Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01039

 

“И-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2024/01531 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “И-” ХХК-ийн хариуцагч “С-” ХХК, Ж.Б- нарт холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 19,125,000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “... Нэхэмжлэгч “И-” ХХК нь “С-” ХХК-аас 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн хүсэлтийн дагуу 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тус бүр нь 2,550,000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг даацын дугуйг урьдчилгаагүй 100 хувь зээлээр нийлүүлсэн. Гэрээ болон “С-” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн албан бичигт дурдсанаар төлбөр барагдуулах эцсийн хугацаа 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй байна. Албан бичиг өгсөн өдөр дугуйг нийлүүлж, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Зээлээр бараа нийлүүлэх гэрээ”-г нөхөн хийж баталгаажуулсан. Дугуй зээлээр авах хүсэлт болон дугуй хүлээн авах ажилтны итгэмжлэл зэргийг Ж.Б-гийн гарын үсэг болон “С-“ ХХК гэсэн тамгатайгаар манай байгууллагын цахим хаяг руу илгээж байсан нь Ж.Б-г “С-” ХХК-ийн захирал гэж ойлгоход хүргэсэн. Хариуцагч Ж.Б- нь “Сувдан говь” ХХК-ийн 45 хувийг хамтран эзэмшиж, ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зээлээр бараа худалдан авах гэрээг байгуулж, гарын үсгээ зурсан. Манай байгууллага А.С- гэх хүнтэй гэрээ байгуулаагүй. Хэрэгт авагдсан баримтуудаар манай худалдсан дугуйнуудыг “С-” ХХК-ийн машинуудад тавьсан нь эргэлзээтэй, харин Ж.Б- өөрийнхөө машинуудад тавьсан гэж үзэж байгаа. Энэ асуудлыг Ж.Б- хариуцна гэдгээ илэрхийлж байсан. Иймд хариуцагч “С-” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Ж.Б-гаас худалдсан дугуйн үнэ 12,750,000 төгрөг, алданги 6,375,000 төгрөг нийт 19,125,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагч Ж.Б-гийн тайлбар, татгалзлын агуулга: Би 2019 оны 07 дугаар сард А.С-тай уулзаж, тохиролцсоны эцэст “С-” ХХК-ийг байгуулсан. А.С- 55 хувийг эзэмшиж захирал болж дансыг ганцаараа эзэмшсэн, би 45 хувийг эзэмшиж, уурхайг хариуцсан. А.С- над руу утсаар яриад 5 ширхэг дугуй очоод авчих, би захиралтай нь ярьчихсан гэж хэлсэн. Надад тамга байхгүй гэсэн гэрээний тамга шинээр явуулъя, надад үндсэн тамга байгаа гэж ярьсны эцэст 09 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ байгуулсан. Дугуйг компанийн ажилтан Б- хүлээн авч, “С-” ХХК-ийн 5-н машинд тавьсан, би үүнийг хувьдаа ашиглаагүй. А.С- гэрээний дагуу мөнгийг шилжүүлэх ёстой байсан боловч шилжүүлээгүйгээс энэ асуудал үүссэн, би үүнийг хариуцах хүн биш, санхүүгийн асуудлыг ерөнхий захирал А.С- хариуцдаг байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна ... иргэний эрх зүйн харилцаа нь хуулийн этгээд хооронд үүссэн тул түүний эрх зүйн үр дагаврыг хувь хүн хариуцах үндэслэлгүй. Хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээдийн өмнөөс хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй гэжээ.

 

