Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2019/0513

 

Прокурорын дүгнэлттэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, прокурорыг төлөөлж Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.М нарыг оролцуулан Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Прокурорын дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2.4.6, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.У-ын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0174004 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Х.С-д 100 нэгжтэй /нэг зуу/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч Б.У давж заалдах гомдолдоо: “...иргэн Х.С-ын улсын хилээр зохих зөвшөөрөлгүйгээр эмийн зүйлс импортолсон нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн хориглох заалтыг зөрчсөн, ...Эрүүгийн хуулийн 16.2-т Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүй учир нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасны дагуу Х.С-ын улсын хилээр нэвтрүүлсэн эмийн зүйл болох АЦЦ нь цэр шингэлэх үйлчилгээтэй, жоргүй олгогддог эм тул зөрчил гэж үзэн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шийтгэл оногдуулсан. ...Зөрчлийн тухай хуульд тухайн хуулийн заалт нь зөвхөн зөвшөөрөл бүхий иргэн, хуулийн этгээдэд хамаарах тухай заагаагүй байхад ямар шинжийг агуулсан байвал гэмт хэргийн шинжтэй гэж үзэхийг хуульд тусгайлан тус тус зааж өгөөгүй байхад гэмт хэргийн шинжтэй гэж үзэн шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дараах үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 7.6 дугаар зүйлийн 2-т тус тус зааснаар захиргааны хэргийн шүүх нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх, ийнхүү шүүхээс зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг баримтлах талаар зохицуулсан.

Гэтэл анхан шатны шүүхээс Сэлэнгэ аймгийн Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0174004 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан Прокурорын дүгнэлтэд захиргааны хэрэг үүсгэхгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг зөрчсөн, ноцтой зөрчил болжээ.

Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Шүүгч энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан, ...хойш долоо хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж заасны дагуу шүүхээс зөрчлийн маргаанд захиргааны хэрэг үүсгэж, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодорхойлох, хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх, хэргийн оролцогчийг татан оролцуулж, хуульд заасан эрх, үүргийг эдлүүлэх боломжийг бүрдүүлэх ёстой байжээ.

2. Хэрэв прокурор Д.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй болсон бол тухайн захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн прокурорын чиг үүргийг хэрэгжүүлүүлэхээр прокурорын байгууллагаас түүнийг томилсныг нотлох баримтыг, эсхүл прокурор Д.Н нь төлөөлөгч томилсон бол итгэмжлэлийг шалгасны үндсэн дээр шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн этгээдүүдийг оролцуулах ёстой.

Гэтэл анхан шатны шүүхээс захиргааны хэрэг үүсгээгүй, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодорхойлж, тодруулаагүйн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дүгнэлт бичсэн прокурор Д.Н-ээс гадна хэргийн оролцогч мөн биш нь тодорхойгүй этгээдүүд болох прокурор А.А, Б.Э нарыг шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байна.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан.

Шүүхээс гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж буй зорилго нь түүнийг хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцүүлэх, ингэхдээ шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох өөрөөр хэлбэл, түүнд шүүхийн шийдвэрийн улмаас хөндөгдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломжийг олгоход оршдог.

Гэтэл анхан шатны шүүхээс Сэлэнгэ аймгийн Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0174004 дугаартай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсан, улмаар түүнийг “зөрчил бус гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэж бичсэн прокурорын дүгнэлттэй хэргийг хянан шийдвэрлэхэд Х.С-ыг өөрийг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг зөрчсөн гэж үзнэ.

Хэдийгээр Анхан шатны шүүхээс Х.С-ыг гуравдагч этгээдээр татан оролцуулах захирамж гаргасан боловч түүний регистрийн дугаар нь буруу бичигдсэн, олдоогүй гэх үндэслэлээр түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүйн улмаас Х.Сэр-Од зөрчил гаргасан холбогдогч биш, гэмт хэрэг үйлдсэн этгээд болох үр дагаврыг үүсгэж буйг анхаараагүй, “захиргааны үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдийн зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” захиргааны хэргийн шүүхийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлээгүй алдаа гаргасан байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй учраас анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг залруулан гуравдагч этгээдээр Х.С-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан тайлбар авч, мэтгэлцэх боломжийг олгож, түүнд оногдуулсан шийтгэл, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д зааснаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан  прокурорын дүгнэлтийг “гомдол” гэж тодорхойлсон байх хэдий ч дээр дурдсанчлан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т зааснаар захиргааны хэргийн шүүх нь гомдлоор үүсэх зөрчлийн маргааныг шийдвэрлэхдээ захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг баримтлан хэргийг шийдвэрлэх учиртай тул гомдолд захиргааны хэрэг үүсгэж, гомдлын шаардлагын хүрээг тодорхойлохгүйгээр шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах үндэслэлгүй юм.