Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 412

 

Б.Ут холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 75 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 29 дүгээр магадлалтай, Б.Ут холбогдох 1814005570052 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1976 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Дайчин ван овогт Б.У нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Уыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Уыг 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Ут холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг Баянхонгор аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулга бичсэн эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өмгөөлөгч эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хэргийг 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд Б.Ут холбогдох хэрэг нь олон нийтийн эзэмшлийн газарт үйлдэгдсэн бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байранд зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэмт хэргийн шинж хангалттай тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь 240.000 төгрөг байх тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Уыг цагаатгаж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэлгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хууль зөрчсөн гэж үзэхээр байна.

Учир нь хохирогч Ц.Бийн “2018 оны 9 сарын 30-ны өглөө 10 цагт төрсөн эгч Б.О залгаад ажлын өрөөнд байсан телевизор чинь алга болчихсон байна гэж хэлэхэд нь ирж үзэхэд цонхон дээр байсан Наiег маркийн 32 инчийн өнгөт телевизор алга болчихсон байна. Тэгээд би хажуу талын эмийн сангийн камерыг орж шүүсэн, тэр өдрийн 2018 оны 9 сарын 30-ны өдөр өглөө 09-10 цагийн үед эгчийг очихоос өмнө нэг эрэгтэй хүн эмийн санд орсон бичлэг байсан. Тэгээд тэр эмийн сангаас нэг хайрцагтай зүйл аваад гарч байсан бичлэг байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгч, тэр хүнийг олж би зурагтаа буцаан авсан... Хаалга жоохон эвдэрсэн байсныг тэр өдөр нь зурагт авсан хүнээр нь янзлуулчихсан” гэж мэдүүлсэн,

Гэрч А.Аийн “2018 оны 9 дүгээр сарын 30-ны өглөө 09-10 цагийн орчимд эмийн санд ирсэн эмийн сангийн үүдний хаалга цоожгүй байдаг болохоор санаанд ороогүй эмийг санд цэвэрлэгээ хийж байсан хажуу талын үсчин газрын хаалга дуугарахаар нь үсчин эгч ирсэн гэж бодсон. Тэгээд би хогоо асгах гэж гарахад надтай зөрөөд хар куртиктэй өндөр залуу үсчний газар луу орсон. Тэр залуу эмийн санд орж ирээд Вигар гэж эм аваад энэ талын үсчин ирээгүй юм уу гэхэд нь ирээгүй гэж хэлсэн. Тэгээд удаагүй байтал манай хажуу талын үсчин телевизор алга гээд цагдаад дуудлага өгөөд эмийн сангийн камер үзэхэд нэг хар куртиктэй залуу телевизор авсан байсныг олоод телевизор буцааж авсан гэж ярьсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Оийн “2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 11 цагт ажилдаа ирэхэд үүдний цоож онгорхой байхаар нь орсон чинь Наiег маркийн 32 инчийн өнгөт зурагт алга байсан. Тэгээд би Бд хэлээд цагдаад дуудлага өгсөн. Хажуу талын эмийн санд ороод асуухад сая нэг хүн хайрцагтай зүйл авч гарсан гэж хэлэхээр нь эмийн сангийн камер шүүж үзээд цагдаад мэдэгдсэн. Тэгээд тухайн өдрөө зурагтаа буцаан олж авсан.” гэх мэдүүлэг зэргээр иргэн Ц.Б нь үсчний үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уг үйл ажиллагаа явуулдаг байр нь тусгайлан хамгаалагдсан байр байсан. Ц.Б, Б.О нар нь хэрэг гарсан өдрийн урд өдөр нь ажлын байраа цоожлоод явсан. Хэрэг гарсан өдөр ажилдаа ирээгүй байхад нь хулгай орсон талаар мэдэж цагдаад хандаж зурагтаа олж авсан. Зурагтаа олж авахдаа эвдэрсэн хаалгыг хулгай хийсэн хүнээр засуулсан байна. Мөн гэрч А.Аийн мэдүүлгээс харахад эмийн сангийн үүдний хаалга цоожгүй байдаг, харин дотор талдаа үсчин болон эмийн сан нь тус тусдаа цоожтой тусгаарлагдсан байдаг болох нь тогтоогддог.

Мөн хохирогч Ц.Б, гэрч Б.О нар нь ажлын байраа цоожлоод явсан. 2018 оны 9 сарын 30-ны өдөр онгойгоогүй байсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Аийн “...Тэр залуу эмийн санд орж ирээд Вигар гэж эм аваад энэ талын үсчин ирээгүй юм уу гэхэд нь ирээгүй гэж хэлсэн. Тэгээд удаагүй байтал манай хажуу талын үсчин телевизор алга гээд цагдаад дуудлага өгөөд эмийн сангийн камер үзэхэд нэг хар куртиктэй залуу телевизор авсан байсныг олоод телевизор буцааж авсан гэж ярьсан...” мэдүүлгүүдээр хаалга цоожтой байсан, тухайн үсчний газрын үйл ажиллагаа эхлээгүй, үсчин байхгүй байсан болохыг Б.У лавтай сайн мэдсэн болох нь тус тус нотлогддог.

