Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 190

 

 Д.Орхонд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Э.Одончимэг,

ялтан Д.Орхоны өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Орхоны гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 201626020932 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Ар тогоруутан овогт Дашмягмарын Орхон, 1977 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, 6-16 насны 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 29 дүгээр гудамжны 02 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Мөнгөн тойг зочид буудлын 202 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: МЮ77111811/,

Д.Орхон нь нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж, догшин авирлаж 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжил хотхоны 25-201 тоотод өөрийн түрээслэн амьдарч байсан байрандаа иргэн Б.Уламбаярыг ямар ч шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь хутгалж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газар: Д.Орхоны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Орхоныг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Д.Орхоныг 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Орхонд оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Орхоны цагдан хоригдсон 21 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох, Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогчид баримтаар төлөх төлбөргүйг тус тус дурдах, хохирогч эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээх, Д.Орхоны цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ. 

            Ялтан Д.Орхон давж заалдах гомдолдоо: “... Тухайн өдөр хохирогч Б.Уламбаяр миний араас ирж татахад нь би 00-ийн өрөөний хаалга онгойлгох гэж байсан хутгатай гараараа цааш түлхэхдээ нүүрэн тус газар нь зүсэж, өөрийн болгоомжгүй үйлдлээсээ болоод түүнд хөнгөн гэмтэл учруулсан. Энэ болгоомжгүй үйлдэл нь миний согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болсон. Сархад шунан уух нь хэзээ нэгэн өдөр засаж боломгүй алдаа авч ирдэг болохыг үнэн сэтгэлээсээ ухаарлаа. Гэрт маань миний 2 охин байхад хүний улаан нүүр лүү хутга зооно гэж үү. Болсон явдлыг хажуугаас нь харсан манай асрагч /гэрч/ Оюунномингийн мэдүүлгийг анхан шатны шүүх үнэлэх боломжгүй гэсэнд маш их харамсаж байна. Миний 6-16 насны 4 охиныг хуурай дүү маань харж үлдсэн. Би 4 охиныхоо төлөө ажиллаж амьдардаг. Би болсон явдалд маш их гэмшиж, харамсаж байна. Миний дээрх хувийн байдлыг харгалзаж үзэж, надад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү ...” гэжээ.

            Ялтан Д.Орхоны өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Д.Орхоны гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Д.Орхон нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирогч Б.Уламбаяр нь хохирлын мөнгийг баримттай нэхэмжлээгүй ба анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол, саналгүй” гэж мэдүүлсэн байдаг. Мөн Д.Орхоны урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү...” гэв.

            Прокурор Э.Одончимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Ялтан Д.Орхоны давж заалдах гомдлыг харахад тэрээр өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй, гэм буруугаа ухаараагүй байдал харагдаж байна. Иймд түүний ялыг хөнгөрүүлэх боломжгүй. Харин анхан шатны шүүхээс ялтны хувийн байдлыг харгалзан үзэж ял эдлэх дэглэмийг чанга байхад нь жирийн болгож хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлтэй байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

ХЯНАВАЛ:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагад нийцсэн байна.

Д.Орхон нь нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж, догшин авирлаж 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжил хотхоны 25-201 тоотод өөрийн түрээслэн амьдарч байсан байрандаа иргэн Б.Уламбаярыг ямар ч шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь хутгалж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Уламбаярын “...2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өөрийн багын найз П.Энхболдоос зээлсэн мөнгөө авахаар төмөр замын орчим түүнтэй уулзсан. Тэгээд бид 2 нэг нэг шил пиво уунгаа багын найз Батхүрэлийг дуудсан. Батхүрэл удахгүй ирээд бид 3 пиво уугаад сууж байтал Батхүрэлийн утас руу Д.Орхон гэх залуу залгаад “гэртээ хүрээд ир” гэсэн юм шиг байна лээ. Батхүрэл бид хоёрт хандаж “Д.Орхоны гэрт очъё” гэхээр нь би өмнө нь зүс харж байсан болохоор зөвшөөрөөд 18 цагийн орчим Хөгжил хотхонд очсон. Бид 3 хүний 2, 2 пиво уусан бөгөөд согтолт багатай, эрүүл шахуу байсан. Тэгээд Д.Орхоны гэрийн хаалгыг тогшиход Д.Орхон гэртээ байгаагүй ба охин нь аав гадагшаа гарсан, удахгүй ирнэ гэж хэлсэн. Бид нар Д.Орхоныг ирэхээс өмнө 0.75 литрийн нэг шил архи дөнгөж задлаад, нэг нэг татчихаад сууж байтал Д.Орхон гаднаас бага насны бололтой нэг бандитай орж ирсэн бөгөөд архи үнэртүүлсэн байсан. Би удалгүй явъя гэж бодоод нэг найзаараа машин бариулах гээд дуудсан байсан. Тэгээд нэг их удахгүй Б.Бүрэнтөгс ирсэн бөгөөд архи ч дуусч байсан ба явах болоод гарах гэж суунгаа анх Д.Орхонтой хамт гаднаас орж ирсэн залуутай танилцаад гар бариад юм яриад сууж байтал Д.Орхон анх орж ирэхдээ “энэ залуу манай диллер байгаа юм” гэж хэлснийг санаад “чи хөзөр сайн тоглодог юм уу, Замын-Үүдэд хүмүүс очиж их тоглодог юм. Чи надтай хамт очиж тоглох юм уу” гэж хэлээд “Д.Орхон чи хамт очиж тоглох юм уу” гэхэд Д.Орхон гал тогоо руугаа босч яваад хутга авсан юм шиг байгаа юм. Би огт анзааралгүй, хутгалчихна гэж саналгүй өөдөөс нь хараад сууж байтал хутга аваад над руу ирсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь босч иртэл миний нүүр лүү нэг удаа хавж хутгалсан. Тэгтэл Б.Бүрэнтөгс намайг шууд хойноос татаад, П.Энхболд, Батхүрэл нар Д.Орхоны гараас барьж татсан. Д.Орхон хутгатай гараа хойш, урагш  нь савчуулаад “намайг ална” гээд байсан гэсэн. Энэ талаар сүүлд Батхүрэл, П.Энхболд 2 надад хэлсэн. Тэгээд бид нар  гадагш гарсан ба Б.Бүрэнтөгсөөр машинаа бариулаад эмнэлэгт очиж, оёдол тавиулсан. Надад Д.Орхонтой маргалдаж, зодолдож, муудалцсан асуудал байхгүй. Мөн би тэдний гэрт агсам тавьж орилж, хашгирч ширээ өшиглөсөн зүйлгүй...” /хх-12-13/,

Гэрч П.Батзоригийн “... Намайг Батхүрэл гэдэг байсан бөгөөд би 1996 онд П.Батзориг гэж нэрээ сольсон. 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байтал миний багын найз П.Энхболд над руу залгаад Б.Уламбаяр бид 2 хамт пиво ууж байна. Хүрээд ир гэхээр нь би очсон ба ганц пиво уугаад сууж байтал мөн багын найз Д.Орхон над руу залгаад “хаана юу хийж байна” гэхээр нь П.Энхболд бид 2 хамт байна гэж хэлсэн ба П.Энхболдыг яриулсан. Д.Орхон нь Орос улсад байсан бөгөөд бид уулзалгүй удсан учраас очиж уулзъя гээд гэрт нь очсон. Гэрт нь очиход Д.Орхон байхгүй байсан ба бид авчирсан архиа уугаад юм яриад сууж байтал ирсэн. Бид юм яриад сууж байхад ямар нэгэн маргаан муудалцаан болоогүй. Тэгээд тухайн үед юу ярьж байсныг санахгүй байна. Бүгд босцгоогоод ирсэн ба Б.Уламбаярын нүүрнээс цус гарчихсан Б.Бүрэнтөгс, И.Цогтжаргал нар тэвэрчихсэн харин Д.Орхоныг гэрт нь байсан охин нь хойноос нь татаж харагдсан. Д.Орхоны гарт ямар нэг хутга шөвөг харагдаагүй ба хутгыг нь ав гэж бид нарыг гарч байхад хүмүүс орилолдоод байсан. Уламбаярын нүүрнээс цус гарчихсан байсан болохоор бид сандралдаад гэрээс нь хурдан гарсан. Гадаа гарч ирэхэд Б.Уламбаярын нүүрнээс цус гараад цамцаараа дарчихсан байсан ба яг тэнд энд гэх юм харагдаагүй. Сүүлд харахад шанаанд нь хутгалсан байсан. Д.Орхон ямар нэг шалтгаангүйгээр хутгалчихсан  ба өмнө нь муудалцаж, маргалдсан асуудал байхгүй ...” /14/,

