Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 302

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Адъяасүрэн, шүүгч Н.Дамдинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “1 дүгээр” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А” ХХК.

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, Б.Б, иргэдийн төлөөлөгч Д.Г нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: А” ХХК-ийн захирал Э.Б Чингэлтэй дүүргийн татварын хяналт шалгалтын татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35/0001897 дугаар актын алданги, торгууль, хүүг хүчингүй болгуулах, актын төлбөрт төлсөн 30869.0 мянган төгрөгийг нөхөн татварт суутган тооцохыг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст даалгах” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст харьяалалтай “А” ХХК-ийн 2011, 2012 онуудын татвар төлөлтийн байдалд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс шалгалт хийсэн. Шалгалт 2013 онд хийгдэж, 140.000.000 төгрөгийн төлбөр ногдуулсан 35/0001897 акт гаргасан. Актын зарим хэсэгт маргаантай байсан тул захиргааны хэргийн шүүхээр маргааныг шийдвэрлүүлсэн. Шүүхээс 140.000.000 төлбөр ногдуулсныг 100.000.000 төгрөг болгон багасгасан. 

Энэ үед Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан гараагүй байсан. Дээрх 100.000.000 төгрөгийг задалж үзвэл 61.000.000 төгрөг нь нөхөн татвар, 48.000.000 төгрөг нь хүү, торгууль, алданги байсан. Бид өршөөл үзүүлэх тухай хууль батлагдахаас өмнө үеэс тус хуулийг батлагдан гарах хүртэлх хугацаанд 30.869.000 төгрөгийг татварын хэлтэст тушаасан. Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлд заасан дарааллын дагуу төлбөр барагдуулахад эхлээд алданги, дараа нь торгууль, сүүлд нь үндсэн хүүг тооцдог. Энэ дарааллаар татварын алба суутган авсан. Үүнтэй бид маргаагүй. Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан гарсны дараа манай компанитай адил татварын акт тогтоогдсон аж ахуйн нэгжүүд бүгд үндсэн татвараа төлж, торгууль, алданги, хүү нь чөлөөлөгдөж байгаа. Хууль гарснаас хойш аж ахуйн нэгжүүд торгууль, алданги, хүүг төлөхгүйгээр зөвхөн нөхөн татварыг төлсөн. Тэгэхээр хуулийг хэрэгжүүлэх тал дээр ялгаа гарч байна. 

Бидний зүгээс Татварын ерөнхий газарт хандсан. Гэтэл Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэстээ хандаж, асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой байна гэсэн хариуг өгч байсан. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст очоод манай компани хүү, торгууль, алдангид 30.869.000 төгрөгийг төлсөн. Энэ төлбөр өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөгдөх юм байна. Тэгэхээр манай төлөлт илүү төлөлт болно. Илүү төлөлтийг нөхөн татварт суутгуулъя гэсэн. Бусад аж ахуйн нэгжүүд хүү, алданги, торгууль төлөхгүйгээр зөвхөн нөхөн татвар төлж байгаа ялгаатай байдал үүсээд байна. Татварын актын дагуу боломжоороо төлбөрөө төлөөд явж байсан “А” ХХК нь 30.000.000 төгрөгөөр хохироход хүрээд байна гэдэг асуудлыг тавьсан. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс боломжгүй, бидэнд дээрээс чиглэл өгсөн гэж эс үйлдэхгүй гарган актын хүү, торгууль, алдангийг өршөөлийн тухай хуульд хамруулахгүй тайлбар өгсөн. Үүний үндсэн дээр бид эс үйлдэхүй гаргаж байна гэж үзээд захиргааны хэргийн шүүхэд хандсан. Жишээлбэл хоёр ижилхэн акт тогтоосон компани байлаа гэхэд нэг нь хүү, торгууль, алдангид 30.000.000 төгрөгийг төлсөн байдаг. Нөгөө компани огт төлбөр төлөхгүйгээр зөвхөн нөхөн татвараа төлж байгаа. Тэгэхээр уг хууль маань хоёр өөр байдлаар хэрэгжиж байна. Үүнийг бид шударга биш, бидний эрх ашгийг хөндөж байна гэж үзэж байна. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж заасан. Манай компанид захиргааны зөрчил гаргасны дагуу акт тавигдсан. Үүнтэй талууд маргаагүй. Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-д татвар төлөөлөгч илүү төлсөн татварыг буцаан авах, суутган тооцуулах, алданги тооцуулан нэхэмжлэн авах эрхтэй гэж заасан. Тэгэхээр манай зөрчил өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах ёстой гэж үзэж байгаа учраас илүү төлөлт үүссэн гэж үзэж байгаа. Тэгэхээр бид Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-д заасны дагуу илүү төлөлтийг буцаан авах бүрэн боломжтой. Гэвч илүү төлөлтийг буцаан авахгүйгээр өөр татварт суутган тооцуулъя гэж байгаа. Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасан хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх гэж заасан. Уг эрхийг хэрэгжүүлэх боломжийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль олгож байгаа. 

Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8-д татвар төлөгч татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг татварын алба, татварын улсын байцаагчаас шаардах, татварын албаны хууль бус шийдвэр, үйлдлийн улмаас учирсан хохирлыг хуульд заасан журмын дагуу нөхөн төлүүлэх эрхтэй гэж заасан. Бид энэ эрхийн дагуу захиргааны хэргийн шүүхэд уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа. 

Бидний төлсөн 30.869.000 төгрөгийг Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу татварын байгууллага авсан. Нийт 38.000.000 төгрөгийн актыг манай компанид тавьсан. Үүнд 12.503.600 төгрөгийн торгууль, 26.243.500 төгрөгийн алданги, 11.000 төгрөгийн хүү нийт 38.358.000 төгрөг. Манай компанийн төлсөн 30.869.000 төгрөгөөс 4.4 сая төгрөг нь илүү төлөлт гэж татварын улсын байцаагчийн татвар тооцооллын хүснэгтэд тэмдэглэгдсэн байгаа. Бидний маргааны гол зүйл бол Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд манайд актаар тогтоосон 38.358.000 төгрөгийн зөрчил хамрагдсан байна. Үүнээс төлсөн 30.869.000 төгрөгийг нөхөн татварт суутгуулъя гэсэн шаардлага тавьж байгаа. 

Дээрх 30.869.000 төгрөгийн төлбөрийг 2015 оны 05 дугаар сарын 25, 06 дугаар сарын 25, өдрүүдэд тус бүр 10.000.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 28, 09 дүгээр сарын 08, 30, 10 дугаар сарын 10, 11 дүгээр сарын 06, 12 дугаар сарын 09, 23-ны өдрүүдэд үлдэх хэсгийг төлсөн. Татварын ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д энэ хуулийн 17.1.4-т заасны дагуу татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг дараах журмаар шийдвэрлэнэ, 58.1.1-д бусад татварт суутган тооцох, 58.1.2-т татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох, 58.1.3-д буцаан олгох гэж заасан байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бид уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрхтэй байна. Нэхэмжлэлийн эхний шаардлага хангагдсан тохиолдолд нэхэмжлэлийн дараагийн шаардлага нөхөн татварт суутгах боломж нь бүрдэнэ. 

Хариуцагчийн зүгээс өршөөл үзүүлэх тухай хууль 2015 оны 08 дугаар сарын 11-ны өдөр төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлэгдэж хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгч компани 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 20.000.000 төгрөг төлсөн, үүнээс хойш 10.000.000 төгрөгийг төлсөн. Ийм учраас 10.000.000 төгрөгийг чинь өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулна гэж 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө хойно гэж ялгаж байгаа. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө, хойно төлсөн гэж ялгах ёсгүй. Харин уг хуулийг 08 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхлэх хугацаа. Хуулийг хэрэгжүүлэхдээ “А” ХХК-д тавигдсан акт нь уг хуулийн үйлчлэлд хамаарч байгаа эсэхэд тусдаа зохицуулалт байх ёстой. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна гэж заасан. “А” ХХК-д тогтоосон акт нь 2015 оны 03 дугаар сард хүчин төгөлдөр болсон. Тэгэхээр хуулийн үйлчлэлийн хугацаанд бүрэн хамаарч байгаа. Татварын алба 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө, хойно гэж ялгаж байгаа нь хуулийг буруу хэрэглэж байгаа хэрэг юм. Хуульд 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэж зааж өгсөн байхад 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс гэж хэрэглэж байгаа нь буруу. Энэ хугацааг шүүхээс үндэслэн шийдвэр гаргахдаа хэрэглээд явна. Хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. 

