Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 193

 

                                                                   Г.Тэнгист холбогдох эрүүгийн

                                                                                хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Гансүх, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

насанд хүрээгүй хохирогч Т.Энхчимэгийн хууль ёсны төлөөлөгч Б.Болормаа, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал,

ялтан Г.Тэнгис, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, насанд хүрээгүй хохирогч Т.Энхчимэгийн хууль ёсны төлөөлөгч Б.Болормаа, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Тэнгист холбогдох эрүүгийн 201624001008 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Урианхай овогт Гончигсүрэнгийн Тэнгис, 1993 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст Хэв журмын офицер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 42а-40-1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:УШ93061917/,

Г.Тэнгис нь 2016 оны 11 дүгээр сарын 13-ны орой 19 цаг 00 минутын үед, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 50 дугаар сургуулийн баруун талын замд “Т.Марк-2” загварын, 61-91 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, мөн дүрмийн 7.18-д заасан “Уулзвар, гарц дээр буюу энэ дүрмийн 7.16-д заасан буцаж эргэхийг хориглосон бүх газарт ухрах үйлдлийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс Б.Энх-Одын жолоодон явсан “Т.Приус” загварын, 35-23 УБЦ улсын дугаартай автомашиныг мөргөж, явган зорчигч Т.Энхчимэгийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газраас: Г.Тэнгисийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Тэнгисийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 1.920.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан хорих ялаар солихыг мэдэгдэж, Г.Тэнгис нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний өмчлөлийн “Т.Марк-2” загварын 61-91, УНИ улсын дугаартай автомашиныг иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор битүүмжилсэн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Г.Тэнгисээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болормаад 6.530.388 төгрөгийг гаргуулан олгож, Б.Болормаа нь цаашид гарах эмчилгээний зардал болон Солонгос улсад эмчлүүлсэн зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автомашины гэрлийн улаан өнгийн шилний хагархай 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Г.Тэнгист урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Насанд хүрээгүй хохирогч Т.Энхчимэгийн хууль ёсны төлөөлөгч Б.Болормаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Тэнгис нь өөрийн буруутай үйлдлээс зам тээврийн осол гаргаж охины маань биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан. Тэрээр өөрийн гэм буруугаа хүлээхгүй, охиноос маань болон манай гэр бүлээс уучлалт гуйхгүй, бидэнтэй ирж уулзахгүй, эмчилгээний зардлыг төлөөгүй байгаа. Охин маань энэ жил 17 настай, 12 дугаар ангид суралцдаг төгсөх ангийн сурагч бөгөөд ослын улмаас баруун гарын чигчий хуруу тасарч, ядам хуруу бяцарсан, мэдрэлийн эд эсгүй, нөхөн төлжих боломжгүй болсон. Уг гэмтлээс болж хичээлээсээ завсардаж, биеийн байдал зовиурлан хүндрэлтэй байна. Мөн хэд хэдэн удаа хагалгаа хийлгэж, бүтэн норкозонд орсноос биеийн дархлаа нь муудаж, мартамхай болсон. Дархлаа муу байгаагаас ханиад хүрч, хоолой нь өвдөж, чих үрэвсэж сонсголд нөлөөлсөн. Улмаар ажил хийж амьдрал ахуйгаа залгуулдаг нөхөр маань ажлаасаа ойр ойрхон чөлөө авч санхүүгийн хүндрэлд орсон. Г.Тэнгисээс болж бидний амьдралын хэмнэл бүхэлдээ алдагдсанд гомдолтой байна. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хагалгааны дараа Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн эмч нар охины маань “Мэдрэл, судас, шөрмөс залгагдаагүй, зөвхөн тасарч бяцарсан ясыг нь бэхэлж хадаас хийсэн” гэж хэлсэн... дараа нь өндөг хэсэгт нь тэжээл алдсанаас болж үхжилт явагдсан. Хоёр сар орчмын дараа хадаасыг нь авахад тахир, бөгтөр хуруутай болсноос гадна, яс нь бороолж эдгээгүй байсан. Ингээд бид БНСУ-ын Сөүл хотын Мёнжи эмнэлэгтэй мэдрэл, шөрмөс судас залгуулах зорилгоор холбогдож үнийн санал авсан. Ямар ч эцэг, эх үр хүүхдийнхээ эрүүл мэнд, сайн сайхан ирээдүйн төлөө юу ч хийхэд бэлэн байдаг. Бид охиныгоо махийж, тахийсан, мэдрэлгүй, хумсгүй гар хуруутай яваасай гэж хүсээгүй учраас өөрийн эзэмшлийн “Т.Харриер” загварын, 51-50 УНЛ улсын дугаартай автомашиныг худалдаж эмчилгээний төлбөрт зарцуулсан. 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр БНСУ-ын Сөүл хотын Мёнжи эмнэлэгт үзүүлж, рентген зураг авахуулсан. 1 дүгээр сарын 18-ны өдөр тус эмнэлэгт нэг дор хоёр мэс ажилбар хийлгэсэн боловч мэдрэлийн эд эс олдоогүй, судас шөрмөс нь залгах боломжгүй, зөвхөн тасарч бяцарсан ясыг нь бугалга хэсгийн мөгөөрснөөс нь авч хадаас хийж бэхлэн, гоо зүйн талаасаа тэгш хумс ургах боломжийг л нээж өгсөн. Одоо бид 14 хоногийн давтамжтайгаар рентген болон фото зургийг хагалгаа хийлгэсэн эмч рүүгээ явуулж зөвлөгөө авч ... 3 дугаар сард хадаасаа авахуулах болно. Г.Тэнгисийн эцэг, эх нь бидэнтэй ирж уулзаагүй байж, гэмтлийн эмнэлгийн эмч нартай уулзаад охины маань биеийн байдлыг далдуур судлаад байсанд их гомдсон. Г.Тэнгис нь биднээс зугтааж байсан тул 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр ажил дээр нь очиж даргатай нь уулзахад тэрээр зам тээврийн осол гаргаж, гэмт хэрэгт холбогдсон тухайгаа мэдэгдээгүй, нуун дарагдуулсан байсан. Г.Тэнгис нь төрийн өмнө тангараг өргөсөн хууль сахиулагч бөгөөд хийсэн хэрэгтээ хариуцлага хүлээж, уучлалт гуйж чадахгүй ийм ёс зүйгүй хүн цагдаагийн албанд ажиллаж байгаад харамсаж байна. Бид холбогдох дээд шатны удирдлагуудад нь өргөдөл хүргүүлсэн. Мөн сэтгүүлч нартай уулзаж, интернэт орчинд мэдээлэл тавиулсан. Үүний дараа Г.Тэнгисийн эх Бадамцэцэг нь “Хоёрын хооронд юман дээр олон нийтэд зарлалаа, энэ хүн чинь гэр бүл, найз нөхөдтэй” гэж, эцэг Гончигсүрэн нь “Миний хүү төрийн албан хаагч, өсч яваа залуу хүн, хүүг маань битгий дарамтлаад бай, ажил төрлийг нь зүгээр хийлгэ, би эмчилгээний зардал өгч чадахгүй, бид төлбөрийн чадваргүй” гэж тус тус биднийг буруутгаж загнасан. Миний охиныг хагалгаа хийлгүүлээд эмнэлэгт хэвтэж байхад нь юман чинээ бодоогүй атлаа зөвхөн өөрсдийн эрх ашгийг бодож хүүхдийнхээ өмнөөс асуудалд оролцсонд гомдолтой байна. Анхан шатны шүүх хуралдаанд Г.Тэнгисийн өмгөөлөгч  өмнөөс нь уучлалт гуйгаад байсан. Бид үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Мөн түүний өмгөөлөгч намайг гоо сайхны хагалгаа хийлгэх зорилготой явсан гэж гүтгэсэнд гомдолтой байна. Охины маань эмчилгээ, эм тариа, хоол унд, замын зардал болон бусад холбогдон гарсан зардал нийт 16.946.074 төгрөг болсон. Миний хувьд анхан шатны шүүхээс Г.Тэнгисийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 1.920.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй, түүнд илүү хүнд ял шийтгэл оногдуулах ёстой гэж үзэж байна. Энэ тухай гаргасан давж заалдах гомдлоо бүхэлд нь дэмжиж байна. Охин Т.Энхчимэгийн 5 дугаар хуруу одоо болтол мэдээ ороогүй байгаа...” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Т.Энхчимэг болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Болормаа нарын өмгөөлөгч Ч.Өнөржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Насанд хүрээгүй хохирогч Т.Энхчимэгийн биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 15608, 1558 тоот дүгнэлтүүдээр тогтоогдсон. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 16.946.074 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүхээс 6.530.388 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. Ингэхдээ эмчилгээ болон эм тариа авсан зардалд нийт 2.025.988 төгрөгийг тооцохдоо ямар баримтыг яаж үндэслэсэн нь тодорхой бус байдаг.  Мөн 4.496.000 вон буюу 9.443.280 төгрөгийг Монголбанкны ханшийн лавлагаа хэрэгт авагдаагүй тул гаргуулах боломжгүй гэж шийдвэрлэсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Монгол мөнгөөр тооцоход заавал Монголбанкны ханшийн лавлагаагаар мөнгөн дүнг тооцох ёстой гэсэн хуулийн заалт байхгүй. Насанд хүрээгүй хохирогч Т.Энхчимэг нь эх Б.Болормаагийн хамт 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс 2-ны өдрийг хүртэл хугацаанд БНСУ-д хагалгаа, эмчилгээ хийлгэж байгаад ирсэн. 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр “JSS center ББСБ” валют арилжааны төвөөс 1 воныг 2,10 төгрөгтэй харьцах ханшаар худалдаж авсан. Монголбанкны 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн ханшаар 1 вон нь 2,13 төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаан болсон өдөр буюу 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн ханшаар 1 вон нь 2,16 төгрөгтэй тэнцэж байсан болно. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болормаа 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр худалдаж авсан ханшаар нэхэмжлэлийн үнийг тооцох саналтай байсан, мөн энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд хохирол учруулахааргүй нөхцөл байдалтай байсан.  

2. Нийт 16.946.074 төгрөг нэхэмжилснээс 972.406 төгрөгийг хасч шийдвэрлэсэн байх бөгөөд ийнхүү хасч шийдвэрлэсэн нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэх хууль зүйн үндэслэл тодорхой бус байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд бүгд гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой шалтгаант холбоотой, өөр бусад этгээдийн эмчилгээний зардалд зарцуулагдсан байдал харагдахгүй байна.

Иймээс 972.406 төгрөг болон 4.496.000 вон буюу 9.443.280 төгрөг, нийт 10.415.686 төгрөгийг гаргуулж өгнө үү.

3. Г.Тэнгис нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны явцад хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нараас уучлалт гуйдаггүй, мөн хохирол төлбөрийг барагдуулахад идэвхи, санаачлага гаргадаггүй, өөрийн хийсэн гэмт үйлдэлдээ гэмшдэггүй. Иймээс анхан шатны шүүх түүнд хөнгөн ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байх тул хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Ялтан Г.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхээс гарсан шийдвэрийн дагуу хохирол төлбөрийг төлж барагдуулна...” гэв.

Ялтан Г.Тэнгисийн өмгөөлөгч Ц.Дарьжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг судлахад зарим баримт нь энэ хэргийн үйл баримттай, өөрөөр хэлбэл хохирогчийн эмчилгээтэй ямар шалтгаант холбоотой болох нь тодорхой бус байдаг. Мөн БНСУ-д хийсэн гэх эмчилгээний баримтууд нь Монгол хэлээр орчуулагдаагүй байгаагаас үзэхэд ямар эмчилгээ, хэрхэн хийгдсэн талаар дүн шинжилгээ хийх боломжгүй байна. Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус, гаргаж өгсөн зарим баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Иймээс анхан шатны шүүх хохирлын баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хохирол төлбөрийн асуудлыг зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Түүнчлэн зам тээврийн осол гарахад 35-23 УБЦ улсын дугаартай, “Т.Приус” загварын автомашины жолоочийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэж байна...” гэв.

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ба Г.Тэнгисийн гэм буруу, хувийн байдал, хохирол төлбөрийг төлж барагдуулах боломж бололцоог харгалзан үзэж түүнд хуульд заасан ял шийтгэлийн хөнгөн төрлийг сонгон оногдуулсан гэж үзэж байна. Харин өнөөдрийн байдлаар ялтан Г.Тэнгисээс хохирол төлбөрийг төлж барагдуулсан зүйлгүй, мөн тус шүүх хуралдаанд түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн асуудалд маргаж байгаа, хохирогч талаас Г.Тэнгист оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн гэсэн байр суурийг тус тус илэрхийлж байна. Иймд хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлж ял шийтгэлийг хүндрүүлэхээр буцаах саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Г.Тэнгис нь 2016 оны 11 дүгээр сарын 13-ны орой 19 цаг 00 минутын үед, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 50 дугаар сургуулийн баруун талын замд “Т.Марк-2” загварын, 61-91 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17, 7.18-д заасан заалтуудыг зөрчсөнөөс Б.Энх-Одын жолоодон явсан “Т.Приус” загварын, 35-23 УБЦ улсын дугаартай автомашиныг мөргөж, явган зорчигч Т.Энхчимэгийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон байна.

1. Г.Тэнгис нь мөрдөн байцаалтын шатанд, хохирогчийн эмчилгээний зардалд тооцон 1.000.000 төгрөг төлсөн боловч, хохирогчид учирсан хохирол, гэм хор бодитой арилж чадаагүй, бүрэн арилгах арга хэмжээ авагдаагүй болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болормаа, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар тодорхойлогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруугаа ойлгож гэмшиж байгаагийн нэг хэлбэр бол хохирогчид учирсан хохирол, гэм хорыг бүрэн арилгасан байх явдал юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.1.3, 55.1.9-д “Шүүх ял оногдуулахдаа … гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн бол ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.” гэж тус тус заажээ.

Гэтэл анхан шатны шүүх Г.Тэнгисийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулахдаа хуулийн дээрх заалтыг анхаарч үзээгүйн гадна, хохирогчид учирсан хохирол, гэм хор бодитой арилаагүй, энэ тухай хохирогч удаа дараа мэдүүлсээр байхад хэргийн талаар бодитой дүгнэлт хийлгүй хуулийн тухайн зүйл хэсгийн хөнгөн ялыг сонгож хэрэглэн ял шийтгэл оногдуулсан байна.

Өөрөөр хэлбэл Г.Тэнгист торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

2. Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн иргэн … нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага 16.946.074 төгрөгөөс 6.530.388 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 10.415.686 төгрөгийн шаардлагыг хангах боломжгүй гэж дүгнээд, үүнээс БНСУ-д эмчилгээ хийлгэсэн зардал буюу 9.443.280 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэл гарган, иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхийг шүүхийн тогтоолд заажээ.

Ингэхдээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчээс гаргуулсан төлбөр болон хэрэгсэхгүй болгосон хэсэг нь хохирогчид зарцуулсан эм тариа, эмчилгээ, сувилгаа, асаргаа болон өөр бусад зардлын аль нь болохыг тодорхой заагаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэгт заасан “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг буюу хэсэгчлэн хангах эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэсэн, мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.4 дэх хэсэгт заасан “Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт иргэний нэхэмжлэл буюу гэмт хэргээс учирсан эд хөрөнгийн хохирлын талаар шүүхээс гаргасан шийдвэрийн үндэслэлийг дурдана” гэсэн шаардлагад нийцээгүй гэж үзлээ.

Мөн энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гарган гэм хорын хохирлоо шийдвэрлүүлэхэд үндэслэл болж чадахааргүй байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/ тогтоолоор 1946 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталсан, Монгол Улсын Олон Улсын гэрээ хүний эрхийн түгээмэл тунхаглалын 8 дугаар зүйлд “Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон үндсэн эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй” гэсэн заалтуудыг үндэслэн хохирол арилгах тухай, мөн хохирол арилаагүй байхад эрүүгийн хариуцлага хөнгөдүүлсэн тухай хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болормаа, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэстэй гэж үзлээ.

 Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Тэнгист холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.

2.  Хэргийг шүүхэд очтол Г.Тэнгист урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

                          ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.ДАВААСҮРЭН

                          ШҮҮГЧИД                                                    Д.ГАНСҮХ

                                                                                               Д.МӨНХТУУЛ