Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 181/2017/00142/И |
Дугаар | 001/ХТ2017/01119 |
Огноо | 2017-10-30 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2017/01119
С.У-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувднарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/01004дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1113дугаар магадлалтай,
С.У-ийннэхэмжлэлтэй,
“Р” ХХК-дхолбогдох,
тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6.582.391 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухайнэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа, Э.Хулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяашүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.У- нь "Р" ХХК-д 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн басарын 1.500.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Гэтэл 2016 оны 10 дугаар сард цалингаа багасгаж 200.000 төгрөгөөр бууруулахыг зөвшөөрөөгүй. Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалаар ажил олгогчийнсанаачлагаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тушаал Хөдөлмөрийн гэрээнд заасан ямар сахилгын зөрчил гаргасан талаар тодорхой дурдаагүй. С.У- бага насны хүүхэдтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Иймд 2016 оны 11 сарын 30-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож,ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 6.582.091 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Р” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: С.У- нь ажилдаа хайнгаханддаг, ажлын цаг баримталдаггүй байсан тул удаа дараа сахилгын шийтгэл оногдуулж Хөдөлмөрийн хуулийн 100.1-р заалтыг үндэслэн ажлаас нь халсан болно.
Ажил олгогчийн хувьдС.У-т бага насны хүүхэдтэй гээд хуулийн дагуу зохих ёсны чөлөөг хэтрүүлсэн хугацаагаар олгож байсан, хангалттай хэмжээний цалин хөлс өгч байсан боловч ажлын алдаа дутагдал удаа дараа гаргаж байсан нь цаашид хамтран ажиллах боломжгүй байдалд хүргэсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүйболно гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2017 оны 4дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/01004 дүгээр шийдвэрээр:Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Р ХХК-ийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн120 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.У-ийг Р ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5.720.884 төгрөгийг хариуцагч Р ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч С.У-т олгож, 861.407 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч С.У-ийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Р ХХК-д даалгаж,Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэгшүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Р ХХК-иас 106.484 төгрөгийг нөхөнгаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1113 дугаар магадлалаар:Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээрсарын 07-ны өдрийн 181/ШШ2017/01004 дүгээршийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106 500 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 сарын 10-ны өдрийн 1113 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна.
55 тушаалаар үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан ч нэхэмжлэгч С.У- тухайн үед тус тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүйгээ илэрхийлсэн бөгөөд ажил олгогч түүний саналыг хүлээн авч сахилгын шийтгэл ногдуулаагүй нь хэрэгт цугласан нотлох баримтаар тогтоогддог. Гэтэл давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгасан байна. Түүнчлэн дээрх сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл нь “оффисын байрны цахилгааны төлбөрийг цаг хугацаанд төлөөгүй“ гэсэн байдаг. Гэтэл хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн нэхэмжлэгч С.У-ийн ажлын байрны тодорхойлолтод цахилгааны төлбөр төлөх үүрэг байдаггүй бөгөөд ажил олгогчийн зүгээс ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээс өөр үүрэг гүйцэтгэхийг шаардаж үүнийг гүйцэтгээгүйн төлөө сахилгын шийтгэл ногдуулж хууль бус тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч тал С.У-ийг ажлаас халсан 2016.11.30-ны өдрийн 120 тоот тушаалын үндэслэл болгож нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг шүүхэд гаргаж өгсөн, шүүх нотлох баримтын шаардлага хангасан баримт өгөхийг шаардахад хариуцагч талын зүгээс С.У-т сахилгын шийтгэл ногдуулсан гэх баримтууд эх хувиараа байхгүй, алдагдсан, шүүхэд гаргаж өгөх боломжгүй гэж тайлбарлаж, харин тушаалуудыг явуулсан и-мэйлд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан. Шүүх нотлох баримтыг бэхжүүлэх үүднээс хэргийн оролцогчийн хүсэлтээр үзлэг хийсэн.Мөн үзлэгийн тэмдэглэлд дээрх баримтууд нь ямар мэдээлэл бүхий баримт вэ гэдгийг тодорхой дурдсан байхад давж заалдах шатны шүүх үүнийг анхаарч үзэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч “Р" ХХК-ний 2016.11.30-ны өдрийн С.У-ийг ажлаас халсан тушаалын үндэслэл нь нэхэмжлэгч С.У- Б.Гиллерийн гарын үсгийг дуурайлган зурсан гэх асуудал огт биш бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1 дэх заалтыг үндэслэл болгосон байдаг. Ажил олгогчийн зүгээс Б.Гиллерийн гарын үсгийг дуурайлгаж зурсан асуудлаар ямар нэг сануулга болон сахилгын шийтгэл ногдуулсан зүйл байдаггүй.
