Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00946

 

 

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00946

 

хххххийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

ххххх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/00596 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч хххххийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч хххххт холбогдох

 

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хххх дугаартай шийдвэрийг зохих ёсоор биелүүлэх, өнөөдрийг хүртэл ажиллагааг хуульд нийцсэн хэмээн худал мэдээлэл өгч төөрөгдүүлсэн хугацаа алдуулсандаа албан ёсоор бичгээр уучлал гуйхыг тус тус даалгах иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ххххх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Иргэн ххххх би ххххх дүүргийн хххх дугаар сургуульд ажиллаж байгаад 2010, 2011 онуудад 2 удаа ажлаасаа хууль бусаар халагдсан юм. Үүнийг шүүхийн 1307, 1203 тоот шийдвэрүүд нотолно. Тухайн үеийн ТБУСТ хуульд зааснаар намайг ажлаас буруу халсан ажилтан тус сургуулийн захирал ххххх нь өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх ёстой байсан тул би энэ дагуу ххххх дүүргийн Засаг даргад өргөдөл гаргасан. ххххх дүүргийн засаг дарга миний өргөдөлд хариу өгөхгүй эс үйлдэхүй гаргасан тул би түүнийг захиргааны хэргийн шүүхэд өгч 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хххх дугаартай шийдвэр гаргуулсан бөгөөд түүнд нэхэмжлэгч ххххх миний шаардсаныг хангаж Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-т заасны дагуу хххххийн өргөдөлд дурдсан хххх дугаар сургуулийн захирал хххххийг ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэж хуулийг уялдуулан хэрэглэж зохих захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн юм.

1.2. Шүүхийн шийдвэр гарсны дараа шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй учраас би 2013 оны 7 дугаар сарын 01-нд шүүхэд хандаж шийдвэрийг албадан биелүүлэх тухай 1505 тоот захирамж гаргуулсан бөгөөд түүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байтал нийслэлийн Боловсролын газарт намайг дуудаж шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэж байна гэсэн. Ингээд нийслэлийн Боловсролын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/117 тоот тушаал гарснаар шүүхийн шийдвэр биелсэн гэж мэдэгдэж байгаа бөгөөд энэ нь хуульд нийцэхгүй байгаа тухай би дахин дахин олон газруудад хандсан боловч нэмэргүй байна. Шүүхийн шийдвэр биелсэн бол ххххх өнөөдрийг хүртэл ажлаа хийсээр байх ёсгүй юм. Энэ тушаал гарснаар ххххх ажилдаа үлдэж харин би 2014 оны 2, 4 дүгээр саруудад сахилгын шийтгэл хүлээж, 2014 оны 6 дугаар сарын 11-нд 3 дахь удаагаа Дахин ажлаасаа халагдсан тул гомдолтой байна. Хууль зөрчсөн ххххх ажилтайгаа үлдэж, хөдөлмөрийн гэрээ, дотоод журам зөрчсөн би ажлаасаа 3 удаа халагдсан нь шударга бус байна.

1.3. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2-т заасан Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэсэн боловч шүүхээс хууль бус болохыг нь тогтоосон шийдвэрийг дахин гаргах зорилгоор өөрийн бүрэн эрхэд хамаарах эрх зүйн акт, албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг өөрчилж, нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй үндэслэлээр шүүхийн шийдвэр биелэгдээгүй, нэхэмжлэгч би дахин ажлаасаа халах үндэслэл болсонд гомдолтой байна. Нэхэмжлэгч намайг дахин ажлаас нь халуулах зорилгоор нийслэлийн Боловсролын газрын дарга ххххх хуульд нийцэхгүй тушаал гаргасан, энэ албан тушаалтан Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг ажилд томилдоггүй, ажлаас чөлөөлөх эсэх асуудлаар акт шийдвэр гаргах хуулиар олгосон эрхгүй этгээд байсан ч эрхээ хэтрүүлсэн болох нь баримтаар нотлогдож байгаа юм.

1.4. Түүний ард жинхэнэ хариуцагч болох ххххх дүүргийн засаг дарга нуугдаж өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж байна. Шүүхийн шийдвэр биелүүлсэн гэх ажиллагаа нэхэмжлэгч миний эрхийг дахин зөрчигдөх нөхцөлийг бүрдүүлсэн шийдвэр гаргасан тул би хууль шүүхийн байгууллагаар хамгаалуулах эрхээрээ хохирсон 1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохих заалтууд биелээгүй. Нэхэмжлэгч миний хүсэлтийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай шүүгчийн 1505 тоот захирамж 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гарсан бөгөөд энэ дагуу ажиллагааг хххххт явуулж байна гэж намайг шийдвэр гүйцэтгэгч хххххх хэдэн удаа дуудсан.

1.5. Шүүхийн хххх дугаартай шийдвэр нь Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-т заасныг биелүүлэхийг шаардсан нэхэмжлэгч миний шаардлагыг хангаж гарсан бөгөөд шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хххх тоот шийдвэрт Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-т заасны дагуу хххххийн өргөдөлд дурдсан хххх дугаар сургуулийн захирал хххххийг ажлаас чөлөөлөх" эсэх асуудлыг хуулийг уялдуулан хэрэглэж зохих захиргааны акт гаргахыг хариуцагч тал болох ххххх дүүргийн засаг дарга ххххх даалгаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар /өмнөх хуулийн 79.1 дүгээр зүйлийн 791.1 дэх заалт/ шүүхийн хххх тоот шийдвэрийг биелүүлж захиргааны акт гаргах ёстой этгээд нь ххххх дүүргийн засаг дарга ххххх байсан боловч тэрээр шийдвэрт дурдсан актыг гаргаагүй. Боловсролын тухай хуульд 2013 онд өөрчлөлт орсноор Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг ажилд томилох, ажлаас чөлөөлөх эрх нийслэлийн засаг даргад шилжсэн.

1.6. Тиймээс нийслэлийн Засаг дарга ххххх актыг гаргах ёстой болсон хэдий боловч түүний акт мөн л гараагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан шийдвэр гүйцэтгэгч хххххх ххххх дүүргийн засаг даргад болон нийслэлийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн болох нь баримтаар нотлогдоно. Гэтэл 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нийслэлийн Боловсролын газрын ажилтан ххххх намайг дуудсан тул очиход шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэж байна гээд Уулзалтын тэмдэглэл хөтөлж тушаалын төсөл боловсруулна, даргадаа танилцуулна гэсэн. Үүгээр шийдвэр биелүүлэх ажиллагаа явагдсан гэсэн бөгөөд Нийслэлийн боловсролын газрын даргын Б/117 тоот тушаал гарч түүнд шүүхийн хххх дугаар шийдвэрийг биелүүлж хххххт сахилгын шийтгэл ногдуулсугай гэсэн нь намайг санаатайгаар төөрөгдүүлэх ажиллагаа байсан тул гомдолтой байна.

1.7. Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандахад 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3/530 тоот мэдэгдэх хуудсаар таны гаргасан гомдолд 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 26/392 тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль тогтоомжийн хүрээнд явагдсан болохыг тогтоож ... хариуг өгсөн гэсэн мэдэгдэл өгсөн. Энэ нь нийслэлийн Боловсролын газрын даргын хууль бус үйлдлийг хамгаалсан шинжтэй хариу байсан учраас би гомдлоо дахин дахин бусад байгууллагад гаргаж байсан ч бүгдээрээ ижилхэн хариу өгч байсан нь надад таагүй санаа төрүүлж нийлээд хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах хэлбэрээр дарамталж байна гэх ойлголт төрөхөд хүргэсэн.

1.8. Би 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хххххт дахин өргөдлөө гаргаж шүүхийн шийдвэрийг албадан биелүүлж өгөхийг хүсэхэд ххххх дүүргийн засаг даргаас тухайн газарт 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 11/154 тоот бичгээр хариу өгөхдөө нэгэнт тухайн үед эрх олгогдсон этгээд хххх дугаар сургуулийн захирал хххххт сахилгын шийтгэл ногдуулж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэсэн бөгөөд үүнээс ххххх дүүргийн өнөөгийн засаг дарга нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/313 тоот захирамжийн агуулга, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалт зөрчигдөж байгааг үл тоомсорлож шүүхийн шийдвэрийг шударгаар биелүүлэхээс зайлсхийж байгааг харуулж байна.

1.9. Иймд 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжийн дагуу явагдсан гэх шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааны дүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т заасан Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрт заасан захиргааны актыг гаргаснаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцно гэсэн байтал шүүхийн хххх тоот шийдвэрт заасан хххх дугаар сургуулийн захирал хххххийг ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэж захиргааны акт гаргах ёстой хариуцагч этгээд буюу эрх олгосон удирдах ажилтны акт өнөөдрийг хүртэл гараагүй, хариуцагч тал үүнээс санаатайгаар зайлсхийж, хууль зөрчигдөж байна.

1.10. Шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж харагдуулахын тулд Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Боловсролын тухай хуулиудыг зөрчсөн. Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхийг хүсэж нэхэмжлэгч би 2013 оны 7 дугаар сарын 01-нд шүүхэд хүсэлт гаргаснаар шүүгчийн 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1505 тоот захирамж гарсан. Үүгээр шийдвэр биелүүлэх ажиллагаа явагдсан боловч ажиллагааны эцэст Нийслэлийн боловсролын газрын даргын Б/117 тоот тушаал гарч түүнд шүүхийн хххх дугаар шийдвэрийг биелүүлж ... хххххт сахилгын шийтгэл ногдуулсугай гэсэн нь төрийн олон хуулийг зөрчсөн үйлдэл болсон.

1.11. Учир нь энэ тушаалыг гаргагч өөрөө Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг ажилд томилох, ажлаас чөлөөлөх эрхгүй тул Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалтууд илэрхий зөрчигдсөн. Үүнийг Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/313 тоот захирамжид Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг ... ажилд томилох, чөлөөлөх, халахаас бусад хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрхийг .... шилжүүлсүгэй гэсэн баримтаар нотолж байна. Энэ нь шүүхийн хххх дугаар шийдвэрт заасан ТБУСТ хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-т заасныг хэрэгжүүлж захиргааны акт гаргах эрх нийслэлийн Боловсролын газрын даргад байгаагүй болох нь нотолж байна. Б/117 тоот тушаалын 3-т хххххийн ээлжийн амралтын олговрыг ... тооцож буцааж олгохыг ... даалгасугай гэсэн. Гэтэл Б/117 тоот тушаалын энэ заалт биелэх боломжгүй Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг зөрчиж хуульд нийцээгүй үүрэг даалгавар өгсөн, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан үйлдэл болсон юм.

