Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 075

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: Э.Гантулга

Нарийн бичгийн дарга: Д.Чимэддорж

Шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч Б.Ут холбогдох эрүүгийн 1814005570052 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.               

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Б.У,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Б.У нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг Баруун бүсийн худалдааны төвийн ард байрлах иргэн Ц.Бийн үйл ажиллагаа явуулах Оюун нэртэй үсчингийн газарт 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 10 цагийн үед хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагт хулгайлан авч 240000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

... 2018 оны 09 дүгээр сарын 30-нд Эрдэнэцогт сумаас Баянхонгор аймагт руу ирэх замдаа нутгийн ахтайгаа 1 шил архи уусан. Баянхонгор аймгийн Баруун бүс худалдааны төвөөс эхнэрийнхээ авах зүйлүүдийг авч, хойд хаалгаар нь гараад үсчиний газар үсээ засуулахаар ороход үсчин байгаагүй. Тэгээд хажуу талын эмийн сан орж эм авч уусан. Үсчиний газрын хаалга онгорхой байсан учир дотор нь ороод үсчин хүлээж сууж байгаад ирэхгүй болохоор нь зурагтыг аваад гарсан. Хулгайн хэрэг хийсэндээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Б.Уын мөрдөн байцаалтад өгсөн

... би Эрдэнэт хотоос 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ирсэн. 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр би баруун бүсийн худалдааны төвийн хойд талд Маралжин эмийн сан орж эм авахаар ороод 1ш Витемин авсан. Эмийн сангийн хажуу талд байсан үсчиний өрөөний хаалга онгорхой өрөөнд цонхон дээр Наiег маркийн 32 инчийн өнгөт зурагт байхаар нь авч гарч Наранбулаг гэх хүнсний дэлгүүрт 90,000 төгрөгөөр зарсан. Би тэр үед ганцаараа явж байсан архи уух зорилгоор зурагт хулгайлсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 51-54 /

Хохирогч Ц.Бийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2018 оны 09 сарын 30-ны өглөө 10 цагт төрсөн эгч Б.О залгаад ажлын өрөөнд байсан телевизор чинь алга болчихсон байна гэж хэлэхэд нь ирж үзэхэд цонхон дээр байсан Наiег маркийн 32 инчийн өнгөт телевизор алга болчихсон байна. Тэгээд би хажуу талын эмийн сангийн камерыг орж шүүсэн тэр өдрийн 2018 оны 09 сарын 30 өдөр өглөө 09-10 цаг үед эгчийг очихоос өмнө нэг эрэгтэй эмийн санд орсон бичлэг байсан тэгээд тэр эмийн сангаас нэг хайрцагтай зүйл аваад гарч байсан бичлэг байхаар нь цагдаагийн байгуулага дуудлага өгсөн. Тэр өдрийнхөө Цагдаагийн байгуулага хүнийг олсон гээд телевизорыг хүлээн авсан. Уг телевизорыг 2016 онд 399.000 төгрөгөөр худалдан авч байсан. Үнэлгээчин 240000 төгрөгөөр үнэлсэн байсан би үнэлгээтэй танилцсан. Алдсан зурагтаа буцааж авсан болохоор гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 15-17/

Иргэний нэхэмжлэгч П.Пгийн мөдөн байцаалтанд өгсөн

... 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Цэрэнпалжир надруу залгаад энд зурагт байна 100.000 төгрөгөөр зарна гэхээр нь би үзэхэд нэг залуу зурагт тэвэрчихсэн байсан. Би тэр залуугаас чи яагаад хямд зарах гээд байгаа юм гэхэд миний гэрийн зурагт байгаа надад мөнгөний хэрэг болоод зарах гэж байгаа гэхээр нь 91,000 төгрөгөөр худалдан авсан. Би Б.Уаас 91000 төгрөгөө буцаан авсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг / хх-ийн 19-20 /

Гэрч А.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн

... манай Маралжин эмийн сангийн хажуу өрөөнд О эгч үсчин, түүний дүү нь компьютерийн засвар үйлчилгээ хийдэг. 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө 09-10 цагийн орчимд эмийн санд ирсэн эмийн сангийн үүдний хаалга цоожгүй байдаг болохоор санаанд ороогүй эмийг санд цэвэрлэгээ хийж байсан хажуу талын үсчиний газрын хаалга дуугарахаар нь үсчин эгч ирсэн гэж бодсон. Тэгээд би хогоо асгах гэж гарахад надтай зөрөөд хар куртиктэй өндөр залуу үсчиний газар луу орсон. Тэр залуу эмийн санд орж ирээд Вигар гэж эм аваад энэ талын үсчин ирээгүй юмуу гэхэд нь ирээгүй гэж хэлсэн. Тэгээд удаагүй байтал манай хажуу талын үсчин телевизор алга гээд цагдаад дуудлага өгөөд эмийн сангийн камер үзэхэд нэг хар куртиктэй залуу телевизор авсан олоод телевизор буцааж авсан гэж ярьсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 27-30 /

Гэрч Б.Оийн мөдөн байцаалтын шатанд өгсөн

... би баруун бүсийн худалдааны төвийн хойд талд Маралжин эмийн сангийн хажуу өрөөнд Оюун нэртэй газарт үсчинээр ажилладаг. Миний төрсөн дүү компьютерийн засвар үйлчилгээ хийдэг. 2018 оны 09 дүгээр сарын 30- ны өдөр 11 цагт ажилдаа ирэхэд үүдний цоож онгорхой байхаар нь орсон чинь Наiег маркийн 32 инчийн өнгөт зурагт алга байсан. Хажуу талын эмийн санд ороод асуухад сая нэг хүн хайрцагтай зүйл авч гарсан гэж хэлэхээр нь эмийн сангийн камер шүүж үзээд цагдаад мэдэгдсэн. Тэгээд тухайн өдрөө зурагтаа буцаан олж авсан .... гэх мэдүүлэг / хх-ийн 31-33 /

Энх нахиа ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №237 дугаар “... эд зүйлсийг ... зурагтыг 240000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ /хх-ийн 42-43/,

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 1-2/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүгдэгч Б.Уыг иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 58/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 58/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 57/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан сэхийг шалгах хуудас/ хх-ийн 65/ нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон арван зургаан насанд хүргээгүй хохирогч, арван зургаан насанд хүргээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.     

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.У нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг Баруун бүсийн худалдааны төвийн ард байрлах иргэн Ц.Бийн байнгийн үйл ажиллагаа явуулах Оюун нэртэй үсчиний газарт 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 09-10 цагийн үед хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагт хулгайлан авч 240000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

хохирогч Ц.Бийн ... эгч Б.О залгаад ажлын өрөөнд байсан телевизор чинь алга болчихсон байна гэж хэлэхэд нь ирж үзэхэд цонхон дээр байсан Наiег маркийн 32 инчийн өнгөт телевизор алга болчихсон байна ... гэх мэдүүлэг / хх-ийн 15-17/

Иргэний нэхэмжлэгч П.Пгийн ...миний гэрийн зурагт байгаа надад мөнгөний хэрэг болоод гэхээр нь 91000 төгрөгөөр худалдан авсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

гэрч А.Аийн ... би хогоо асгах гэж гарахад надтай зөрөөд хар куртиктэй өндөр залуу үсчиний газар луу орсон. Тэр залуу эмийн санд орж ирээд Вигар гэж эм аваад энэ талын үсчин ирээгүй юмуу гэхэд нь ирээгүй гэж хэлсэн. Тэгээд удаагүй байтал манай хажуу талын үсчин телевизор алга гээд цагдаад дуудлага өгөөд... гэх мэдүүлэг / хх-ийн 27-30 /

гэрч Б.Оийн ... би хогоо асгах гэж гарахад надтай зөрөөд хар куртиктэй өндөр залуу үсчний газар луу орсон удаагүй байтал манай хажуу талын үсчин телевизор алга гээд цагдаад дуудлага өгсөн ... гэх мэдүүлэг / хх-ийн 27-30 /

гэрч Б.Оийн ... 2018 оны 09 дүгээр сарын 30- ны өдөр 11 цагт ажилдаа ирэхэд үүдний цоож онгорхой байхаар нь орсон чинь Наiг маркийн 32 инчийн өнгөт зурагт алга байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 31-33/

Энх нахай ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №237 дугаар “... эд зүйлсийг... зурагтыг 240000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ /хх-ийн 42-43/ зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.У нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг Баруун бүсийн худалдааны төвийн ард байрлах иргэн Ц.Бийн үйл ажиллагаа явуулах Оюун нэртэй үсчиний газарт 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 09-10 цагийн үед хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагт хулгайлан авч 240000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Уг гэмт хэргийн хохирогч Ц.Б хулгайд алдсан эд зүйлийг 240000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, шүүгдэгч Б.У нь бусдын эд зүйлийг хулгайлж авсан өөрийн үйлдэл болон авсан эд зүйл болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.У нь хохирогч Ц.Бийн хулгайлсан эд зүйлийг буцааж өгч / хх-ийн 53-54/, иргэний нэхэмжлэгч П.Пд 90000 төгрөг буцааж өгч хохирлыг барагдуулсан, хохирогч Ц.Б, иргэний нэхэмжлэгч П.П нар нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Уыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм бурутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.У нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Уг хэрэгт шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дайчин ван овогт Б.Уыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Уыг хоёр / 2 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.Ут оногдуулсан хоёр / 2 / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч Б.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ут хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА