Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00763

 

 

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00763

 

ххххын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2024/00519 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ххххын нэхэмжлэлтэй,

Хариуцагч хххххххХ-д холбогдох,

 

ххххххххх дүүрэг, ххх дугаар хороо, ххх дугаар хороолол, ххххххххх байр, хх блокт тулгаж барьсан хогийн савыг өөрийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд тулгаж байрлуулсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, нүүлгэн шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хххххх, хариуцагчийн өмгөөлөгч хххххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ххххххххх дүүргийн, хх дугаар хороо, хх дугаар хороолол, хххххххх байр, хх блок тоот хаягт байрлалтай хххх м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан. Улмаар эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэж, ххххххх тоот гэрчилгээ олгогдсон. Гэтэл хххххххх хотхонд худалдаж авсан үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд хогийн цэгийг тулган барьж миний хууль ёсны өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн.

1.2. Энэ талаар СӨХ-ны даргад удаа дараа бичгээр болон амаар хэлсэн боловч Засаг дарга зөвшөөрсөн гэсэн тайлбар хэлдэг. хх дугаар хорооны Засаг даргад бичгээр гомдол гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй болно. Миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд тулгаж хууль зөрчиж барьсан энэ хогийн цэг эрүүл ахуй талаасаа ч мөн хотын үзэмж талаасаа хуульд нийцэхгүй. Одоо үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн дотор талын хана мөөгөнцөртөж нурахад хүрсэн.

1.3. Хог хаягдлын тухай хууль, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 32/03 дугаар тогтоол, журмыг зөрчсөн үйлдэл үзэж байна. Мөн Үндсэн хуульд заасан Хүн амьд явах салшгүй эрхтэй. Мөн эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй.

1.4. хххх миний бие Хүний эрхийн үндэсний комисст өргөдөл гаргасан, уг өргөдлийг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 04/963 тоот албан бичгээр шийдвэрлүүлэхээр Дүүргийн Засаг даргад шилжүүлснийг Засаг дарга шийдвэрлээгүй. Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн бичгийн бүртгэл хяналтын картын хуулбар, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 01а/773 тоот албан тоотын хуулбар, Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 45 дугаартай албан тоот, мөн дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 54 тоот албан бичгээр тухайн хогийн цэг, савыг анх байгуулахдаа зохих этгээдүүдээс ямар ч зөвшөөрөл аваагүй хххххххХ дураараа байгуулсан нь нотлогдоно.

1.5. Уралдаан зарласан үйл баримт нь тухайн хогийн цэгийг Сууц өмчлөгчдийн холбоо дуртай газраа, тодруулбал бусдын өмчлөлийн үл хөдлөхөд тулгаж барих, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг зөвшөөрсөн, зөвшөөрөл олгосон үйлдэл биш юм. Мөн анхнаасаа хогийн цэгээ хаана байршуулах талаарх төлөвлөлтийн талаарх баримт байхгүйг шүүх зайлшгүй анхаарах ёстой.

Иймд хххххххх дүүргийн, хх дугаар хороо, хх дугаар хороолол хххххххх байр, хх блокод хогийн цэгийг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд тулгаж барьсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, нүүлгэн шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1.ххххххх хотхон нь 2012 онд ашиглалтад орсон бөгөөд ххххххххххххх гэсэн байрууд нь хххх өрхтэй ба бүх оршин суугчдын хурлаар хххххххХ байгуулагдаад өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулсаар ирсэн. 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ТУЗ-ийн ээлжит бус хурлаараа сууц өмчлөгчдийн холбооны ажлын төлөвлөгөөг баталж, албан ёсоор ххххххх байрны хх блокийн урд байрлах нийтийн эзэмшлийн талбайд хогийн цэгээ байгуулсан болно.

2.2. хххх нь тус хотхоны ххххх байрны ххх блок хаягт байрлах үл хөдлөх хөрөнгөө 2020 оны 9 дүгээр сард өмнөх өмчлөгчөөс худалдан авсан байдаг. Өмнөх өмчлөгч нь хогийн цэг байгуулах үед болон дараа нь ч гэсэн сууц өмчлөгчдийн холбоонд хандаж гомдол гаргаж байгаагүй байна. Манай хотхонд энэ хогийн цэгээс өөр газар хогийн цэг байгуулах нийтийн эзэмшлийн газар байхгүй бөгөөд хххх айлын эрх ашгийг зөвхөн нэг айлын дур зоргоороо хаалга шинээр гаргасны төлөө хөндөх ёсгүй гэж үзэж байна.

2.3. Энэ айл нь сууц өмчлөгчдийн холбоотой гэрээ байгуулдаггүй дундын өмчлөлийн шугамаар үйлчилгээ авдаг боловч хуульд заасан засвар үйлчилгээний мөнгийг сууц өмчлөгчдийн холбоонд төлдөггүй, хогийн цэгт хогоо хаядаг, дур зоргоороо гарааш уруу өрөмдөн цоолж сангийн үйлчилгээг авдаг. 2020 оны 9 дүгээр сараас хойш сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөхөөс зайлсхийдэг төлдөггүй.

2.4. Иргэний үүргээ биелүүлдэггүй атлаа эрх зөрчигдөж байгаа гэх нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн гадагшаа гарах хаалга нь барилгын зургаар хотхон уруу харсан хаалгатай байх ба худалдаж авахад нь мөн хотхон уруу харсан нэг хаалгатай байсныг 2021 оны 10 дугаар сард сууц өмчлөгчдийн холбооноос болон харьяалагдах хорооноос ямар ч зөвшөөрөл авалгүй дур мэдэн нийтийн эзэмшлийн газар болох хотхоны хогийн цэг уруу хаалга гаргасан атлаа өөрсдийн эрх ашгийг зөрчигдлөө хэмээн маргаан үүсгэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч хххххххХ-д холбогдох ххххххххх дүүрэг, хх дугаар хороо, хх дугаар хороолол хххххх, хххххх хотхон, хххххххх гудамж ххххх байр, ххх блок хаягт байрлах хххххх м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хогийн сав тулган байршуулсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, нүүлгэн, шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч ххххын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

4.1. Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгч миний бие шүүхэд өөрийн биеэр анхан шатны шүүх хуралдаанд оролцохгүй, харин өмгөөлөгчөө оролцуулах хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн. Миний өмгөөлөгч шүүх хуралдааны өмнө Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхэд шүүх хуралдаантай байсан хурал давхцсан тул шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг нотлох баримтын хамт албан ёсоор хүргүүлсэн. Шүүгч шүүх хуралдааны явцад анхан шатны шүүх хуралдаан түрүүлж зарлагдсан байна гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээн авалгүй, шүүх хурлыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4-т заасан мэтгэлцэх зарчмыг хангалгүй хэргийг шийдвэрлэж хуулийг ноцтой зөрчсөн.

4.2. Мөн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хүсэлтүүдийг хангахгүй хэргийн оролцогчийн тэгш эрхийн зарчмыг зөрчсөн үйлдлийг удаа дараа гаргаж байсан нь хэрэгт авагдсан хүсэлт, хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжаас тодорхой харагдана. Хогийн сав, хогийн цэг гэдгээ тодорхойлж чадахгүй байгаа шүүгч хэргийг үнэн зөв шийдвэрлэж чадах эсэх эргэлзээг удаа дараа төрүүлж байсан, өмнө нь өөрийнх нь гаргасан шийдвэр хүчингүй болсон байхад дахин энэ шүүгч өөр дээрээ хэргийг хуваарилуулан авч шийдвэрлэж байгаа нь, мөн нэхэмжлэгч миний өмгөөлөгчийг шүүх хуралд оролцуулаагүй зэрэг үйл баримт нь шүүгч хэт нэг талыг барьж хэргийн оролцогчийн тэгш байх зарчмыг зөрчсөн.

4.3. Нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах үүднээс шинжээч томилуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүхээс талуудын тэгш эрхийг зөрчих, мэтгэлцэх эрхийг хязгаарлах зэргээр шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн байх тул зөрчлийг ноцтой гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй хугацаа тохирч гаргасан ба тухайн давхацсан гэх шүүх хуралдаанаас өмнө товлосон байдаг. Хогийн сав байрласан талаарх үзлэгийн тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан бөгөөд мөөгөнцөртсөн, эрүүл ахуйн шаардлага хангаагүй эсэх асуудал байгаагүй тул шинжээч томилох шаардлагагүй гэж шүүх үзсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хогийн савыг Баянзүрх дүүргийн Засаг Даргын Тамгын газар шинэчлэн тавьсан. Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч хххх нь хариуцагч хххххххХ-д холбогдуулан хххххххх дүүрэг, хх дугаар хороолол, ххххххххх байр, хх блокт хогийн сав тулгаж тавьсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, нүүлгэн шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч уг хогийн сав нь нэхэмжлэгчийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах үед байсан, дүүргээс зөвшөөрөгдөж, Хөгжлийн төвөөс нэгдсэн журмаар олгож, байршуулсан хогийн сав гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

