Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00891

 

 

 

 

2024 04 29 210/МА2024/00891

 

 

 

Д.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2024/00994 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох

Гэм хорын хохиролд 97,117,669 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, өмгөөлөгч А.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. 2013 оны 12 дугаар сарын 19-ны оройны 18 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах завсарын автобусны буудлаас зам хөндлөн гарах явцад Улаанбаатар төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицер цагдаагийн ахмад ******* овогтой ******* нь ******* УНМ улсын дугаартай Тоёото-ипсум маркийн автомашиныг согтуугаар жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөнөөс мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж, зам тээврийн осол гаргаж, ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт Мөрдөн байцаах албаны Тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч В. шалгахдаа цагдан хорих, эд хөрөнгийн баталгаа авах, улсын хилээр гарахыг хориглох, хязгаарлалт тогтоох зэрэг таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэглээгүйн улмаас Ж.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар-Бээжин чиглэлийн онгоцоор улсын хилээр нэвтрэн оргон зайлсан.

1.2. Мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан тул уг этгээдийг Интерполын шугамаар эрэн сурвалжилж Интерполын В-2532/7-2018 дугаартай хөх булант зар мэдээгээр эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байх үед 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Швед Улсын Акалла хотод согтуугаар нэгэн байгууллагын шилэн хаалгыг өшиглөн хагалж зөрчил гарган саатуулагдсан бөгөөд шалгалтын явцад өөрийгөө 1977 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн *******гийн ******* гэж мэдүүлээд байхад Цагдаагийн ерөнхий газраас түүнийг авах талаар ямар нэгэн дорвитой арга хэмжээ авалгүй орхигдуулсан байгаа нь гэмт хэрэг үйлдээд яллагдагчаар татагдан мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан гэмт этгээдэд цаашид дахин зугтах боломж олгосон. Энэ нь нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэл болж байна.

1.3. Хэрэв Цагдаагийн байгууллагын ажилтнууд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан зорилт журмыг удирдлага болгож шуурхай ажиллагаа хийсэн бол энэ хэрэг ийм байдалд хүрч ингэж хохирох ёсгүй байсан. Мөрдөгч В. нь Ж.*******т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар зүйлийн 27.10 дахь хэсэг, 27.11.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй.

Мөн хяналтын прокурор хуульд нийцүүлэн яллагдагчаар татаагүй. Хэрэг бүртгэлийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр түдгэлзүүлэн сэргээж шинэ хуульд нийцүүлэн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан нь яллагдагч Ж.*******, мөрдөн байцаалтаас оргон зайлах, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дууссан үндэслэлээр хаах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 182 дугаар зүйлийн 182.6 дахь хэсэгт заасан хугацаанд мөрдөн байцаах ажиллагаа явуулж дуусгах шаардлагатай тохиолдолд прокурорын хяналтанд хэргийн хугацааг сунгахыг хэрэгжүүлээгүй. Гуравдугаарт, таслан сэргийлэх арга хэмжээг аваагүй.

1.4. В. нь 2016 онд Ж.******* оргон зайлсан байхад 2018 он хүртэл Интерполын гишүүн улсуудад хандан зохих үүргээ биелүүлж хуульд заасан арга хэмжээ аваагүй эс үйлдэхүй гаргасан нь мөрдөн байцаах албаны 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1922 дугаар албан бичиг хэргийн үйл баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Иймд Цагдаагийн ерөнхий газраас эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөрт 97,117,669 төгрөг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байхаар заасан. Хэрэгт цугларсан баримтаас үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн дүнд дан ганц эрүүл мэндэд учирсан хохирол бус зарим банкнаас авсан зээлийг хамааруулан тооцсон нь үндэслэлгүй юм.

2.2. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хуулийн заалт хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьж, шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцоно гэж зохицуулсан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах бүхий л ажиллагаа прокурорын хяналтад явагддаг ба цагдаагийн байгууллага гэмт хэрэгт тус байгууллагын хяналтгүй, дур мэдэн ямар нэг ажиллагаа явуулдаггүй.

