Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 16

 

О.Одончимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 136/ШШ2017/00109 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Оийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЗД болон ***Ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ээлжийн амралтаар ажилласан 15 хоногийн цалинг нөхөн гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 11, 12 сарын цалин хөлс суутгасныг гаргуулах тухай хэргийг,

хариуцагч Аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч                            Г.Нийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч  шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нэ, шүүх хуралдааны нарийн бичгийн Б.Баярмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: Би 2013 онд Дорноговь аймгийн ЕБС-иудын сонгон шалгаруулалт зарлагдах үед орж тэнцсэнээр ***12 жилийн сургуульд 4 жил орчим хугацаанд хоёргүй сэтгэлээр ажилласан. Энэ хугацаанд зарим багш ажилчид, иргэдийн намайг буруутгах гэсэн хов жив, хардлага яриа нь миний нэр төр, алдар хүндэд халдаж байсан хэдий ч, манай хамт олны ихэнхи, сургуулийн үндсэн үйлчлүүлэгч болох хүүхэд, эцэг эхийн дэмжлэг хамтын ажиллагааны үндсэн дээр ажил үйлс жилээс жилд сайжран амжилттай ажиллаж түүхэндээ анх удаа 2016 оны “Аймгийн тэргүүний хамт олон” болсон юм.

 

Аймгийн ЗД 2016 оны 8 дугаар сарын 30-нд намайг дуудан уулзаж ажлаа өгөхийг хүссэн бөгөөд би тийм байх боломжгүй талаар хэлэхэд санхүүгийн шалгалт оруулах тухай хэлсэн. Ингээд 9 сарын 14-нд шалгалт оруулан, Аймгийн засаг даргын 2016 оны 11 сарын 21-ний өдрийн Б/100 тоот захирамжаар ***ЕБС-ийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн тул   Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/100 дугаар “О.Оийг ажлаас чөлөөлөх” тухай захирамжийг хүчингүй болгуулах, захирамж үндэслэлгүй учир аймгийн ***Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ***ЕБСургууль 2016 оны жилийн эцэст 8,9,10,11 сарын хоолны мөнгийг хасаж тооцсоныг олгуулах, 2016 оны ээлжийн амралтаар ажиллуулсан хугацааны буюу 15 хоногийн цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ээлжийн амралтаар ажиллуулсан хугацааны цалинг нөхөн олгохыг зөвшөөрснийг хангуулах, энэхүү асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл учруулсан ажилтанд хариуцлага тооцох, актаар тавигдсан төлбөрийг 2016 оны ээлжийн амралтын цалин буцаалт зэргийг 11, 12 сарын цалингаас надаас зөвшөөрөл авалгүй 100 хувь суутган авсан нь хуулийн үндэслэлтэй эсэхийг тогтоолгох гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг, Засаг даргын Б/100 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, 8, 9, 10, 11 сарын хоолны мөнгө хасаж тооцсоныг олгуулах, ээлжийн амралтаар ажиллуулсан хугацааны цалинг нөхөн олгохыг зөвшөөрснийг хангуулах, энэхүү асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл учруулсан ажилтанд хариуцлага тооцох гэсэн шаардлагаас татгалзаж, Дорноговь аймгийн ***Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 3440624 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2016 оны ээлжийн амралтаар ажиллуулсан хугацааны буюу 15 хоногийн цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, актаар тавигдсан төлбөрийг 2016 оны ээлжийн амралтын цалин буцаалт зэргийг 11, 12 сарын цалингаас 100 хувь суутган авсан нь хуулийн үндэслэлтэй эсэхийг тогтоолгох, цалин хөлсний 50 хувиас хэтрүүлж болохгүй гэсэн хуулийн заалтын дагуу илүү суутгасан 312305 төгрөгийг гаргуулах” гэжээ.

 

ЗД Г.Энхтүвшин шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ***иргэд, Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчдын удаа дараагийн өргөдөл, гомдол, сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Баясахаас аймгийн ЗДд ирүүлсэн сургуулийн захирал О.Отэй холбоотой гомдлын дагуу аймгийн Засаг даргын 2016.09.14-ний өдрийн А/399 дугаартай захирамжаар Боловсрол, соёл, урлагийн газрын ахлах мэргэжилтэн Д.Цэнгэлээр ахлуулсан бүрэлдэхүүнтэй хяналт шалгалтыг 2016.09.15-ны өдрөөс 28-ны өдрүүдэд хийсэн.

Тус шалгалтаар цалингийн шатлал ахиулдаггүй, сахилгын шийтгэлийн тухай заалтыг зөрчсөн, сахилгын шийтгэлтэй багш нарт давхардуулан үр дүнгийн урамшуулал олгосон, сурагчдын уншлагын танхимгүй, боловсролын стандарт хангалт 50 хувьтай, сургалт зохион байгуулдаггүй, дотоод хяналт шалгалт хийдэггүй, ажлын тайланг үдэж архивлаагүй, хаана юу байгаа нь мэдэгддэггүй, дугуйлан ажиллуулсан багш нараас бэлэн мөнгө татаж, түүнийгээ зарцуулсан талаар анхан шатны баримт, тайлан гаргаагүй, өмнөх оны өр төлбөрөө барагдуулаагүй, авъяас хөтөлбөрийн хүрээнд хуваарилагдсан мөнгийг зарцуулсан, шинэ сургуулийн тохижилтод зориулж цугларсан хандивын мөнгийг зарцуулсан, тайлан гаргаагүй, багш ажилчдад урамшил, үр дүнгийн урамшил олгодоггүй, хийсэн ажлын тайлангүйгээр үр дүнгийн урамшил олгодог, ур чадварын нэмэгдэл олгодоггүй, зарим хүмүүст үндэслэлгүйгээр нэмэгдэл олгодог, ур чадварын нэмэгдлийг амжилт ижил багш нарт өөр өөр олгодог гэх мэт үйл ажиллагааны болон санхүүгийн олон зөрчлүүдийг удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын болон ажлын хэсгийн хяналт, шалгалтын дүгнэлтээр илэрсэн тул Засаг даргын зөвлөлийн хурлаас О.Оийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ шалгалтаар О.Оийн гаргасан санхүүгийн зөрчлүүд дээр Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн 5 акт тогтоосон ба нэхэмжлэгч нь өөрөө тус актыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан болно. Мөн аймгийн ЗДд ирсэн өргөдлийн дагуу ***сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд 2013.12.27-2014.01.08-ны өдрүүдэд хийсэн хяналт шалгалтаар 3 401 400 төгрөгийн 3 акт тогтоосон ба үүнээс 963900 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. 2015 онд МХГ-аас тус сургуулийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар эрсдлийн түвшин 55 хувь буюу Их эрсдэлтэй гэсэн үнэлгээ гарсан ба аймгийн Засаг даргын 2014.02.14-ний өдрийн Б/05 дугаар захирамжаар эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан тул О.От сануулах сахилгын шийтгэл ногдуулж байсан.