3. Хариуцагч “С-” ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: “С-” ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар А.С-, Ж.Б- нарын 2 үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулагдаж, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тогтоолоор А.С-г гүйцэтгэх захирлаар томилж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Д.А-ийг “С-” ХХК-ийг шилжүүлэн авах үед “И-” ХХК-д төлбөрийн үлдэгдэлтэй, түүнийг хариуцан төлөх үүрэгтэй талаар нэг ч удаа хэлээгүй, энэ талаар баримт хүлээлгэж өгөөгүй байдаг. Шүүхээс дуудаж, нэхэмжлэл гардуулах үед л энэ талаар мэдсэн. Хариуцагч Ж.Б- нь гэрээнд “С-” ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурсан, 5 ширхэг дугуйг Ч.Б- гэх хүнээр авахуулсан талаар дурджээ. Тухайн цаг хугацаанд буюу 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр манай компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд А.С- байсан учир Ж.Б- нь компанийг төлөөлөх эрхгүй этгээд, мөн түүнд компанийг төлөөлөн аливаа гэрээ, хэлцэл хийх эрх олгогдоогүй байсан байна. “С-” ХХК-ийн өмнөх болон одоогийн удирдлагуудын зүгээс Б.Б-, Ж.Б- нарт нэг ч удаа амаар болон бичгээр бусад этгээдтэй гэрээ байгуулах, компанийн өмнөөс хүсэлт гаргах эрх, хэмжээ олгоогүй. Мөн механикч гэх Ч.Б-од нэхэмжлэгчээс дугуй хүлээн авах итгэмжлэл, эрх хэмжээ олгоогүй бөгөөд тухайн иргэд тэрхүү гэрээнийхээ дагуу хүлээн авсан гэх дугуйнуудыг манай компани хүлээн аваагүй, бид ашиглаагүй, компанийн хөрөнгөд бүртгэгдээгүй болно. Өмнөх хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага болох А.С-тай холбогдож, энэ талаар тодруулахад хувьцаа эзэмшигч Ж.Б-, түүний хүү Б.Б- нарт “И-” ХХК-аас дугуй зээлээр худалдан авахаар хүсэлт гаргах, хүсэлтэд болон аливаа гэрээ хэлцэлд гарын үсэг зурж, компанийн тамга дарах эрхийг амаар болон бичгээр огт итгэмжлэн олгоогүй, мөн компани нь 1 үндсэн тамгатай байсан бөгөөд гэрээний тамга гэж тусдаа тамга огт байгаагүй талаар хэлдэг. Түүнчлэн Б.Б- нь Ж.Б-гийн төрсөн хүү бөгөөд “С-” ХХК-д ажил, хөдөлмөр эрхэлж байгаагүй, түүнд хүсэлт гаргах, компанийг төлөөлж бусадтай харилцах, гэрээ хэлцэл хийх эрх хэмжээ олгоогүй байдаг. Дээрх үйл баримтаас үзвэл Ж.Б-, Б.Б- нар нь “С-” ХХК-ийн тамгыг дур мэдэн ашиглаж, гүйцэтгэх захирлаас эрх, хэмжээ олгоогүй байхад хууль бусаар компанийн нэр, тамгыг ашиглан бусдаас зээлээр дугуй худалдан авч, өөрсдийн хувийн үйл ажиллагаандаа ашиглаж, үр шимийг нь хүртсэн гэх үндэслэлтэй байна. Ж.Б-, Б.Б-, Ч.Б- нарын хэн алинд нь эрх хэмжээ, итгэмжлэл, зөвшөөрөл олгоогүй байхад дур мэдэн хууль бусаар компанийн нэр, тамгыг ашиглан авчхаад одоо бид хариуцахгүй, компани хариуцна гэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэгэнтээ гүйцэтгэх удирдлагын албан ёсны зөвшөөрөлгүйгээр хийгдсэн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2019-09 тоот Зээлээр бараа нийлүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул “Сувдан говь” ХХК болон “И-” ХХК-ийн хооронд Зээлээр бараа нийлүүлэх гэрээ байгуулагдсан гэх үндэслэлгүй байна. Тиймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасны дагуу дээрх хүчин төгөлдөр бус Зээлээр бараа нийлүүлэх гэрээ байгуулсан Ж.Б-, Б.Б- нар бусдаас авсан дугуйныхаа төлбөрийг төлж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр “С-” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:  Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 241.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “И-” ХХК-ийн гаргасан хариуцагч Ж.Б-д холбогдох 19,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “И-” ХХК нь хариуцагч “С-” ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: “... 2019 оны 09 дүгээр сард Ж.Б- нь зээлээр дугуй авах хүсэлтэй байгаагaa манай компанийн захирал Э.Мөнхдэлгэрт утсаар хэлсэн байдаг. Улмаар зээлээр гэрээ байгуулахад шаардлагатай баримтууд болох зээлээр дугуй авах хүсэлт, дугуй хүлээн авах итгэмжлэл гэх зэрэг баримтуудаа и-мэйлээр явуулаарай гэхэд - rэх хаягаас манай компанийн хаягруу мэйл явуулсан. Ирсэн мэйлүүдийг үзэхэд ирсэн бүх баримт бичиг дээр “С-” ХХК-ийн захирал Ж.Б- гэж бичигдсэн байсан. Тиймээс “С-” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх захирал нь Ж.Б- гэж итгэж, гэрээ байгуулсан. Бидний бичгээр байгуулсан гэрээ дээр ч гүйцэтгэх захирал Ж.Б- гэж гарын үсэг зурсан байдаг. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.Б- гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй, харин тус компанийн хувьцаа эзэмших бүртгэлтэй болох нь тодорхой болсон. Гэтэл анхан шатны шүүхээс Ж.Б-г манай компанийг хуурч мэхлэж, гэрээ хийгэгүй гэж дүгнээд байгаад гомдолтой байна.

