Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 16

 

Б.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                           Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал

Прокурор                                          О.Доржмаа

Ялтан                                                Б.М-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргалын даргалж 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 26 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч О.Доржмаагийн бичсэн эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баасангийн М-д холбогдох эрүүгийн 201609000446 тоот 1 хавтас хэргийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг Чулуутын 3 дугаар гудамжны 17 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 94 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж биечлэн эдэлсэн гэх хэрэг хариуцах чадвартай, Бэсүд овогт Баасангийн М- /РД:ВЮ92102534/ нь 2016 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт мөрөн” ХХК-ий махны дэлгүүрийн цонхоор нэвтэрч нийт 41.1 кг мах хулгайлж 321.550 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байхдаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийж, 2015 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Венус” барнаас 21 шил архи хулгайлж 330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Б.М-д холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж Б.М-ийн нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Б.М-эс гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Улсын яллагч О.Доржмаа шүүхэд ирүүлсэн давж заалдах эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр хүлээж авах боломжгүй байна. Шийтгэх тогтоолын удиртгал хэсгийн шүүгдэгчийн биеийн байцаалтад урьд шийтгүүлсэн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 94 дүгээр тогтоолыг огноог бичээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт заасан шүүхийн тогтоол нь тодорхой ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Б.М- нь урьд нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 94 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хугацаа дуусч суллагдсан бөгөөд 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдаж түүний ялтай байдал арилсан байхад шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ...”түүний урьд хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, хуульд заасан ял шийтгэлгүй болох хугацаа дуусаагүй байхад  дахин гэмт хэрэг үйлдсэн нь оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл болно” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд буруу дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх  тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шийтгэх тогтоол хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив.” гэжээ.                                                

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон прокурор О.Доржмаа гаргасан тайлбар дүгнэлтэндээ: Шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй. Шийтгэх тогтоолын удиртгал хэсгийн шүүгдэгчийн биеийн байцаалтад түүний урьд ял шийтгэгдсэн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 94 дугаарт тогтоолын огноог бичээгүй байгаа нь шүүхийн тогтоол тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй байгаагийн зэрэгцээ тогтоолын тодорхойлох хэсэгт Б.Мөнх-Эрдэнийн ялтай байдал нь 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамрагдаж арилсан байхад шүүх тогтоолын тодорхойлох хэсэгт түүний эрх зүйн байдлыг хүндрүүлсэн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдлыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд шүүхийн шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Тодорхойлох нь:

Ялтан Б.М- нь 2015 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх “Гэрэлт мөрөн” ХХК-ийн махны дэлгүүрийн цонхоор орж 41.1 кг мах хулгайлж 321.550 төгрөгийн хохирол, 2015 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Венус” барнаас 21 шил архи хулгайлж 330.000 төгрөгийн нийт 651.550 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдлээр үйлдсэн, “Гэрэлт мөрөн” ХХК-ийн дэлгүүрээс мах хулгайлсан хэрэгт сэжигтнээр татагдаж шалгагдаж байхдаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн үндэслэлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Б.Мөнх-Эрдэнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулж, ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Улсын яллагч О.Доржмаагийн бичсэн давж заалдах эсэргүүцлийн үндэслэлийн дагуу Б.М-д холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдааны  бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар ялтан Б.М- нь 2014 оны 10 дугаар сард хулгайн гэмт хэрэг үйлдэж 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдөр баривчлах ялын хугацаа дуусаж суллагдсан болох нь тогтоогдсон байх бөгөөд 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар түүний Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь хэсэгт заасан ялтайд тооцох хугацаа өршөөгдөж хэрэгсэхгүй болжээ.

Гэтэл  анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох  хэсэгт “...урьд нь хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, хуульд заасан ял шийтгэлгүй болох хугацаа дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл болно.” гэж  дүгнэсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт болсон байх тул улсын яллагчийн энэ талаар бичсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Харин  ялтан Б.Мөнх-Эрдэнийн ялтай байдал нь арилж анхан удаа гэмт хэрэг үйлдсэн гэж тооцож байгаа боловч түүний үйлдсэн хэргийн гэм бурууд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ тохирсон байх тул тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ                                             Я.ТУУЛ

                                               ШҮҮГЧИД                                             Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                             Ц.АМАРЖАРГАЛ