Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сампилын Уранчимэг |
Хэргийн индекс | 142/2015/00830/И |
Дугаар | 00142 |
Огноо | 2016-09-02 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 00142
Эмпипи ХЗХ-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 917 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч “Эм Пи Пи” ХЗХ-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч Д.Гантөмөрт холбогдох
12.400.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Д.Гантөмөрийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батмөнх-Очир
Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч “Эмпипи” ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Д.Гантөмөр нь 2010-10-21-нд тус хоршооноос 3,200,000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар сарын 5 хувийн хүүтэй зээлдэж аваад зээлийн гэрээний хугацаа аль эрт дууссан боловч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй хоршоог хохироосоор байна. Зээлдэгч Д.Гантөмөрөөс авах учиртай мөнгөө тооцвол үндсэн зээл 3,200,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 99,008,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 192,000 төгрөг нийт 12,400,000 төгрөг гаргуулан авна. Зээлдэгч Д.Гантөмөрөөс төлөх учиртай нийт төлбөрөөс түүний хүүд төлсөн 2,000,000 төгрөгийг хасаж тооцсон болно. Иймд зээлдэгч Д.Гантөмөрөөс 12,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Гантөмөр шүүхэд гаргасан тайлбартаа:
Би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэл гаргагч Эм Пи Пи ХЗХ-ноос би мөнгө зээлж аваагүй.харин багын найз Т.Өсөхжаргалаас 3.200.000 төгрөгийг 2010 онд зээлж авсандухайн үед өөрт хэрэгтэй байсан учраас л найзаасаа мөнгө зээлж авсан тухайн үед найз минь надад маш их тус болсон юм. Тухайн мөнгийг зээлж авснаас хойш би 2013, 2014 онуудад 2.000.000 төгрөгийг хэд хэдэн удаагийн төлөлтөөр буцаан өгсөн. Гэтэл надаас үндсэн зээл 3.200.000 төгрөг,зээлийн хүүгийн үлдэгдэл 9.008.000 төгрөг.нэмэгдүүлсэн хүү 192.000 төгрөг,нийт 12.400.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үнэнд нийцэхгүй.зээлдэгч талыг хэт хохироосон үйлдэл байна гэж үзэж байна.Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй юм. Гэхдээ өөртөө хэрэгтэй үедээ найзаасаа мөнгө зээлэн авч удаан хугацаагаар эргэн төлөөгүй үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа учраас тус хоршооноос нэхэмжилж байгаа
12.400.000 төгрөгний үнийн дүнгээс доогуур, тодорхой хэмжээнд тохиролцож эвлэрэх боломжтой гэдгээ илэрхийлж байна. Ийм учраас энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч тодорхой үнийн дүн дээр эвлэрэх боломжтой гэсэн санал гаргаж байгааг минь харгалзан үзээд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 917 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Гантөмөрөөс 8,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Эм пи пи” ХЗХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасаныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 216,764 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Гантөмөрөөс 142,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Д.Гантөмөр давж заалдсан гомдолдоо:
“Эм пи пи” Хадгаламж зээлийн хоршоо нь “Д.Гантөмөр нь 2010 оны 10 дугаар сарын 21-ны өдөр тус хоршооноос 3.200.000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар 5 хувийн хүүтэй зээлж аваад зээлийн гэрээний хугацаа дууссан боловч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй хоршоог хохироож байгаа тул зээлдүүлсэн үндсэн зээл 3.200.000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 9.008.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 192.000 төгрөг, нийт 12.400.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн нэхэмжлэлийг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэрийн анхан шатны шүүүх 2016 оны 06 сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнг 8.000.000 төгрөг болгон бууруулсан тул тухайн үнийн дүнгээр нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзээд надаас 8.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Нэхэмжлэл гаргагч Эм пи пи Хадгаламж зээлийн хоршооноос би мөнгө зээлж аваагүй, харин өөрийн багын найз Т.Өсөхжаргалаас 3.200.000 төгрөгийг 2010 онд зээлж авсан, тухайн үед өөрт хэрэгтэй байсан учраас л найзаасаа мөнгө зээлж авсан тухайн үед найз маань надад маш их тус болсон юм. Тухайн мөнгийг зээлж авсанаас хойш би 2013, 2014 онуудад 2,000,000 төгрөгийн хэд хэдэн удаагийн төлөлтөөр буцаан өгсөн. Гэтэл надаас үндсэн зээл 3.200.000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 9.008.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 192.000 төгрөг, нийт 12.400.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үнэнд нийцэхгүй, намайг хохироосон үйлдэл байна гэж үзэж байна.
Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учраас би зээлийн хүү төлөх ёсгүй гэж үзэж байна. Одоо бол би 1.200.000 төгрөгийг би Т.Өсөхжаргалд төлнө. Намайг иргэний хэргийн материалтай танилцуулаагүй, шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Ийм учраас Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 917 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж надаас нэхэмжлэгч Т.Өсөхжаргалд 1.200.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч “Эм пи пи” ХЗХ нь хариуцагч Д.Гантөмөрөөс зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 3.200.000 төгрөг зээлийн хүү 9.008.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 192.000 000 төгрөг нийт 12.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч “Эм Пи Пи” ХЗХ нь хариуцагч Д.Гантөмөрийг 2010.10.21-ний өдөр “Эм Пи Пи” ХЗХ-ноос зээлийн гэрээ байгуулан 3.200.000 төгрөгийг 6 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлж авсан.
Хариуцагч Д.Гантөмөр нь “Эм Пи Пи” хадгаламж зээлийн хоршооноос зээл аваагүй, найз Өсөхжаргалаас 3.200.000 төгрөг зээлж авсан гэж хариу тайлбар гаргаж мэтгэлцжээ.
Харин шүүх нэхэмжлэгч “Эм Пи Пи” хадгаламж зээлийн хоршоог хариуцагч Д.Гантөмөртэй зээлийн гэрээ хийж 3.200.000 төгрөгийг 6 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлсэн болохоо нотлох баримтаар нотолж чадаагүй байхад нэхэмжлэгчийн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож 12.400.000 төгрөг нэхэмжилснийг шүүх хуралдаан дээр 8.000.000 төгрөг болгон бууруулсан хэмжээгээр хариуцагч Д.Гантөмөрөөс гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “Эм Пи Пи” хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Д.Гантөмөртэй 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ хийсэн гэж тайлбарлаж зээлийн гэрээг хэрэгт нотлох баримтаар авсан байгаа боловч зээлийн гэрээнд Д.Гантөмөр гарын үсэг зураагүй, зээлийн гэрээний нөхцөлүүд тодорхойгүй, хуулийн шаардлага хангааагүй байх тул “Эм Пи Пи” хадгаламж зээлийн хоршоо Д.Гантөмөр хоёрын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй учраас хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж хариуцагч Д.Гантөмөрөөр үндсэн зээл 3.200.000 төгрөгийг төлүүлэх, үндсэн зээлд 2.000.000 төгрөг төлсөн гэж үзэж төлөгдөөгүй үлдсэн 1.200.000 төгрөгийг Д.Гантөмөрөөс гаргуулж “Эм Пи Пи” хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 917 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1.2-т заасныг баримтлан хариуцагч Д.Гантөмөрөөс 1.200.000 төгрөг гаргуулж “Эм Пи Пи” хадгаламж зээлийн хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11.200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дугаар заалтын “...хариуцагч Д.Гантөмөрөөс 142.950 төгрөг” гэснийг 33.350 төгрөг гэж өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Д.Гантөмөрийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар Төрийн сангаас буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН ҮҮРГИЙГ
ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ ШҮҮГЧ БАТТӨР
ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ
С.УРАНЧИМЭГ