Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 208/МА2024/00032

 

 

                              *******ийн нэхэмжлэлтэй

                                         иргэний хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 148/ШШ2024/00162 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* *******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн ******* эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/75 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай

Хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1.2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/75 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай

Гомдлын шаардлагын үндэслэлээ: ...эмнэлгийн зүгээс 2023 оны 05 дугаар сарын 31-ний Б/75 тоот тушаалаар Дэмжих үйлчилгээний дарга ******* нь хариуцсан албаны ажилтан ******* эмнэлгийн автомашинаас бензин авч өөрийнхөө эзэмшлийн ******* СЭА дугаартай автомашинд хийж байгаа үйлдлийг мэдсэн ч арга хэмжээ аваагүй, байгууллагын эд хөрөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй үйлдэл гаргасан учраас ажлаас чөлөөлж байна гэсэн үндэслэл зааж намайг ажлаас халж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би байгууллагын эд хөрөнгийг завшсан байна гэж огт мэдэхгүй, нөгөөтэйгүүр би байгууллагад огт хохирол учруулаагүй, намайг хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж буйг хүлээн зөвшөөрөхгүй учраас доорх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/75 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

  1. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

2.Сэлэнгэ аймгийн ******* *******т холбогдуулан гаргасан *******ийн нэхэмжлэлтэй танилцаад дараахи тайлбарыг хүргүүлж байна.

Тус эмнэлгийн“Дэмжих үйлчилгээний алба”-ны дарга ******* нь өөрийн  хариуцсан ажилтан болох *******аар өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд эмнэлгийндуудлагын гражид байсан машинаас шатахуун нууцаар авахуулж хийлгэсэн зөрчил гаргасан нь хамт олны хурал болон камерийн бичлэгээр тогтоогдсон тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 05 дугаар сарын 31-нйй өдрийн тушаалаар /2023.06.05 өдрөөр тасалбар болгож/ дуусгасан.

Өөрөөр хэлбэл камерийн бичлэгт:

1. 2023.03.24-ний өдрийн 16.54 цагт өөрийн эзэмшлийн ******* ******* дугаартай тээврийн хэрэгслийг гражид оруулан 16.56 цагт *******-80-50 улсын дугаартай эмнэлгийн машинаас 5 литр бензин, 16.58 цагт 5 литр бензин, 17.00 цагт 5 литр, нийт 15 литр бензин хийлгүүлсэн, 17.03 цагт 10 литр бензин саванд хийж жолооч ******* нь автогражийн хэсэгт байх хувцас солих өрөөнд нуусан,

2. 2023.04.07-ны өдрийн 12.34 цагт 10 литр бензин, 12.44 цагт 15 литр бензин, 12.48 цагт 10 литр бензин, 12.49 цагт 5 литр бензин авч өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийлгүүлсэн,

3. 2023.04.14 өдөр 17.51 цагт 10 литр бензин авч 17.55 цагт ******* ******* дугаартай өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хийлгүүлсэн байна.

Энэ асуудлыг байгууллагын зүгээс өмнө нь огт мэдээгүй ба эмнэлгийн өмч болох зурагтын төхөөрөмж алга болсноор камерийн бичлэгийг шалгах үед энэ зөрчил нь илэрсэн болно. Манай эмнэлгийнтус камерийн бичлэг нь 21 хоногийн хугацаатай хадгалагддаг ба өмнө нь энэ асуудлууд удаа дараа гарч байсныг үгүйсгэхгүй ба зөвхөн сүүлийн өдрүүдийн бичлэгээр эдгээр удаа дараагийн асуудлууд гарч ирсэн байна.

******* эмнэлгийнудирдлагын багийн зүгээс хурал хийж энэ асуудлыг тодруулахад хурлын тэмдэглэл болон бичлэгт өөрийнх нь эзэмшлийн машинд шатахуун хийсэн гэдгийг мэдэж байсан гэж хэлсэн учраас энэ баримтыг шүүхэд гаргаж өгнө.