Тус сургуулийн багш нараас авсан санал асуулгаар “удирдлагын харьцаа муу, ажлын байрны дарамт ихтэй, хамтын ажиллагаа муу, цаашид ажиллах урамгүй, ёс зүйн доголдолтой, эвсэг байж чаддаггүй, багш нарыг дорд үздэг, өөрийгөө дөвийлгөн ярьдаг, багш нартай зүй бус харьцаж, доромжилсон өнгө аястай харьцдаг, олон хүмүүсийн дунд эвгүй байдалд оруулдаг, бэлэн мөнгө авч явж өөрөө зарцуулдаг, ховоор ажлаа хийдэг, багш ажилчдынхаа ар гэр, нийгмийн байдлыг ойлгодоггүй, нутгийн иргэдийг ажилд авдаггүй гэсэн судалгаанд нийт багш нарын 90 хувь нь хамрагдсан ба санал асуулгын дүнгээс үзэхэд судалгаанд хамрагдсан багш нарын 92 хувь нь О.Оийг ёс зүйн тал дээр дунд зэрэг гэсэн үр дүн гарсан.  Иймд О.О нь холбогдох хууль тогтоомж болон аймгийн ЗДтай байгуулсан үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд удаа дараалан зөрчил гаргасан, хамт олныг төлөвшүүлэх үүргээ хангалтгүй биелүүлсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, 40.1.5 дахь заалтууд, Хөдөлмөрийн гэрээний 2.2, 3.6.1.2, 3.6.1.5 дахь заалтууд, аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, ажлын хэсгийн шалгалтын 2016 оны 09 сарын 30-ны өдрийн тэмдэглэл, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлын 2016 оны 15 дугаартай тэмдэглэлийг тус тус үндэслэн ажил олгогчийн санаачлагаар буюу аймгийн Засаг даргын 2016.11.21-ний өдрийн Б/100 дугаар захирамжаар ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэмэгдүүлсэн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй, О.О дээрх асуудлаар гомдлоо хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргаж шийдвэрлүүлэх ёстой тул хуулийн дагуу шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй, нэхэмжлэлийг хүлээн авсан нь үндэслэлгүй. 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр О.Оээс ирүүлсэн өргөдөлд нэхэмжлэлийн 2, 3. 4-р нэмэгдүүлсэн шаардлагуудыг тусгасан байсан ба Аймгийн ЗДас “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай" албан бичгээр хариуг хүргүүлсэн тул нэгэнт шийдвэрлүүлчихсэн асуудлаар аймгийн ЗДд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн 4-р нэмэгдүүлсэн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй байна. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

            Хариуцагч ***Ерөнхий боловсролын сургуулийн захирал Н.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дорноговь аймгийн ***Ерөнхий боловсролын сургууль нь 2016 оны жилийн эцэст багш ажилчиддаа хоолны мөнгө олгохдоо О.От 8, 9, 10, 11 сард ажилласан хоногийг хасч тооцсон зүйл байхгүй.  Манай байгууллага нь нийгмийн даатгалаасаа нярайн мөнгө төлдөг учир хоолны мөнгө бодох явцад нийгмийн даатгалын сангийн мөнгө хүрэлцээгүй байсан тул одоо ажиллаж байгаа хүмүүстээ ажилласан хоногийн дагуу тооцон олгож, 2016 оны сүүлээр ажлаас чөлөөлөгдсөн 3 хүнд хоолны мөнгө олгохдоо НДШ сандаа үлдсэн мөнгийг тохируулан олгосон болно.

О.О нь ээлжийн амралтаа биеэр эдлэхгүй болсон тухайгаа О.О Аймгийн ЗДд мэдэгдсэн хэдий ч ээлжийн амралтын хугацаанд ажиллаж болохыг зөвшөөрсөн тухай албан ёсны хариу өгөөгүй байна. Иймд ээлжийн амралтын хугацаанд ажилласан 15 хоногийн цалинг олгохоос татгалзаж байна. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/100 тоот захирамжаар сургуулийн захирлын ажлаас чөлөөлөгдөх хүртлээ О.О нь ээлжийн амралтыг өөрийн биеэр эдлэх боломжтой байсан гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан 2016.11.21-ний өдрөөс хойшхи нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн нөхөн бичилтийг хийлгүүлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс уг шаардлагыг хүлээн авах боломжгүй.  О.Оийн 11 дүгээр сарын цалингаас суутгал хийсэн шалтгаан нь ажлаас чөлөөлөгдөөгүй байх үед нь Аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/399 дугаарын захирамжийн дагуу тус сургуулийн 2015, 2016 оны эхний хагас жилийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд холбогдох дүрэм, журмын хүрээнд  байцаагчийн 5 актыг сургуулийн захирал О.О, нягтлан бодогч Б.М нараар хувь адил төлүүлж, төсвийн орлого болгохоор тогтоосон. Эдгээр актуудыг зөвхөн захирал, нягтлан бодогч 2 адил тэнцүү хувааж бүгдийг нь барагдуулсан ч юм биш. Зарим актуудыг О.О, Б.М нарын хүсэлтээр акт тавигдсан багш нарын 11, 12-р сарын цалингаас хувааж төлүүлсэн байна. Аймгийн Засаг даргын өргөдлийн хариу хүргүүлэх тухай 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/2082 тоот бичгийн 4-т цалин хөлснөөс суутгал хийхийг зөвшөөрсөн ажил олгогчийн шийдвэр гарсан байх тул актын төлбөрийг 11 дүгээр сарын цалин хөлснөөс суутгасан нь үндэслэлтэй юм гэжээ.

           Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан О.Оийг Дорноговь аймгийн ***Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож,

 

           Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч ЗДас ажилгүй байсан хугацааны цалин олговор 3 440 624 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.От олгож, 11-р сарын цалин хөлснөөс суутгал хийснийг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан ээлжийн амралттай байсан хугацаанд ажилласан 15 хоногийн цалин гаргуулах, түүний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын холбогдох төсвөөс 70 000 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж,

 

           Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч О.Оийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж, шийдвэрийг гардан авах, гомдол гаргах эрхийг дурдаж шийдвэрлэжээ.

                                                                                              

            Хариуцагч Аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нэ давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно, энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан байхад шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүгч шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг өөрийн дураар хариуцагч нарт холбогдуулан шийдвэрлэсэн. Тухайлбал: нэхэмжлэлийн шаардлага болох 8-11 дүгээр сарын хоолны мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, хэнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаад, хэнд холбогдох нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгоод байгаа нь тодорхойгүй. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүх хуралдааны явцад хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэсэн нэг ч тайлбар хэлээгүй байхад шийдвэрийн үндэслэх хэсэгт дээр дурдсанаар оруулсан, Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/100 дугаар захирамжийг гаргахдаа хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг дараах үндэслэлээр өөрчилж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Аймгийн ЗДд холбогдуулан “Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/100 дугаар “О.Оийг ажлаас чөлөөлөх” тухай захирамжийг хүчингүй болгуулах, захирамж үндэслэлгүй учир дорноговь аймгийн ***Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” гэсэн нэхэмжлэл гаргажээ.

 

Энэхүү шаардлагаа тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ЗД, ***ЕБСургуулийн захиралд холбогдуулан

“...-***ЕБСургууль 2016 оны жилийн эцэст 8,9,10,11 сарын хоолны мөнгийг хасаж тооцсоныг олгуулах,

-2016 оны ээлжийн амралтаар ажиллуулсан хугацааны буюу 15 хоногийн цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх

-ээлжийн амралтаар ажиллуулсан хугацааны цалинг нөхөн олгохыг зөвшөөрснийг хангуулах, энэхүү асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл учруулсан ажилтанд хариуцлага тооцох,

-актаар тавигдсан төлбөрийг 2016 оны ээлжийн амралтын цалин буцаалт зэргийг 11, 12 сарын цалингаас надаас зөвшөөрөл авалгүй 100 хувь суутган авсан нь хуулийн үндэслэлтэй эсэхийг тогтоолгох” гэж нэмэгдүүлсэн байна.

 

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /хх-171/-өөс “Засаг даргын Б/100 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, 8, 9, 10, 11 сарын хоолны мөнгө хасаж тооцсоныг олгуулах, ээлжийн амралтаар ажиллуулсан хугацааны цалинг нөхөн олгохыг зөвшөөрснийг хангуулах, энэхүү асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл учруулсан ажилтанд хариуцлага тооцох” гэсэн шаардлагаас татгалзаж,

 

нэхэмжлэлийн шаардлагыг “Дорноговь аймгийн ***Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 3440624 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх,

2016 оны ээлжийн амралтаар ажиллуулсан хугацааны буюу 15 хоногийн цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх,

актаар тавигдсан төлбөрийг 2016 оны ээлжийн амралтын цалин буцаалт зэргийг 11, 12 сарын цалингаас надаас зөвшөөрөл авалгүй 100 хувь суутган авсан нь хуулийн үндэслэлтэй эсэхийг тогтоолгох, цалин хөлсний 50 хувиас хэтрүүлж болохгүй гэсэн хуулийн заалтын дагуу илүү суутгасан 312305 төгрөгийг гаргуулах” гэж өөрчилжээ.