Иймд дээрх үндэслэл бүхий нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 07-ны өдрийн 01004 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 сарын 10-ны өдрийн 1113 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа давж заалдах шатны шүүх “...баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй, ...үзлэгээр 2016 оны 11 дүгээр сарын 1, 2016 оны 11 сарын 07-ний өдрийн тушаалуудад ямар баримтат мэдээлэл агуулж байгааг тодруулаагүй байна” гэх дүгнэлтийг магадлалд заажээ.
Нэхэмжлэгч С.У нь ажлаас үндэслэлгүй алагдсан гэж үзэж,“...тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 6.582.391 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч “Р” ХХК нэхэмжлэлээс татгалзахдаа “...удаа дараа сахилгын зөрчил гаргасан” гэсэн тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, харин нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр хийхээр мөн зүйлийн 38.6-т тусгагджээ.
“Р” ХХК-ийн захирал 2016 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр 120 тоот тушаал гаргаж, С.У-ийг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг үндэслэл болгожээ /хэргийн 9 дүгээр тал/.
Нэхэмжлэгч дээрх тушаалын үндэслэл болж буй баримтыг гаргаж өгөхийг шаардсан, хариуцагч сахилгын шийтгэл ногдуулсан баримтууд эх хувиараа байхгүй, шүүхэд гаргаж өгөх боломжгүй гэж тайлбарлаж, харин уг тушаалуудыг явуулсан и-мэйлд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан, шүүх үзлэг хийж, энэ тухай тэмдэглэл хөтөлжээ /хэргийн 34-35, 37-41 дүгээр тал/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5–т “тэмдэглэлд ямар ажиллагааг хэн, хэзээ, хаана явуулсан, түүний эхэлсэн ба дууссан цаг, ажиллагаанд оролцсон буюу байлцсан хүн нэг бүрийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, түүнчлэн ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг бичнэ. Тэмдэглэлийг уг ажиллагаа явуулахад оролцсон буюу байлцсан бүх хүн уншиж танилцах бөгөөд тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэйг тэдэнд тайлбарлаж өгнө”, 51.7-т “тэмдэглэлд гэрэл зураг, зураглал, ул мөрнөөс буулгаж авсан хэв болон хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бусад зүйлийг хавсаргаж болох бөгөөд тэмдэглэлд энэ тухай заана” гэж тус тус заасан баүзлэгийн тэмдэглэл энэхүү шаардлагыг хангажээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид сануулах арга хэмжээ авсан 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 97, 2016 оны 11 дүгээр сарын 7-ний өдрийн 98 тоот тушаалд үзлэг хийж, тэмдэглэлд хавсаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл ажил олгогч нь үүрэгт ажилдаа хайнга хандсан, үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй гэх үндэслэлээр С.У-т 2015 оны 3 дугаар сарын 18-ний өдөр сануулах, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан боловч сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрсөн байна.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “...нэхэмжлэгч оффисын байрны цахилгааны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 55 тоот тушаалаар үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тооцоог буруу хийсэн тул 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 97 дугаар тушаалаар сануулах, түрээсийн байрны СӨХ-ийн зардлыг буруу тооцсон тул 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 98 дугаар тушаалаар сануулах арга хэмжээг тус тус ногдуулсан, энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан удаа дараа гэдэгт хамаарна” гэжээ.
Хэрэгт авагдсан “Р” ХХК-ийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.3.1-т “сахилгын шийтгэлийг хэрэглэхээс өмнө удирдлага ажилтнаас бичгээр тайлбар өгөхийг шаардана. Ажилтан тайлбар өгөхөөс татгалзвал акт тогтооно” гэж заажээ. Ажил олгогч ажилтанд сахилгын арга хэмжээ авахдаа журамд заасан шаардлагыг хангасан эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгч удаа дараа сахилгын арга хэмжээ авагдсан гэх хариуцагчийн тайлбар хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ. Иймд давж заалдах шатны шүүх “...ажлаас чөлөөлөх болсон тушаалын үндэслэлтэй холбоотойнотлох баримт хуулиар тогтоосон шаардлага хангаагүй...” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасантай нийцээгүй гэж үзэв.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан С.У-ийг ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговорт 5.720.884 төгрөг гаргуулж,нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1113 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/01004 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