Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/ма2024/00923

 

 

 

 

 

 

 

 

2024 05 01 210/МА2024/00923

 

 

Д ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/00897 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д ХХК-ийн хариуцагч Т.О-т холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Д ХХК нь Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэрийн гудамжид өөрийн барьж ашиглалтад оруулсан - хотхоны -г барилгын - тоот 40.70 м.кв талбай бүхий орон сууцыг 85,470,000 төгрөгөөр худалдан борлуулахаар 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр орон сууц захиалгын гэрээг А.М-тай байгуулсан. Тэрээр урьдчилгаа төлбөрт 25,641,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 59,829,000 төгрөгийг, сарын 0.7 хувийн хүүтэйгээр гэрээнд заасан графикийн дагуу 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл төлж барагдуулах, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох нөхцөлтэй орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээг мөн байгуулж, орон сууцанд орсон.

1.1. А.М нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр графикт заасны дагуу үндсэн болон хүүгийн төлбөр төлснөөс бусад тохиолдолд графикт төлбөрийн үүргээ байнга зөрчдөг байсан. Тухайн орон сууцанд Т.О гэх иргэн амьдарч байгааг Д ХХК-аас 2022 оны 06 дугаар сард мэдсэн. Түүнээс учрыг лавлахад - тоот орон сууцыг би мөнгөө төлөөд худалдан авсан гэж тайлбарлах боловч Т.О нь Д ХХК-тай орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй.

1.2. А.М нь уг орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, түрээслүүлэх, барьцаалах эрхгүй байхад Т.О нь ийм тайлбар хэлж, өмчлөх, эзэмших, ашиглах эрхгүй атлаа тухайн орон сууцанд хууль бусаар амьдарч байгаа нь Д ХХК-ийн эрхийг зөрчиж, өөрийн хөрөнгөө худалдан борлуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байдалд хүргэж байна. Иймд Х дүүрэг, 19 дүгээр хороо, Туул гол гудамж, - хотхоны -г байшингийн - тоот орон сууцыг Т.О-гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Т ХХК-тай Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, - хотхоны -д байр, - тоот 35 м.кв байрыг орон сууцны лизингийн гэрээ байгуулсан мөн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, - хотхоны -г байр, - тоот 40.7 м.кв байрыг орон сууц лизингээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан өмнөх байгуулсан гэрээний дагуу төлсөн байрны төлбөрийг хасч -г байрны - тоот од нүүж орсон. Би гэрээний үүргээ биелүүлж байрны төлбөрийг сар болгон төлж дуусгасан. Д ХХК нь нэхэмжлэлдээ 2022 оны 06 дугаар сарын сүүлээр намайг тухайн байранд амьдарч байгааг мэдсэн гэсэн худлаа Д ХХК нь намайг тухайн байранд амьдарч байгааг эртнээс мэддэг байсан. Би Д ХХК-тай тохиролцож байрны төлбөрийг уг компанийн данс руу шилжүүлдэг байсан нь дансны хуулгаар нотлогдоно гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д ХХК-ийн хариуцагч Т.О-т холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр /17042/, туул гол гудамж -г байрны - тоот хаягт байрлалтай 40,70 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлыгг хангаагүй.

4.1. Д ХХК нь А.М-тай орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүний эзэмшилд шилжүүлсэн боловч А.М нь гэрээний үүргээ зөрчин төлбөрөө төлж дуусгаагүй атлаа уг орон сууцыг зөвшөөрөлгүйгээр иргэн Т.О-т шилжүүлсэн болохыг 2022 оны 06 дугаар сард мэдээд шүүхэд албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч Т.О нь шүүхэд хариу тайлбар ирүүлэхдээ холбогдох баримтыг хавсаргаж ирүүлснээр Т.О нь А.М гийн захирлаар нь ажиллаж байсан Т ХХК -тай хоёр орон сууцны буюу - хотхоны -д байрны - тоот , -г байрны - тоот орон сууцтай холбоотой санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан болохыг мэдсэн. А.М нь -г байрны - тоот орон сууцыг бусдад шилжүүлэх, барьцаалах, худалдах, бэлэглэх, түрээслүүлэх эрхгүй байтал шүүх энэ үйл баримтыг үл харгалзан шийдвэрийн 4.5 дахь хэсэгт Т.О нь Т ХХК-тай гэрээ байгуулснаар хариуцагчийн эзэмшил үүссэн гэж дүгнэж бичжээ. Улмаар эдгээрийн хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээг худалдах, худалдан авах гэрээ гэж дураар өөрчлөн бичжээ. Санхүүгийн түрээсийн гэрээ нь түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг үүсгэдэг ба энэ нь өмчлөх харилцааг үүсгэхгүй, хариуцагчийн энэ гэрээгээр Т ХХК гэх -г байрны - тоот орон сууцны талаар ямар ч эрхгүй этгээдэд төлсөн төлбөрийг Д ХХК нь уг орон сууцны төлбөрт тооцох үндэслэлгүй, энэ гэрээний үндсэн дээр үүссэн гэх эзэмшлийг Д ХХК нь хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй.

