Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/00560

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/04012 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-ийн хариуцагч А.Э-, С.Д-нарт холбогдуулан гаргасан

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 169,200,411 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Хохирол болон сэлбэгийн үнэд 59,176,680 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч А.Э- нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлтийн эх гэх газар 362/А лицензтэй газарт нөхөн сэргээх ажиллагаа явуулж байсан. Тухайн үед тээврийн хэрэгсэл хэрэгтэй болж, А.Э-ид тээврийн хэрэгсэл худалдан авч явуулах, гэрээ байгуулах, алт тушаах, мөнгийг нь данс руу шилжүүлэх зэрэг саналыг тавихад А.Э- зөвшөөрсөн. 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “Ж-” ХХК-аас 15-65 УБ улсын дугаартай авто ачигчийг худалдан авахаар болж, гэрээ байгуулах үүргийг А.Э-ид өгсөн. А.Э- миний өмнөөс “Ж-” ХХК-тай гэрээ байгуулан, намайг хотод байхгүй үед сар бүрийн төлбөрийг долларт шилжүүлэн компанид төлж байсан. Авто ачигчийг 79,200,411 төгрөгөөр худалдан авсан. Хариуцагч А.Э- нь надаас зөвшөөрөл авалгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулсан байсан.

Мөн 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр А.Э-оор дамжуулан “Н-” ХХК-аас норд бенз маркийн 24-76 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 90,000,000 төгрөгөөр худалдан авч, мөнгийг А.Э-ид төлсөн. Гэрчилгээг А.Э- мөн л өөрийн нэр дээр гаргуулан авсан. А.Э- нь эхнэр С.Д-ийн хамт 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын гэрийн гаднаас дээрх тээврийн хэрэгслүүдийг авч явсан болно. Хариуцагч нар дээрх хоёр тээврийн хэрэгслийг худалдан авахад зориулж надаас шилжүүлсэн 169,200,411 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн тул буцаан гаргуулахаар шаардлага гаргасан гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: А.Э- би Б.Б- ахтай хамаатан садны холбоотой. Тэрээр 2012 онд “би жижиг уурхай ажиллуулмаар байна, гэвч мөнгө байхгүй тул 40,000,000 төгрөг зээлээч” гэж хүсэхэд би түүнд зээлсэн. Мөн 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдөр уурхайн газар ашиглах төлбөрт 7,000,000 төгрөг хэрэгтэй байна гээд надаас авсан. А.Э- нь ковшны төлбөрт өөрөөсөө 46,643,470 төгрөг, миний ковшийг ашиглаж олсон орлогоос 13,011,492 төгрөг тус тус төлсөн.