Магадлалд дээрх яллах талын нотлох баримтыг хэрхэн үгүйсгэж байгаад дүгнэлт хийгээгүй байж Б.Уын мөрдөн шалгах болон шүүхийн шатанд өгсөн “...үсчний өрөө байхаар нь өрөөний хаалгыг түлхсэн чинь өнөөх өрөө онгойсон... жоохон суусан чинь хүн орж ирэхгүй байсан. Тэгээд цонхны тавцан дээр нэг зурагт байхаар нь авсан...” мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 29 дугаар магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.У нь орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болох хохирогч, гэрч нарын мэдүүлгээс үзэхэд хулгай гардгийн урд орой хохирогч хаалгаа цоожлоод явсан, өглөө нь ажилдаа ирээгүй байхад хулгайн гэмт хэрэг гарч зурагт алдагдсан үйл баримт тогтоогдсон байна.

Б.У нь өглөө онгойгоогүй байсан үсчний газар руу орж 240.000 төгрөгийн үнэ бүхий зурагтыг хулгайлсан гэж анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийж, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байх тул магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзнэ. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийж байна” гэв.  

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр гаргасан саналдаа: “Магадлалыг хэвээр үлдээх саналтай байна. Нэгэнт ажиллагаа дутуу хийгдсэн бөгөөд зурагтыг олсон даруйдаа Б.Уаас, мөн цэвэрлэгээ хийж байсан гэрчээс мэдүүлэг авсан. Хаалгыг түгжээгүй байх бүрэн боломжтой байдаг. Зөвшөөрөгдсөн хугацаанд хууль бусаар нэвтрээгүй гэж үзэж байна. Зурагт авах санаа зорилго нь хэзээ хойно үүссэн. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Ут холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Уыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг Баруун бүсийн худалдааны төвийн ард байрлах иргэн Ц.Бийн үйл ажиллагаа явуулах Оюун нэртэй үсчингийн газарт 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 10 цагийн үед хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагт хулгайлан авч 240.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдэгдсэн гэх үсчний газарт үзлэг хийж, хаалга эвдэрсэн эсэх ул мөрийг бэхжүүлээгүй, тухайн үед үсчний газрын хаалга онгорхой, эсхүл цоожтой байсан эсэх, шүүгдэгч Б.У нь үсчний газраас зурагт хулгайлж авахдаа хаалгыг хүчээр онгойлгож орсон эсэхийг шалгаагүй, хаалганы цоож эвдэрсэн бол түүнд үнэлгээ хийгдээгүй байна.

Шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нар нь шүүх хуралдаанд оролцохдоо хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, үсчний газарт хууль бусаар нэвтрээгүй, үйл ажиллагаа явуулах цагаар нь үйлчлүүлэхээр орсон, хаалга эвдээгүй тул хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэх талаар маргаж, мэтгэлцсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх зүйлчлэлийн маргаан бүхий хэргийг шийдвэрлэхдээ шүүх хуралдаанд хохирогч, гэрч нарыг оролцуулахгүйгээр, хавтаст хэрэгт цугларсан эргэлзээ бүхий нотлох баримтуудыг үндэслэл болгож, “Б.Уыг иргэн Ц.Бийн үйл ажиллагаа явуулах Оюун нэртэй үсчний газарт 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 9-10 цагийн үед хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагт хулгайлан авч 240.000 төгрөгийн хохирол учруулсан” гэж яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн үйл баримтыг хуулбарлан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтоохдоо Б.У нь үсчний газарт ямар аргаар, хэрхэн хууль бусаар нэвтэрсэн талаарх үйл баримтын дүгнэлт хийгээгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” нотолгооны стандарт шаардлагыг илтэд хангаагүй гэж үзэв.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 75 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 29 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.Ут холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Б, гэрч А.А, Б.О, шүүгдэгч Б.Уын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүдийг анхаарч, шаардлагатай тохиолдолд талуудын хүсэлтийг харгалзан тэднийг шүүх хуралдаанд оролцуулж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тодруулах замаар шүүгдэгч Б.У нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ үсчний газарт хууль бусаар нэвтэрсэн эсэх, ийнхүү нэвтрэхдээ хаалга эвдсэн эсэхийг хөдөлбөргүй тогтоож, үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.У нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн эсэхийг хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар зайлшгүй нотолбол зохих асуудалд хамаарахаас гадна хэргийг зөв зүйлчилж, шүүдэгчийн гэм бурууд тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.

Хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулах талаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 75 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 29 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Ут холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгын бичсэн эсэргүүцлээс “шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх” тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                 ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

                                                 ШҮҮГЧ                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                          Д.ГАНЗОРИГ

                                                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН