Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 29

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Уламбаяр, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Шүүгдэгч Б.У

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр

Нарийн бичгийн дарга Н.Гантулга нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан давж заалдах гомдлоор Б.Ут холбогдох эрүүгийн 1814005570052 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б.У, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэйулсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй,

Б.У нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг баруун бүсийн худалдааны төвийн ард байрлах иргэн Ц.Бийн үйл ажиллагаа явуулах “Оюун” нэртэй үсчиний газарт 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 10 цагийн үед хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагт хулгайлан авч 240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Б.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Дайчин ван овогт Б.Уыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар Б.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: 1. Миний үйлчлүүлэгч Б.У нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж 240.000 төгрөгийн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа гэмшиж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдаг. Харин түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлсан гэж зүйлчилсэн нь эргэлзээтэй байна.

Учир нь тухайн гэмт хэрэг нь 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цагийн орчим худалдаа үйлчилгээ эхэлсэн цагт үйлдэгдсэн. Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газар нь байнгын үйл ажиллагаа явуулж, бусдад үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий обьект юм. Миний үйлчлүүлэгчийн шүүх хуралдааны шатанд болон хавтаст хэргийн 38-39, 53-54-р талд авагдсан тогтвортой мэдүүлгүүдээр тухайн үсчиний газар үсээ засуулахаар орсон, хаалгыг түлхэхэд өөрөө онгойсон, үсчинг ойрхон гарсан байх гэж бодоод нилээн хэдэн минут хүлээсэн, орж ирэхгүй болохоор нь архи ууя гэж бодоод телевизорыг аваад гарсан гэдгийг тогтвортой мэдүүлсээр байтал хэргийн газарт ямар нэгэн байдлаар нэг ч удаа үзлэг хийгээгүй, цоож цуурга хаалга эвдэрсэн эсэхийг нотлоогүй, хэргийн бодит байдлыг бүрэн шалгаагүй байж прокуророос хэргийг хүндрүүлэн зүйлчилж түүнийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэвтрэх гэдэг ойлголтын хувьд ямар нэгэн зориудын /албаар хүчээр/ хүч үйлчилсэний үндсэн дээр нэвтэрсэн гэж ойлгогдохоор Монгол хэлний тайлбар толинд авагдсан байдаг. Харин миний үйлчлүүлэгчийн хувьд ажлын цагаар бусдын үйл ажиллагаа явуулах зориулалтын байр руу орохдоо тухайн үйлчилгээг авахаар хаалгаар орсон нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан шинжийг хангахгүй гэж үзэж байна. Өмгөөлөгч миний зүгээс шүүх хуралдаанд энэхүү асуудлыг хэлэлцүүлж улсын яллагчтай мэтгэлцсэн боловч ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа үндэслэлийг дээрх шийтгэх тогтоолд тусгаагүй байна. Хохирогч нар нь мэдүүлэхдээ үүдний цоож онгорхой байсан гэж мэдүүлснээс өөрөөр эвдэрсэн гэмтсэн талаар мэдүүлээгүй байдаг.

Иймд дээрх байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Гантулга гаргасан дүгнэлтэндээ: Шүүгдэгч Б.Уын үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Гомдлоо дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч үсээ засуулах гэж ороод хүн байхгүй байхаар нь тухайн телевизорыг аваад гарсан гэж мэдүүлдэг. Ажлын цаг эхэлсэн байхад хүн хулгай хийх гэж орохгүй нь тодорхой байхад уг байдлыг эцэслэн шалгалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ байдлыг үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолд ч дурдаагүй байдаг тул хэргийг шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу давж заалдах шатны шүүхээс тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Баянхонгор аймгийн прокурорын газраас Б.Уыг 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Ц.Бийн үйл ажиллагаа явуулдаг “Оюун” нэртэй үсчиний газарт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагт хулгайлан авч 240.000 төгрөгийн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүхээс түүнийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд болох гэрч А.Ариунбилэгийн “...эмийн сангийн өрөөнд цэвэрлэгээ хийж байтал хажуу талын үсчиний газрын хаалга дугарахаар нь үсчин эгч ирж байгаа юм байх гэж бодсон. Тэгээд би удаагүй хогоо асгах гэж гарахад надтай зөрөөд хар куртиктэй өндөрдүү эрэгтэй хүн үсчиний газар руу орсон. Тэгээд би хогоо асгачихаад буцаад эмийн сандаа орж ирээд байж байтал нөгөө хүн үсчиний газраас гараад үүдний амбаарт нэг хайрцагтай зүйл тавьчихаад манай эмийн сан руу орж ирсэн...” /хх-ийн 27-30-р тал/ гэх мэдүүлэг,

шүүгдэгч Б.Уын гэрчээр болон яллагдагчаар өгсөн “...эмийн сангаас 1 ширхэг витамин аваад эмийн сангийн хажуу талд нь үсчиний өрөө байхаар нь өрөөний хаалга түлхсэн чинь өнөөх өрөө онгойсон, өрөөнд ороод хартал цонхны давцан дээр нэг Hair нэртэй 32 инчийн зурагт байхаар нь авч гарсан...”, “...эмийн сан руу орж өвчин намдаах эм авч уучихаад үсээ засуулах гээд хажуу талын үсчиний газрын хаалгыг түлхсэн чинь ойнгойчихсон. Тэгээд дотор нь орсон чинь хүн байхгүй байсан бөгөөд би эзэн нь ойрхон гарсан юм байх гээд жоохон суусан чинь хүн орж ирэхгүй байсан. Тэгээд цонхны тавцан дээр нэг зурагт байхаар нь авсан...” / хх-ийн 38-39, 53-54-р тал/ гэх мэдүүлгүүдээс үзвэл үсчиний газрын хаалга, цоож эвдэрсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй байна.

Тухайлбал Б.Уыг үсчиний газар руу орж байхыг харсан гэрч нь “...өндөр эрэгтэй хүн үсчиний газар руу орж байсан...” хэмээн мэдүүлсэн болохоос Б.У ямар нэгэн байдлаар үсчиний газрын хаалгыг онгойлгохоор оролдож байсан буюу эвдэж байсныг гэрчлээгүй байна.

Иймд үсчиний газар буюу нийтийн үйлчилгээний газар нь Б.Уыг ороход онгорхой байсан гэж үзэхээр байгаа ба хэрэв уг газрыг хаалттай буюу хаалга нь цоожтой байсан хэмээн үзэж байгаа бол хэн эхэлж орсон, хаалга, цоож эвдэрсэн буюу гэмт хэргийн улмаас хохирогчид хор уршиг учирсан эсэх, хэрэв хор уршиг учирсан тохиолдолд түүнийг хэн учруулсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн газарт үзлэг хийх, шаардлагатай гэрч нарыг асуух, зайлшгүй ач холбогдол бүхий камерын бичлэг зэргийг хуулбарлан авч хэрэгт хавсаргаагүй байна.

Хохирогч Ц.Б “...хаалга жоохон эвдэрсэн байсныг тэр өдөр манай телевизорыг авсан хүнээр янзлуулчихсан...”/хх-ийн 16-17-р тал/ гэж мэдүүлдэг хэдий ч хэрэгт уг байдлыг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй, дээр дурдагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад зайлшгүй хийгдэх ажиллагаануудыг одоо нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан “...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч...” гэдэг нь түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах зэргээр нэвтрэн орсон байхыг ойлгоно. Харин нийтийн үйлчилгээний газар болох дэлгүүр, үсчин гэх мэт газарт хууль ёсоор нэвтэрч орсоны дараа хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг үйл ажиллагаа явуулах зориулалттай газарт нэвтэрсэн гэж үзэхгүй болно.

Мөн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэх санаа нь урьдаас бодон төлөвлөн үүссэн байдаг бол харин нийтийн үйлчилгээний газарт зөвшөөрөгдсөн үед нэвтрэн орсоны дараа эд зүйл хулгайлах санаа нь тухайн үедээ үүссэн байдаг онцлогтой.

Дээр дурдагдсан үндэслэлүүдээс үзвэл Б.Уыг бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай газарт хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх боломжгүй, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан хэмээн Эрүүгийн хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, энэ талаар гаргасан өмгөөлөгч П.Өлзийбаярын давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хохирогч Ц.Бөд Б.Уын үйлдлийн улмаас нийт 240.000 төгрөгийн хохирол учирсан нь “Энх Нахиа” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 42-43-р тал/ тогтоогдсон, энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т заасан бага хэмжээний хохиролд хүрэхгүй буюу мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Ут холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан шүүгдэгчийг шүүх хуралдааны танхимаас суллаж, эрүүгийн 1814005570052 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Б.У нь 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр

зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.2-т заасныг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Ут холбогдох эрүүгийн 1814005570052 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ут хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 1814005570052 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд Баянхонгор аймгийн прокурорын газарт буцаасугай.

4. Б.У нь 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 53 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

        ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Г.УЛАМБАЯР

                     М.МӨНХДАВАА