Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2019/0453

 

Д.М-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Н.Хонинхүү, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Д.М-, түүний өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0282 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Д.М-ын нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0282 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлын албан тушаалд нэхэмжлэгчийг эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 57 дугаар зүйлийн 57.2.2, 57.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.М-ын ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, нэмэгдэлтэй тэнцэх хэмжээний 72.830.969 төгрөгийн нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож” тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нармандах давж заалдах гомдолдоо: “...Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирал нь төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд түүний хөдөлмөрийн харилцааг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж үзэж байна. Түүнчлэн хэрэгт нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ авагдсан байтал уг гэрээг шүүх байгуулахгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Үндэсний аудитын газраас “Зөрчилгүй байгууллага” гэсэн гэрчилгээг ямар санхүүгийн баримтуудад үндэслэн олгосон талаарх тайлбарыг Үндэсний аудитын газраас гаргуулахгүйгээр уг хэргийг шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан Д.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д “дараах зөрчлийг хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гэнэ”, 3.1.б-д “Байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой зөрчил гаргасан нь холбогдох байгууллагын шалгалт, хууль хяналтын байгууллагын актаар нотлогдсон” гэж заасан. Д.М нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа төсвийн хөрөнгийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулах хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан санхүүгийн ноцтой зөрчлийг гаргасан нь тогтоогдсон юм. Дээрх хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гэж үзэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гаргасан, одоог хүртэл уг аудитын хорооны дүгнэлт нь хүчин төгөлдөр байтал үүнийг зөрчлийг тогтоосон шийдвэр гэж анхан шатны шүүх үнэлэхгүй байгаа нь үндэслэлгүй.

Шүүх хуралдаан дээр хариуцагч талаас Үндэсний аудитын газраас тайлбар болон нотлох баримт гаргуулах хүсэлтүүд гаргасан бөгөөд уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг зөрчиж хариуцагчийн өмгөөлөгчийг гомдол гаргах эрхээр хангаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 он 318 дугаар тогтоолд дурдсан зөрчил арилгаагүй, алдааг залруулаагүй атлаа уг хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын баталсан 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай “Монгол Улсын Боловсролын их сургуулийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх ажлын удирдамж”-ийн[1] дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх дотоод аудитын хорооны 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тогтоолоор[2] “...14 төрлийн зөрчилд холбогдох 859,5 сая төгрөгийн санхүүгийн зөрчил” гарсан гэж үзэн нэхэмжлэгчид хариуцлага тооцох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, зохион байгуулахыг Төрийн захиргааны удирдлагын газарт үүрэг болгож” шийдвэрлэсэн байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар[3] нэхэмжлэгч Д.М-ыг Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлын үүрэгт ажлаас 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, мөн оны 08 дугаар сарын 21-ний өдөр ажил хүлээлцүүлснээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосонд тооцож шийдвэрлэжээ.

Уг тушаалыг нэхэмжлэгчээс “...аудитын шалгалтын дүнг танилцуулаагүй, ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргахдаа сонсох ажиллагааг хийгээгүй, тушаал гаргах үед ээлжийн амралттай байсан, хариуцлага тооцдог, шийтгэл ногдуулдаг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж, хариуцагчаас “...төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, санхүүгийн зөрчил гаргасан нь дотоод аудитын хорооны дүгнэлтээр тогтоогдсон тул хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” гэж тус тус тайлбарлан маргасан байна.

Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна:”, 9.1.2-т “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах бөгөөд төрийн үйлчилгээний албан тушаалтны хөдөлмөрлөх эрхтэй холбоотой харилцааг Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээгээр зохицуулахаар хуульчилжээ.

Гэтэл нэхэмжлэгч Д.М-ын эрхэлж байсан Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлын албан тушаал нь төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулагдсан удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилогдож, “Үр дүнгийн гэрээ” байгуулан ажилладаг бөгөөд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д “Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна:”, 16.4.18-д “төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн” гэж зааснаар төсвийн шууд захирагчийн хувьд уг хуулийг зөрчсөн буюу санхүүгийн зөрчил гаргасан нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан тул энэ тохиолдолд хариуцагч дан ганц Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээг бус Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийг үндэслэн нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой шийдвэрийг гаргахаар байна.