4. хххх нь ххххххххххххх дүүрэг, ххх дугаар хороо, ххх дугаар хороолол хххххх, хххххххххх хотхон, ххххххх гудамж ххххххх байр, хх блок хаягт байрлах хххххх м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байна. /хх-6/

 

5. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар ххххххххх СӨХ нь тус хотхоны бүх гишүүдийн хурлаар үүсгэн байгуулагдаж, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийг хэрэгжүүлэх, хариуцах этгээд байна. /хх19-23/

 

6. Хариуцагч хххххххххх нь нэхэмжлэгч ххххын өмчлөлийн эд хөрөнгөд тулган ххххххххх-ны оршин суугчдын ахуйн хог, хаягдал цуглуулах хогийн савыг байршуулсан, уг газар нь нийтийн эдэлбэр газар гэх үйл баримтад талууд маргаангүй.

 

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хххххххХ нь миний худалдаж авсан үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд хогийн цэгийг тулган барьж миний хууль ёсны өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Тухайн хогийн цэгийг барьснаар үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийн дотор хана мөөгөнцөртөж нурахад хүрч байна, ... хогийн цэг, савыг анх байгуулахдаа зохих этгээдүүдээс ямар ч зөвшөөрөл аваагүй, ... өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө хоолны газарт түрээслэх гэхээр хог үнэртдэг, хог гадаа шатаахаар үнс, үнэр нь үйлчилгээний талбай руу ороод зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарлаж байгаа, ...эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна ... гэх агуулгаар тайлбарласан байна. /хх183-184/

 

8. Хариуцагчийн шинээр байршуулсан гэх хогийн сав нь Хог хаягдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.3-т тус тус заасан хог хаягдлыг ангилах, ачих, цуглуулах технологид нийцсэн, галд тэсвэртэй материалаар хийгдсэн, хог хаягдал салхиар тархах, хур тунадасны ус хуримтлагдах, шүүрэл ялгарахаас сэргийлсэн байх шаардлагад нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

8.1. Тодруулбал, хэрэгт авагдсан фото зурагт нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн хаалганы урдуур хог хаягдал ил задгай асгарсан нөхцөл байдалтай байх тул үл хөдлөх эд хөрөнгөө үйлчилгээний зориулалтаар ашиглахад орчны бохирдолтой, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй, өмчлөх эрх зөрчигдсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар хуулийн үндэслэлтэй байна. /1хх185-188/ Хариуцагч тал уг баримтыг өөр баримтаар үгүйсгэж няцаагаагүй.

 

9. Иймд нэхэмжлэгч ххххын үл хөдлөх эд хөрөнгийн хаалганд тулган хогийн цэг байршуулсан нь түүний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд буюу өмчлөлийн эд хөрөнгөө эзэмших, ашиглах үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжийг хязгаарлаж байгаа буюу саад болж байгаа нөхцөл байдал гэж үзнэ. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас шаардах эрхтэй.

 

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан байна. /хх-215-224/

Анхан шатны шүүхийн шүүгч 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШЗ2024/02638 дугаартай захирамж гаргаж, нэхэмжлэгч болон хариуцагчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар хүрэлэн ирээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 100.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Мөн шүүгч дээрх хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шинжээч томилуулах тухай нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, мэтгэлцэх зарчмыг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2024/00519 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан хххххххххх дүүрэг, хххх дугаар хороо, хх дугаар хороолол ххххххх, ххххххххх, хххххххххх байр, хх блок хаягт байрлах ххххх м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хогийн сав тулган байршуулсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, нүүлгэн шилжүүлэхийг хариуцагч хххххххХ-д даалгасугай. гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч "хххххххХ-ноос 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ххххд олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Ч.ЦЭНД