Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00974

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 08 210/МА2024/00974

 

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2024/01313 дугаар шийдвэртэй,

С ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Г-д холбогдох

Алданги болон өмгөөллийн хөлс 8,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн С ХХК-дучруулсан хохирлыг нөхөн төлөх баталгаа болон 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн С ХХК-д баталгаа гаргах тухай хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт 21,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Д.Г нь 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сар хүртэл манай компанид нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа нийт 53,000,000 төгрөгийн хохирол учруулсан тул цагдаад хандаж аудитын компаниар баталгаажуулсан бөгөөд тэрээр мөрдөн байцаалтын явцад 19,000,000 төгрөгийг манай компанид төлөхөөр тохиролцсон. Д.Г нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн баталгаа бичиж компанид учируулсан хохиролд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 9,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэсэн. Дээрх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэсэн баталгаа бичиж нотариатаар батлуулсан.

1.2. Хариуцагч нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 14,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Харин 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлөх байсан 5,000,000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлөхөд нийт 167 хоногийн хэтэрсэн алдангид 4,175,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлөх байсан 9,000,000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлөхөд нийт 107 хоногийн хэтэрсэн алдангид 4,815,000 төгрөг буюу нийт алданги нь 8,990,000 төгрөг болсон. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 14,000,000 төгрөгийн 50 хувь болох 7,000,000 төгрөгийн алданги нэхэмжилж байна.

1.3. С ХХК-аасөмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, өмгөөллийн хөлсөнд 1,000,000 төгрөг төлсөн. Дээрх дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч уг шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хариуцагчаас алданги 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр бичсэн баталгаа гэх баримтаар хүлээсэн үүргээ гүйцэтгэн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 16,000,000 төгрөг, нийт 21,000,000 төгрөг төлж барагдуулсан. Захирал Г.Б нь дарамттай байсан тул залхаж түүний хэлснийг зөвшөөрсөн. Харин сүүлд 16,000,000 төгрөгийг төлөхдөө С ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б-тэй тохиролцож өр төлбөрийг бүрэн барагдуулсан, үлдэгдэл төлбөргүй, мөн дахин төлбөр нэхэхгүй гэж тохиролцсон.

2.2. Д.Г нь С ХХК-ийн мөнгийг завшсан гэх үйл баримт тогтоогдоогүй прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжнгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Түүний үйлдсэн гэх кассын баримт, тайлан болон аудитын тайлан шалгуулсан баримтууд дээр Д.Г-гийн гарын үсэг байдаггүй. Тухайн баталгаа бичгийг үйлдсэнээр хохирол учруулсан болох нь нотлогдохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

3.1. Д.Г нь 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд С ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан. 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Д.Г нь Г.Б захирлын дарамтад ажиллах боломжгүй тул ажлаас гарах өргөдлөө өгсөн. 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Г.Б нь цагдаад хандан Д.Гг компанийн мөнгө шамшигдуулсан буюу мөнгө завшсан, хохирол учруулсан гэх үндэслэлээр гомдол гаргасан тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Д.Г мэдүүлэг өгөхдөө би компанид хохирол учруулаагүй, мөнгө завшаагүй гэсэн тайлбар өгсөн.

3.2. Г.Б, Д.Г нар 2022 оны 05 дугаар сард уулзалдаж санхүүгийн тайлан дээр 5 хоног тулгалт хийхэд 3 дахь өдөр нь Г.Б захирал Д.Г-д тохиролцъё бид нар удахгүй татварын шалгалтад орох гэж байгаа бүх баримт бичгээ янзлаад өгвөл цагдаагийн асуудлаа дуусгая гэсэн санал тавьсан мөнгө завшаагүй учраас зөвшөөрөөгүй.

Улмаар Г.Б нь удаа дараа холбогдож аудитын тайлангаар их хэмжээний хохирол учирсан үүнийгээ төл гэсэн дарамт шахалтыг өгсөн тул 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр баталгаа бүхий хоёр бичгийг бичүүлж, нотариатаар батлуулсан. Хэлцлийг эндүүрсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй бөгөөд С ХХК-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэх баталгааг Г.Б бичүүлж авсан. Харин Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хаасан.

Иймд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, С ХХК-д шилжүүлсэн 21,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Д.Г нь нягтлан бодогчоор ажиллаж байсан. Д.Г ажилдаа ирэхгүй болохоор утсаар ярьсаар байгаад 2020 оны 8 дугаар сард уулзахад хүүхэд харах хүн олчихоод ирээд ажлаа хүлээлгэж өгнө, тайлан балансаа гаргаж, олдохгүй байгаа баримтуудыг олж өгнө гэж хэлсэн боловч түүнээс хойш ирээгүй.

4.2. Захирал Д.Б 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 7 дугаар сар хүртэлх баримтыг шалгахад 2019 оноос 2020 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд хуурамч баримтаар кассаас 15,038,327 төгрөгийг бэлнээр авсан, бараа материалын тайлангаар 38,418,000 төгрөгийн бараа материалыг авсан мэтээр хуурамч баримт үйлдэж, нуун дарагдуулж байгууллагад нийтдээ 53,456,327 төгрөгийн хохирол учруулсан тул цагдаад өргөдөл өгч шалгуулсан. Д.Г нь 53,000,000 төгрөгийн хохирол учруулсан нь аудитын дүгнэлт, татварын байгууллагын шалгалтаар зөрчил илэрч акт тавигдсан баримтуудаар нотлогдсон.

Харин Д.Г нь нялх хүүхэдтэй, эрүүгийн ял шийтгэл авмааргүй байна гэж гуйсан, мөнгө завшсанаа хүлээн зөвшөөрсөн учраас 19,000,000 төгрөгийн хэмжээгээр өөрийн гараар баталгаа бичиж, нотариатаар баталгаажуулсан баримт үйлдсэн. Гэтэл хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн гэж уг баримтаа хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Дээрх хоёр баталгааг үндэслэн Д.Г хохирлоо хугацаандаа төлнө гэсэнд итгэж гомдлоо татан авсан. Эрүүгийн хэргийг хаалгасны дараа шүүхээр алданги нэхэмжлэхэд өмнөх тайлбараасаа буцаж анхнаасаа байгууллагын хөрөнгө мөнгө завшаагүй, хүлээн зөвшөөрөөгүй, намайг дарамталж баталгааны 2 баримт үйлдэж, мөнгө төлүүлж намайг хохироосон байна гэж хөндлөнгийн бусад байгууллагаас зөрчлийг тогтоосныг үгүйсгэж байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 232 дугаар зүйлийн 232.1, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 135 дугаар зүйлийн 135.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Г-д холбогдуулан гаргасан 7,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч С ХХК-д холбогдуулан гаргасан баталгаа гаргах тухай хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт шилжүүлсэн 21,000,000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Д.Г-гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 142.950 төгрөг, хариуцагчаас төлсөн 403.350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нөгөө талаас хариуцагч Д.Г нь хохирлоо төлөх аргаа тодорхойлохдоо хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги төлөх агуулгыг баталгаа гэх баримтад тусгаж үүргээ гүйцэтгэсэн. 21,000,000 төгрөгийн төлбөр төлөгдсөнийг нэхэмжлэгч зөвшөөрдөг. Харин нэхэмжлэгч баримтанд заасан хугацаандаа төлбөрийг төлөөгүй, хугацаа хэтрүүлж төлбөр төлсөн тул алданги шаардсан гэж тодорхойлоод Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4 дэх хэсгүүдийн зохицуулалтыг тайлбарлан хариуцагч Д.Г нь Баталгаа гэх баримтаар 19,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн, тухайн үүргээ биелүүлэх хугацаа хэтрүүлсэн бол алданги төлөх үүрэг хүлээхээр зохицуулсан байна гэж дүгнэн, нэхэмжлэгчийн алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Учир нь шүүх хуулийн дээрх заалтыг хэрэглэсэн бол Иргэний хуулийн 16 дугаар бүлгийн зохицуулалтыг бүхэлд нь харах, үүрэг гүйцэтгэх хугацааны зохицуулалтанд ач холбогдол өгөх байсан.Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй, харин хариуцагч нь хохирол учруулснаа хүлээн зөвшөөрсөн, төлөх үүрэг хүлээсэн. Энэ үүргээ гүйцэтгэх хугацаанд бас үүрэг хүлээж нэхэмжлэгчтэй тохиролцсон. Хохирол төлөх үүргээ гүйцэтгэхдээ хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй зөрчсөн гэх баримтууд хэрэгт авагдсан.

Иймд шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байдлаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо шийдвэр нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4 дэх хэсэгт заасныг хэрэглэжхэргийг шийдвэрлэсэн атлаа алдангийг шийдвэрлээгүй учраас шийдвэр үндэслэлгүй гэх агуулгыг дурдсан. Шийдвэрт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4 дэх хэсэгт заасныг яаж хэрэглэхийг тайлбарлаад үндэслэх хэсгийн 9 дүгээр талд дурдсан. Анз, алдангийн талаар хуульд хэрхэн зохицуулсан, ямар тохиолдолд хэрэглэх агуулгыг тайлбарлаад энэ тайлбарын хүрээнд талуудын шүүх хуралдаанд мэтгэлцсэн мэтгэлцээн болон хэрэгт авагдсан үйл баримт бүхий нотлох баримтуудыг үндэслэн алдангийг хасаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийг хангах баталгаа нь алданги байна. Шүүхээс Д.Г-г гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн буюу үүргээ бүрэн биелүүлэх явцад нэхэмжлэгч нь хариуцагчаас нэг ч удаа гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой алданги шаардсан үйл баримт хэрэгт авагдаагүй. Харин сүүлийн төлбөр хийх өдрийн урд өдөр нь С ХХК-ийн захирал Д.Г нар уулзаад энэ мөнгийг төлвөл бүх өр төлбөрийг дуусгая гэх аман тохиролцоо хийгээд Д.Г тохиролцооны дагуу тэр өдрийн орой мөнгийг төлсөн нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлд заасан гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.

Гэрээ гэж үзвэл баталгааны дагуу сүүлд төлбөр хийхдээ алдангийн үлдэгдэлтэй холбоотой тохиролцоо, үлдэгдэл байхгүй, түүнтэй холбоотой баримт бичиг үйлдэхгүйгээр эцсийн дүнгээр гүйлгээ хийгдэж байгаа бол өмнөх алдангитай холбоотой гэрээний үүрэг дуусгавар болно. Энэ агуулгаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4 дэх хэсэгт заасныг хэрэглээд алданги нь үндсэн үүрэгтэйгээ хамт биелэгдэнэ, үндсэн үүрэг дуусгавар болсон учраас алдангийн үүрэг дуусах буюу алдангитай холбоотой үүрэг нь Д.Г-д үүсээгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Нөгөө талаасаа Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.5 дахь хэсэгт сүүлийн төлбөрийг хийхэд хүү болон алдангитай холбоотой тохиролцоог тусгаагүй бол тухайн үүрэг дуусгавар болох зохицуулалттай. Д.Ггийн сүүлд мөнгө шилжүүлсэн гүйлгээний утга дээр тооцоо бүрэн дууслаа гэж бичсэн. Дараа нь нөхөр лүү нь фэйсбүүкээр тохиролцоо дуусгая гэсэн учраас төлбөрөө гүйцээгээд хийсэн боловч С ХХК-ийн захирал хэрүүлийн шинжтэй зүйл бичээд байна болиулаач гэх агуулгатай зурвас бичсэнийг үзвэл нэхэмжлэгчийн гэрээ гэж тайлбарласан баталгааны үүрэг бүхэлдээ дуусгавар болсон. Дээрх агуулгаар анхан шатны шүүх алдангийг гаргуулах үндэслэлгүй байна гэж дүгнэснийг буруутгах боломжгүй учраас нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:  

Нэхэмжпэгч С ХХК гомдол гаргахдаа үндэслэсэн баримт нь Э ХХК-ийнтайлан юм. Уг тайлангаар ... кассын зарлагаар нийт 5,973,307 төгрөгийг зарцуулсан талаар дэмжих анхан шатны баримтгүй байна, ... кассын орлогоор нийт 9,160,000 төгрөгийн орлогыг кассын тайланд дутуу шивсэн, харилцах дансанд тушаагаагүй, ...бараа материалын тайланд дутуу нийт 37,396,324.39 төгрөгийн үнэ бүхий бараа дутсан гэж тусгасан. Д.Г аудит хийгдэх үед оролцоогүй. С ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б аудитын тайланд тусгагдсан үнийн дүнгийн хэмжээгээр мөнгө завшсан, уг үйлдэлд тохирох хэмжээгээр ял оногдуулна гэх байдлаар хариуцагч Д.Гг тухайн хэргийг үйлдсэн мэтээр дарамт үзүүлж, төөрөгдөлд оруулсан. Д.Г-д дарамт үзүүлж, төөрөгдөлд оруулсан үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гүйцэтгэх захирал Г.Б, Д.Г нарын харилцсан чатанд хийгдсэн үзлэгээр нотлогдоно. Тухайн харилцсан чатад Г.Б нь ажлаа хийгээгүй хүн хуурч мөнгө хулгайлж байсан нягтланг хүсвэл би 1.5 жилийн цалингаа нэхэх эрхтэй шүү гэх байдлаар Д.Гтай харилцсан. Уг баримтаар Д.Гг гэмт хэрэг үйлдсэн эсэх нь тогтоогдоогүй байхад байгууллагын мөнгө хулгайлсан, завшсан гэж түүнийг төөрөгдөлд оруулсан.

2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр үйлдэгдсэн баталгаа бүхий 2 баримт бичгийг Д.Г С ХХК-д хохирол учруулсаныгхүлээн зөвшөөрч, хүсэл зоригийн дагуу үйлдсэн гэж үзэх нь бодит байдалтай нийцэхгүй. Тухайн тайлан нь хуулийн шаардлага хангаагүй, гарын үсэггүй буюу баталгаажаагүй анхан шатны баримтуудад тулгуурлан С ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б санхүүгийн тооцооллыг гаргаж, гарын үсэг зурж аудитын дүгнэлт гаргуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Уг санхүүгийн тооцооллыг Д.Г гаргасан гэж үзэх боломжгүй санхүүгийн анхан шатны баримтууд нь хүлээлгэн өгсөн, хүлээн авсан хүн нь тодорхойгүй, гарын үсгээр баталгаажаагүй компанид хохирол учруулсан гэж үзэх нь өрөөсгөл юм.

Хариуцагч Г.Б мөнгө завшсан гэж төөрөгдөлд оруулсан учраас түүний хэлсний дагуу тэрхүү баталгаа бүхий хэлцлүүдийг үйлдсэн. Хариуцагч гэмт хэрэг үйлдээгүй нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 812 тоот прокурорын тогтоол мөн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 94 тоот шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдож байна. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2 дахь хэсэгт Хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн гэж заасны дагуу 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн С ХХК-д учруулсан хохирлыг нөхөн төлөх баталгаа, мөн өдрийн С ХХК-д баталгаа гаргах тухай хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт 21,000,000 төгрөгийг С ХХК-аасбуцаан гаргуулах үндэслэлтэй.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжпэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Д.Г 20,000,000 төгрөгөөс илүү ашиглаагүй гэж хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хэрэг шалгагдах явцад холбогдогч, хохирогч хоёртхүндрэлтэй байсан. Д.Г 19,000,000 төгрөгийг 3 хувааж төлье гэж зөвшөөрсөн. Нэхэмжлэлийн шаардлагад алданги нэхэмжлэхээр баталгаа баримтыг хариуцагч зөвшөөрдөг. Сөрөг нэхэмжлэл ярихаар хэлцэл хийхэд төөрөгдсөн нь прокурорын тогтоолоор тогтоогдож, баталгаа баримтыг үндэслэж шийдвэрлэх ёсгүй гэж тайлбарладаг. Хэрэгт баталгаа баримт үйлдэхээс өмнө юу болсон, эрүүгийн хэрэгт ямар баримт авагдсан талаарх баримтууд авагдсан. 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хуурамч баримт үйлдэж, өмнөх өдөр нь 700,000 төгрөг дансанд хийх ёстой байсныг хийгээгүй зөвшөөрсөн. Гар утсанд үзлэг хийхэд би нэг удаа хуурсан, дахиж хуурахгүй гээд өөрийнх нь бичлэг байдаг. Харин Д.Гг дарамтад орсон гэх үйл баримт байхгүй. Хэрэг бүртгэлтийн хэрэг хаахаас өмнө талууд асуудлаа нэг тийш нь болгоё гэж тохиролцсон. Түүний дараа 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2 баталгаа баримтыг хавсаргаад, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах талаарх хүсэлтийг С ХХК-аасөгсөн. Дараа нь 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр цагдаагаас хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналыг прокурорт хүргүүлж, 06 дугаар сарын 27-ны өдөр прокурор хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тогтоол гаргасан.

Баталгаа баримтыг үйлдэх болсон хүсэл зориийг харгалзан үзэх хэрэгтэй. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.5 дахь хэсэгт хэлцэл хийгч нөгөө тал нь маргаж байгаа талын хүсэлтийн дагуу хэлцлийг биелүүлэхийг зөвшөөрсөн бол төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болохгүй гэсэн. Хүссэн хэлцлээ хариуцагч өөрөө тайлбарлаагүй шинжээчийн дүгнэлт, прокурорын тогтоолыг баримтлан хохирлыг төлөх ёсгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Энэ баримтыг нотариатаар батлуулж С ХХК-д өгсөн бөгөөд С ХХК-аасэрүүгийн хэрэгт өгсөн. Өөрөөр хэлбэл, хүсэл зоригийг хүлээн авсан тул хүсэл зоригийг биелүүлсэн. Хоёр баталгаа баримтын нэг баталгаа нь би 19,000,000 төгрөгийг авч ашигласан тул 3 хувааж төлнө, нөгөө баталгаа нь хийж байсан ажил үүрэгтэйгээ холбоотой санхүү, татварын тайлантай холбоотой нөхөн ногдуулалт гарч ирвэл би хариуцаж төлнө гэсэн баталгаа байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүйд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасан. Хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тайлбараар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа үгүйсгэсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд зохигчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Д.Г-д холбогдуулан алданги болон өмгөөллийн хөлс 8,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн С ХХК-д учруулсан хохирлыг нөхөн төлөх баталгаа болон 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн С ХХК-д баталгаа гаргах тухай хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт 21,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

 

3. Хэргийн баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч С ХХК-д хариуцагч Д.Г тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байсан байна. /2-р хх132-135/

 

3.2. С ХХК-ийн захирал Г.Б нь хариуцагч Д.Гг тус компаниас 53,456,327 төгрөгийг хувьдаа завшсан гэх гомдлыг 2021 оны 02 дугаар сарын 04-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргаснаар мөрдөгчийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ************* дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. /1-р хх156, 206-207/

 

3.3. Эрүүгийн журмаар шалган шийдвэрлүүлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Д.Г нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баталгаа гэх баримтуудыг үйлдэж нотариатаар гэрчлүүлсэн. Төлбөр төлөх баталгаа үйлдсэнтэй холбоотойгоор С ХХК-ийн захирал Г.Б нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус цагдаагийн байгууллагад гаргасан гомдлоос татгалзах хүсэлт гаргасан. /хх232-233/

 

3.4. Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 812 дугаартай прокурорын тогтоолоор Г.Г нь С ХХК-д нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа мөнгө завшсан гэх боловч санхүүгийн анхан шатны баримтууд нь хуульд заасан шаардлага хангахгүйн улмаас шинжээчийн дүгнэлтээр мөнгө завшсан гэх нөхцөл байдлыг тогтоох боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн ************* дугаартай хэргийг хаасан байна. /1хх-156/

 

3.5. Хариуцагч Д.Г нь нэхэмжлэгч С ХХК-д 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 16,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь хэргийн 7-8 дугаар талд авагдсан С ХХК-ийн ХААН банк дахь дансны хуулгаар нотлогдсон.

