Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 208/МА2024/00027

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 148/ШШ2024/00136 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч *******

Хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* *******, ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ***** дугаар баг **** дүгээр хэсэгт байрлах ***** байрны ***** тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай

Бие даасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлага: *******, ******* нарын хооронд хийгдсэн 1999 оны 08 сарын 18-ны өдрийн орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай

Хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч ******* өмгөөлөгч Р.Атарцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин нар оролцож, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

...******* нь ******* миний нэртэй ордер бүхий Сэлэнгийн Мэдээ сонин байгаа байрыг худалдан авна гэж явсаар сүүлдээ авахгүй байгаа тул тухайн байрыг суллуулж, ордерыг маань авч өгөхийг хүсье гэжээ.

Бие даасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...1999 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэн *******тай иргэн ******* нь өөрийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ***** баг **** хэсэгт байрлах **** байрны зүүн тийш харсан хаалгатай 2 өрөө ******* дугаар бүхий улсын бүртгэлд бүртгэгдсэн байраа зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж, гэрээ байгуулмагц ******* нь *******т 1 сая төгрөг өгч үлдэх төлбөрийг 2000 оны 03 дугаар сарын 01-ний дотор үйлдвэрийн чанарын шаардлага хангасан 1-р зэргийн 4 сая төгрөгийн үнэ бүхий гурилыг өгч төлбөрийг барагдуулснаар худалдагч ******* нь өөрийн биеэр *******ын нэр дээр шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлж өгөхөөр гэрээ байгуулсан.

Энэ гэрээний хугацаа 2000 оны 3-р сарын 01-ний өдөр дуусгавар болох нөхцөлтэй байсан ба ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээний хугацаа дуусгавар болоод 20 жил болж байна. Уг гэрээтэй холбоотой талууд ямар нэгэн маргаан гаргаагүй тул гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 14 жил болсон байна. Иргэний хуулийн 46,1, 75.2.2, 112.2, 249.1, 264.1-д тус тус заасан болон бусад хууль тогтоомжид заасны дагуу 1999 оны 08-р сарын 18-нд талуудын байгуулсан гэрээг хүчингүйд тооцуулах зорилгоор энэхүү шаардлага гаргаж байна.

...Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулаад 5,000,000 төгрөгөөр зарсан байхад 1,000,000 төгрөг төлөөд, 4,000,000 төгрөгийг төлөөгүй байж миний өмч гэж байгаа нь буруу.

Иймд *******, ******* нарын хооронд ******* дугаар бүхий улсын бүртгэлд бүртгэгдсэн байрыг 1999 оны 08-р сарын 18-ны өдөр зээлээр худалдах-худалдан авах гэрээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Миний бие Сэлэнгэ аймгийн ******* *******ын хэрэг эрхлэх газарт 2003 онд ажилд орсон. Тухайн үед уг байранд ******* ******* байрлаж байсан. Миний бие энэ байрны талаар худалдаж-худалдаж авсан мэдэх зүйл байхгүй.

*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг уншиж үзэхэд хаана байрлалтай ямар байр, хэний нэр дээрх хэдэн төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулах, байрыг суллуулах тухай бичсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй үйл явдалд иргэний хэрэг үүсгэсэн ИХШХШТХ-ийн 62-р зүйлд заасан шаардлагыг хангаагүй байхад шүүх хүлээн авсан нь хууль зөрчсөн байна. 2000 онд Сэлэнгэ аймгийн ******* ******* Бөс бараа-ны нэртэй дэлгүүрийн хажуу талын 2 өрөө байрыг анх *******аас худалдан авахаар ярилцаж тохиролцоод байрны үнэ гэж 2 удаа түүний данс руу мөнгө шилжүүлж байсныг би санаж байна. Тухайн үед ******* худалдан авсан бөгөөд би энэ байр худалдан авах явдалд ямар нэгэн хамаарал байхгүй.

....*******аас *******д худалдсан байрныхаа гэрчилгээг нэхэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Тэгээд ч 10 гаруй жилийн өмнөх асуудал энд яригдаж байгаа бөгөөд хөөн хэлэлцэх хугацааны асуудалд ч яригдах байх гэж бодож байна. Байрны гэрчилгээ хаана байгааг би мэдэхгүй. Тиймээс энэ асуудал надад хамааралгүй *******айг байрны гэрчилгээг асуусан гэснээр хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй байна. Би *******аасаа *******т мөнгө шилжүүлсэн баримтыг олсны дараагаар хэн хэзээ, хэдийд шилжүүлсэн энэ хэрэгт хэн хариуцагч болох тухай асуудлыг шийдвэрлэх байх гэж бодож байна. Энэ хэрэгт би биш Сүхбаатар сумын ******* ******* хариуцагчаар явах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна.Иймд миний ашиг сонирхол, эрх зөрчигдөөгүй учир шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* ******* хариу тайлбартаа:

...Манай Сэлэнгэ аймаг дахь ******* ******* нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ***** баг ***** хэсэг *****р байрны **** тоот орон сууцыг 2000 оноос эхлэн 20 жилийн хугацаанд эзэмшиж байна. Энэ орон сууцны хууль ёсны өмчлөгч нь иргэн ******* гэдэг хүн байдаг. ******* шүүхэд өгсөн хүсэлтдээ бичихдээ: Би энэ орон сууцаа 20 жилийн өмнө Сэлэнгэ аймгийн ******* *******д хүлээлгэн өгч байсан, өөрийн энэ байраа бэлэглэлийн гэрээгээр ******* *******д шилжүүлэн өгнө гэж *******ын удирдлагад мэдэгдсэн болно гэж хүсэлтдээ бичсэн юм. Өөрийн өмчлөлийн орон сууцаа манай ******* *******д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгнө гэж байгаа *******ийн хүсэл зорилгыг манай ******* ******* хүндэтгэн талархалтайгаар хүлээн авч байна.

Манай ******* ******* нь 2000 оноос эхлэн тус орон сууцыг шударгаар эзэмшиж ашиглаж байсан нь иргэний хэрэгт цугларсан баримтуудаас тодорхой харагдаж байна. ...Энэ байрыг 20 жилийн хугацаанд эзэмшиж байхад ямар нэгэн зөрчил маргаан гарч байгаагүй болно гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 148/ШШ2024/00136 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан *******ын *******, Сэлэнгэ аймгийн ******* ******* нарт холбогдох Орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Жаргалсайханы *******, ******* нарын хооронд хийгдсэн 1999 оны 08 сарын 18-ны өдрийн орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Жаргалсайханаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95.000 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:

Сүхбаатар сумын ***** баг **** хэсэгт байрлах **** байрлах ****тоот орон сууц нь иргэн ******* миний өмч билээ. Үүнийг тухайн үед ам хэлцлээр ******* *******д хэрэгжүүлж байсан гэтэл үүнийг Жаргалсайхан болон ******* ******* нар нь өөрсдийн өмч мэт маргаан гарсан. Уг байр иргэн миний нэр дээр байдаг. Гэтэл надаас ******* ******* авсан мэтээр хуурамч гэрээ хийгдсэн байх юм. Гэрээ нь 2 талын иргэний үнэмлэхтэй нотариатын баталгаатай байх ёстой гэтэл тийм юм байхгүй. Тэгээд 2 нотлох баримт гэрчүүд хохирогчийн мэдүүлгийг үл тоомсорлож илэрхий нэг талыг барьсан шийдвэр гарсанд гомдолтой байна. Иймд хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү 2024.02.29-ний өдрийн шүүгч Мөнхзулын гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзэж байна гэв.

Хариуцагч ******* өмгөөлөгч Р.Атарцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хавтаст хэргийн 1 дүгээр талд байгаа. Нэхэмжлэлийн шаардлага Солонгод холбогдуулаад гэрчилгээ гаргуулах, байр чөлөөлүүлэх гэсэн шаардлага байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д хариуцагч гэж хэн бэ гэж заагаад өгчихсөн байгаа. ******* хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******ын эрх ашгийг хөндсөн, зохих ёсны үүргээ биелүүлээгүй, энэ хүнд хүнд хохирол учруулсан зүйл тогтоогдоогүй. Нэхэмжлэгчийн *******о гэх хүнд холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Энэ хүн өнөөдөр хариуцагч биш. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч ээ гэсэн байр суурьтай явсан. Үүнийг шүүх хангаж шийдвэрлэсэн. ******* өмгөөлөгчөөр оролцож байгаагийн хувьд энэ байр хэний нэр дээр байдаг талаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, түүхчилсэн лавлагааг хоёр удаа татуулж авсан. Авахад ардчилсан *******ын нэр дээр байгаа гэдэг нотлох баримтууд хэрэгт цугларсан. Өнөөдөр хуурамч гэрээ байсан гэдэг. Хуурамч гэдгийг хаана шалгаж нотолсон бэ. Уг нотлох баримт хэргийн материал дотор байхгүй. Гэрээн дээрх гарын үсэг миний гарын үсэг биш гэж нэхэмжлэгч тал маргаан үүсгээд шинжээч 2 удаа томилогдсон. Хоёуланд нь *******ын гарын үсэг байна гэж гарч ирсэн.

Улсын бүртгэл буруу явагдсан байна гэж өнөөдрийг хүртэл ямар ч маргаан гараагүй. Улсын бүртгэлд маргаан гараагүй тохиолдолд үнэн зөв бүртгэсэн байна. Анхан шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 136 дугаар бүхий шүүхийн шийдвэрт хуулийн үндэслэлүүдийг маш сайн тайлбарлаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байгаа учир хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* *******ын өмгөөлөгч Г.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг шийдэхгүй удаж маш олон жил боллоо. Нэхэмжлэгчийн шаардлага нь өөрөө тухайн маргаан болж буй орон сууцыг чөлөөлүүлэх, ордерыг гаргуулах шаардлага байсан. Түүнээс биш бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах, худалдах- худалдан авах гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага огт биш. Тухайн байрыг чөлөөлүүлэх. Чөлөөлүүлэхийн тулд нэхэмжлэгч өөрийн байр гэдгээ нотолчихсон байх ёстой. Нотолсон байгаа баримт буюу худалдах- худалдан авах гэрээг минийх биш байна гэдэг зүйл яригддаг. Минийх биш байна гэж нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж гаргаагүй. Тухайн давж заалдах шатны шүүхээс нэг удаа хэрэг хүчингүй болж байсан. Энэ хугацаанд гэрээн дээр миний гарын үсэг биш гэж маргасан. Шинжээч томилуулж дүгнэлт хийхэд тухайн худалдах- худалдан авах гэрээнд зурагдсан гарын үсэг мөн байна гэж гарсан. ******* *******ын бүртгэсэн бүртгэлийг хууль бусаар тооцуулах нэхэмжлэлийг гаргаагүй, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргаагүй, зөвхөн байрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан учир өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэхэд хангаж шийдвэрлэх боломж байхгүй. Нэхэмжлэгчийн гаргаад байгаа гомдол нь гэрээ хууль бус гэж яриад байгаа болохоос биш, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн асуудал байхгүй. Нэг шаардлагаараа яваад байгаа. Шүүх санаачилгаараа шийдвэрлэх боломжгүй гэв

 ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зохигчдын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******ын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэж хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийсэн нь хууль зөрчөөгүй, шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхээс зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийсэн боловч бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт болон нэхэмжлэлийн шаардлага тус бүрт хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 4 хэсэгт байрлах 21 байрны 01 тоот орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Сэлэнгэ аймгийн ******* *******ыг татан оролцуулжээ. Мөн тус хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* нь маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын **** дугаар баг **** хэсэгт байрлах **** байрны **** тоот орон сууцны өмчлөлийн асуудлаар маргаан гарсантай холбогдуулан өөрийн өмчлөх эрх зөрчигдсөн гэсэн үндэслэлээр маргаан бүхий орон сууцыг *******ын өмчлөлд шилжүүлсэн 1999 оны 11 сарын 23-ны өдрийн худалдах худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай бие даасан шаардлага гаргажээ.

