Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2017/01220

 

О.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 136/ШШ2017/00109 дүгээр шийдвэр,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 202/МА2017/00016 дугаар магадлалтай,

О.О-ийн нэхэмжлэлтэй,

Дорноговь аймгийн Засаг дарга, Айраг сумын Ерөнхий боловсролын сургуульд  холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 3.440.624 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, 2016 оны ээлжийн амралтаар ажилласны 15 хоногийн цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, цалингаас суутгал хийхдээ зөвшөөрөл аваагүй нь хуулийн үндэслэлтэй эсэхийг тогтоолгох, илүү суутгасан 312.305 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Т.Энхтүвшингийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.О-, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч О.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аймгийн Засаг дарга 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр намайг дуудан уулзаж ажлаа өгөхийг хүссэн бөгөөд би боломжгүй талаар хэлэхэд санхүүгийн шалгалт оруулах тухай хэлж 9 дүгээр сарын 14-ний өдөр шалгалт оруулан Аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/100 тоот захирамжид дурдсанаар санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн акт, Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл зэргээр Айраг сумын ЕБС-ийн захирлын үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлж, миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Иймд Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/100 тоот захирамжийг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, Айраг сумын ЕБС-ийн захирлын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Аймгийн Засаг даргын 2016 оны 06-р сарын 15-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай захирамжаар миний бие 6-р сарын 20-ны өдрөөс эхлэн ажлын 30 хоног ээлжийн амралтыг биеэр эдлэх байсан боловч, сургуулийн дотуур байранд сантехник болон цахилгааны их засвар хийхтэй холбогдуулж Аймгийн засаг даргыг төлөөлөн гүйцэтгэгч Айраг сумын Засаг даргын гаргасан захирамжаар өдөр тутмын үйл ажиллагаанд хяналтын комиссын ахлагчаар 2016 оны 7-р сарын 10-ныг дуустал ажилласан. Ингээд 9-р сарын 01-ний өдөр нээлт болж хичээл сургалтаа жигдлэх ажил явагдаж байтал манай сургууль дээр аймгийн Засаг даргын томилсон ажлын хэсэг ажиллаад, дүгнэлт шийдвэр нь гарах гэсээр байтал 11-р сарын 21-ний өдөр болж намайг ажлаас чөлөөлсөн. О.О- надад 8, 9, 10, 11 сарын ажилласан, хоногт ногдох цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин шүүхэд гаргасан тайлбартаа: Айраг сумын Ерөнхий боловсролын сургуульд аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/399 дугаартай захирамжаар хяналт шалгалтыг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 28-ны өдрүүдэд хийсэн. Шалгалтаар санхүүгийн зөрчлүүдийг удаа дараа зөрчил гаргасан нь мэргэжлийн байгууллага болон хяналт шалгалт хийсэн дүгнэлтээр илэрсэн тул Засаг даргын зөвлөлийн хурлаас Одончимэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Хяналт шалгалтаар О.О-ийн гаргасан санхүүгийн зөрчилд улсын байцаагчийн 5 акт тогтоогдсон ба нэхэмжлэгч нь тус актыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. О.О-ийн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн, хөдөлмөрийн гэрээний 3.8.2-т заасан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзээд ажил олгогчийн санаачлагаар шууд цуцалсан гэжээ.

Хариуцагч Айраг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Н.Насанжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Одончимэг захирал Айраг сумын Ерөнхий боловсролын сургуулийн ажлаас 11 дүгээр сарын 21-ний өдөр чөлөөлөгдсөн. Ээлжийн амралтаа авсан ажилтанг эргэн дуудсан байсан бол 15 хоногийн цалинг олгож болох ч ажил олгогчийн захирамж байхгүй байхад олгох юм бол санхүүгийн хувьд зөрчил болно. 11 дүгээр сарын цалингаас 100 хувийн шимтгэл суутгал тавьсан. Мэргэжлийн хяналтын газраас тавьсан актуудыг О.О- захирал өөрөө хүлээн зөвшөөрч төлнө гэж гарын үсэг зурсан байсан учраас суутгал хийсэн гэжээ.

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 136/ШШ2017/00109 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, О.О-ийг Дорноговь аймгийн Айраг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан, хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргаас ажилгүй байсан хугацааны цалин олговор 3.440.624 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч О.О-т олгож, 11-р сарын цалин хөлснөөс суутгал хийснийг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан, ээлжийн амралттай байсан хугацаанд ажилласан 15 хоногийн цалин гаргуулах, түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын холбогдох төсвөөс 70.000 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч О.О-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 202/МА2017/00016 дугаар магадлалаар: Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 136/ШШ2017/00109 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.О-ийг Дорноговь аймгийн Айраг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Дорноговь аймгийн Засаг даргаас ажилгүй байсан хугацааны цалин 2.382.890 төгрөг гаргуулж О.О-т олгож, түүний ажилгүй байсан хугацааны цалин 3.440.624 төгрөг гаргуулах шаардлагаас 1.057.734 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дугаар заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч О.О-ийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосугай” гэж тус тус өөрчилж, 3 дугаар заалтыг хүчингүй болгож, 3 дугаар заалтад “Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2016 оны ээлжийн амралтаар ажиллуулсан 15 хоногийн цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, актаар тавигдсан төлбөрийг 11, 12 сарын цалингаас 100 хувь суутган авсан нь хуулийн үндэслэлтэй эсэхийг тогтоолгох, цалин хөлсний 50 хувиас хэтрүүлж болохгүй гэсэн хуулийн заалтын дагуу илүү суутгасан 312.305 төгрөгийг гаргуулахыг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж, 4 дүгээр заалтын “...70.000...” гэснийг “123.276” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, . Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Энхтүвшин хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дорноговь аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 136/ШШ2017/00109 дугаартай шийдвэр, Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 202/МА2017/00016 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу О.Одочимэгийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 3.440.624 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай шаардлагыг хангаж, 11 дүгээр сарын цалин хөлснөөс суутгал хийснийг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ээлжийн амралттай байсан хугацаанд ажилласан 15 хоногийн цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийн заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч О.О- нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, “...ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 3.440.624 төгрөг гаргуулах,   нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх” шаардлагыг хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргад, “...2016 оны ээлжийн амралтаар ажилласны 15 хоногийн цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, цалингаас суутгал хийхдээ зөвшөөрөл аваагүй нь хуулийн үндэслэлтэй эсэхийг тогтоолгох, илүү суутгасан 312.305 төгрөгийг гаргуулах” шаардлагыг Айраг сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.            

Дорноговь аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Б/100  дугаар тушаал гаргаж, нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас  чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, 40.1.5 дах заалтыг үндэслэл болгожээ.

Аймгийн Боловсрол соёл урлагийн газраас 2016 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хийсэн шалгалтаар цалингийн шатлал ахиулдаггүй, дугуйлан ажиллуулсан багш нараас бэлэн мөнгө гаргуулсан, багш ажилчдад үр дүн олгодоггүй, сургуулийн тохижилтод цугларсан хандивын мөнгийг зарцуулсан тайлан гаргаагүй, тайлангүйгээр үр дүнгийн урамшуулал олгодог, үндэслэлгүйгээр нэмэгдэл олгодог гэх зөрчил илэрсэн боловч уг зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн нь хэргийн баримтаар тогтоогджээ. 

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан, ажилтны гаргасан ямар зөрчлийг ноцтойд тооцохыг талууд хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагаагүй тул нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй. Түүнчлэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.5-д заасан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж буй ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж,  Дорноговь аймгийн Засаг даргад холбогдох  нэхэмжлэлийг хангасан нь зөв боловч Айраг сумын сургуульд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т нийцээгүй байна. 

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

Хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах, хөдөлмөрийн сахилгын зөрчил, сахилгын шийтгэл ногдуулах хугацаа зэрэг тухайн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий эрх зүйн асуудлаар хийсэн шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, 40.1.5-т заасан зохицуулалтад нийцсэн байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 202/МА2017/00016 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Т.Энхтүвшингийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