1.12. Үүнийг Нийслэлийн Боловсролын газрын даргын өөрийнх нь 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1/140 тоот баримт, миний ээлжийн амралтын олговрыг олгохыг даалгасан шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 318 тоот шийдвэр, шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12395 дугаартай захирамж зэрэг баримтаар нотолж байна. Нийслэлийн Боловсролын газрын даргын Б/117 тоот тушаалын энэ заалт тухайн байгууллага албан тушаалтан намайг үгээрээ, үйлдлээрээ төөрөгдүүлэн хуурч мэхэлсэн эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан болохыг илтгэнэ. Үүгээрээ нийслэлийн Боловсролын газар Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3, 7.1.6 дахь заалтуудыг зөрчсөн бөгөөд гаргасан тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т зааснаар тухайн газрын чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гарсан тушаал юм. Ингэж Нийслэлийн боловсролын газар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болгон харагдуулахыг хичээсэн нь хууль бусаар захирлын албан тушаалд дэвшсэн ххххххт давуу байдал олгож улмаар намайг дарамтлан эрхшээлдээ байлгах оролдлого хийх боломжийг бүрдүүлж өгсөн. Үүнийг ххххххийн надад сахилгын арга хэмжээ авсан тухай 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/06 тоот, 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/16 тоот тушаалууд нотлох бөгөөд улмаар хувийн өс хонзон санаж 2014 оны 6 дугаар сарын 11-нд гуравдахь удаагаа ажлаас халсан Б/26 тоот тушаалаар нотлогдоно. Хэрэв ххххххийг тухайн үед хууль болон шүүхийн шийдвэрийн дагуу ажлаас нь чөлөөлсөн Гэтэл Нийслэлийн боловсролын газар энэ хуульд нийцээгүй үйлдлийг нь ххххх дэмжин хаацайлж байсан бол би өдийд хххх дугаар сургуульд физикийн багшийн ажлаа хийсээр байх байсан. Шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж нэхэмжлэгч миний эрхийг дахин зөрчих боломж нөхцөлийг бий болгож намайг төөрөгдүүлэн хариуцагчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийх боломжийг олгож өнөөдрийг хүртэл намайг ялгаварлан гадуурхаж байгаа тул гомдолтой байна.

1.13. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ямар нэгэн арга хэмжээ аваагүй, шийдвэр биелүүлсэн гэж өнөөдөр ч өөрсдийгөө хамгаалж байгаа нь хууль бус байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2-т зааснаар "Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэсэн боловч шүүхээс хууль бус болохыг нь тогтоосон шийдвэрийг дахин гаргах зорилгоор өөрийн бүрэн эрхэд хамаарах эрх зүйн акт, албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг өөрчилж, нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй" гэсэн байтал энэ байдлыг ххххх харгалзаагүй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиар хориглосон үйл ажиллагаанаас... хориглоно гэсэн заалт болон холбогдох бусад хуулийн заалтуудыг зөрчиж хуульд нийцээгүй шийдвэр гаргасан нь тухайн газрын надад өгч байсан хариу мэдэгдэх хуудсуудаар нотлогдож байна.

1.14. Би 2021 оны 12 дугаар сарын 23-нд хххххт хандан өргөдөл гаргаж шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлж өгөхийг хүссэн. Гэтэл архивын баримт олдохгүй байна гэж бүтэн жилийг өнгөрүүлсэн бөгөөд энэ бүхнийхээ эцэст шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж өмнөх хариугаа дахин өгч байгаа нь асуудалд хуулийн хүрээнд шударгаар хандахгүй байгааг илтгэж байна. Энэ байгууллагын ард хариуцагч тал шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үндэслэлгүй мэдэгдэл өгч өдий хүрсэн ба шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж байгаа нь хариуцагчийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 11/154 тоот баримтаар нотлогдоно. Энэ баримтад "нэгэнт тухайн үед хуулиар эрх олгогдсон этгээд хххх дугаар сургуулийн захирал хххххт сахилгын шийтгэл оногдуулж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн... гээд Хөдөлмөрийн хуульд зааснаар нэг зөрчилд сахилгын шийтгэлийг давхардуулж олгох боломжгүй гэсэн. Энэ нь өмнөх хуулийн үндэслэлгүй шийдвэрээ хамгаалсаар байгаа болон хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн үйлдэл юм. Энэ үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1.1, 124.3-т зааснаар шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааг албадан явуулахыг би шаардаж байна. Бодит байдал ийм байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж худал мэдээлэл өгөх, үндэслэлгүй шийдвэр гаргах зэргээр миний төрийн байгууллагад өргөдөл гомдлоо гаргах, хуульд нийцсэн хариу авах эрхийг зөрчиж байна.

1.15. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1.1, 124.3-т зааснаар Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хххх тоот шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг дахин явуулах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд Улсын дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4/4055 тоот мэдэгдэлд дурдсанаар "шүүх даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ "эсэх" гэдэг үгийг хэрэглэсэн үндэслэлээ тайлбарлаж, хоёрдмол утгагүй тодорхой дүгнэлтийг хийсэн байна.