Гэрч П.Энхболдын “... 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр би өөрийн найз Б.Уламбаярт мөнгөний өглөгтэй байсан учраас өөрийн гадаа уулзаад нэг, нэг шил пиво уунгаа багын найз П.Батзоригийг дуудсан. П.Батзориг ирээд мөн пиво уунгаа И.Цогтоо гэх залууг дуудсан. Тэгж байтал Д.Орхон П.Батзориг руу утсаар яриад “уулзъя” гээд бид 4 очсон ба гаднаас нэг шил архи аваад орсон. Гэрт нь ороод архиа уугаад сууж байтал, Д.Орхон гаднаас нэг шил архи барьчихсан орж ирсэн бөгөөд эхний авчирсан архийг ууж дуусгаад, юм яриад сууж байтал тэнд байсан хүмүүс босоод ирцгээсэн үү, яасан яг сайн санахгүй байна. Д.Орхоны гэрт байсан охидууд орилолдсон. Би өөрөө нилээн согтолттой тасарчихсан байсан учраас санахгүй байгаа. Ямар ч байсан Б.Уламбаярын нүүрнээс цус гарсныг гадаа гарахдаа харсан. Тэгээд би Б.Уламбаярын нүүрийг яасан юм бэ гэж асуухад Д.Орхон шаачихлаа гэж хэлсэн. Бид нар тэндээсээ эмнэлэг явсан. Д.Орхон Б.Уламбаяр нар маргаж, муудалцаагүй, хоорондоо юм яриад сууж байгаа харагдсан...” /хх-16-17/,

Гэрч Б.Бүрэнтөгсийн “... 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн орчим манай найз Б.Уламбаяр над руу залгаад архи уучихсан байна, ирээд машин бариад өгөөч гэхээр нь Хөгжил хотхонд очиход миний таньдагаас П.Энхболд, П.Батзориг, Б.Уламбаяр, мөн нэрийг нь мэдэхгүй насаар арай ах гэмээр нэг залуу, гэрийн эзэн Д.Орхон нар байсан. Мөн Д.Орхоны хүүхдүүд нь байх шиг харагдаж байсан. Тэгээд гэрт нь ороход тэд нар 2 дахь шил архиа задлаад ууж байгаа харагдсан ба Д.Орхоноос намайг таних уу гэж асуухад “танихгүй байна” гэж хариулсан. Би харин Д.Орхоныг өмнө нь зүс харж байсан. Намайг ороод байж байхад тэд нар хөзөр тоглох талаар ярьж байсан ба ямар нэгэн байдлаар хөзөр тоглоогүй байсан. Тэнд байсан насаар бага гэмээр залууг Д.Орхон нь “энэ залуу хөзөр сайн мэднээ. Араас нь хараад уншина шүү дээ” гэж хэлсэн. Тэгтэл Б.Уламбаяр тэр залууд хандаж “чи хөзөр сайн тоглодог юм бол Замын-Үүдэд очиж тоглох уу” гэхэд нөгөө залуу нь “болно” гэж хэлсэн. Тэгээд Б.Уламбаяр “Д.Орхон чи яах юм бэ хөгшөөн, хөөе Орхоон” гээд дуудахад Д.Орхон ямар нэг зүйл хэлэлгүй цааш босч гал тогооныхоо өрөө рүү эргээд хэсэгхэн зуур зогсоод эргэж хараад “чи яах юм бэ” гээд гараа далайгаад дайрахад харахад гарт нь ойролцоогоор 25 см орчим урттай, цагаан өнгийн иштэй, хөнгөн цагаан мэт хутга харагдсан. Бид нар “юу болж байна аа” гээд босоход Б.Уламбаяр ч босч ирээд Д.Орхон гараа далайх шиг болоод холдуулахын зуургүй Б.Уламбаярын нүүр лүү нэг удаа хатгахад нүүрнээс нь цус урсаж эхэлсэн бөгөөд дахиад гараа далайгаад ална шүү гээд дайраад байхаар нь дунд байсан ширээг нь Д.Орхон луу түлхэж холдуулаад ширээнийх нь хөлнөөс түлхэж Д.Орхоныг зайлуулсан. Тэгээд бид нар ямар нэгэн зодоон дахиж бололгүйгээр шууд Б.Уламбаярыг Д.Орхоны гэрээс авч гарсан. Д.Орхон хутгаа барьсан чигтээ орилж чарлаад дайраад байсан. Тэгээд бид нар тэндээсээ гэмтлийн эмнэлэг орсон...” /хх-18-19/,