Мөн тэгш эрхийн зарчим яригдах ёстой. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль бүх иргэн, аж ахуйн нэгжид адил үйлчлэх ёстой. Гэтэл Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн тайлбарлаж байгаагаар нэг этгээдийн хүү, торгууль, алдангийг нь төлүүлэхгүйгээр зөвхөн нөхөн татварыг төлүүлж байгаа. Гэтэл “А” ХХК-ийг хүү, алданги, торгуулиа, нөхөн татвараа төл гэж аль, алиныг нь төл гэж байгаа нь өршөөл үзүүлэх тухай хуулийн үр шимийг хүртэх эрх, боломжийг олгохгүйгээр ялгавартайгаар хандаж байгаа нь хууль зөрчсөн асуудал юм. Уг хууль нь хэрэгжихдээ шударга бус, тэгш биш зарчимд үндэслэн хэрэгжиж байна. Нэг этгээд нь татвараа төлөөд байдаг. Гэтэл нөгөөх нь төлөхгүй байсаар зөвхөн нөхөн татвараа л төлж байна. Энэ хоёрын хооронд ялгаа байгаа гэдгийг хэлье. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна” гэв.

Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарын агуулга: “А ХХК-ийн нэхэмжлэлд дараах тайлбарыг хийж байна. “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Энэ хуулийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан тул тус байгуулагын энэ өдрөөс өмнө төлөгдсөн хүү, торгууль, алданги нь тухайн хуулийн үйлчлэлд хамаарахгүй юм.