Харин шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй гэх асуудлаар та гомдлоо гаргах эрхтэй" гэсэн үндэслэлээр би шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг дахин явуулж шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлэхийг шаардах эрхтэй байна. Шүүхийн шийдвэрийг санаатайгаар биелүүлэхгүй зайлсхийж байгаа энэ үйлдлийн ард Хүний эрхийн зөрчил, Үндсэн хууль зөрчсөн үйлдэл, бусад хууль тогтоомжийг санаатайгаар зөрчиж намайг ялгаварлан гадуурхсан, манай гэрт дураараа орж оюуны өмчийн гар бичмэлүүдийг хулгайлан авсан зэрэг гэмт үйлдлүүд нуугдаж байгааг анхааралдаа авна уу. Энэ бүхнээ нуун дарагдуулахын тулд нийслэлийн Боловсролын газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2013 оны 11 дүгээр сарын 21-нд 1/1116 тоот хариу хүргүүлсэн бөгөөд түүнд "иргэн хххххтэй уулзсан уулзалтаар хххххт сахилгын шийтгэл ногдуулсан тохиолдолд өргөдөл гомдлоо татаж авч гүйцэтгэх ажиллагааг хаалгах болно гэсэн... " гэж миний өмнөөс худал үг бичиж явуулсан байсан. Уулзалтын тэмдэглэлд хххххт сахилгын шийтгэл ногдуулсан тохиолдолд өргөдөл гомдлоо татаж авч гүйцэтгэх ажиллагааг хаалгах болно гэх уг өгүүлбэр байхгүй, тэмдэглэлийн төгсгөлд "хуулиар олгогдсон наад захын эрх минь ялих ялихгүй шалтгаанаар зөрчигдөхгүй болсон тэр цагт би ... өргөдлөө татан авч болох юм" гэсэн байгаа. Би өнөөдрийг хүртэл гомдлоо татаж аваагүй, гүйцэтгэх ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хххх тоот шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг дахин явуулж шүүхийн шийдвэрт заасан хххх дугаар сургуулийн захирал хххххийг ажлаас чөлөөлөх эсэх асуудлаар эрх бүхий этгээдийн актыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтын дагуу гаргуулж, шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлэхийг хххххт даалгаж, өнөөдрийг хүртэл ажиллагааг хуульд нийцсэн хэмээн худал мэдээлэл өгч төөрөгдүүлэн хугацаа алдуулсандаа надаас албан ёсоор бичгээр уучлал гуйхыг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хххх тоот шийдвэрээр ххххх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан ххххх дүүргийн Засаг даргын нэр дээр 2011 оны 4 дүгээр сарын 22 болон 5 дугаар сарын 07-ны өдрүүдэд өгсөн хүсэлтэд хуулийн хугацаанд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Төсвийн удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-д Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5-д заасныг биелүүлэхийг даалгах, тус дүүргийн засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн 200 дугаар захирамжийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага бүхий хххххийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, ххххх дүүргийн засаг даргад Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 6, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8, 65 дугаар зүйлийн 65.3-т заасныг баримтлан ххххх дүүргийн Засаг даргын хххххийн өргөдлийг хуульд заасан журмын дагуу үндэслэлтэй шийдвэрлэж зохих захиргааны акт гаргах үүргээ биелүүлэхгүй байгаа явдал нь хууль бус болохыг тогтоож, төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-т заасны дагуу хххххийн өргөдөлд дурдсан хххх дугаар сургуулийн захирал хххххийг ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай, Боловсролын тухай хуулийг уялдуулан хэрэглэж, зохих захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн.

2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Нийслэлийн боловсролын газрын даргын 2013 1/1116 тоот албан бичгээр хариу ирүүлэхдээ хххххтэй уулзсан уулзалтаар хххххт сахилгын шийтгэл ноогдуулсан тохиолдолд өргөдөл гомдлоо татан авч гүйцэтгэх ажиллагааг хаалгах болно гэсэн ба ажилтнаа ажлаас үндэслэлгүй халсан буруутай үйлдэлд нь Нийслэлийн Боловсролын газрын даргын 5/117 дугаар тушаалаар ххххх дүүргийн хххх дугаар сургуулийн захирал хххххт үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ноогдуулсан.

2.3. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль нь 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон тул уг хуулийн заалтыг үндэслэн хххххийг ажлаас чөлөөлөх үндэслэлгүй гэсэн хариуг ирүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 22-10/639 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч хххххийн гаргасан шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлэхийг даалгах, уучлал гуйхыг даалгах тухай нэхэмжлэл шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

4.1. ххххх би хххххт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Миний нэхэмжлэлийн дагуу ххххх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шүүх хурал болж 00596 дугаартай шүүхийн шийдвэр гарсан бөгөөд би энэ шийдвэрт гомдол гаргаж байна.

Би нэхэмжлэлдээ 2 шаардлага тавьсан бөгөөд үүнд,

Шүүхийн хххх дугаар шийдвэрийг биелүүлсэн гэх НБГ-н даргын Б/117 тоот тушаал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасан хэргийн оролцогчийн акт биш юм. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2-т зааснаар ...шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй гэж үзэх үндэслэл болж байна. Иймд шүүхийн хххх дугаар шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг ахин явуулж ...шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлэхийг хххххт даалгаж өгнө үү.