 

Хариуцагч нь хохирол нөхөн төлөх баталгаа, мөн С ХХК-д баталгаа гэх баримтууд үйлдсэн нь талуудын хооронд үүрэг хүлээсэн гэрээ байгуулагдсан гэж үзэх эсэх, хэрэв гэрээ байгуулагдсан гэж үзвэл хүчин төгөлдөр эсэх, баталгаа гэж үйлдсэн баримтаар анз нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх нь зохигчдын маргааны зүйл болжээ.

 

4. Хариуцагч нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр С ХХК-д учруулсан хохирлыг нөхөн төлөх баталгаа гэх баримт үйлдсэн байх бөгөөд уг баримтанд ...Д.Г миний бие С ХХК-д 19,000,000 төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг хугацаа тогтоон 3 хуваан төлөх, уг хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэх, мөн өдрийн С ХХК-д баталгаа гаргах тухай гэх баримт үйлдсэн байх бөгөөд уг баримтанд С ХХК-д 2018-2021 оны татвар, нийгмийн даатгалын ногдуулалт төлөлтийг хариуцан шалгуулж, шалгалтаар татвар, нийгмийн даатгалын нөхөн ноогдуулалт гарч ирвэл түүний хүү, торгууль, алдангийн хамт бүрэн төлж хохиролгүй болгохоо баталгаа гаргаж байна... гэх агуулгыг тус тус тусгасан байна. /1-р хх9-10/

4.1. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбар болон дээрх 2 баталгааны баримтууд зэргийг хооронд нь харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч нь хариуцагчийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгуулах явцад нэхэмжлэгч байгууллагад учруулсан гэх хохирлыг хариуцагчийн зүгээс төлж барагдуулах талаар хүсэл зоригоо илэрхийлснийг талуудын хооронд үүрэг хүлээсэн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.

 

4.2. Дээрх баталгаа гэх 2 баримтыг хариуцагч үйлдэхэд нэхэмжлэгчээс дарамт шахалт үзүүлсэн, түүний зааснаар баталгааны агуулгыг тусгасан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байхаас гадна хариуцагч нь нэхэмжлэгчид төлбөр төлөх талаар хүсэл зоригоо илэрхийлсэн, төлбөрийг төлсөн байдал нь уг баталгааг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт зааснаар ноцтой төөрөгдсөн гэж дүгнэх үндэслэл болохгүй. Учир нь талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй нөхцөлд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийхгүй. Иймд анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

5. Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагад учруулсан хохиролд мөнгөн төлбөр төлөх баталгаа гаргасан байтал уг баталгаанд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох анзын талаар тусгасан нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасантай нийцэхгүй.

 

Иймд алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

6. Анхан шатны шүүх хариуцагч нь нэхэмжлэгч С ХХК-д хохирол учруулсан үйл баримтыг хүлээн зөвшөөрч өөрийн хүсэл зоригийн дагуу төлбөр төлөх аргыг тодорхойлж баримт үйлдсэн байхад Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 21 дүгээр зүйлийн 21.1, 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.2 дахь хэсэгт заасан болон ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд тус тус нийцэж байна гэж дүгнэсэн нь буруу байгааг залруулж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

7. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан байхад анхан шатны шүүх бие даасан шаардлагыг багасгасан гэж буруу тайлбарласан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт нэмж оруулах үндэслэлтэй байна.

 

8. Мөн шийдвэрийн тогтоох хэсэгт заалт нэмж, 3 гэж хоёр удаа дугаарласан алдааг зөвтгөн сүүлийн 3 дугаарыг 4 гэж дугаарлалтын өөрчлөлт оруулна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2024/01313 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...497 дугаар зүйлийн 497.1, 232 дугаар зүйлийн 232.1, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 135 дугаар зүйлийн 135.1.2 дахь хэсэгт зааснаар ... гэснийг ...232 дугаар зүйлийн 232.6, 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул... гэж өөрчлөн,

2 дахь хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн заалт нэмж, эхний 3 гэсэн дугаарлалтыг 4 гэж, сүүлийн 3 гэсэн дугаарлалтыг 5 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 403,350 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