Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 183/2016/01913/И |
Дугаар | 001/ХТ2017/01222 |
Огноо | 2017-10-19 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2017/01222
Ц.А-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/00753 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1334 дүгээр магадлалтай,
Ц.А-гийн нэхэмжлэлтэй,
“Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК-д холбогдох,
Тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Сэлэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Сэлэнгэ, өмгөөлөгч Л.Баасан, С.Батсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ренчинболд, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч Ц.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 04Б/05 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулан БНСУ-н Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын суудал захиалагч билет бичигчийн ажлыг гүйцэтгэж байсан. Ажил олгогчийн Б/07 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцалсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Ажил олгогч гэрээг давуу эрх эдэлж надтай хугацаатай байгуулахыг шаардаж би ажилтай байхын тулд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Ажил олгогч цаашид ямар шалтгаанаар хөдөлмөрийн гэрээ сунгагдахгүй болсон шалтгааныг дурдаагүй. Иймд “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 тоот тушаалыг хүчингүй болгож, БНСУ-ын Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын суудал захиалагч-билет бичигчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК шүүхэд гаргасан тайлбартаа: тус компанийн ТУЗ-ийн 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 20/12 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар гадаадын төлөөлөгчийн газруудыг шинэчлэн байгуулж, БНСУ-ын Сөүл хот дахь төлөөлөгчийн газрыг 5 орон тоотой байхаар баталсан. Зуны нислэгийн давтамж, ачаалал нэмэгдэж байгааг харгалзан гүйцэтгэх захирлын 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/305 дугаар тушаалаар тус төлөөлөгчийн газарт суудал захиалагч-билет бичигчийн 1 орон тоог түр хугацаагаар нэмэгдүүлэн Ц.А-г томилж, 2 тал харилцан тохиролцож, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан. Ажлын ачаалал болон Зам, тээврийн хөгжлийн яамнаас хийгдсэн шалгалттай холбогдуулан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Гадаадын төлөөлөгчийн газарт ажиллаж байсан бүх хөлсөөр ажиллах болон хөдөлмөрийн түр гэрээтэй ажиллаж байсан ажилтнуудын гэрээний хугацааг дуусгавар болгосон. Компанийн ТУЗ-өөс орон тоо баталсан, салбарын яам хувьцаа эзэмшигч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ажлын ачааллыг нягтруулах, орон тоо бууруулах чиглэл өгсөн тул Ц.А-д хөдөлмөрийн түр гэрээг сунгахгүйгээр дуусгавар болгох мэдэгдлийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуудсаар мэдэгдсэн. Ц.А- түр орон тоонд ажиллаж байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/00753 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Их тугч овогтой Цэдэн-Ишийн Ц.А-г /РД:ШБ77052566/ Монголын иргэний агаарын тээвэр ХК-ийн БНСУ-ын Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын суудал захиалагч-билет бичигчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт 14.546.000 төгрөг гаргуулан, Ц.А-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогоос буцаан олгож, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 230.680 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1334 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/00753 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.А-гийн хариуцагч “Монголын иргэний агаарын тээвэр” ХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч “Монголын иргэний агаарын тээвэр” ХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230.680 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Сэлэнгэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1334 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхэд иргэн Ц.Ариутуяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Магадлалын 1 дэх заалтад иргэний хэргийг хэрэгсэхгүй болгоогүй шууд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Хариуцагч “МИАТ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох мэдэгдэх хуудсыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр компанийн дотоод шуудангаар Ц.А-д хүргүүлсэн гэх боловч түүнийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй болно. Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан нэг сарын өмнө мэдэгдсэн эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Ц.А- нь түр хугацаагаар орон тоо нэмэгдүүлсэн ажлын байранд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. “МИАТ” ХК -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 20/12 дугаар тушаалаар Сөүл хот дах суудал захиалагч билет бичигчийн 5 орон тоотой байхаар баталсан. Тус компанийн гүйцэтгэх захирлын 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/305 дугаар тушаалын дагуу Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд ороход Сөүл хот дах төлөөлөгчийн газарт 5 орон тоотой ажил үүргээ гүйцэтгэж байсан.
Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1334 дугаар магадлалыг хүчингүй болгож , анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 00753 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Ц.А-гийн “...тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах“ тухай нэхэмжлэлийг хариуцагч “МИАТ” ТӨХК эс зөвшөөрөхдөө “...хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.
Ажил олгогч нь 2017 оны 1 дүгээр сарын 2-ний өдөр Б/07 тоот тушаал гаргаж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2 дах заалтыг үндэслэл болгожээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 4 дүгээр сарын 18-ний өдрийн Б/305 дугаар тушаалаар зуны нислэгийн давтамж, ажлын ачааллыг харгалзан Сөүл хот дах төлөөлөгчийн газарт суудал захиалагч билет бичигчийн орон тоог нэг нэгжээр түр нэмэгдүүлж улмаар Ц.А-г түр томилсон байх ба түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг тухай бүр нь сунгаж 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллуулжээ.
“МИАТ” ХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02/16 дугаар тогтоолоор тус компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж, цалингийн санг 633 орон тооны хэмжээнээс хэтрүүлэхгүй байхаар тогтоосон. Уг тогтоолыг үндэслэн тус компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 1 дүгээр сарын 2-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар гадаад улс дах төлөөлөгчийн газрын бүтэц, зохион байгуулалт, орон тоог шинэчлэн баталсан, үүгээр Сөүл хот дах төлөөлөгчийн газрыг ерөнхий менежер-1, аэрофлот менежер-1, суудал захиалагч билет бичигч-3, нийт 5 орон тоотой байхаар баталжээ.
Дээр дурдсанаас үзвэл нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид уг хугацааг сунгах боломжгүй болсон нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ тохиолдолд ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан журмын дагуу мэдэгдэх шаардлагагүй юм.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1334 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Сэлэнгийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