2.3. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл яллагдагч Ж.******* анхан шатны шүүхээр орохдоо батлан даалтад өгөх таслах сэргийлэх арга хэмжээтэй байсан, мөн давж заалдах шатны шүүхээс хэргийг буцаасан магадлалд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй гэж дурдсан байдаг.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт Эрүүгийн хуульд заасан хүнд, онц хүнд хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, түүнчлэн удаа дараа ял шийтгэгдэж байсан этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн дахин гэмт хэрэгт сэрдэгдсэн бол түүнийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлах, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор цагдан хорьж болно гээд цагдан хорих үндэслэлийг тодорхой зааж өгсөн. Мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дэх хэсэгт Энэ хуулийн 68.1, 68.2-т заасан үндэслэл, шаардлага байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих газар, үндэслэлийг тодорхой заасан тогтоол үйлдэж прокурорт танилцуулах бөгөөд прокурор нь шүүхэд танилцуулна. Шүүгч шаардлагатай гэж үзсэн, эсхүл өмгөөлөгч хүсэлт гаргасан бол өмгөөлөгч, прокурорыг байлцуулан сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих эсэх асуудлыг шийдвэрлэж нэн даруй захирамж гаргана гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн дурдаад байгаа цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч шууд авдаггүй, тодорхой үндэслэл бий болсон тохиолдолд прокурорын хяналтад шүүхээс авч хэрэгжүүлдэг арга хэмжээ юм.

2.4. Мөн Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, гадаад орны цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрээс хүлээн авсан мэдээ, мэдээллээр цагдаагийн байгууллагыг хангах, гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан этгээд, сураггүй алга болсон хүнийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах, гэмт хэрэг, гэмт этгээдийн талаар мэдээлэл солилцох гэсэн чиг үүрэгтэй бөгөөд гэмт этгээдийг гадаад улсаас дайчлан баривчлах чиг үүрэг хүлээдэггүй.

2.5. Нэхэмжлэлд дурдсанчлан төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааг тогтоосон ямар ч үйл баримт байхгүй бөгөөд мөрдөн байцаагч тухайн үедээ өөрөөс хамаарах, хууль зүйн хүрээнд авч болох бүхий л ажиллагааг хийгээд оргон зайлсан байхад тухайн албан хаагчийг буруутгаж байгаа нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасныг хангахгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.6. Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах бүхий л үйл ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль аль алийг нь үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокурорын хяналтанд явж байсан.

Зам тээврийн осол гаргасан нь гэмт хэргийн хүндэвтэр ангилалд хамаардаг байсан. Яагаад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй шалтгаан нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэгт заасан онц хүнд хэрэгт сэжигтэн яллагдагч, удаа дараа шийтгэгдэж байсан онц хүнд гэмт хэрэгтэн, дахин гэмт хэрэг үйлдсэн бол шүүхээс оргон зайлах, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдан хорьж болно гэж заасан. Цагдан хорих эрхийг зөвхөн шүүхэд олгосон байдаг тул энэ гэмт хэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах гэмт хэрэг биш.

Цагдаагийн байгууллагын мөрдөгч хуульд заасан үйл ажиллагаагаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу авч хэрэгжүүлсэн. Бүх үйл ажиллагаа прокурорын хяналтанд явдаг ба хяналт тавьж байсан прокурорын 2020 оны 5 дугаар сарын 11-ний 1075 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг хохирогч эс зөвшөөрвөл 7 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй гэж заасан байсан ч нэхэмжлэгч нь хэрэгт хаагдсан талаар гомдол гаргасан зүйл байдаггүй. Мөн хэргийг шалгасан мөрдөгчийн гэм буруутай буюу албан үүргээ хуульд заасны дагуу гүйцэтгэсэн эс гүйцэтгэсэн тухай тогтоосон баримт хавтаст хэрэгт байдаггүй. Цагдаагийн Ерөнхий газар нь энэ хэргийн хариуцагч биш юм.