Хэргийн хариуцагч ******* болон Сэлэнгэ аймгийн ******* ******* нь маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* нарын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч ******* нь шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч ******* нь давж заалдах гомдлын үндэслэлээ анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж тайлбарлажээ.

 4. Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтаар:

Маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын **** дугаар баг *****хэсэгт байрлах ***** байрны **** тоотод байрлах орон сууцыг 1995 оноос иргэн Ш.Алтансүх нь гэр бүлийн хамт эзэмшиж байсан бөгөөд Сэлэнгэ аймгийн өмч хувьчлалын 1998 оны 04 сарын 27-ны өдрийн шийдвэрээр гэр бүлийн өмчлөлд шилжүүлж эд хөрөнгийн улсын бүртгэлд улсын бүртгэлийн дугаартай хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн байна. Иргэн Ш.Алтансүх нь 1998 оны 06 сарын 10-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээгээр орон сууцыг иргэн *******т худалдснаар улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох ******* бүртгэгдсэн байна.

1998 оны 08 сарын 18-ны өдөр үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээг гуравдагч этгээд *******, нэхэмжлэгч ******* нарын хооронд байгуулж маргаан бүхий улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг 5.000.000 / таван сая/ төгрөгөөр худалдахаар тохирч гэрээг эд хөрөнгийн улсын бүртгэлд 1999 оны 11 сарын 28-ны өдөр бүртгүүлснээр орон сууцын өмчлөгчөөр ******* бүртгэгджээ.

Нэхэмжлэгч ******* нь 2001 оны 05 сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* *******тай уг орон сууцыг 4.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулж тус гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн ******* 2001 оны 05 сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд хүсэлт гаргаснаар 2021 оны 10 сарын 01-ний өдрөөс Сэлэнгэ аймгийн ******* ******* нь маргаан бүхий улсын бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 4 хэсэгт байрлах 21 байрны 01 тоотод байрлах орон сууцын өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн газраас ирүүлсэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, /2-р хх-ийн 62-63/, Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Эрхийн улсын бүртгэлийн Ү дугаартай үл хөдлөх хөрөнгийн хувийн хэргийн хуулбар / 3-р хх-ийн 171-188/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. боловч энэхүү шаардах эрх нь өмчлөгч байх тухайн хөрөнгө нь бусдын хууль бус өмчлөл эзэмшилд байснаар үүсдэг.

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа ...өөрийн өмчлөлийн Ү дугаартай үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдаагүй, харин хариуцагч ******* хүсэлтээр тодорхой хугацаагаар ашиглуулсан, дараа нь Сэлэнгийн мэдээ сонины захирал Оюумаа хэсэг хугацаанд ашиглаж байсан. Энэ 2 хүн байраа худалдчих гэж гуйдаг байсан. Би тодорхой үнийн санал тавьж энэ мэтээр ашиглуулж байсан. Гэтэл Сэлэнгэ аймгийн ******* ******* миний өмчлөлийн орон сууцыг өөрийн өмч гэж маргасан тул шүүхэд 2019 онд байраа чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Би ******* *******тай худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, ******* *******ыг төлөөлж хэн гэдэг хүн надтай гэрээ байгуулсан нь тодорхойгүй байгаа тул өөрийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардлага гаргасан... гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* Сэлэнгэ аймгийн ******* *******ын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр үл хөдлөх хөрөнгө шилжсэн байх ба нэхэмжлэгч нь тус гэрээг байгуулаагүй, гарын үсэг зураагүй гэж тайлбарладаг боловч Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 09 сарын 11-ний өдрийн 2720 дугаартай 2001 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээнд зурсан гарын үсэг нь *******ын гарын үсгийн хэвтэй тохирч байна. гэсэн дүгнэлтүүдээр /3-р хх-ийн 77-84 ху/ тухайн гэрээн дээр гарын үсэг зураагүй гэсэн тайлбар нь үгүйсгэгдэж байна.