Гэрч И.Цогтжаргалын “... 2016 оны 3 дугаар сард байсан өдрийг нь сайн санахгүй байна. Би 72 дугаар байранд гэртээ байж байхад манай найз П.Батзориг надруу залгаад манай байрны гадна П.Энхболд болон бас нэг танихгүй найзтайгаа ирчихсэн байсан. Тэр 3 архи уучихсан, бага зэрэг халамцуу байсан. Би өөрөө бас архи уусан байсан болохоор тэр оройдоо Хөгжил хотхонд байх нэг айлд очсон. Би тэр айлын хүмүүсийг танихгүй. Тэр айлд орохдоо П.Батзориг нар дэлгүүрээс нэг шил архи аваад орсон. Гэрт нь ороход тэр айлын хүүхдүүд болох бага насны охидууд байсан. Бид нар авсан архиа задлаад тэр айлын гэрийн эзнийг хүлээнгээ нэг нэг татаад сууж байтал гаднаас гэрийн эзэн гэх залуу орж ирсэн ба би тэр залууг танихгүй, харж байгаагүй залуу байсан. Гэрийн эзэн архитай орж ирсэн эсэхийг санахгүй байна. Бид гэрийн эзэн гэх залууд архи хийж өгөөд сууцгаасан. Хэсэг хугацааны дараа нүүрэндээ хутгалуулсан залуу гэрийн эзэн гэх залууд хоёулаа тоглочих уу, яах уу гээд үгээр өдөөд байсан. Тэгтэл хутгалсан залуу ямар нэг зүйл хэлсэн эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа хутгалуулдаг залуугийн найз нь бололтой нэг танихгүй залуу ирсэн. Тэр архи уугаагүй. Нүүрэндээ хутгалуулдаг залуугийн яг хажууд нь зүүн гар талд нь би сууж байсан. Харин миний хажууд П.Батзориг сууж байсан. Харин гэрийн эзэн болох залуу гал зуух хавьд сууж байсан. Тэр гэрийн эзэн гэх залуу гартаа ямар нэг хутга барьсан байсныг хараагүй. Гэнэт бүгдээрээ босцгоогоод шуугилдаад ирэхээр нь юу болов гэж бодоод босоод иртэл тэр хохирогч залуугийн нүднийх нь хажуу талаас цус нилээн их гарч байсан ба гараараа дарчихсан зогсож байсан. Энэ маргааныг П.Энхболд, П.Батзориг нар салгасан байх. Би П.Батзоригийг бушуухан гаръя гээд түрүүлээд аваад гарсан. Бид нар гараад 5-уулаа гэмлийн эмнэлэг орж оёдол тавиулсан. Нүүрэндээ хутгалуулсан залууг чи өөрөө үгээр өдөөд, агсарч дуугараад байсан шүү дээ гэж П.Энхболд, П.Батзориг нар хэлж байсан...” /хх-63-64/ зэрэг мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Б.Уламбаярын биед баруун хацарт шарх, буруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 4028 дугаартай дүгнэлт /хх-21/, зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Д.Орхонд холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, түүнд оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, ялтны хувийн байдал, түүний гэм бурууд тохирсон байх ба мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

            Ялтан Д.Орхон нь “...Өөрийн хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг багасгаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргасан байна.

            Хавтаст хэрэгт цугларсан баримтаас үзэхэд ялтан Д.Орхон нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, энэ хэргийн гэм хорыг арилгаагүй байгаа, түүнчлэн түүний хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, түүний эдлэх ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл бүрдээгүй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Орхоны бичсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ЗОРИГ

ШҮҮГЧИД                                                  М.ПҮРЭВСҮРЭН

                                                                    Д.ОЮУНЧУЛУУН