| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 119/2019/0009/З |
| Дугаар | 221/МА2019/0429 |
| Огноо | 2019-08-15 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2019/0429
“Т х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Т х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр: “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2 дахь заалтуудыг баримтлан “Т х” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 200015433 дугаартай актаар тогтоосон төлбөрийг 11.309.291,2 /торгууль 5.077.140,2 төгрөг, алданги 6.232.151 төгрөг/ төгрөгөөр, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 200015481 дугаартай актаар тогтоосон төлбөрийг 9.919.311,5 /торгууль 3.719.741,8 төгрөг, алданги 6.199.569,7 төгрөг/ төгрөгөөр тус тус багасгаж, “Зөрчлийн тухай хуулийг буцаан хэрэглэж, татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 200015433 дугаартай акт, 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 200015433 дугаартай актаар тогтоосон төлбөрийн өрийг татварын мэдээллийн баазаас хасуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Хариуцагч Орхон аймгийн Татварын хэлтэст “Т х” ХХК-ийн дээрх актаар тогтоосон төлбөл зохих татварын өр, төлбөрөөс нийт 21.228.602,7 төгрөгийн төлбөр /торгууль, алданги/-ийг татварын мэдээллийн баазаас хасч тооцох замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Т х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Орхон аймгийн Татварын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож” тус тус шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан давж заалдах гомдолдоо: “...”Т х” ХХК нь татварын улсын байцаагч нарын 2015 оны актаар ногдуулсан төлбөрөөс 4.504.234 төгрөг, 2016 оны актаар ногдуулсан төлбөрөөс 100.000 төгрөг төлсөн байдаг. Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн журмаар гаргасан “Т х” ХХК-ийн гаргасан гомдлыг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож, үүссэн өр төлбөрийг төлүүлэх нь зүйтэй байна гэж тогтоосон. Шүүх хуралдааны явцад энэ нөхцөл байдлыг шүүх мэдсэн ч огт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Хэрэг шийдвэрлэсэн шүүхийн шүүгч цаг хугацааны хувьд татвар төлөгч үүргээ хэзээ биелүүлэх үүрэгтэй байсан, үүргийн биелэлтийг хангуулахаар шүүхэд хандсан байдал, түүнд холбогдуулан гаргасан шүүхийн тогтоол гэх зэргийг бүхэлд нь судлан шинжилж шийдвэр гаргаагүй нь шийдвэр нь өөрөө хууль ёсны байх зарчмыг хангаагүй гэж үзэж байна. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд албан татварын өрнөөс үндсэн болон нөхөн татварыг үлдээх, торгууль, алдангийг төлүүлэх тухай, өршөөлд хамруулах тухай агуулгатай зүйл, заалт байхгүй байгааг харж болно. Тиймээс шүүхийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Шүүх гомдлын шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлээгүй атлаа гомдолд холбогдуулан төлсөн төлбөрийг хариуцагчаар буюу төсвийн байгууллагаар төлүүлэхээр шийдвэрлэсэн хууль зөрчсөн гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хүчингүй болгон хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Энхтуяа, Ч.Цэрэндорж нар “Т х” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалтыг хийж, 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 200014533 дугаар актаар[1] Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь заалтыг үндэслэн 16.923.800,4 төгрөгийн нөхөн татвар, 5.077.140,2 төгрөгийн торгууль, 6.232.151 төгрөгийн алданги, нийт 28.233.091,6 төгрөгийн төлбөр ногдуулжээ.
Мөн “Т х” ХХК-ийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалтыг хийж, тус хэлтсийн татварын улсын байцаагч Д.Буяндэлгэр, Г.Гүндэгмаа нар 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 200015481 дүгээр актаар[2] 12.399.139,4 төгрөгийн нөхөн татвар, 3.719.741,8 төгрөгийн торгууль, 6.199.569,7 төгрөгийн алданги, нийт 22.318.450,9 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч нь Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдуулан “Зөрчлийн тухай хуулийг буцаан хэрэглэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж Татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 200015433 дугаар акт, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 200015481 дүгээр актуудаар тогтоосон төлбөрийн өрийг татварын мэдээллийн баазаас хасуулахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 8-д заасан зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.2, 1.5 дахь заалтын дагуу биелүүлээгүй актын төлбөрийг уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.2-т заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож өгөөгүй, ... Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар өршөөн хэлтрүүлж байгаа” гэж тайлбарлан маргажээ.
Анхан шатны шүүх Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалт, хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн үндэслэлийн зарим хэсэг буюу “...Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 8-д заасан зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.2, 1.5 дахь заалтын дагуу биелүүлээгүй актын төлбөрийг уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.2-т заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож өгөөгүй” гэсэн нь үндэслэлгүй төдийгүй уг асуудлаар хариуцагчийг буруутгах боломжгүй талаар зөв дүгнэлт хийсэн байна.
Мөн нэхэмжлэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн нөхөн татвар нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан хариу төлбөргүйгээр улсын төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгө бөгөөд тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар төлөгч “Т х” ХХК нь “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” үүрэгтэй тул нэхэмжлэгч компанийн хугацаандаа төлөөгүй нөхөн татварыг түүнд ногдуулсан захиргааны шийтгэл гэж үзэхгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв бөгөөд нэхэмжлэгчээс уг дүгнэлтүүдтэй холбогдуулан давж заалдах гомдол гаргаагүй байх тул шүүх уг хэсэгт дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна”, 10.7-д “Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус тус заасан байна.
Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д “татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид энэ хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ”, 74 дүгээр зүйлийн 74.1-д “... эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагчийн татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.2-т “татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.3-д “энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж тус тус заасны дагуу татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчил, түүнд хүлээлгэж буй хариуцлага болох торгууль, алданги нь захиргааны шийтгэл юм.
Хэдийгээр дээрх хуулиудаар захиргааны шийтгэлийг буюу татварын улсын байцаагч нарын 2 актаар ногдуулсан торгууль, алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу өршөөн хэлтрүүлэхээр зохицуулсан боловч нэхэмжлэгч нь 2015 оны 200015433, 2016 оны 200015481 дүгээр актуудаар тогтоосон зөрчилтэй маргаагүй, нөхөн татвараа төлөөгүй, уг актуудтай холбогдуулан Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2019/00870 дугаар тогтоолоор[3] дээрх 2 актаар ногдуулсан өр төлбөрийг нэхэмжлэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул шүүхийн зүгээс 9.919.311,5 төгрөгийн шийтгэлийг өршөөн хэтрүүлэх боломжгүй төдийгүй татварын мэдээллийн баазаас хасахыг хариуцагчид даалгах үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] Хавтаст хэрэг 6 хуудас
[2] Хавтаст хэрэг 14 хуудас