Түүнчлэн улсын байцаагчийн актаар тогтоосон нөхөн татварыг бүрэн барагдуулсан тохиолдолд хүү, торгууль, алдангийг өршөөлийн хуульд хамруулан чөлөөлөх боломжтой, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хойш төлсөн хүү, торгууль, алдангийг нөхөн татварт суутган тооцуулах тухай хүсэлтээ тус татварын хэлтэст өгч шийдвэрлүүлэх боломжтой юм” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Эхний ээлжид тоон мэдээллийг өгье. “А” ХХК-иас 38.358.100 төгрөгийн акт тогтоогдсон. Үүнээс төлсөн нь 30.869.000 төгрөгийг төлсөн байдаг. Уг төлбөрийг төлөхдөө 1.869.000 төгрөгийг нөхөн татварт төлж байна гэж гүйлгээний утга дээр бичиж төлсөн. Үүнд ямар ч маргаан байхгүй. Үлдэх 29.000.000 төгрөгийн 20.000.000 төгрөгийг нь өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан гарахаас өмнө төлсөн. Өөрөөр хэлбэл захиргааны актаас 20.000.000 төгрөгт холбогдох хэсэг нь биелэгдсэн гэсэн үг юм. 9.000.000 төгрөгийг хууль хэрэгжиж эхэлсний дараа төлсөн. Тэгэхээр огт төлөгдөөгүй төлбөр, хууль хэрэгжихээс өмнө төлсөн төлбөр, хууль хэрэгжсэнээс хойш төлсөн төлбөр гэсэн 3 ялгаатай үнийн дүн байгаа. Татварын хэлтсийн зүгээс хууль хэрэгжихээс өмнө захиргааны акт нэгэнт биелэгдсэн байна. Тэгэхээр хуулийг буцааж хэрэглэхгүй. Хуулийг хэрэгжсэний дараа төлсөн 9.000.000 төгрөгийг хүү, торгууль, алдангид суутган тооцно. Бидний маргаан 20.000.000 төгрөгт л үүсээд байгаа. Энэ 20.000.000 төгрөг нь хууль хэрэгжихээс өмнө төлсөн төлбөр. Хууль хэрэгжихээс өмнө төлсөн 20.000.000 төгрөгийг хүү, торгууль, алдангид суутган тооцохгүй. 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө гарсан бүх актад тус хууль үйлчилнэ. Нэхэмжлэгч компанид тавигдсан акт хуулийн үйлчлэлд хамаарч байгаа. Гэвч бүх акт хамаарахгүй, тодорхой заагтайгаар хэрэгжинэ. Учир нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд захиргааны зөрчилтэй холбоотой цөөхөн заалт байгаа. Гэмт хэрэг үйлдсэн хүн дээр анхаарал өгч, илүү тодорхой тайлбарласан байдаг. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн этгээдийг гүйцэтгэгдээгүй ялаас өршөөн хэлтрүүлнэ  гэж заасан. Тэгэхээр гүйцэтгээгүй гэдгийг тухайн хууль гарахад биелэгдээгүй захиргааны актыг ойлгоно. Мөн тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтныг шүүхээс оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ гэж заасан. Тэгэхээр хууль гарахад эдлээгүй үлдсэн ял, захиргааны биелэгдээгүй актыг өршөөн хэлтрүүлнэ. Хууль гарахад “А” ХХК-д ногдуулсан актын 20.000.000 төгрөг нь биелэгдсэн байсан. Өнөөдөр “А” ХХК-ийн асуудал яригдаж байгаа боловч үүнтэй ижил татвараа төлсөн маш олон аж ахуйн нэгжүүд байгаа. Тэгэхээр эдээр аж, ахуйн нэгжүүд бүгд өршөөлийн тухай хуульд хамрагдах юм уу?. Хуулийн үзэл санаа нь хуулийг гарах үед төлөгдөөгүй хүү, торгууль, алданги, эдлээгүй ялыг л чөлөөлнө гэдэг үндэслэлээр батлагдсан гэж Татварын албаны зүгээс ойлгож байгаа. Хуулийг батлагдсанаас хойш төлөгдөөгүй төлбөр хуулийн үйлчлэлд хамрагдаад явна. Нэхэмжлэгчийн зүгээс 38.000.000 төгрөгийн хүү, алданги, торгуулийг өршөөлийн тухай хуульд хамруулах нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа. Манай зүгээс 38.000.000 төгрөгийг бүхэлд нь өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй. Зөвхөн хууль батлагдах үед төлөгдөөгүй байсан төлбөрийг л хуулийн үйлчлэлд хамруулна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл 20.000.000 төгрөг нь хууль гарах үед биелэгдсэн байсан учраас хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэж үзэж байгаа. 

Мөн тэгш эрхийн зарчмыг ярьж байна. Өршөөл үзүүлэх тухай хуулиас бусад хуульд холбогдуулан тэгш эрхийн зарчмыг ярьж болж байна. Харин өршөөл үзүүлэх тухай хууль нь өөрөө онцлогтой гэмт хэрэг үйлдсэн, хууль зөрсөн үйлдлийг өршөөж байгаа. Үүнд өршөөгдөж байгаа этгээд тэгш эрхийн зарчмыг ярих ёсгүй. Харин огт хууль зөрчөөгүй этгээдээс биднийг дэмжсэн зүйл гаргаагүй байж хууль зөрчсөн этгээдүүдийг өршөөж байна гэж тэгш эрхийн зарчмыг ярина уу гэхээс хууль зөрчсөн этгээдээс бидэнд тэгш үйлчилсэнгүй гэж ярих нь үндэслэлгүй байна. Бидний зүгээс тус хуульд огт хамруулахгүй гэж үзээгүй. 20.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 2 нэхэмжлэлийн шаардлага болох татварын албанд төлсөн 30.896.000 төгрөгийг нөхөн татвар суутган тооцуулах гэдгээс мөн 20.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 10.896.000 төгрөгийг өршөөлд хамруулна. Учир нь хууль батлагдсанаас хойш төлөгдсөн байна. Хууль батлагдахаас өмнө биелэгдсэн байсан 20.000.000 төгрөгийн төлбөрийг өршөөлийн тухай хуульд хамруулахгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал Э.Б Чингэлтэй дүүргийн татварын хяналт шалгалтын татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35/0001897 дугаар актын алданги, торгууль, хүүг хүчингүй болгуулах, актын төлбөрт төлсөн 30869.0 мянган төгрөгийг нөхөн татварт суутган тооцохыг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шийдвэрээр татварын улсын байцаагчийн актын дүнг 100193.1 мянган төгрөг болгон багасгаж шийдвэрлэснээс татварт төлсөн 30869.0 мянган төгрөгийн татварыг нөхөн татварт тооцон суутгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус гэж маргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр төлбөр тогтоосон захиргааны актын төлбарийн хэмжээг багасган шийдвэрлэв.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч “А” ХХК-ийн 2011, 2012 оны татвар төлөлтийн байдалд шалгалт хийж 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35/001897 дугаар актаар 89135.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 11.0 мянган төгрөгийн хүү, 34443.52 мянган төгрөгийн торгууль, 16503.56 мянган төгрөгийн алданги нийт 140093.08 мянган төгрөгийн төлбөрийг тогтоожээ. 

Нэхэмжлэгчийн дээрх актыг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлийн дагуу Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучин нэрээр/ 2015 оны 206 дугаар шийдвэрээр актаар тогтоосон төлбөрөөс 39900.0 мянган төгрөгийн төлбөрийг хасч, 100193.1 мянган төгрөгийн төлбөр тогтоосны 38358.1 мянган төгрөг нь хүү, алданги, торгууль, 61835.0 мянган төгрөг нь нөхөн татвар байна.

Нэхэмжлэгч  “А” ХХК дээрх актаар тогтоосон төлбөрт 2015 оны 04 дүгээр сарын 28-аас 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл нийт 30869.0 мянган төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст төлжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар татварын улсын байцаагчийн 2013 оны маргаан бүхий төлбөр тогтоосон акт Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хэрхэн хамаарах, 2015 оны анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон 100193.1 мянган төгрөгийн төлбөрөөс төлсөн 30869.0 мянган төгрөгийн төлбөрийн дүнг хэрхэн тооцож хасах талаар маргаантай байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна.” гэж гэмт хэрэг, зөрчлийн үйл баримтын хугацааг, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө....төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна.”, гэж хууль хэрэглэх журмыг, 11 дүгээр  зүйлийн 11.1-д “Энэ хуулийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж хууль хүчин төгөлдөр болох хугацааг тус тус хуульчилж өгсөн байна. 

Хууль хүчин төгөлдөр болох энэ хугацаа нь захиргааны зөрчил гаргаж шийтгэл хүлээсэн этгээдийн захиргааны зөрчил (хүү, торгууль, алданги), хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн энэ өдрийн байдлаар хэрхэн тооцож байгаагаас шалтгаалж тодорхойлогдохоор байна.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий актаар болон шүүхийн шийдвэрээр багасган тогтоосон төлбөрийн торгууль, алданги, хүү хууль хүчин төгөлдөр болсон /үйлчилж эхэлсэн/ 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн үнийн дүнгээр өршөөлийн хуулийн үйлчлэлд хамаарна гэж ойлгож хэрэглэсэн гэх  хариуцагчийн тайлбар үндэслэлтэй. 

Нэхэмжлэгч Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучин нэрээр/ 2015 оны 206 дугаар шийдвэрээр нөхөн татвар 61835.0 мянган төгрөг, хүү, алданги, торгууль 38358.1 мянган төгрөг бүгд 100193.1 мянган төгрөгийн төлбөр төлөхөөр байсантай талууд маргаагүй.