ххххх нь ...намайг төөрөгдүүлж цаг хугацаагаар яллаж хохироосон тул үүндээ албан ёсоор бичгээр уучлал гуйхыг даалгаж өгнө үү гэсэн юм.

Шүүхээс гарсан 00596 дугаар шийдвэрт Нийслэлийн боловсролын газраас хххххийг ажлаас чөлөөлөлгүйгээр түүнд цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны акт гаргаж энэ тухай хххххт бичиг хүргүүлсний дараа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д заасантай нийцжээ гэсэн бөгөөд хуулийн энэ зүйл заалтыг баримтлан ...нэхэмжлэл шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Учир нь би 2012 онд би Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж хххх дугаар шийдвэрийг гаргуулсан бөгөөд түүнд ххххх дүүргийн засаг даргын эс үйлдэхүйн улмаас хохирсон миний хууль ёсны эрхийг сэргээж өгнө үү гэсэн юм. Шүүхийн хххх дугаар шийдвэрийн үндэслэх хэсэг, 10 дугаар хуудас, ххххх дүүргийн Засаг даргын хххххийн өргөдлийг шийдвэрлэсэн, зохих захиргааны акт гаргах үүргээ биелүүлэхгүй байгаа эс үлдэхүйг хууль бус болохыг тогтоож, төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хххх дугаар дунд сургуулийн захирал хххххийг үүрэгт ажлаас чөлөөлөх эсэх талаар зохих захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэлээ.

4.2. 11 дүгээр хуудаст Захирал ххххх нь 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 79 дүгээр тушаалаар тус сургуулийн физикийн багш хххххийг ажлаас нь халсан боловч ххххх дүүргийн шүүхийн 2010 ны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1307 дугаар шийдвэрт хххххийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,239,468 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу тус захирлын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаар тушаалаар ххххх ажилдаа эгүүлэн томилогджээ.

Гэтэл тус сургуулийн захирал ххххх нь 2011 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар тушаалаар хххххийг дахин ажлаас халсныг ххххх дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1233 дугаар шийдвэрээр үндэслэлгүй гэж үзэж, түүнийг ажилд нь дахин эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 1,907,266 төгрөгийг хххх дугаар гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч ххххх нь 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр болон 5 дугаар сарын 27-ны өдрүүдэд ххххх дүүргийн засаг даргад хандаж хххх дугаар сургуулийн захирал ххххх нь хөдөлмөрийн гэрээгүйгээр 3 сар ажиллуулах, хэл амаар доромжлох, хөдөлмөрийн гэрээг хуульд нийцүүлээгүй, хариуцсан кабинетийн эд хогшлыг зүй бусаар авах зэргээр ажлын байранд дарамталж, ялгаварлан гадуурхаж, үг хэлэх, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хаан боогдуулж байгаа талаар гомдол гаргаж, хуулийн дагуу хххххийн ажилд томилогдсон тушаалыг хянаж, хуулийн дагуу арга хэмжээ авахуулж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар өргөдөл гаргасан байна.

4.3. 12 дугаар хуудас, гэтэл уг өргөдөлд ...албан ёсоор шийдвэрлэж хариу өгөөгүй нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3/өргөдөл гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж шийдвэрлэх, 6/өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Хариуцагч ххххх дүүргийн Засаг даргын уг хууль бус эх үйлдэхүйн улмаас ...хххх дугаар сургуулийн захирал хххххт зохих хууль тогтоомжид заасны дагуу тухайн үед нь арга хэмжээ аваагүйгээс ...хххххийг ажлаас нь үндэслэлгүйгээр халж, түүний хөдөлмөрлөж цалин хөлс авах, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрх удаа дараа зөрчигдөхөд хүрсэн гэж үзэхээр байна.

Дүүргийн Засаг дарга нь дүүргийн төсвийг ерөнхийлөн захирамжийн хувьд ...бүрэн эрхийн хүрээнд хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8-д заасан төвийн байгууллагад хориглох үйл ажиллагаа-г удаа дараа явж байгаа ...хххххийг мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-т заасны дагуу ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэж, зохих захиргааны акт гаргах үүрэгтэй байна.

13 дугаар хуудас, Иймд ххххх дүүргийн Засаг дарга нь дээрх хууль тогтоомжуудад заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, нэхэмжлэгч хххххийн захирал хххххийн төсвийн байгууллагад хориглох үйл ажиллагааг удаа дараа явуулсны улмаас зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдлыг хуульд заасан журмын дагуу үндэслэлтэй шийдвэрлэж, зохих захиргааны акт гаргах үүргээ биелүүлэхгүй байгаа явдал нь хууль бус байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгч ххххх Хөдөлмөрийн тухай хуульд заасан цалин хөлс авах, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, Иргэд төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлынхоо хариуг авах эрх, ашиг сонирхол нь тус тус зөрчигдсөн байх тул ТБУСТ хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-т заасны дагуу хххххийн өргөдөлд дурдсан хххх дугаар сургуулийн захирал хххххийг ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг төрийн албан хаагчийн харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай, Боловсролын тухай хуулийг уялдуулан хэрэглэж, зохих захиргааны акт гаргахыг даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв гэсэн.

Гэтэл энэ дагуу гаргасан шийдвэрийг хххххийг хамгаалах санаагаар мушгин гуйвуулан тайлбарлаж, тэр зорилгоор илт хууль бус захиргааны акт гаргаж, түүгээрээ шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзсэнд гомдолтой байна.

4.4. Багш ххххх би өмнө нь 2 удаа үндэслэлгүй ажлаасаа халагдсан учраас дахин халагдахгүй байхын тулд өөрийн эрх ашгаа хамгаалахын тулд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандаж гомдлоо шийдвэрлүүлснийг дээрх баримт нотолно. Гэтэл НБГ, ххххх дүүргийн засаг дарга, нийслэлийн Засаг дарга гэх байгууллага албан тушаалтнууд үүнийг минь үл тоомсорлож хххххийг өмгөөлөх, хамгаалах зорилгоор шүүхийн хххх дугаар шийдвэрийн тогтоох хэсгийг үзэмжээрээ тайлбарлаж, өнөөдрийг хүргэсэнд гомдолтой байна. Энэ нь намайг дахин ажлаас халуулах зорилготой байсан гэхээр байна.

Намайг ажлаас халах зорилго нь өөрийнхөө хууль бус зорилгоороо захирал болсноо мэдэгдүүлэхгүй байх явдал байсан нь хххххийн хувьд бодит үнэн болох нь баримтуудаар нотлогдож байгаа. Харин төрийн байгууллага, албан тушаалтнууд яагаад үүнд хяналтгүй, хариуцлага хүлээлгэх бодолгүй хандаж байгаа вэ? гэдэг нь дараагийн анхаарах зүйл мөн. Миний хувьд ТБУСТ хуулийн 14 дүгээр зүйлд заасан төсвийн байгууллагад хориглосон үйл ажиллагаа явуулж, намайг хувийн үзэл, хандлагаараа дарамтлахыг хичээсэн хххххт энэ хуулийн 65 дугаар зүйлд заасан ТБУСТ хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага байх ёстой гэж шаардаж тэр дагуу гомдлоо гаргасан.

Гэтэл миний гомдлыг шүүхийн шийдвэр биелүүлэх шатанд дахин зөрчсөн тул гомдолтой байна. Учир нь ххххх ажлаасаа чөлөөлөгдөөгүй үлдсэнээр түүний эрхшээлд байсан би 3 дахь удаа ажлаасаа халагдсан. Энэ бодит байдал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2-т заасан Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэсэн боловч шүүхээс хууль бус болохыг нь тогтоосон шийдвэрийг дахин гаргах зорилгоор өөрийн бүрэн эрхэд хамаарах эрх зүйн акт, албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг өөрчилж, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шүүхийн шийдвэр биелүүлсэнд тооцохгүй гэсэнтэй нийцэж байна. Энэ үндэслэлээр намайг 3 дахь ажлаас халсан үйлдлийн учир шалтгааныг тодруулах, үүнд анхаарлаа хандуулах ёстой гэдгийг би чадан, ядан тайлбарлаж, ойлгуулахыг хичээсэн. Гэтэл шүүх хурал үүнд ач холбогдол өгөөгүйд гомдолтой асуудлыг дахин хэлэлцүүлэх хүсэлттэй байна.

4.5. Нийслэлийн Захиргааны хэргийн хххх дугаар шийдвэрт дурдсан нэхэмжлэгч миний шаардлагаас Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хариуцагчаар татсан нэхэмжлэлийн шаардлагаас аль алинаас нь миний удирдах дээд албан тушаалтнуудын шийдвэр гаргах үйл ажиллагаатай холбоотой шударга бус байдлын улмаас хохирсон эрх, эрх ашгаа шүүхийн өмнө адил тэгж хамгаалуулахыг хүссэн гэдэг нь харагдана. Гэтэл үүнийг ялган салган Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу материаллаг эд зүйлстэй холбоотой маргааныг шийдвэрлэх зохицуулалт бүхий Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зүйлчлэлийг хэрэглэж байгаа нь асуудлын гол зангилаанаас зугтсан гэхээр харагддаг.

Өөрөөр хэлбэл, ххххх, ххххх дүүргийн Засаг дарга, түүний тамгын газар, Нийслэлийн боловсролын газрын одоогийн удирдлагууд, шүүх нь миний гомдлыг үндэслэлтэй шийдвэрлэхийн тулд санаачилга гаргаагүй, өмнөх ажилтан, албан тушаалтнуудын хуулийг завхруулсан үйлдлийг засан залруулахын төлөө ажиллахгүй байгаа нь бодит байдлаас харагддаг. Бид нэгэндээ, нэг хэсэгтээ яг л ингэж хандаж ирсэн, түүнийгээ болж байна, бүтэж байна гэж хэлж, тэгж сурталчилж, бусдын санаачилга, сэдлийг унтраадаг. Үүнийг Монголчууд тамын тогооны үлгэр гэм хэлцээр илэрхийлдэг.

Намайг ийнхүү ялгаварлаж хххххийг илүүд үзсэн шалтгаан нь миний ээжийн СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан гэх ганц үзүүлэлттэй холбоотой. Тэгэхээр өнгөрүүлсэн цаг хугацаан дахь үйл явдлаас тодорхой харагдаж байгаа энэ мэт ялихгүй, үл ажиглагдам боловч яваандаа ноцтой үр дагаварт хүргэдэг тоомжиргүй байдал, үл хүндэтгэх, үл ойлголцол, үл илэрхийлэгдэх харилцаа муу бүхний халхавч болдог гэдгийг миний уналт, доройтол, түүнийгээ даван гарахын төлөөх тэмцэл, намайг харж, санаа өгөхийг хичээдэг хүмүүсийн хандлагын үр дүнд ил болж байна.