Хариуцагч маргаан бүхий тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасныг баримталснаас үзвэл нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн байх бөгөөд Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 26 дугаар зүйлийн 26.1-д хариуцагч сахилгын шийтгэлийг тухайн ажил албан тушаал эрхэлж байх хугацаанд мөн хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй гэж үзвэл, уг зөрчлийг шалган тогтоосны үндсэн дээр зөрчлийн шинж байдлыг харгалзан үзэж ноогдуулахаар зохицуулсан.  

Дээрх Б/11 дүгээр тушаалыг хариуцагч гаргахдаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх дотоод аудитын хорооны 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тогтоолыг үндэслэсэн боловч уг хороо 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс ажлын 7 хоногийн дотор хяналт шалгалтыг явуулахаар удирдамжид тусгасны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тухайн хяналт шалгалтыг дуусгаж, дээрх гаргасан гэх 14 төрлийн зөрчлийг илрүүлсэн байх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 7.4-д Улсын (ахлах) байцаагч хяналт шалгалтын дүнгийн талаар шалгалт дууссанаас хойш ажлын 7 хоногийн дотор шалгалтын тэмдэглэл бичиж, нэгжийн даргад танилцуулна” гэж зааснаас үзвэл Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.” гэж заасныг зөрчиж, сахилгын шийтгэлийг ногдуулсан гэж үзэхээр байна.

Хариуцагч нэхэмжлэгчийг мөн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-д “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ ... зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна”, 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж зааснаас үзвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Д.М-ыг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэн хариуцлага ногдуулахдаа хуульд заасан шийтгэл ногдуулах хугацааг зөрчиж маргаж буй тушаалыг гаргажээ.

Түүнчлэн Үндэсний аудитын газраас Монгол Улсын Боловсролын их сургуулийн 2015, 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудитын шалгалт хийж, зөрчилгүй гэж үзэн гэрчилгээ[4] олгосон төдийгүй их дээд сургууль, коллежийн захирлын 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг 90 оноогоор дүгнэсэн[5], 2017 онд үр дүнгийн гэрээ байгуулаагүй зэргээс үзвэл нэхэмжлэгчийг албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзэхээргүй байна.

Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна.”, 69.5-д “Дотоод аудитын албаны дүрмийг Засгийн газар батална.”, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 6.3.3. хяналт шалгалтын тэмдэглэл, акт, албан шаардлагыг шалгуулсан этгээдэд танилцуулж, холбогдох баримт бичигт гарын үсэг зуруулах;” гэж заасан бөгөөд дотоод аудитын хорооны тогтоолыг нэхэмжлэгчид танилцуулсан, маргаан бүхий актыг гаргахдаа хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийсэн гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 318 дугаар тогтоолд дурдсан зөрчлийг арилгаагүй, алдааг зарлуулаагүй” гэж дурдсан бөгөөд нэхэмжлэгч дээрх дотоод аудитын хорооны тогтоолтой маргахгүй гэж тайлбарласан тул уг гомдлыг хүлээн авахааргүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д зааснаар “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал” анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхээр зохицуулсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгчөөс “Үндэсний аудитын газраас тайлбар болон нотлох баримт гаргуулах” тухай хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тогтоолдоо гомдол гаргах эрхийг түүнд олгоогүй нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэхгүй юм.  

Учир нь хариуцагч маргаан бүхий тушаалыг гаргахдаа Үндэсний аудитын газрын дүгнэлтийг үндэслээгүй, уг дүгнэлттэй холбогдуулан нэхэмжлэгч болон хариуцагч нар нэхэмжлэл гаргаж маргаагүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг шууд баримталсан нь буруу байх тул холбогдох хэсгийг хасч, маргаан бүхий актад хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг нэмсэн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0282 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3” гэснийг хасч, “Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.2” гэснийг нэмсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                            С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                            Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 1-68 хуудас

[2] Хавтаст хэрэг 1-48 хуудас

[3] Хавтаст хэрэг 1-46 хуудас

[4] Хавтаст хэрэг 1-100 хуудас

[5] Хавтаст хэрэг 1-66 хуудас