Иймд цагдаагийн байгууллагыг хариуцагчаар татаж мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Иргэдийн төлөөлөгч А., А. нар шүүхэд хамтарч гаргасан дүгнэлтдээ: Шүүх хуралдаанд оролцоод иргэдийн төлөөлөгчдөөс 97,117,669 төгрөг хариуцагч байгууллагаас төлөх зүйтэй гэж дүгнэж байна. Хариуцагч тал нь гэм буруутай гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 498 дүгээр зүйлийн 498.2-т заасныг баримтлан Цагдаагийн ерөнхий газраас 97,117,669 төгрөг гаргуулах тухай Д.*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 650,847 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Миний үйлчлүүлэгч Д.*******г 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицер а/х Ж.******* нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ******* УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж хүнд гэмтээсэн. Энэхүү хэргийг мөрдөж байсан МБАлбаны Тусгай субьектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөгч х/ч В. уг хэргийг шалгах явцдаа таслан сэргийлэх арга хэмжээ аваагүйн улмаас оргон зайлсан гэх үндэслэлээр Цагдаагийн ерөнхий газрыг хариуцагчаар татаж Д.*******д учирсан эмчилгээний зардал 97,117,669 төгрөг нэхэмжилсэн.

5.2. Анхан шатны шүүх Д.*******гийн нэхэмжлэлтэй холбоотой хууль зүйн хоёр үндэслэл байхад зөвхөн нэгийг нь дүгнээд нөгөөг нь орхигдуулж шийвэрлэсэн байна.

Тодруулбал, Төмөр зам дахь цагдаагийн хэлтэс нь Цагдаагийн ерөнхий газрын шууд харьяалалд байдаг. Энэхүү шууд харьяалалын байгууллагын жижүүрийн офицер а/х Ж.******* төрөөс олгосон хувцас формыг бүрэн өмсөж явсан. Цагдаагийн байгууллагын ажилтаныг хувцас формоо өмсөж явахад албан үүргээ биелүүлж явна гэж тооцдог. Энэ нь Цагдаагийн байгууллагын тухай хуулиар" баталгаажсан. Гэтэл энэхүү нэхэмжлэлийн үндэслэлийг дүгнэлгүй орхигдуулсан.

Улсын мөрдөн байцаах албаны Тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэс-ийн ахлах мөрдөгч х/ч В. нь Ж.*******ын үйлдсэн хэргийг мөрдөх явцдаа Таслан сэргийлэх арга хэмжээг аваагүй ба Ж.*******ыг 2006 онд оргон зайлсан байхад 2008 он хүртэл Интерполын гишүүн улсуудад хандан зохих үүргээ биелүүлж хуульд заасан Эрэн сурвалжлах ажиллагаа явуулаагүй нэхэмжлэлийн үндэслэлийг дүгнэхдээ "Цаг хугацааны хувьд Д.*******г хүнд зэргийн гэмтэл авахад шалтгаант холбоо байхгүй байна" гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчсөн шийдвэр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж Д.*******гийн эмчилгээний зардал 97,117,669 төгрөгийг Цагдаагийн ерөнхий газраас гаргуулан шийдвэрлэж өгнө үү.

6. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 дахь хэсгийг дурдаж цагдаагийн байгууллагад холбогдуулан нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйгээр учруулсан гэм хорыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан. Иргэний эрх зүйн харилцаанд 97,000,000 төгрөгийн хохирлыг төмөр замын цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицероор ажиллаж байсан ахмад Ж.******* гэх хүн учруулсан. Ж.******* нь цагдаагийн байгууллагын алба хаагч гэж Цагдаагийн Ерөнхий газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүхэд бичгээр гардуулсан нэхэмжлэлд В. гэх хүний учруулсан хохиролтой холбоотой асуудлыг ярьдаг боловч Ж.******* гэх цагдаагийн албан хаагч хохирол учруулсан тул тус төлбөрийг цагдаагийн байгууллагаас нэхэмжилж байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг шүүх хэрэглэхийн тулд цагдаагийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр байх ёстой.

Гэвч Ж.******* болон В. нарын буруутай үйл ажиллагааг тогтоосон шийдвэр байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Эрүүгийн хэрэг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1075 дугаар Сүхбаатар дүүргийн прокурорын тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

6.2. Энэ гэмт хэрэг нь ихэвчлэн болгоомжгүй үйлдэгддэг гэмт хэрэг учраас цагдан хорин таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлгүй хэрэг байсан. Эрх мэдлийнхээ хүрээнд мөрдөгч өөрөө гадагш явахгүй байх баталгаа авах, шүүх прокурорын шатанд бусдын батлан даалтад өгөх, таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах чиг үүрэгтэй албан байгууллага энэ хэрэгт хийвэл зохих үйл ажиллагаануудаа тодорхой хэмжээнд хийсэн байна.

6.3. Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын Интерполын үндэсний төв товчоо нь өөрөө гэмт хэрэгт үйлдсэн этгээдийн байршлыг тогтоох, мэдээлэл солилцох чиг үүрэгтэй байгууллага бөгөөд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгүй улсаас ямар нэгэн этгээдийн албадан авч ирэх боломжгүй. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй улсуудад ч гэсэн цагдаагийн байгууллагын албадан авч ирэх үйл ажиллагаанд шууд оролцдоггүй.

Ж.******* гэх хүнийг ******* төлөөлөх боломжгүй. В. Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст ажиллаж байгаа бөгөөд энэ нь цагдаагийн байгууллагын харьяаны байгууллага тул В.тай холбоотой асуудалд төлөөлж байгаа.

Цагдаагийн байгууллага болон мөрдөн шалгах байгууллагын зүгээс хуульд заасан үйл ажиллагааг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч *******т холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 97,117,669 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. Улаанбаатар төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн хэв журмын байцаагч ажилтай Ж.******* нь 2013 оны 12 дугаар сарын 19-ний орой 18 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох завсарын автобусны буудлын замд ******* УНМ улсын дугаартай тоёота ипсум маркийн автомашиныг согтуугаар жолоодож явахдаа, явган зорчигч Д.*******г мөргөж хүнд гэмтэл учруулсан, мөн зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогдон шалгагдсан.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1421 дугаар шийтгэх тогтоолоор Ж.*******ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас явган зорчигч Д.*******гийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн. /1хх-ийн 13-19, 2хх-ийн 22-35 дугаар тал/

Дээрх шийтгэх тогтоолыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 74 дугаар магадлалаар хүчингүй болгож, нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ. /1хх-ийн 20-25 дугаар тал/

3.2. Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч В. явуулсан, уг ажиллагааг явуулж байх хугацаанд Ж.******* нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын хилээр гарч явсан болох нь тогтоогдсон.

3.3. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1075 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр дээрх хэргийг хаасан байна. /2хх-ийн 19-21 дүгээр тал/

3.4. Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй, тэдний маргааны зүйл нь цагдаагийн алба хаагч нарын буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас учирсан гэх хохирлыг хариуцагч арилгах үүрэг бүхий этгээд мөн эсэх, интерполоор эрэн сурвалжлагдаж буй этгээдийн талаар цагдаагийн байгууллага хуульд заасан үүргээ гүйцэтгэсэн эсэх асуудал болсон.

4. Анхан шатны шүүх Ж.*******т холбогдох үйл баримтыг зөв тогтоож, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, В.т холбогдох асуудлаар хийсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

4.1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан.

Хуулийн энэ зохицуулалтаар шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь төрийн албан хаагч хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх явцдаа албан үүргээ зөрчсөн байх явдал.