Нэхэмжлэгчийн гаргасан үйлдэл нь хэдийгээр өөрөө гардан гүйцэтгээгүй боловч тухайн шатахууныг байгууллагын хөрөнгө гэдгийг мэдэж байсан хэрнээ жолооч *******аар өөрийнхөө тээврийн хэрэгсэл хийлгүүлсэн, хийсэн гэдгийг мэдсэн боловч энэ талаар байгууллагын удирдлагад мэдэгдээгүй зэрэг нь хөдөлмөрийг хууль болон бусад хуулийг ноцтой зөрчил үйлдэл гэж үзсэн тул сахилгын арга хэмжээ авсан болно. Байгууллагын удирдлагын зүгээс нэхэмжлэгчийг энэ байгууллагад олон жил ажилласныг харгалзан үзэж одоо хашиж буй албан тушаалаас нь бууруулж, өөр ажил хийх, эсхүл тэтгэврийн насанд хүрсэн байх тул өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх боломжийг олгосон боловч хүлээн аваагүй байна.

Нэхэмжлэгч нь дээрхи зөрчил гаргасан үйлдлээ өөрийн гаргасан үйлдэл биш гэж шүүхэд гомдол гаргаж байгаа тул нэхэмжлэгч болон жолооч ******* нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулсан байх эсэхийг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад гомдлыг гаргаж байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 148/ШШ2024/00162  дугаартай шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн ******* эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/75 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Монгол овогт Бямбажавын Эрдэнэчимэгийг Сэлэнгэ аймгийн ******* эмнэлгийн Дэмжих үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар нэхэмжлэгчийн цалин хөлсний олговорт 19,914,892 төгрөгийг Сэлэнгэ аймгийн ******* эмнэлгээс гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, үлдэх 8,219,102 төгрөгийн цалин хөлсний олговор гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Цалин хөлсний олговроос хуульд заасан татвар, хураамж суутгахыг дурдан,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар нэхэмжлэгч *******ийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* *******т даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*******ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн ******* *******т холбогдох иргэний хэргийн хянан шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь сум дунд Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 03.19-ны өдрийн 148/ШШ2024/00162 тоот шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчаас дараах үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

1.Шүүх хуулийг буруу тайлбарласан, Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна тухайд,

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талууд мэтгэлцэх үндсэн дээр хэрэгждэг бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй билээ.

Энэхүү үүргийнхээ хүрээнд хариуцагч шүүхэд зүгээр нэг баримт гаргаж өгөхийн тулд гаргаж өгч байгаа биш харин өөрийн шаардлага, татгалзлын үндэслэлийг нотлох, өөрийн ашиг сонирхолд нийцсэн баримтыг шүүхэд гаргаж өгдөг Өөрөөр хэлбэл, нотлох баримтаар дамжуулан өөрийн ашиг сонирхлыг шүүхэд илэрхийлж байгаа гэсэн үг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.2-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дурс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.” гэж зааснаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл нь нотлох баримтад тооцогдохоор байна.

Хариуцагч нэхэмжлэлийн татгалзлаа зохигч, өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр, шүүх хуралдааны тэмдэглэл зэргийг үндэслэж мэтгэлцсэн.

Гэтэл шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 83.4-г тайлбарлахдаа ажилтан нь тушаалыг татгалзахгүйгээр хүлээн авах, татгалзсан ч аль ч тохиолдолд ажил олгогч шийдвэрээ хүлээлгэн өгч, гомдол гаргах хугацааг тоолж эхлүүлэх боломжийг ажил олгогчид олгосон зохицуулалт юм. Шүүх хуралдаанд гэрч ******* нь нэхэмжлэгч *******т тушаалыг 2023.06.02-ны өдөр архив бичиг хэргийн ажилтнаар дамжуулан хүлээлгэн өгсөн гэж мэдүүлсэн боловч хариуцагч байгууллага нь хуулийн этгээд тул архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт журмыг мөрдөгдөх тул тушаал шийдвэрийг хүлээлгэн өгсөн нь тухайн этгээдийн гарын үсгээр баталгаажиж нотлогдох ёстой гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэснийг бүрэн хэрэгжүүлээгүй байна.

Учир нь Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бичмэл нотлох баримт ба эд мөрийн баримт зөвлөмжийн 4-т “Хөдөлмөрийн эрх зүйн тухайн харилцааны оролцогчид хоорондоо гэрээ байгуулаагүй байх, тухайн байгууллагад хөдөлмөрийн дотоод журам байхгүй байх зэргээр хэрэг бүрт бүрдсэн байвал зохих бичмэл нотлох баримтын хүрээ өөр байх боломжтой.” гэсэн бөгөөд хэргийг бусад нотолгооны хэрэгслийг ашиглаж хариуцагч нь нэхэмжлэлийн татгалзлаа дэмжиж болохыг зөвлөсөн байна.

Мөн шүүх, нэхэмжлэгч нь өмнөх шүүх хуралдаан дээр 2023.06.02-ны өдөр тушаалтай танилцсан гэх боловч энэхүү тайлбар нь хариуцагчийн татгалзлалыг нотлох баримт болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25.2.2, 107.3-т зааснаар хариуцагч нь өөрөө татгалзлалаа өөрөө нотлох үүрэгтэй гэж бодит байдлыг гуйвуулж мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.2-г үгүйсгэж тайлбарласан, Бодит байдал дээр 2023.11.06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дугаар хуудас 101 тал дээр Даргалагч шүүгч нь нэхэмжлэгчээс: Та хэзээ ажлаас халагдах тушаалаа гардаж авсан бэ гэхэд нэхэмжлэгч нь 2023.06.02-нд гардаж авсан гэж тодорхой тайлбар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байхад 2023.06.02-ны өдөр тушаалтай танилцсан гэж гуйвуулж тайлбарлаж мөн шүүх, хуралдааны тэмдэглэлийг нотлох баримт болохгүй гэж хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөх тушаалтай 2023.05.30-ны өдөр танилцаж, 2023.06.02-ны өдөр гардаж авсан нь дараах байдлаар тогтоогддог. Үүнд:Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.19-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 4-р хуудаст “Нэхэмжлэгч:...2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2 дахь хурлаа хийсэн Хурал эхлэхээс өмнө намайг халах тухай шийдвэр гаргаад дэлгэц дээр байрлуулчихсан байсан.Энэ талаарх асуудлыг ярьсан. 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр халагдах тушаал гарсны дараагаар би ******* даргатай уулзахад... 11 хуудаст Гэрч Ажлаас халах тушаалыг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр *******т бичгээр өөрт нь өгсөн, Гэрч: 2023.06 02-ны өдөр манай өрөөнд *******, ахлах санхүүч ******* нар орж ирсэн. Ажлаас халсан тушаалыг мэдэж орж ирэхэд нь би нарийн бичгээс тушаалыг нь өгсөн үү гэхэд" “өгөөгүй гэхээр нь” би нарийн бичгийг “тушаалыг нь аваад ир” гэсэн. Тушаалыг нь оруулж ирээд над руу өгөх гэхэд нь би Б Эрдэнэчимэгт өг гэсэн гэв., 13 хуудаст: нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Та “Май” гэж‘хэлээд тушаал өгснийг харсан уу? гэхэд Гэрч:Нарийн бичиг орж ирээд миний өрөөнд орсон. гэх мэдүүлгүүд.

2.Хөөн хэлэлцэх хугацаа тоолох асуудлын хувьд

Иргэний эрх зүйд хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэдэг шалтгаануудын нэг нь өөрийн эрхийг хамгаалах арга хэмжээг цаг тухайд нь авч байхыг эрх бүхий этгээдэд анхааруулж байгаа онолын үндэслэлтэй. Хөөн хэлэлцэх хугацааг эрх зөрчигдсөн, эсхүл зөрчигдснийг мэдсэн үеэс эхлэн тоолдог. Иргэний хуулийн 76,4-т “Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно. “Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2,-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” 154.2.1-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор ” гэж хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хөөн хэлэлцэх хугацааг тусгай журмаар тогтоосон байна.

Шүүх хариуцагчийн гэрчийн мэдүүлэг, 2023.11.06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтад тооцоогүй, үнэлэхгүйгээр 2023.06.02-ны өдөр нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөх тушаалыг гардаж аваагүй гэж үзсэн бол ямар нотлох баримтыг үндэслэж уг тушаалыг хэзээ нэхэмжлэгч гардаж авсан буюу хөөн хэлэлцэх хугацаа хэдий үеэс тооцогдож эхэлснийг шийдвэрлээгүй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  65.1.3,117-р зүйлийн тухайд

Хөдөлмөр, Нийгмийн түншлэлийн гурван талт хороо нь Хөдөлмөрийн тухай хуулийн 16.1.3-т “энэ хуулиар олгосон эрхийн хүрээнд холбогдох журам, дүрэм, аргачлал батлан мөрдүүлэх, тогтоол батлах”, 16.1 6-т “хөдөлмөрийн арбитр, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороог байгуулах;” гэсэн бүрэн эрхтэй буюу Тогтоолоор сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороог байгуулах, татан буулгах эрхтэй.

Гэтэл шүүх Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын 2024.02.26-ны өдрийн 03/51 дугаартай бичгийг үндэслэж хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо 2022.12.09-ны өдөр байгуулагдаад одоо байгуулагдаагүй байна гэж буруу дүгнэсэн.

Тодруулбал Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороог зөвхөн Хөдөлмөр, Нийгмийн түншлэлийн гурван талт хороо нь байгуулах, татан буулгах бүрэн эрхтэй цорын ганц байгууллага.

Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороог амьдрал дээр 21 аймгийн 330 сумд байгуулах боломжгүй /ихэнх сумд ажил олгогчийг төлөөлөх компаниудын төлөөлөл бүрдэх боломжгүй байдаг/ учир Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороог зөвхөн Хөдөлмөр, Нийгмийн түншлэлийн гурван талт хороо нь аймгийн төвийн сум дээр хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороог байгуулсан ба Сэлэнгэ аймгийн хэмжээнд зориулж Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороог 2022.12.09-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор маргаангүй байгуулсан.

2023.03.19-ны өдрийн Шүүх хуралдааны тэмдэглэлийн 22-т “.. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаад тухайн маргаанд талууд тодорхой зөвшилцөлд хүрэхгүй бол хэрэг буцаад шүүхэд ирэх процесс учраас нэг удаа буцааж явуулж ирүүлэх үү эсхүл хэргийг шийдвэрлэх үү” гэдэг хуулийн зохицуулалт байна. Шүүх энэ агуулгаар хэргийг эцэслэж шийдвэрлэх зүйтэй гэж үзсэн” гэж шүүх маргааныг түргэн шийдэх, эцсийн шийдвэрлэлтийг гаргах сонирхолтой байж нотлох баримтыг нэхэмжлэгчийн ашиг сонирхолд хөтлөгдөж шүүхийн хөндлөнгийн байр суурийг алдснаар нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэх, шүүхийн хөндлөнгийн байр суурийг баримтлах зарчмыг зөрчсөн.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.19-ны өдрийн 148/ШШ2024/00162 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Эрх хэзээ зөрчигдөж байна гэхээр тушаал гарсан, хэдний өдрөөр гарсан нь хамаагүй. Тэгэхдээ 06 дугаар сарын 05-ны өдрөөр чиний ажлыг авна гэж хэсэн. Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолоор юу гэж тайлбарлаж байна гэхээр хэн нэгнээс нь шалтгаалаад, энэ асуудалд хандсан байвал ажил хүлээлгэж өгсөн, хүлээж авсан өдрөөр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзнэ гэдэг. Хавтаст хэрэгт манай үйлчлүүлэгч 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээж авсан. ...Ажлаас чөлөөлсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5-д заасан үндэслэл болох үйлдэл эс үйлдэхүйг миний үйлчлүүлэгч огт хийгээгүй. Хавтаст хэрэгт баримтаар тогтоогдсон. Цагдаагийн газарт хулгай хийсэн учраас ажлаас халсан, манай итгэлийг алдагдуулчихлаа гэх гомдол гаргаж, шалгаад ийм үндэслэл байхгүй байна гэж прокурор хэргийг хааж, улсын прокурор хүртэл явж хаагдсан. Тушаалын үндэслэл хуульд нийцээгүй байсан гэж харагдаж байгаа юм. Анхнаасаа хуульд нийцээгүй, хууль зөрчсөн тушаал шийдвэр гарсан байна гэж маргасан. Энийг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Би 35 жил ******* *******т ажилласан. Тэтгэвэр тэтгэмж мөнгөө авч чадахгүй хэмжээнд өөрийгөө золиослоод явж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үнэн зөв гарсан гэж итгэж байна. Түүнээс биш ******* *******т учруулсан хохирол байхгүй. 3 талт хорооны тухайд суманд байхгүй. Энэ хүний гаргасан тогтоолыг аваад үнэнг олно гэж зөндөө явсан гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, маргааны зүйлийг зөв тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн  тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

3.Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч *******  нь хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* *******т холбогдуулан Сэлэнгэ аймгийн ******* эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/75 дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Түвшинтөр “...уг гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, Өөрийн эзэмшлийн машиндаа байгууллагын машинаас жолооч Чинбаатараар бензин авахуулж хийлгэсэн зөрчлийг өөрөө мэдэж байсан, арга хэмжээ аваагүй нь ёс зүйн зөрчил гэж ******* эмнэлгийн удирдлагын баг үзэж ажлаас халах шийдвэр гаргасан...” гэж маргажээ.

4.Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “...Нэхэмжлэгч *******ийг өөрийн эзэмшлийн ************** улсын дугаартай хувийн машиндаа эмнэлгийн тусламж үйлчилгээнд явдаг машинаас удаа дараа бензин авч жолооч *******аар хийлгүүлснийг мэдсэн, мэдсэн боловч арга хэмжээ аваагүй нь зөрчил, уг зөрчил нь камерийн бичлэгээр нотлогдсон, эмнэлгийн удирдлагын багийн зүгээс ажлаас чөлөөлөх шийдвэрт хүрсэн...” гэсэн тайлбарыг гаргаж байгаа болно.

Сэлэнгэ аймгийн ******* эмнэлгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/75 тоот тушаалын үндэслэл  нь Хөдөлмөрийн тухай хуулийн

80 дугаар зүйлийн 80.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж,

80.1.5-д “...ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэж тус тус заасан боловч дээрх хуулийн үндэслэлд нэхэмжлэгч *******ийн гаргасан зөрчил яг алинд нь хэрхэн хамаарч байгаа эсэх талаар хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс маргаагүй, зөвхөн тушаалыг хэзээ хэрхэн гардаж авсан эсэх, гомдлыг шүүхээс өмнөх шатанд урьдчилан шийдвэрлүүлэх хуульд заасан журам зөрчсөн эсэх талаар мэтгэлцсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч *******тэй байгуулсан гэх хөдөлмөрийн гэрээг хавтаст хэрэгт баримт болгон ирүүлээгүй тул хөдөлмөрийн  гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчилд дээрх зөрчил хамаарах эсэх нь тодорхойгүйн дээр байгууллагын дотоод журамд заасан сахилгын зөрчилд тухайн үйл баримт хамаарахгүй байгаа болно.

******* эмнэлгийн дэмжих үйлчилгээний албаны дарга ******* нь төсвийн захирагч, нягтлан бодогч биш тул түүнийг хөрөнгө эд хөрөнгө хариуцсан эсхүл захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтан гэж үзэх хуулийн үндэслэлгүй, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн аудитын дүгнэлтээр нотлогдоогүй байгааг дурьдав.

Нэхэмжлэгч *******ийн өөрийн машиндаа албаны машинаас бензин авч хөрөнгө завшсан гэх асуудлыг Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан үйл баримт хавтаст хэрэгт ирүүлсэн баримтуудаар нотлогддог бөгөөд эрх бүхий байгууллагаас шалгаж 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 341/а тоот Прокурорын тогтоолоор *******т холбогдох үйлдэл нь Хөрөнгө завших гэмт хэргийн шинжгүй байна, авсан гэх шатахуун нь гэмт хэргийн улмаас учирсан байх хохирлын хэмжээнд хүрэхгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Түүнчлэн хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн эзэмшлийн хувийн машинд жолооч ******* албаны машинаас авсан бензинийг яагаад хийх болсон, эдгээр хүмүүс нь хоорондоо ямар хамааралтай, албаны хэрэгцээний шатахууныг түүний машинд хийснийг нэхэмжлэгч ******* мэдсэн, хийхийг зөвшөөрсөн эсэх, ямар баримтаар  мэдсэн боловч арга хэмжээ аваагүй гэж үзсэн болохыг тогтоож чадаагүй, энэ талаар үндэслэл бүхий тайлбарыг гаргаж ирүүлээгүй тул хариуцагч байгууллагын удирдлагын зүгээс таамаглалд үндэслэн нэхэмжлэгчид сахилгын хариуцлага тооцсон гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагын шийдвэр нь зайлшгүй хуулийн үндэслэл бүхий байх ёстой бөгөөд үйл баримтыг гарцаагүй тогтоож, энэхүү үйл баримтыг яагаад сахилга хариуцлага алдсан гэж үзэж буйгаа баримтаар нотлохыг шаардана.

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд “хөдөлмөрийн сахилгын хариуцлага”, “сахилгын зөрчил” гэсэн эрх зүйн ойлголтууд өөр бөгөөд ажилтан нь хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө сахилгын хариуцлага хүлээдэг. Харин сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм. Сахилгын зөрчил нь тогтоогдсон байх шаардлагатайг дурьдах нь зүйтэй.

5. Хариуцагч байгууллагын өмгөөлөгчөөс гаргасан “...Шүүх хуулийг буруу тайлбарласан, Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, нэхэмжлэгч *******ийг ажлаас чөлөөлсөн шүүхийн шийдвэрийг гардуулж өгсөн өдрөөс хойш хугацаа хэтрүүлж шүүхэд гомдол гаргасан, уг маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчиж шүүх хүлээн авч шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно. 

Үүнд: Нэхэмжлэгчид ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хэдийд танилцуулж гардуулсан тухай баримт  хэрэгт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгчийн гомдлыг урьдчилан шийдвэрлэх боломжтой байсан эсэх талаарх талуудын маргаанд анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн, Хөдөлмөрийн хуулийн холбогдох зохицуулалтуудыг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт  “ажилтан” энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж маргаанаа шийдвэрлүүлнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх журам хэрэглэлгүйгээр шүүхэд хандсаныг буруутгах боломжгүй бөгөөд Сүхбаатар суманд хөдөлмөрийн маргаан таслах 3 талт хороо байгуулагдаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс хойш ийм төрлийн маргаан шийдвэрлэгдээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх ба дээрх хуулийн зохицуулалт нь заавал урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийсэн байхыг шаардсан зохицуулалгүй  болохыг дурьдах нь зүйтэй.  

Иймд хариуцагч байгууллагын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 148/ШШ2024/00162 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 148/ШШ2024/00162 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.                      

                                        ДАРГАЛАГЧ                                  Д.БУЯНЖАРГАЛ 

                                           ШҮҮГЧИД                                   Г.ДАВААРЕНЧИН

                                                                                               Б.ЭРДЭНЭХИШИГ

Bottom of Form