Мөн А.Э- нь “Н-” ХХК-аас 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нордбенз маркийн 24-76 УБ дугаартай өөрөө буулгагч автомашиныг 58,500 ам.доллароор худалдан авсан. Түүний урьдчилгаа төлбөрийг би төлсөн. Харин төлбөрийн үлдэгдэл 43,860 ам.долларыг 1,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай төлөх нөхцөлөөр гэрээ байгуулсан ч үлдсэн төлбөрийг мөн би төлсөн. Хавтаст хэрэгт тооцоо нийлсэн баримт болон тодорхойлолт авагдсан. Би 2013 оны 10 сард “та зээлийн үлдэгдэл, тээврийн хэрэгсэл, сэлбэгийн төлбөрийг төлөхгүй байгаа тул би хохирч байна” гэж Б.Б-д хэлэхэд “уурхай ашиггүй байгаа тул буулгасан, дараа жил ашигтай ажиллана” гэж хэлсэн. Иймээс би 2 тээврийн хэрэгсийг очиж авсан бөгөөд маш их эвдрэлтэй байсан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Мөн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2014 оны 03 дугаар сард 15-65 УБ дугаартай ковшийг иргэн П.Мэндбаярт 60,000,000 төгрөгөөр, “Норд бенз” маркийн 24-76 УБ дугаартай машиныг 2014 оны 04 дүгээр сард иргэн Б.Эрдэнэ-Очирт 70,800,000 төгрөгөөр зарж, 32,739,995 төгрөгөөр хохирсон. А.Э- би ковшийн төлбөрт өөрөөсөө 2012 онд 46,643,470 төгрөг, харин Б.Б- нь миний ковшийг ашиглаж олсон орлогоос 2013 онд 13,011,492 төгрөг, мөн 15,000,000 төгрөгт бодож өгсөн ковш, нийт 28,011,492 төгрөг, бүгд 74,654,962 төгрөгөөр худалдан авсан ковшоо 60,000,000 төгрөгөөр зарсан. Энэ 60,000,000 төгрөгөөс А.Э- би Б.Б-д зээлсэн 47,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 27,000,000 төгрөгөө суутган авахад 33,000,000 төгрөг үлдсэн. Гэтэл А.Э- би энэхүү ковшийг худалдан авахад 46,643,470 төгрөг зарцуулсан тул 13,643,470 төгрөгөөр хохирсон. Мөн 12,793,215 төгрөгийн сэлбэгийн мөнгийг надад буцаан төлөөгүй. Иймд хохирол болон сэлбэгийн үнэ нийт 59,176,680 төгрөгийг Б.Б-ээс гаргуулахж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: А.Э-оос авсан мөнгийг буцаан төлсөн. Мөн тээврийн хэрэгслийн төлбөрийг төлсөн байхад хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 492.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн хариуцагч А.Э-, С.Д-нарт холбогдуулан гаргасан 169,200,411 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч А.Э-ийн нэхэмжлэгч Б.Б-д холбогдуулан гаргасан 59,176,680 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,488,940 төгрөг, хариуцагч А.Э-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 716,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Гэхдээ улсын тэмдэгтийн хураамж төлөх боломжгүй тул шийдвэрийн улсын тэмдэгтийн хураамжтай холбогдуулан давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 169,200,411 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон бөгөөд тэмдэгтийн хураамжид нийт 1,506,940 төгрөг тушаасан. Улсын тэмдэгтийн хураамж төлөх хуулийн дагуу миний нэхэмжлэлийн шаардлагын төлөх дүн 1,003,952 төгрөг 055 мөнгө болж байна. Анхан шатны шүүхэд 503,545 төгрөгийг илүү төлсөн байхад буцаан олгоогүй. Мөн нэхэмжлэгч миний бие нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон байхад анхаарч үзэхгүй хариуцагчийн үндэслэлгүй хөрөнгөжсөнийг дэмжсэнд гомдолтой байна. Ямар ч хүн харсан банкны гүйлгээгээр би нийт 214,454,100 төгрөг, 50,000,000 төгрөгийн ковш өгсөн, хариуцагч 135,231,000 төгрөг өгсөн илт зөрүүтэй байхад дүгнэлт хийхийг хүсээгүй, шүүхийн шударга бус шийдвэрт гомдож явахаас даа. Би зээлийн гэрээний харилцааны талаар нэхэмжлэл гаргаагүй зөвхөн тээврийн хэрэгслээ алдсан тул түүнд оруулсан мөнгө, машинаа нэхэмжилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой хэсгийг хянан өгч, илүү төлсөн мөнгийг буцаан олгоно уу гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа өөрчилсөн. Нэхэмжлэлийн шаардлагаа “үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэж тодруулсан. 169,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тэмдэгтийн хураамжийн хувьд шүүх тооцож гаргахад асуудал байхгүй гэжээ.

 

8. Хариуцагч А.Э-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Би талуудын нэхэмжилсэн мөнгөтэй холбогдуулан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой эрх зүйн дүгнэлтэд маргаагүй, зөвхөн талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тогтоогоогүй тул эрх зүйн үндэслэл буруу гэж, мөн миний тайлбар, маргасан нөхцөлийг алдаатай тэмдэглэснийг зөвтгүүлэхээр гомдлын агуулгыг тодорхойлж байна. Шүүх зохигчдын тайлбар, шаардлага, татгалзал түүнд хавсаргасан баримтыг буруу үнэлснээс “талууд хамтран ажиллах гэрээний харилцаатай байсныг тогтоогоогүй, энэхүү гэрээнээс үүссэн маргаан болохыг тодорхойлоогүй” улмаар талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг үндэслэлтэй тогтоогоогүй. Хэрэгт “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах” тухай тогтоол авагдсан ба түүнд нэхэмжлэгч Б.Б- “А.Э-той хамтарч уурхай ажиллуулсан гэж, мөн мөнгө хүүтэй зээлж авч байсан гэж” мэдүүлсэн атал шүүх уг баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь огт үнэлээгүй. Миний хувьд  Б.Б-тэй хамтран ажиллаж, уурхайгаас ашиг хүртэнэ гэж ойлгож, тээврийн хэрэгсэл зээлээр авч, төлбөрийг төлж байсан. Гэтэл нэхэмжлэгчийн хариуцлагагүй, хуурч мэхэлсэн үйлдлээс болж хамтран ажиллах гэрээнээс татгалзсан ба олох ёстой байсан ашиг орлогоороо хохирсон.