Ямар ч хуулиар энэ мэт нарийн харилцаа хандлагыг шууд зохицуулах аргагүй. Гэхдээ удирдлага болон ажиллагсдын харилцаа, ойлголцол ба үл ойлголцол нь үүнийг засаж залруулахад нэмэр болдог байх учиртай. Үүнд хууль хяналтынхан дэм болж, ташуур өгдөг байх учиртай. Гэтэл хуулийн өмнө, шүүхийн өмнө адил тэгш байх зарчим алдагдах нь нэг хүнийг, нийтийг төөрөгдүүлэх, улмаар хохироох нөхцөл байдлыг дэвэргэдэг гэдэг нь харагдаж байна. Үүнийг таслан зогсоохын тулд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хуулиа засан сайжруулж, зүйлчлэлийг улам өргөн цар хүрээг хамааруулан дэлгэрүүлсэн гэж би бодсон.

Гэтэл хуулийнхан, шүүхийнхэн үүнийгээ анзаарахгүй байна уу эсхүл миний сэтгэцийг шалгасан хэвээр байна уу гэж асуумаар хандлага гаргаж байна гэж үзэж гомдол гаргаж байна. Би анхнаасаа удирдлагынхаа хууль зөрчсөн үйлдлийг шүүмжлэн, эсэргүүцлээ илэрхийлсэн. Одоо ч түүнээсээ салж чадаагүй, шийдүүлж чадаагүй байгаагаа гомдлоороо хэлсээр байна. Миний үүсгэсэн маргаан бол эд хөрөнгө, мөнгө, материалын төлөөх маргаан биш, би хуульч хүн биш болохоор өөрийнхөө мэдлэгт тааруулж эхлээд захиргааны хууль бус шийдвэр, үйл ажиллагааны бодит үнэнийг шударгаар шийдүүлье гэж бодсон. Иймээс би дахин дахин хуулийн зүйлчлэлд гомдол гаргаж байна.

хххххийн тушаалууд, НБГ-ын даргын тушаалаар Шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаа, түүнээс гарах тогтоол, шийдвэрүүд бүгд захиргааны байгууллага албан тушаалтнуудын үйлдэл, санаа, зорилгыг ил, далд тусгасан баримтууд юм. Үүнд ямар материаллаг зүйлийн төлөөх маргаан байгааг би олж харахгүй байна. Тиймээс шүүхийн 00596 дугаар шийдвэрт хуулийг оновчгүй сонгон хэрэглэсэн гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг буцааж өгөхийг хүсэж байна.

Нийслэлийн Захиргааны хэргийн 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хххх дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4, 70.2.8-д заасныг удирдлага болгон гаргажээ. Энэ хуулийн 70.2.4-т захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон бол шаардагдах захиргааны актыг гаргахыг тухайн захиргааны байгууллагын албан тушаалтанд даалгах гэж заажээ. Үүнийг би тайлбарлах гэж ихэд хичээсэн, хэргийн оролцогч, эрх бүхий этгээд, хариуцагч болон түүний эрх залгамжлагч гэх мэт олон нэр томьёо, хэллэгээр илэрхийлж ойлгуулах гэж хичээсэн. Шүүх, шүүгчид баримтыг шинжлэн судлахдаа үүнийг яагаад орхигдуулсныг ухаж бодож хүлээн зөвшөөрөх аргагүй гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д шүүх хэрэгт цугларсан эд мөрийн баримт болон баримт бичгийг судалж, шаардлагатай бол хэргийн оролцогч, гэрч, шинжээчийн хүсэлтээр бичмэл, цахим нотлох баримтыг шүүх хуралдаанд уншиж сонсгох тухай заажээ. Энэ үндэслэлээр хэргийн оролцогч, эрх бүхий этгээд-н үүргийг тодруулан гаргаж ирж болох байсан гэж би одоо хэлэх байна.

Шүүх хуралдаанд хариуцагч талын өгсөн баримт мэдүүлгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч, ажиллагааг дахин явуулсан, түүнийгээ 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гаргасан тогтоолоороо баримтжуулж улмаар 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 22-10/639 тогтоолоор дуусгавар болгосон гэдэг нь нотлогдоно. Гэхдээ ажиллагааг дахин явуулаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр биелүүлсэн гэж мэдэгдэж байгаа байгууллага, албан тушаалтнуудаас өмнөх баримт, ирүүлсэн тайлбаруудыг татан авч өмнө нь гаргасан үндэслэлгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2-т заасан үйлдлийг баталгаажуулсан. Энэ жишээ бол бид хариуцлага, санаачилга, ажилдаа, мэргэжилдээ эзэн байх, сурч хөгжих, мэргэших, гэх мэтэд чиглэж, ажиллахгүй байгаагийн тод илрэл.

хххххд Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хуулийн дагуу биелүүлэх ажиллагааг санаачлан гүйцэтгэх, мэдлэг, туршлага нэмэгдүүлэх боломж байсныг тэр анзаарахгүй, шударга, зарчимч байх, хууль дээдлэх, хуулийн өмнө тэгш байх зарчмыг хангах үүргээ ухамсарлах сэтгэл зүй алга.

