргэжлийн хүнээр будуулаагүй гэмээр бохир будсан байсан. Ямар засвар хийсэн нь тодорхойгүй 748.000 төгрөгийн баримт, мөн хэний машинд шатахуун хийсэн нь тодорхойгүй 10.000 төгрөгийн баримт, юунд хэрэглэсэн нь тодорхойгүй 30.000 төгрөгийн баримт авч ирсэн байхад шүүхээс шууд эдгээр баримтыг нь үндэслэн хохирлын төлбөрөөс хасч тооцсонд гомдолтой байна. Эдгээр засвар миний машинд хийгдээгүй байсан. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Вендо ХХК-ийн “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ”-нд дурдсан эвдрэлүүд бүрэн засагдаагүй гэдгийг шүүх анхаарч үзсэнгүй.

Учир нь уг машины салхины шил эвдрэлтэй, тормоз барихгүй, тэнхлэг тохиргоогүй, унаж явахад урд талд маш их тачигнасан дуу гардаг, ослын дэр байхгүй, сигнал байхгүй, суудлын бүс ажиллахгүй, дотор салон хагарсан, мөн заавал дахин будах шаардлагатай байгаа.

Хэдийгээр шүүхээс энэ хэрэгтэй холбоотой гарсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх боломжтой гэж шийдвэрлэсэн боловч 3 хүүхдийн эх, өрх толгойлсон эмэгтэй надад энэ машиныг засварлах мөнгө байхгүй, маш их хохирч үлдэж байгаад гомдолтой байна.

Бидэнд учирсан хохирол бодитой барагдаагүй, бид маш их гомдолтой байхад Д.Бд хөнгөн ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Наран тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Автомашиныг бүрэн бүтэн болгож өгнө үү. Өөр нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Өмгөөлөгч П.Учралгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хуульчдийн холбооноос намайг томилсон тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Байгалийн өмгөөлөгчөөр давж заалдах шатны шүүх хуралдаанаас оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн нөхцөл байдалтай тохирохгүй байна. Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад хохирогч болон иргэний нэхэмжлэгчээс ослын улмаас эвдэрсэн тээврийн хэрэгсэл засагдаагүй, 745.000 төгрөгийн баримт авчирсан нь худлаа. Уг тээврийн хэрэгсэл нь унаад явах боломжгүй, гомдолтой гэдгийг хэлсэн байдаг. Миний үйлчлүүлэгч хууль зүйн мэдлэггүйгээсээ болж дахин дүгнэлт гаргуулах талаар албан ёсны хүсэлт гаргаагүй ч тээврийн хэрэгсэл унах боломжгүй гэдгээ хэлсэн байдаг. Гэтэл шүүх шүүгдэгчийн өгсөн 745.000 төгрөгийн баримтыг үнэлээд нийт хохирлын төлбөрөөс хасч, хохирогчийн хохирол төлөгдсөн гэж үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж тэнссэнд гомдолтой байна. Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байна. Хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болоогүй байхад оногдуулсан хорих ялыг тэнссэн. Шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад уг тээврийн хэрэгсэлд хийсэн засвар нь худлаа бөгөөд засвар хийсэн гэсэн баримт өгсөн. Уг баримт дээрх засварууд хийгдээгүй. Тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах боломжгүй байгаа талаар хэлсэн байдаг. Хууль зүйн мэдлэггүйгээсээ болоод дахин үнэлгээ хийлгэх хүсэлтийг гаргаагүй. Хохирогч нар гомдолтой байхад шүүх анхаарч үзээгүй. Хохирлын талаар баримтаа бүрдүүлээд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй боловч миний үйлчлүүлэгч өрх толгойлсон 3 хүүхэдтэй, өмгөөлөгч авах боломжгүй учраас Хуульчдын холбоонд хүсэлт гаргаж өмгөөлөгч авсан. Ийм учраас хохирогч өөрөө уг тээврийн хэрэгслийг засварлаад дараа нэхэмжлэх боломжгүй байна. Хохирогчид хууль сануулж авсан мэдүүлэгт 745.000 төгрөгийн засвар хийгдээгүй гэдгийг  хэлдэг. Шүүгдэгчийн өгсөн баримтыг үнэлээд хэргийг шийдвэрлэсэн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгоод дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

  

Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэхдээ бодитой дүгнэлт хийгээгүй байна гэж үзэж байна. Хохирогч анхнаасаа тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн талаар засагдаагүй гэдгийг ярьж байхад 10 гаруй төрлийн эд ангийн эвдрэлтэй тээврийн хэрэгслийг 4-5 төрлийн эд анги зассан баримтын үнэлгээг хохирлын нийт үнийн дүнгээс хасч үлдсэн 176.000 төгрөгийг гаргуулахаар заасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн иргэний нэхэмжлэгч цалин хөлсний орлого алдсан гэж 1.000.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Гэтэл шийтгэх тогтоолд 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноор цаашид баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх боломжгүй болгосон байдаг. Хохирогч бага насны хүүхдээ асраад 1 сарын хугацаанд ажил, хөдөлмөр эрхлээгүй талаар баримтыг бүрдүүлсэн байна. Тухайн үед уг баримт цалин орлогыг гаргах боломжгүй байсан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд зааснаар хэлэлцэхгүй орхих байсан. Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулсан ял шийтгэл тохирохгүй байна гэж үзэж байна. Яагаад гэхээр шүүгдэгч өөрөө 14-15 шил пиво авч уугаад гудамжинд хэвтэж байгаад сэрээд, шууд автомашинаа барьж явахдаа осол гаргасан. Осол гаргах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон. Мөн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, эсрэг урсгал сөрж ноцтой осол гаргасан. Азаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол бага гарсан байна гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хохирол төлсөн үндэслэлээр 1 жилийн хугацаагаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тэнссэн байдаг. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт хорих ялын дээд хэмжээ 5 жил хүртэлх байхаар тогтоосон. Уг хэргийн зүйлчлэлийн хорих ялын дээд хэмжээ нь 3 жил хүртэлх хугацаатай. Тэгэхээр тэнсэх гэж байгаа тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тэнсэх байсан. Ийм зөрүүтэй байдал харагдаж байгаа, мөн хохирогч гомдолтой байгааг харгалзан, иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хамтатган шийдвэрлэх нь зүйтэй байх тул анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

                                   

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Д.Бнь Баянзүрх дүүргийн 28-р хороо Улиастайн хуучин эцсийн замд 2018 оны 12 дугаар сарын 7-ны орой 22 цаг 20 минутын үед өөрийн эзэмшлийн Toyota Corolla маркийн 76-92 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 11.3-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Э.Байгалийн жолоодон явсан Honda HR-V маркийн 21-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч /14 настай эмэгтэй/ Б.Солонгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь эх хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Б.Бат-Оргилыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 01 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөний ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, ...хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна.

 

Шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... энэ хуулийн хорих ялын дээд хэмжээг 5 жил  түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх...” гэж хуульчилж өгсөн бөгөөд хавтаст хэрэгт шүүгдэгч Д.Бнь дээрх нөхцөл, шаардлагыг биелүүлсэн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Байгал, иргэний нэхэмжлэгч Б.Наран нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон гэх баримт тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг арилсан эсэх нь тодорхойгүй байна. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна.

                                                                                       

Мөн шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.2 дахь заалтыг хэрэглэхдээ хорих ялын дээд хэмжээ нь прокурорын яллах дүгнэлтээр ирсэн хэргийн зүйлчлэлд нийцэж буй эсэхэд дүгнэлт өгөөгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Байгал, иргэний нэхэмжлэгч Б.Наран нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 485 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Бд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                                                

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

                          ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                          ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