8.а. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.9-т А.Э- намайг “... алтны тооцоонд мөнгө шилжүүлж авсан гэж маргасан” гэж тэмдэглэсэн нь буруу бөгөөд нотлох баримтад үндэслээгүй, миний тайлбарыг буруу бичсэн байх тул шүүх зөвтгөх ёстой гэж үзэж байна. Учир нь би Б.Б-ээс огт алт хүлээн авч байгаагүй. Түүнчлэн Б.Б-ээс алт хүлээн авч борлуулсан, мөнгийг нь шилжүүлсэн гэх баримт хэрэгт байхгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон хэргийг бүхэлд хянаж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа болон эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлж, шийдвэрийн алдааг зөвтгөж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

1.Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч А.Э-, С.Д-нарт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 169,200,411 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч А.Э- нь хохирол болон сэлбэгийн үнэд 59,176,680 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3.Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч Б.Б- нь шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалт буюу улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан хэсэгт, хариуцагч А.Э- нь “шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.9-т хариуцагчийн тайлбарыг буруу тусгасан”-ыг залруулах агуулгаар тус тус гомдол гаргаж, давж заалдах шатны шүүхийн улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Б- нь 15,757 төгрөг, хариуцагч А.Э- нь 70,200 төгрөгийг тус тус төлсөн байна. /3хх-ийн 142-145-р тал/

4.Талуудын зарчмын хүрээнд зохигч гомдлын шаардлагын үндэслэлээ өөрөө тодорхойлох эрхтэй бөгөөд тэдний гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзэх нь зүйтэй. 

 4.а.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч А.Э-ид нийт 169,200,411 төгрөг төлж нэг авто ачигч /ковш/, нэг өөрөө буулгагч /самосвал/ захиж авахуулсан, гэвч А.Э- нь намайг эзгүй байхад тус техник хэрэгслүүдийг авч явсан байсан тул үнийг гаргуулна” гэх агуулгаар тодорхойлсон. Хариуцагч С.Д-ийн хувьд нэхэмжлэгч Б.Б-тэй аливаа эрх зүйн харилцаанд ороогүй, мөнгө төгрөг шилжүүлж аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн бол хариуцагч А.Э- нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “нэхэмжлэгч Б.Б- нь тохиролцсон ёсоор техник хэрэгслүүдийн үнийг бүрэн төлөөгүй, түүний өмнөөс төлбөрийг төлж хохирсон, мөн Б.Б- нь хөдөө уурхай ажиллуулж байхдаа надаас мөнгө зээлж, сэлбэг хэрэгсэл захидаг байсан бөгөөд талууд хамтран ажиллах, улмаар ашиг хүртэх тохиролцоотой байсан” гэжээ. 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч А.Э-ийг хоёр техник хэрэгслийн үнэ болох 169,200,411 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг үндэслэн дээрх төлбөрийг шаардсан бол хариуцагч А.Э- нь талууд хамтран ажиллаж, уурхайгаас ашиг хүртэх тохиролцоотой байсан гэж харилцан өөр тайлбар гарган маргасан.

4.б.Хариуцагч А.Э- нь “Жиншинь Жиншинь” ХХК-тай 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 15-65 УБ улсын дугаартай, авто ачигчийг 53,500 ам.доллараар, “Н-” ХХК-тай 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 24-76 УНМ улсын дугаартай “норд бенз” маркийн самосвалыг 58,500 ам.доллараар тус тус худалдан авахаар тохиролцсон бичгийн гэрээ болон мөнгө шилжүүлсэн дансны хуулга, төлбөрийн баримтууд хэрэгт авагдсан байна.