Гэвч “А” ХХК татварын улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрч 2015 оны 05, 06 дугаар сард татварт төлсөн 20384000 төгрөгийг нөхөн татварт суутган тооцохгүй байгаа татварын байгууллагын эс үйлдэхүй хууль бус гэх нэхэмжлэлийн шаардлага  үндэслэлгүй.

Учир нь   Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн, энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь .......зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж хуулийн зорилтыг тодорхойлсон, харин нэхэмжлэгч энэ өдрийн байдлаар  маргаан бүхий актаар болон шүүхийн шийдвэрээр багасган тогтоосон төлбөрийн торгууль, алданги, хүү 17974000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан байна.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 35/0001897 дугаар актын алданги, торгууль, хүүг хүчингүй болгуулах ингэснээр 2015 онд төлсөн 30869.0 мянган төгрөгийг нөхөн татварт суутган тооцох үндэслэл бүрдэнэ гэж үзсэн хэдий ч актаар тогтоож, шүүхийн шийдвэрээр багасгасан төлбөрийн хүү, алданги, торгууль 38358.1 мянган төгрөг бүхэлдээ Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах боломжгүй байна.

Энэ нь дээрх хууль батлагдахаас өмнө буюу 2015 оны 05, 06 дугаар саруудад нэхэмжлэгч компани Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст 20384000 төгрөг тушаасныг Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан татварын өрийг барагдуулах дарааллын дагуу алданги, торгуульд тооцсон үйл баримтаар тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “А” ХХК  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилсэн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон 61835.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 17974000 төгрөгийн хүү, алданги, торгууль нийт 79809000 төгрөгийн төлбөр төлөх байснаас 17974000 төгрөгийн хүү, алданги, торгуулийг энэхүү өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч шүүхийн шийдвэрээр тогтоосон 61835.0 мянган төгрөгийн нөхөн татвар төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй боловч нэхэмжлэгчээс 2015 оны 04 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл торгууль, алдангид төлсөн 30869.0 мянган төгрөгөөс өршөөлийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн өдрөөс хойш төлсөн 10485.0 мянган төгрөгийг нэхэмжлэгчийн хүсэлтээр нөхөн татвараас хасч тооцох боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гэхдээ нэхэмжлэгч Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-т заасан “илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах;” эрхээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасан татварын аль төрлийн татвараас суутгах хүсэлтээ ирүүлснээр татварын алба суутган тооцохоор зохицуулсан байна.

  Түүнчлэн нэхэмжлэгч компанийн Татварын ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст хандан Татварын улсын байцаагчийн акт, шүүхийн шийдвэрээр багасган тогтоосон төлбөрийн алданги, хүү, торгууль 38358.1 мянган төгрөгийн захиргааны зөрчлийг өршөөлийн хуульд хамруулж, татварын тооцооллын үлдэгдлийг баталгаажуулж өгөхийг хүсч гаргасан хүсэлтүүдэд дээрх байгууллагуудаас хариу тайлбар хүргүүлж байснаас үзэхэд захиргааны байгууллага энэ асуудлаар эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч компанийн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хойш төлсөн 10485.0 мянган төгрөгийн төлбөрийг хэрхэн тооцох нь Татварын ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар зөвхөн Татварын алба хэрэгжүүлэх эрхтэй байна.

Ийнхүү хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж захиргааны актын төлбөрийн хэмжээг багасган шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т  заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35/0001897 дугаар акт болон Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучин нэрээр/ 2015 оны 206 дугаар шийдвэрээр “А” ХХК-иар төлүүлэхээр тогтоосон төлбөрийн дүнгээс 17974000 төгрөгийн хүү, алданги, торгуулийг өршөөн хэлтрүүлж захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  А.НАСАНДЭЛГЭР

                             ШҮҮГЧИД                 Б.АДЬЯАСҮРЭН

                                                                     Н.ДАМДИНСҮРЭН