Ж.Б-г Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт заасны дагуу зээлээр 5 ширхэг дугуй авах хүсэлтээ “И-” ХХК-д илэрхийлж, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар манай компани түүний хүсэлтийг хүлээн авч, түүнтэй Иргэний хуульд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй. “С-” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.С- нь компанийг төлөөлөн “И-” ХХК-тай гэрээ байгуулах, дугуй авах эрх хэмжээг Ж.Б-д хуульд заасан журмын дагуу олгосон бол түүний байгуулсан гэрээний улмаас үүсэх эрх, үүрэг нь компанид үүсэх юм. Гэтэл “С-” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.С- нь Ж.Б-, түүний хүү Б.Б- нарын хэн алинд нь компанийг төлөөлөн “И-” ХХК-аас дугуй авах, түүнтэй гэрээ хэлцэл хийх талаар итгэмжлэл олгоогүй, үүрэг даалгавар өгөөгүй ба хэрэгт гүйцэтгэх захирал А.С-гаас итгэмжлэл, үүрэг даалгавар олгосон талаархи баримт нэг ч авагдаагүй. Ж.Б- хэдийгээр А.С-тай ярьж, түүний зөвшөөрлөөр гэрээ хийсэн гэдэг ч түүнийгээ холбогдох баримтаар нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ огт хэрэгжүүлээгүй юм.

Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт “Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална” гэж, 68.3 дахь хэсэгт “Зөвшөөрлийг 14 хоногийн дотор олгоно. Энэ хугацаанд хариу өгөөгүй бол зөвшөөрөл олгохоос татгалзсан гэж үзнэ” гэж тус тус заасан. Гэтэл энэ тохиолдолд хэрэг маргаан үүссэнээс хойш “С-” ХХК-ийн зүгээс Ж.Б-д зөвшөөрөл олгоогүй, харин ч түүний хийсэн үйдлийг эсэргүүцсэн, хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж тайлбараа бичгээр өгсөн. Иймд Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Төлөөлөгч бүрэн эрхээ нотолж чадаагүй, төлөөлүүлсэн этгээд уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрлийг олгохоос татгалзсан бол дур мэдэн хэлцэл хийсэн этгээд хэлцлээр хүлээсэн үүргийг хэлцлийн нөгөө талын шаардлагаар биелүүлэх, эсхүл нөгөө талд учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу нэгэнтээ Ж.Б- нь гүйцэтгэх захирал А.С-гаас зөвшөөрөл авсан гэдгээ нотолж чадаагүй тул тэрээр манай компаниас хүлээн авсан дугуйны үнийг бүхэлд нь хариуцах үүрэгтэй гэж үзэхээр байна. А.Манлайбаатар, Г.Золбоо гэх хүмүүс нь энэ хэрэгт ямар хамааралтай болох, “С-” ХХК-д үнэхээр ажиллаж байсан эсэх нь эргэлзээтэй, тус компанид тухайн үед ажиллаж байсан, хэргийн үйл баримтын талаар мэддэг эсэх нь эргэлзээтэй байхад тэдгээрийн гаргасан тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх нь дээрх байдлаар хэргийг шийдвэрлэснээрээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбарыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй хэт нэг талыг барьсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Ж.Б-гаас нийт 19,250,000 төгрөг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                                      ХЯНАВАЛ:

 

            1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч “И-” ХХК нь хариуцагч “С-” ХХК, Ж.Б- нарт холбогдуулан гэрээний үүрэгт 12,750,000 төгрөг, алданги 6,375,000 төгрөг нийт 19,125,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “С-” ХХК-аас татгалзсан байна. /2хх-ийн 100-101-р тал/

 

3.Хариуцагч “С-” ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч “И-” ХХК-д хандан, нэг бүр нь 2,550,000 төгрөгийн үнэтэй 5 ширхэг дугуйг зээлээр авч, нийт төлбөр 12,750,000 төгрөгийг 2019.10.05-10-ны хооронд төлөх хүсэлтийг гаргаж, хоёр компанийн хооронд 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Зээлээр бараа нийлүүлэх гэрээ” байгуулагдсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /1хх-ийн 4-7-р тал/

 

3.а.Дээрх хүсэлт болон гэрээнд хариуцагч “С-” ХХК-ийг төлөөлөн захирал гэх Ж.Б-, санхүүгийн албыг төлөөлж Э.Б- нар гарын үсэг зурсан байна.