4.в.Дээрх гэрээнүүдийн дагуу худалдан авсан техник хэрэгслүүдийг хариуцагч А.Э- нь нэхэмжлэгч Б.Б-д хүргүүлсэн боловч төлбөр тооцооны асуудалтай холбоотойгоор талуудын хооронд маргаан үүсч хариуцагч нь тус техник хэрэгслүүдийг хураан авсан үйл баримт тогтоогдсон.

4.г.Нэхэмжлэгч Б.Б-, хариуцагч А.Э- нарын хувьд харилцан бие биедээ мөнгө шилжүүлж байсантай холбоотой дансны хуулга, төлбөрийн баримтууд хэрэгт авагдсан боловч ихэнх шилжүүлэгт гүйлгээний утгыг тодорхой бичээгүй, цаг хугацааны хувьд зохигчийн хэн алины тайлбараас зөрүүтэй байна.

4.д.Анхан шатны шүүх талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 492.2.2-т заасныг баримталж үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. 

4.е.Учир нь хариуцагчийн татгалзалд дурьдаж буй талууд хамтран ажиллаж, уурхайгаас ашиг хүртэх тохиролцоотой байсан, талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн гэх тайлбар, гомдол хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ.” гэж заасан.

4.ё.Хамтран ажиллах гэрээний онцлог нь оролцогч бүр мөнгөн, эсхүл хөрөнгийн болон үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр хураамж төлөх замаар дундын хөрөнгө үүсгэж, түүнээс ашиг хүртэх, энэ талаар хүсэл зориг нэгдсэн байхыг шаарддаг. Гэвч хэрэгт авагдсан баримтаар талууд мөнгөн, эсхүл хөрөнгийн болон үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр хамтран ажиллаж, улмаар ашиг хүртэхээр тохиролцсон гэх байдал тогтоогдоогүй байна. Иймд эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон гэх хариуцагч А.Э-ийн гомдлыг хангах боломжгүй.  

5.Харин анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.9-т “... хариуцагч нь дээрх мөнгийг алтны тооцоонд шилжүүлж авсан гэж маргасан болно.” гэж буруу дүгнэсэн байна. Учир нь хариуцагч А.Э- дээрх агуулгаар тайлбар гаргаагүй байх бөгөөд энэхүү дүгнэлт нь хэргийн баримтад үндэслэгдээгүй байх тул энэ талаарх хариуцагч А.Э-ийн гомдлыг хангах нь зүйтэй.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч нараас нийт 169,200,411 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд улсын тэмдэгтийн хураамжид нийт 1,506,940 төгрөг төлсөн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 503,545 төгрөгийг буцаан олгоогүй. Иймд улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой хэсгийг хянаж, илүү төлсөн мөнгийг буцаан олгож өгнө үү.” гэжээ.

6.а. Нэхэмжлэгч Б.Б- нь улсын тэмдэгтийн хураамжид нийт 1,488,940 төгрөг төлсөн болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 3, 57, 58 дугаар талд авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 169,200,411 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж нь 1,003,952 төгрөг байх бөгөөд нэхэмжлэгч талаас 484,988 төгрөгийг илүү төлсөн гэж үзэхээр байна.

6.б.Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 484,988 төгрөгийг улсын төсвийн 100200100941 тоот данснаас гаргуулан, нэхэмжлэгч Б.Б-д олгож, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр талуудын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/04012 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, ...” гэсний дараа “58 дугаар зүйлийн 58.1” гэж нэмж, “... 1 488 940 төгрөг ...” гэснийг “1,488,940 төгрөгөөс 1,003,952 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 484,988 төгрөгийг улсын төсвийн 100200100941 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож,” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Б-ээс төлсөн 15,757 төгрөг, хариуцагч А.Э-оос төлсөн 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЗОЛЗАЯА                                                                 

                            ШҮҮГЧ                                  Д.ЦОГТСАЙХАН    

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.ДАВААДОРЖ