 6.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч нарт холбогдуулан гаргасан шаардлагаа бусдын хууль бус өмчлөлөөс гаргуулах гэж тодорхойлсон бөгөөд шүүх нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэх үүрэгтэй тул ******* Сэлэнгэ аймгийн ******* *******ын хооронд 2001 оны 05 сарын 16-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээний хүчин төгөлдөр эсэх болон улсын бүртгэлийн үнэн зөв эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэсэн заасан бөгөөд хэрэгт авагдсан эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа болон ******* дугаартай үл хөдлөх хөрөнгийн хувийн хэргийн хуулбар зэргээр нэхэмжлэгч нь тухайн хөрөнгийн өмчлөгч байсан боловч хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* *******д гэрээний дагуу шилжүүлснээр түүний өмчлөх эрх дуусгавар болсон гэж үзнэ.

Иймд Сэлэнгэ аймгийн ******* *******ыг маргаан бүхий ******* дугаартай үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ авсан гэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгчтэй тохирсны дагуу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг тодорхой хугацаагаар эзэмшиж ашиглаж байсан болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогддог боловч тухайн үл хөдлөх хөрөнгө нь гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн ******* *******ын эзэмшилд шилжсэн байх тул түүнийг нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

7. Иймд нэхэмжлэгч *******ын хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн хариуцагч ******* болон Сэлэнгэ аймгийн ******* *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин шүүхээс хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримт зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаанд эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгчийг Иргэний хуульд заасан шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд зохигчид хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй тохиолдолд шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй.

 8. Иргэн ******* нь өөрийн эд хөрөнгө эзэмших ашиглах, захиран зарцуулах хуулиар олгосон эрх зөрчигдсөн гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт гаргаж шүүхээс түүний хүсэлтийг хангаснаар хэрийн оролцогч болсон байх ба улмаар нэхэмжлэгч *******т холбогдуулан 1998 оны 08 сарын 18-ны өдөр ******* дугаартай үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага гаргажээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Жаргалсайхан нь ...******* нь үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар 1998 оны 08 сарын 18-ны өдөр гэрээ байгуулсан боловч үнийг нь төлөөгүй тул худалдах худалдах авах гэрээг хүчингүйд тооцуулах... гэж шаардлагаа тодорхойлжээ.

Бие даасан шаардлага гаргасан *******ийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан шаардлага нь тодорхой бус, гэрээний үнийг төлөөгүй гэх шалтгаан нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй тул түүний шаардлага үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлд гэрээний үүрэг биелүүлээгүй гэсэн шалтгаан хамаарахгүй харин гэрээний үүрэгтэй холбоотойгоор гэрээний хариуцлага, гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах тухай асуудал талуудад үүсэж болох боловч Иргэний хуульд заасан шаардах эрхийн хугацааны асуудал давхар хөндөгдөнө.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* нэхэмжлэгч ******* нарын хооронд 1999 оны 08 сарын 18-ны өдөр орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байх ба тухайн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар 6 жил байхаар заасан тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь шаардлага хуульд заасан хугацааг хэтрүүлж 20 жилийн дараа гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргасан тул түүний гэрээгээр хүлээсэн үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 148/ШШ2024/00136 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

1. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 75 дугаар зүйлийн 75.1, 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан *******ын *******, Сэлэнгэ аймгийн ******* ******* нарт холбогдох бусдын хууль бус өмчлөлөөс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ийн нэхэмжлэгч *******т холбогдуулан гаргасан талуудын хооронд 1999 оны 08 сарын 18-ны өдөр байгуулсан орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай." гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Г.ДАВААРЕНЧИН