 

 Энэхүү шаардлагыг хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...О.О холбогдох хууль тогтоомж болон аймгийн ЗДтай байгуулсан үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, биелүүлээгүй, байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд удаа дараалан зөрчил гаргасан, хамт олныг төлөвшүүлэх үүргээ хангалтгүй биелүүлсэн тул Аймгийн санхүүгийн хяналт, аудитын алба, шалгалтын ажлын хэсгийн тэмдэглэл, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн тул захирамж үндэслэлтэй, ээлжийн амралтаар ажилла гэсэн ямар нэг тушаал шийдвэр байхгүй, амрах явцдаа хяналт тавьсан, актын дагуу цалингаас суутгал хийсэн тул буцаан олгох боломжгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэсэн тайлбарыг гаргаж, маргасан байна.  

 

Анхан шатны шүүх шийдвэртээ Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/100 дугаар “О.Оийг ажлаас чөлөөлөх” тухай захирамжийг үндэслэлгүй буюу  ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэрээр тогтоогдоогүй, ажил олгогч энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах  тухайгаа ажилтанд нэг сарын өмнө бичгээр мэдэгдээгүй,  ажил олгогч ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохыг ажилтантай харилцан тохиролцож тогтоогоогүй, зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заах хуулийн шаардлагыг хангаагүй, хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа сахилгын зөрчил илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулаагүй гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, 40.5, 131 дүгээр зүйлийн холбогдох зохицуулалтыг тус тус зөв тайлбарлан хэрэглэжээ.  

                                                                                                          

Харин шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хавтас хэрэгт авагдсан баримтаас өөрөөр /2016-10-21-ээс гэж/  тооцсон, тооцооллын үндэслэл тодорхойгүй, ойлгомжгүй байх ба 2016 оны ээлжийн амралтаар ажиллуулсан хугацааны буюу 15 хоногийн цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ холбогдох хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн байна.

 

Түүнчлэн актаар тавигдсан төлбөрийг 11, 12 сарын цалингаас 100 хувь суутган авахдаа зөвшөөрөл аваагүй нь хуулийн үндэслэлтэй эсэхийг тогтоолгох, цалин хөлсний 50 хувиас хэтрүүлж болохгүй гэсэн хуулийн заалтын дагуу илүү суутгасан 312305 төгрөгийг гаргуулах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо дурдсан шаардлагаас заримыг нь орхиж бичжээ. Тодруулбал:

 

1/ ЗДас О.Оийг ажлаас чөлөөлөх” тухай захирамжийг  2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан байх ба нэхэмжлэгч мөн оныг дуустал буюу 9, 10 сард тус бүр 821063 төгрөгийн, 11 сард 547375 төгрөгийн, 12 сард 536380 төгрөгийн хөдөлмөрийн хөлс /хх-172/ авчээ.   

 

Нэхэмжлэгчийн ажлаас буруу халсан үеийн олговрыг “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ийн дагуу сүүлийн 3 сарын дундаж цалин хөлс тооцоход 821063+821063+547375 төгрөгийн буюу сард дунджаар 729833 төгрөгийн цалинтай, 1 хоногийн хөдөлмөрийн хөлс /729833:21.5/ 33945  төгрөг, 2016-11-21-ний өдрөөс 2017-03-27-ны өдрийг хүртэл нийт 86 хоног ажилгүй байсан хугацаагаар тооцоход /86x33945/ 2919270 төгрөг гэж,  үүнээс 12 сард  авсан хөдөлмөрийн хөлс 536380 төгрөгийг хасаж тооцоход 2382890 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 3440624 төгрөгийн шаардлагаас 2382890 төгрөгийг хасч тооцоход 1057734 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2/ Нэхэмжлэгч О.О түүний төлөөлөгчийн “2016 оны ээлжийн амралтаар ажиллуулсан 15 хоногийн цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлагын тухайд хавтаст хэрэгт авагдсан 2016 оны ***ЕБС-ийн цалингийн тооцооллын хүснэгт /хх-37/-д “О.О 7 сар, амралт 1340362 төгрөг, нийгмийн даатгалын дэвтэр/хх-172/-т түүнийг 7 сард 1668787 төгрөгийн хөдөлмөрийн хөлс авсан талаар тэмдэглэгдсэн байгаагаас үзэхэд түүнд ээлжийн амралтын олговор олгогджээ.

 

Хэрэв тэрээр ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй тохиолдолд түүнд хөдөлмөрийн хөлс буюу цалинг нэмж олгох үндэслэлгүй,  харин Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.3-т зааснаар нөхөн амруулах эсхүл Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар мөнгөн урамшуулал олгох бөгөөд энэхүү хуульд заасан нөхцөл буюу ээлжийн амралтыг нөхөж амрах боломжгүй гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй юм.

 

Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг  ИХШХШТХ-ийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ойлгомжгүйн гадна хэрэгт цугларсан нотлох баримтаар мөн хуулийн 65 дугаар зүйлд заасан “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” үндэслэл тогтоогдоогүй тул энэхүү алдааг давж заалдах шатны шүүхээс дээрх дурдсанаар залрууллаа.

 

3/ Нэхэмжлэлийн “...актаар тавигдсан төлбөрийг 11, 12 сарын цалингаас зөвшөөрөл авалгүй 100 хувь суутган авсан нь хуулийн үндэслэлтэй эсэхийг тогтоолгох, цалин хөлсний 50 хувиас хэтрүүлж болохгүй гэсэн хуулийн заалтын дагуу илүү суутгасан 312305 төгрөгийг гаргуулах” гэсэн шаардлага үндэслэлгүй талаар анхан шатны шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэсэн учир орхигдуулж бичсэн хэсгийг шийдвэрийн тогтоох хэсэгт оруулахаар тогтов.  

 

Харин шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүгчээс ***Ерөнхий боловсролын сургуулиас ирүүлсэн 98 хуудас нотлох баримтыг хуульд заасан журмыг зөрчөөгүй, нотлох чадвараа алдаагүй гэж тэмдэглэсэн нь ИХШХШТХ-ийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4--т заасан шаардлагад нийцээгүй харин ч нотлох баримт гаргах, цуглуулах хуульд заасан журмыг зөрчсөн байна. Эдгээр баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримт гэж үнэлэх үндэслэлгүй болно.  

 

Мөн Аймгийн ЗД нь ерөнхий боловсролын сургуулийн захирлыг ажлаас халахдаа Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасан “сургуулийн захиралыг, үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх”тухай заалтыг хэрэгжүүлээгүйг тэмдэглэж байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн тогтоох хэсгийн заалтад зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 136/ШШ2017/00109 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Оийг Дорноговь аймгийн ***Ерөнхий боловсролын сургуулийн  захирлын ажилд эгүүлэн тогтоож, ЗДас ажилгүй байсан хугацааны цалин  2382890 төгрөг гаргуулж О.От олгож, түүний ажилгүй байсан хугацааны цалин 3440624 төгрөг гаргуулах шаардлагаас 1057734 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дугаар заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч О.Оийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосугай” гэж тус тус өөрчилж,

            3 дугаар заалтыг хүчингүй болгож, 3 дугаар заалтад “Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2016 оны ээлжийн амралтаар ажиллуулсан 15 хоногийн цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, актаар тавигдсан төлбөрийг 11, 12 сарын цалингаас 100 хувь суутган авсан нь хуулийн үндэслэлтэй эсэхийг тогтоолгох, цалин хөлсний 50 хувиас хэтрүүлж болохгүй гэсэн хуулийн заалтын дагуу илүү суутгасан 312305 төгрөгийг гаргуулахыг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж,

            4 дүгээр заалтын “...70 000...” гэснийг “123 276” гэж тус тус өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.БАТЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                 Х.БАЙГАЛМАА

                                                                                 Н.БОЛОРМАА