4.2. Хариуцагч нь -д 56 гэж шилжүүлсэн төлбөрийг *г - тоот орон сууцны төлбөр гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй. Т.О нь дээрх 27,382,000 төгрөгийг Т ХХК -тай байгуулсан гэрээний төлбөр гэж ойлгож шилжүүлсэн гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой тайлбарласан бөгөөд эдгээрийн хоорондын санхүүгийн түрээсийн гэрээ, уг гэрээний эрх үүрэг Д ХХК-д хамааралгүй, Т.О-гийн санхүүгийн түрээсийн гэрээний төлбөрт шилжүүлсэн төлбөрийг А.М гийн Д ХХК-тай байгуулсан орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрт тооцох боломжгүй. Т.О нь 2019 оноос -г байрны - тоот орон сууцны төлбөрийг Д ХХК-д төлөхдөө андуурч 97д байрны - тоот гэж шилжүүлсэн гэсэн тайлбарлада бөгөөд үүнийгээ Д ХХК , Т ХХК -тай харилцан тохиролцож Д ХХК-д төлбөр төлсөн гэж тайлбарладаг боловч шүүгчээс үүнийг нотлох баримт байна уу гэж асуухад Т.О нь байхгүй гэдгээ хэлсэн бөгөөд Д ХХК нь Т.О-гээс төлбөр авахаар ийнхүү тохиролцсон зүйлгүй. А.М гийн Д ХХК-тай байгуулсан гэрээний үүргийг Т.О биелүүлсэн, төлбөрийг Д ХХК хүлээн авсан гэж дүгнэхийн тулд Л.М-гийн гэрээний эрх, үүрэг Т.О-т шилжсэн байх шаардлагатай боловч түүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, үүнийг тодруулах ажиллагаа хийгдээгүй, эко дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй.

4.3. Нэхэмжлэгч талаас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/Ш32023/13507 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг гаргаж өгсөн боловч үүнийг хариуцагч талаас гаргаж өгсөн мэтээр бичжээ. Энэ захирамжид хэрэгт ач холбогдолтой чухал үйл баримт дурдагдсан байсан боловч шүүх үүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Хариуцагч Т.О нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст А.М д холбогдуулан өөрийг нь залилсан гэж гомдол гаргахдаа 71,000,000 төгрөгөөр хохирсон, үүнийгээ нэхэмжилж авна гэсэн агуулгаар гаргасан. Т.О нь А.М гаас хохирлоо барагдуулахаар нэхэмжилж байгаа нь өөрийн -г байрны - тоот орон сууц дахь эзэмшлээ хууль бус болохыг өөрөө хүлээн зөвшөөрч байгаа хэрэг төдийгүй тэнд А.М гаас мөнгөө гаргуулж авна гэчихээд энд Д ХХК-ийн өмчлөлийн орон сууцыг өмчилж авна, хууль ёсны эзэмшил гэж байгаа нь давхар ашиг хонжоо эрэлхийлж, Д ХХК-ийн хохироож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүх хуралдаан завсарлаад бид эвлэрэх талаар ярилцсан. Нэхэмжлэгч талаас А.М гийн төлсөн 38,000,000 төгрөг, Т.О-гийн төлсөн 27,000,000 төгрөг нийлээд 60,000,000 гаруй төгрөг болсон. Орон сууцны үнэ 84,475,000 төгрөг, хүү 5,225,000 төгрөг гээд нийт 90,635,000 төгрөг болж байгаа. Манайх үлдсэн 25,264,668 төгрөгийг төлөөд эвлэрье гэхэд нэхэмжлэгч тал манайх алданги 13,000,000 төгрөг заавал авна гээд тохиролцоонд хүрч чадаагүй. Алданги яагаад нэхэж байна вэ гэж асуухад гэрээ танайхтай байгуулаагүй учраас А.М-тай тусдаа хийсэн захиалгын гэрээгээ цуцлаад, А.М гаас мөнгөө нэхэмжлэх боломжтой гэж хэлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр үлдэх 25,264,668 төгрөгийг төлсөн. Манайх 90,695,343 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлсөн. Нэхэмжлэгч тал гомдолдоо манай данс руу Т.О-гийн шилжүүлсэн 27,000,000 төгрөг орсон, гэхдээ хөрөнгө оруулагч нь өөр гэж дурдсан байсан. Компанийн нэг дансаар мөнгө орж байхад цаад хөрөнгө оруулагч нь өөр эсэхийг бид мэдэхгүй. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Т.О-гээс 27,000,000 төгрөгийг авсан нь үнэн. Д ХХК-аас хүмүүс ирээд энэ орон сууц А.М гийнх биш гэхээр нь Д ХХК-ийн данс руу төлж эхэлсэн. Т.О нь А.М д 71,754,399 төгрөг төлсөн. Одоо тус асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулаад 38,000,000 төгрөгөө хасаад 33,705,000 төгрөг гаргуулахаар явж байгаа. А.М өөрөө авснаа хүлээн зөвшөөрч 38,000,000 төгрөгийг буцаан өгч, Т.О-гийн төлсөн төлбөрт тооцуулсан. Т.О нь А.М болон Д ХХК-д 121,401,000 төгрөг төлсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

2. Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Т.О-т холбогдуулан орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралтай нөхцөл байдлууд тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

4. Хэрэгт Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2023/00073 дугаар тогтоолоор ...Маргаан бүхий 97г байр, - тоот орон сууцны үнэд 38,048,675 төгрөгийг А.М гэрээний дагуу Д ХХК-д төлсөн. ...хариуцагч Т.О Тт ХХК болон Д ХХК-д орон сууцны үнэ төлсөн төлбөрүүд бүхэлдээ 97г байр, - тоот ын төлбөр гэж үзэх үндэслэл байгаа эсэхийг шүүх тодруулаагүй, улмаар А.М нь гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ Т.О-т шилжүүлсэнийг нэхэмжлэгч Д ХХК мэдэж хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл байгаа эсэхэд шүүх дүгнэлт хийхгүйгээр түүний эзэмшлийг хууль ёсны эсхүл хууль бус гэж үзэх боломжгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Уг тогтоолд тусгагдсан үйл баримтыг анхан шатны шүүх тодруулаагүй байна. Учир нь Д ХХК , А.М нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээний нэг тал болох А.М г энэ хэрэгт оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь маргааны үйл баримтыг бүрэн тогтоосон гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, талуудын маргаж байгаа орон сууцны өмчлөх эрхийг олж авахад хэн, хэнд ямар хэмжээний үнэ хөлс төлснийг тодруулахын тулд Д ХХК-тай гэрээ байгуулсан этгээдийг энэ хэрэгт оролцуулснаар орон сууцны өмчлөгч хэн болох эсэх нь тодорхой болох, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлоход ач холбогдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах журамтай.

Иймд эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд өөрийн санаачлагчаар энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохын тулд энэ ажиллагаа шүүх дээр явагдаж байгааг мэдэх учиртай. Энэ ажиллагааг шүүх явуулаагүй буюу тухайн маргаантай асуудал шүүхэд хянагдаж байгаа талаар гуравдагч этгээдэд шүүхээс мэдэгдэх нь талуудын зарчимд харшлахгүй юм.

5. Нэхэмжлэлийн үндэслэл нь нэхэмжлэгч шүүхэд хандах болсон бодит нөхцөл бөгөөд түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлж буй байдал юм. Харин шаардлага нь нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг.

Нэхэмжлэгч Д ХХК нь А.М-тай 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээний үүргийн зөрчил үүссэнтэй холбоотойгоор татгалзал байгаа эсэх, хэрэв татгалзаагүй бол ямар харилцааны үндсэн дээр хариуцагч Т.О-гээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэхийг шаардсан эсэх нөхцөл байдал тодорхой бус байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байгааг зохигчоос тодруулах ажиллагааг хийгээгүй тул зохигчдыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мэтгэлцсэн, маргааны үйл баримт бүрэн тогтоогдсон гэж дүгнэх боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/00897 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОГТСАЙХАН