Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 00140

 

 

                                        Х.Уранжаргалын нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 757 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Х.Уранжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Борхүүд холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс оногдох эд хөрөнгөө гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч М.Борхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Х.Уранжаргал

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир

Хариуцагч М.Борхүү

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн

           Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Уранжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Х.Уранжаргал миний бие Мөнхбатын Борхүүтэй 2012.12.02-ны өдөр гэрлэж дундаасаа 20012.10.21-ний өдөр охин Б.Тэргэлийг төрүүлж элэг бүтэн амьдарч байгаад хоорондоо таарч тохирохгүйн улмаас 2014 оны 06 сараас нөхөр М.Борхүү намайг охины хамт орхин салж яваад одоо тусдаа амьдарч байгаа юм. Иймээс гэрлэлтээ цуцлуулна. 3 настай охин Б.Тэргэлийг өөрийн асрамжид авна. Хүүхэддээ тэтгэлэг тогтоолгоно. Бидний дундын өмч болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 дугаар баг Эрдэнэ Туулын 126-06, 12а-06 тоот гэр бүлийн хэрэгцээний 1532 м2 газар болон 8*10 м-ийн харьцаатай блокон орон сууцны байшинг үнэлүүлэн хүүхэд болон миний хувийг уг хөрөнгөөс гаргуулахаар нэхэмжпэл гаргав. М.Борхүүтэй эвлэрч дахин амьдрах талаар цаг хугацаа хүлээсэн боловч эвлэрэх ямарч боломжгүй болох нь тодорхой болсон тул энэ нэхэмжлэлийг хүлээн авч түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч М.Борхүү шүүхэд гаргасан тайлбартаа:

“Миний бие Х.Уранжаргалтай 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрлэж, дундаасаа 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Б.Тэргэлийг төрүүлж, ажлын шаардлагаар ирж очин амьдарч байгаад хоорондоо таарч тохирохгүйн улмаас 2014 оны 02 дугаар сараас эхлэн тусдаа амьдарч эхэлсэн. Үүнээс өмнө хэл амаар доромжилж, ажил төрөлд явуулахгүй удаа дараа хэрэлдэж, өөрөө эхэлж салах санал гаргасан. Ирж очин амьдрах хугацаанд бидний дундаас үл хөдлөх хөрөнгө, нэг ч бий болоогүй. Энэ нэхэмжлээд байгаа Орхон аймаг Баян-Өндөр сум 17 дугаар баг Эрдэнэ Туулын 12а-6, 126-06 тоот гэр бүлийн хэрэгцээний 1450м2 газар болон 7x8 харьцаатай блокон орон сууцны байшин нь миний хөрөнгө биш миний ээж Б.Оюунзулын мэдлийн хөрөнгө юм. Иймээс гэрлэлтээ цуцлуулна, 3 настай охин Б.Тэргэлийг Х.Уранжаргалын асрамжинд өгөх, тэтгэлэг тогтоолгохыг ерөнхийдөө хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлээд байгаа хашаа байшин нь бид 2-ын өмч биш учраас надаас нэхэмжлэх үндэслэлгүй юм” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 757 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг зааснаар Х.Уранжаргал, М.Борхүү нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14.6-д заасныг баримтлан 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.Тэргэлийг эх Х.Уранжаргалын асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан хариуцагч М.Борхүүгээс охин Б.Тэргэлийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч Х.Уранжаргалд олгож, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1, 126.2.4, 129дүгээр зүйлийн 129.2, 131 дүгээр зүйлийн 131.2-д заасныг баримтлан хариуцагч М.Борхүүгээс 8 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Уранжаргалд олгож, нэхэмжлэгчийн газрын үнээс өөрт болон охин Б.Тэргэлд ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 53.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс нэмж 146 150 төгрөг гаргуулан төрийн санд оруулж, хариуцагч М.Борхүүгээс 216 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Уранжаргалд, 28 626 төгрөг гаргуулан төрийн санд оруулж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Б.Жадамбад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Борхүү давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх “ ... Х.Уранжаргал, М.Борхүү нар 2012 оны 10 дугаар сарын 02 нд албан ёсоор гэр бүлээ бүртгүүлснээс хойш 2013 оны 06 сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 дугаар баг Эрдэнэ туулын 126-06, 12а-06 тоот гэр бүлийн хэрэгцээний 1532 м.кв газрыг худалдан авч уг газар дээрээ 8x10 хэмжээтэй байшин барьсан болох нь ... тогтоогдож байна.Зохигчид өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн сайн дурын үндсэн газар бэлэглэх гэрээ байгуулан өөрсдийн өмчлөлийн газраа Б.Оюунзулын өмчлөлд шилжүүлсэн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 дугаар баг Эрдэнэ туулын 126-06, 12а-06 тоот гэр бүлийн хэрэгцээний 1532 м.кв газрын өмчлөгч нь Б.Оюунзул болох нь ... тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрч Б.Оюунзулын тайлбараар тогтоогдож байх тул Б.Оюунзулын өмчлөлийн газрыг Х.Уранжаргал, М.Борхүү нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх боломжгүй гэж дүгнэлээ...” гэсэн нь дэндүү хийсвэр дүгнэлт болжээ.

Ээж Б.Оюунзулын гаргасан мөнгөөр бидний нэр дээр авсан газрыг бид сайн дурын үндсэн дээр Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Газар дээр барьсан 7x8 хэмжээтэй байшинг ээж цалингийн зээл авсан ба энэ мөнгөөр байшинг босгосон, бид нар нэг төгрөг ч оруулаагүй. Би энэ талаар тайлбартаа бичсэн. Х.Уранжаргал шүүх хуралдаан дээр ч нэг ч төгрөг гаргаагүй талаараа ярьж байсан.

Энэ байшинг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч юм гэдгийг зөвхөн гэрлэлтээ бүртгүүлсэн цаг хугацаагаар шийдэж болохгүй. Энэ байшинг бий болгоход Х.Уранжаргал бид хоёроос юу гарсан болохыг тогтоох учиртай. Шүүх энэ тал дээр ямар ч дүгнэлт хийсэнгүй. Маргаад байгаа ээжийн байшинд бид амьдарч байгаагүй.Тус тусдаа ээж аавууд дээрээ л ирэн очин байсан.Гэрийн хаяг ч гэсэн өргөдөлд дурьдсан хаягаар Би 4-27-62, Х.Уранжаргал Цагаанчулуутын 44-05 тоотод оршин сууж байсан.

Ээж Б.Оюунзул сайн санаж бидний нэр дээр газар худалдан авч өгөөд дараа нь цалингийн зээл авч байшин барьсныхаа төлөө өнөөдөр бидний гэр бүл салахад эдийн засгаараа хохирч, дээр нь М.Борхүү би байшингийн оногдох хэсэг 8.200.000 төгрөг төлөх болооод байгаа нь шударга ёсонд нийцэхгүй.

Гэр бүл цуцлахаас өмнө сайн дураараа ээжийн газрыг буцааж өгсөн байхад газар дээр нь барьсан ээжийн хөрөнгийг гэр бүлийн дундын өмч гэж үзээд хуваахаар шийдвэрлэж байгаа нь бүдүүлэг алдаа гэж үзэж байгаа тул тус шүүхэд гаргасан М.Борхүү миний гомдлыг хүлээн авч, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 дугаар баг Эрдэнэ туулын 126-06, 12а-06 тоот гэр бүлийн хэрэгцээний 1532 м.кв газар дээр барьсан 7x8 хэмжээтэй байшинг гэр бүлийн дундын хөрөнгө гэж хийсвэрээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болохыг тогтоож, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-06-03 ны өдрийн 142\ШШ2016\00767 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 3 дугаар заалтад өөрчлөлт оруулж, байшинг гэр бүлийн дундын өмч гэж үзэн М.Борхүүгээс 8.200.000 төгрөг гаруулан нэхэмжлэгч Х.Уранжаргалд гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Х.Уранжаргал нь Борхүүгээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө болох /Орхон аймаг Баян-Өндөр сум 17 дугаар баг Эрдэнэ Туулын 12б-06, 12а-06 тоот хашаан дахь гэр бүлийн хэрэгцээний 1532 метр квадрат газар 8*10 хэмжээтэй байшингаас/ оногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2012.10.02-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас охин Тэргэл 2012.10.21-ний өдөр төрсөн, Баян-Өндөр сумын 17 дугаар баг Эрдэнэ Туулын 12а-06 тоот 12б-06 тоот хашааны гэр бүлийн хэрэгцээний газраа Х.Уранжаргал, М.Борхүү нар ээж Оюунзулд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Энэ талаар анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэжээ.

Харин Эрдэнэ Туулын 12б-06 тоот хашаанд баригдсан 8*10 харьцаатай байшинг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзэж гэр бүлийн гишүүдэд хувааж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай Иргэний хуулийн зохих зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Оюунзулын өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сумын 17 дугаар баг Эрдэнэтуулын 12б-06, 12а-06 тоот гэр бүлийн хэрэгцээний газарт баригдсан 8*10 хэмжээтэй байшинг Х.Уранжаргал, М.Борхүү нарыг гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болохыг нотлох баримтаар тогтоож чадаагүй, нэхэмжлэгч Х.Уранжаргал нь дундын өмч гэж оногдох хэсгээ гаргуулна гэж мэтгэлцэж байгаа ч нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Иймд Х.Уранжаргал, М.Борхүү нарын гэрлэснээс хойш хамт амьдарсан хугацаанд уг байшин баригдсан эсэх, нэхэмжлэгч хариуцагч нарын хамт амьдарсан хугацаа, зохигчдын тусдаа амьдарсан болон байшин баригдаж ашиглалтанд орсон хугацаа зэргийг тогтоож цаг хугацаагаар нарийвчлан асуудлыг тодруулсны эцэст хамтран өмчлөх дундын өмч мөн эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэх нь зүйтэй.

Нөгөө талаар гуравдагч этгээд Б.Оюунзулын эрх ашиг зөрчигдөж байгаа эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч М.Борхүүгийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 757 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч М.Борхүүгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146.150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

       4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН ҮҮРГИЙГ

                     ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ ШҮҮГЧ                                 БАТТӨР

                                                             ШҮҮГЧИД                                          Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                               С.УРАНЧИМЭГ