Цагдаагийн алба хаагч Ж.******* нь 2013 оны 12 дугаар сарын 19-ний орой 18 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автомашин согтуугаар жолоодож явахдаа Д.*******г мөргөсөн үйлдэл албан үүрэгтэй нь холбоогүй, замын хөдөлгөөнд оролцож явах үедээ гаргасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл болох талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болсон.

Ж.*******ын нэхэмжлэгчид хохирол учруулсан дээрх үйлдэл нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас үүссэн байх тул уг зөрчлийг гаргахдаа алба хаагчийн дүрэмт хувцастай байсан нь тухайн зөрчлийг албан үүргийн зөрчилд хамааруулах үндэслэл болохгүй. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллага нь Ж.*******ын нэхэмжлэгчид учруулсан хохирлыг арилгах үүрэг хүлээхгүй.

4.2. Ж.*******т холбогдох дээрх хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулж байсан мөрдөн байцаагч В. нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль /2002 оны/-д заасан зохих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлээгүйн улмаас түүнд оргон зайлах боломжийг олгосон буруутай, уг буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр төлүүлэх боломжгүй болсон үндэслэлээр тухайн хохирлыг цагдаагийн төв байгууллагад хариуцуулахаар шаардсан.

Энэ асуудлаар нэхэмжлэгч Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд гомдол гаргаж, тус албаны 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 12/1-1922 дугаартай албан бичгээр хариу өгсөн байх ба уг албан бичигт дурдсанаар мөрдөгч В.т холбогдуулан хяналт шалгалт явуулахад алба хаагчийн буруутай үйлдэл тогтоогдсон гэжээ.

Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хууль /1993 оны/-ийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт цагдаагийн байгууллага нь хуулиар харъяалуулсан эрүүгийн хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулна гэж хэргийн харъяаллыг тогтоосон нь тухайн ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх эрх хэмжээг олгоогүй. Мөрдөн байцаах ажиллагааг мөрдөн байцаагч нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль /2002 оны/-д заасан үндэслэл, журмын дагуу аливаа байгууллага, албан тушаалтнаас хараат бусаар прокурорын зөвшөөрөл болон даалгавраар, мөн бие даан хэрэгжүүлж, төрийн нэрийн өмнөөс явуулах бөгөөд тухайн ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж буй эсэхэд прокурор хяналт тавьж, удирдан чиглүүлэх болохыг хуулиар зохицуулсан.

Өөрөөр хэлбэл мөрдөгч /мөрдөн байцаагч/ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бие даасан субъект тул түүний мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг хариуцах үүрэг бүхий этгээд нь цагдаагийн байгууллага биш юм.

4.3. Ж.******* нь мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх үед 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан нь тус ажиллагаанаас оргон зайлсан гэж үзэн түүнийг эрэн сурвалжилж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчооноос В-2532/7-2018 дугаартай Хөх булант зар мэдээг 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Интерполын бүх гишүүн улсуудад хандан гаргасан болох нь тогтоогдсон.

Улмаар Монгол Улсаас эрэн сурвалжлагдаж байж болзошгүй этгээд 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Швед улсын Акалла хотод зөрчил гарган саатуулагдсан, энэ нь Ж.******* байж болзошгүй талаарх баримт хэрэгт авагджээ.

Дээрх ажиллагааны үр дүнд эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийн байгаа газрыг олж тогтоосон тохиолдолд түүнийг шилжүүлэн авах асуудал нь тухайн этгээдийн байгаа улстай байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр тодорхойлогдоно. Иймд Ж.*******ыг шилжүүлэн авах талаар арга хэмжээ аваагүй гэж хариуцагч байгууллагыг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

5. Дээр дурдсанаар хариуцагч байгууллага нь цагдаагийн алба хаагч нарын буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэггүй байхаас гадна хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй гэж буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл зөв байна. 

6. Хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулж, түүний дүгнэлтийн талаар анхан шатны шүүх шийдвэртээ тусгасан нь хуульд нийцсэн.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2024/00994 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 650,847 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

  ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Т.ГАНДИЙМАА