3.б.Нэхэмжлэгч “И-” ХХК нь хариуцагч “С-” ХХК-д 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 5 ширхэг, нийт 12,750,000 төгрөгийн үнэ бүхий дугуйг хүлээлгэн өгсөнтэй холбоотой баримт хэрэгт авагдсан бөгөөд тус баримтад хүлээлгэн өгсөн Э.Түвшинтөр, хүлээн авсан Б- нар гарын үсэг зурсан байна. /1хх-ийн 9-р тал/

 

3.в.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч Ж.Б- нь өөрийгөө “С-” ХХК-ийн захирал гэж итгүүлэн, хуурч мэхлэн манай компанитай гэрээ байгуулж 5 ширхэг дугуй авсан боловч тус дугуйг хувьдаа ашигласан” гэж тайлбарласныг хариуцагч Ж.Б- эс зөвшөөрч “тухайн үед “С-” ХХК-ийн хувьцааны 55 хувийг А.С-, 45 хувийг миний бие эзэмшиж байсан, 5 ширхэг дугуйны үнийг компани төлөх ёстой, энэ асуудлыг гүйцэтгэх захирал С.Сундуй мэдэж байсан” гэх агуулгаар татгалзлаа илэрхийлжээ.

 

3.г.Хариуцагч Ж.Б- нь “С-” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш байх боловч дээрх хүсэлт болон гэрээ байгуулагдах цаг хугацаанд тус компанийн хувьцаа эзэмшигч байсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа баримтаар тогтоогдож байна. /1хх-ийн 107-144-р тал/

 

3.д.Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас үзвэл хариуцагч Ж.Б- нь иргэнийхээ хувьд нэхэмжлэгч “И-” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, гэрээний зүйл болох дугуйг хувьдаа ашигласан гэх байдал тогтоогдохгүй байна. Хариуцагч Ж.Б- нь “С-” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд байх боловч энэхүү нөхцөл байдал нь гэрээний үүргийг түүнд хариуцуулах үндэслэл болохгүй юм.

 

3.е.Иргэний хуулийн 69 дүгээр зүйлд төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн хийсэн хэлцлийн үр дагаврын талаар зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 69.2 дахь хэсэгт “Гуравдагч этгээд нь төлөөлөх бүрэн эрхгүй этгээдтэй хэлцэл хийснээ мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан бол төлөөлөх бүрэн эрхгүй этгээд уг хэлцлээс бий болсон үр дагаврыг хариуцахгүй.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулагч этгээдийн эрх зүйн байдлыг шалгах үүрэг, гэрээний оролцогч талуудад үүсэх тул нэхэмжлэлээр шаардсан гэрээний үүргийг Ж.Б-д хариуцуулах үндэслэлгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

 

4.Иймд шүүх нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, хариуцагч Ж.Б- нь хууран мэхэлж гэрээ байгуулах замаар дугуйг авч ашигласан нөхцөл байдалд шүүх буруу дүгнэлт хийсэн гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

5.Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 241.1 гэж, нэхэмжлэлийн шаардлага болох “19,125,000” төгрөгийг “19,250,000” төгрөг гэж тус тус буруу бичсэн, мөн нэхэмжлэгч нь алданги шаардсан байхад үүргийн харилцааны талаар зохицуулсан Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсныг залруулах нь зүйтэй.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2024/01531 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... 241.1 ...” гэснийг “243.1” гэж, “... 186 дугаар зүйлийн 186.1 ...” гэснийг “232 дугаар зүйлийн 232.6” гэж, “... 19,250,000 ...” гэснийг “19,125,000” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,575 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЦОГТСАЙХАН

 

                                                ШҮҮГЧ                                Э.ЭНЭБИШ

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ДАВААДОРЖ