Бидний энэ мэт хайнга, санаачилагагүй байдлын дунд шударга байхыг, санаачилгатай байхыг хичээж байгаа бусад нь хэлмэгдэж байдгийг анхаарах хэрэгтэй, тийм цаг үе ирж байна гэж би бодож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөхийг хүсэж байна. Энэ мэтийн цаана ххххх мэтийн хувийн сэдэл өндөртэй, зальхай хүмүүс завшиж, нэр хүндээ өсгөж байдаг юм байна. ххххх одоо юу ярьж, юунд зорьж явдгийг би мэдэхгүй.

Харин тэр миний эрх ашгийг хохироосон үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой гэсэн ганц л шаардлагыг би өнөөдөр ч хэлсээр байна. Ажилтнаа үндэслэлгүйгээр удаа дараа ажлаас нь халах шалтгаан түүнд байсан нь тодорхой бөгөөд түүнийг нь баримтууд ил харуулж байгаа. Түүнээс гадна намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан учир би ажилгүй байсан хугацааны цалин, алдангийг гаргуулж авсан бөгөөд миний ажилгүй байх хугацаанд өөр нэгэн багш хүүхдүүдэд хичээл засан нь нэг орон тоог хоёр багшаар цалинжуулан улсын төсөвт үргүй зардал гаргасан гэдгийг сөхөж ярих шаардлагатай. Үүнийг ч бүх хүн, байгууллага бодох ёстой бөгөөд энэ мэтийг дэлгэн ярьж нийгэмдээ өөрийн үүрэг, оролцоогоо шударгаар харуулах гэж хичээсэн хүмүүс яахаараа сэтгэцийн өвчтэй, хятадын эрлийз гэх мэтээрээ хэлүүлж гадуурхагдаж байдгийг би ойлгохгүй, зөвшөөрөх боломжгүй байна. Бид нийгмийн үзэл хандлагын энэ мэт бушмал, гажуудмал байдлыг засаж, залруулах зайлшгүй шаардлагатай бөгөөд одоо үүнийг хийхгүй бол бидний үр хүүхэд энэ мэтэд шаналсаар байх болно.

Тиймээс л би миний эрх, эрх ашгийг хохироолоо гэх ганц санаагаар асуудалд хандаж байгаа. Уг нь алдагдсан цалин орлого, СЭМҮТ-ээр үйлчлүүлэх болсон шалтгаан, түүний гэм хорыг арилгуулах гэх мэт олон асуудал байв ч энэ бүхий үндэс суурь болсон хуулийн дагуу шударгаар ажиллах ёстой удирдах, шийдвэр гаргах албан тушаалтнуудын чихнээс хонх уяж байх нь арай үндэслэлтэй биз хэмээн бодон зүтгэсээр байна.

Эдгээрийг үндэслэн хариуцлага нэхэж эхэлсэн миний шаардлагыг ямар нэгэн үйлдэл, тодорхой үйлдэл, үйл ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг даалгасан шийдвэрийг биелүүлсэн болон өөрчлөн хуульчилж байгааг эс зөвшөөрч шүүхийн 00596 дугаар шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасан үндэслэлээр хүчингүй болгож энэ хууль, энэ зүйлийг 168.3-т зааснаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан хүргүүлнэ үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан. Тухайн үед хуулиар олгогдсон эрхийн дагуу Ерөнхий боловсролын хххх дугаар сургуулийн захирал хххххт сахилгын шийтгэл оногдуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасны дагуу нэг зөрчилд дахин сахилгын шийтгэл давхардуулан оногдуулах боломжгүй гэх хариуг хариуцагчаас авсан тул 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 22-10/639 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ххххх нь хариуцагч хххххт холбогдуулан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болох Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хххх дугаартай шийдвэрийг зохих ёсоор биелүүлэх, өнөөдрийг хүртэл ажиллагааг хуульд нийцсэн хэмээн худал мэдээлэл өгч төөрөгдүүлсэн, хугацаа алдуулсандаа албан ёсоор бичгээр уучлал гуйхыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхэд гомдол гаргах, гомдлыг хянан хэлэлцэх хүрээ, харьяаллын талаар зохицуулж өгсөн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд, энэ хуулийн 6.2.3, 6.2.4-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо гүйцэтгэх хуудас олгосон шүүхэд, энэ хуулийн 6.2.5, 6.2.6-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гаргана гэж тус тус зохицуулжээ.

3.1. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, нэхэмжлэгч хххххийн захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлыг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй байна. Иймээс нэхэмжлэгч хххххийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэг болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т заасан хэргийн харьяалал зөрчиж нэхэмжлэл гаргасан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг хэргийг эцэслэн шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүхэд гаргавал зохино.

3.2. Анхан шатны шүүх хэргийн харьяалал зөрчсөн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцэхгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т заасан хэргийн харьяалал зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ххххх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/00596 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч хххххийн нэхэмжлэлтэй, хариуцагч хххххт холбогдох Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хххх дугаартай шийдвэрийг зохих ёсоор биелүүлэх, өнөөдрийг хүртэл ажиллагааг хуульд нийцсэн хэмээн худал мэдээлэл өгч төөрөгдүүлсэн, хугацаа алдуулсандаа албан ёсоор бичгээр уучлал гуйхыг даалгах хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

 

Ч.ЦЭНД