Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 200

 

 

 

 

 

 

Э.Ариунбаяр, Х.Дөлгөөн нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор С.Цэрэндорж,

 

Нарийн бичгийн дарга Б.Батжаргалнарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэйхийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 54 дүгээр шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Цэрэндоржийн бичсэн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 5/10 дугаар улсын яллагчийн эсэргүүцлээр Э.Ариунбаяр, Х.Дөлгөөн нарт холбогдох 201625013912 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Хатгин овогт Энхтөрийн Ариунбаяр, 1988 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, ах, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Төмөртэйн 7 дугаар гудамжны 13 тоотод оршин суух,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар шийтгэр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 4 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, /РД:Л388110579/,

2. Боржигон овогт Хэрлэнтуяагийн Дөлгөөн, 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эх, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 1 дүгээр гудамжны 753 тоотод оршин суух,

2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн  145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, /РД:СЮ92112314/,

Э.Ариунбаяр нь У.Энхбат, Д.Баянжаргал нартай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин 2014 оны 1 дүгээр сарын 7-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис”-ын шатахуун түгээх станцын хойд талд иргэн Б.Бүрэнтөгсийг шалтгаангүйгээр зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан,

мөн У.Энхбаттай бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 28-ны оройн 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 30-А байрны орцонд иргэн Я.Эрдэнэбилэгийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж довтлон куртик, гар утас, түрийвч, бэлэн 50.000 төгрөг зэрэг эд зүйлийг нь дээрэмдэж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 23 дугаар гудамжны 558 тоотод оршин суух иргэн Д.Гансүхийн гэрийн цонхоор нэвтрэн орж 3.000 төгрөг, 32 инчийн зурагт, орны бүтээлэг зэрэг эд зүйл хулгайлж бусдад 373.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Х.Дөлгөөн нь Э.Ариунбаяр 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 23 дугаар гудамжны 558 тоотод оршин суух иргэн Д.Гансүхийн гэрийн цонхоор нэвтрэн орж эд зүйл хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Ариунбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар, Х.Дөлгөөний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох” үүрэгтэй, 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтын дагуу гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг яаж үйлдсэн болон бусад байдал/, 80.1.2 дахь заалтын дагуу уг гэмт хэргийг хэн үйлдсэн, 80.1.4 дэх заалтын дагуу яллагдагч, шүүгдэгчид хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцөлүүд зэрэг хэргийн талаар нотолбол зохих дор дурдсан зарим асуудлыг мөрдөн байцаалтын явцад гүйцэд тогтоогоогүй байна. Үүнд:

1.2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо,
Сэлбийн 23 дугаар гудамжны 558 тоотод оршин суух иргэн Д.Гансүхийн гэрийн цонхоор нэвтрэн орж 3.000 төгрөг, 32 инчийн зурагт, орны бүтээлэг зэрэг эд зүйл хулгайлж бусдад 373.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Э.Ариунбаяр нь Х.Дөлгөөнтэй бүлэглэн үйлдсэн гэж, шүүгдэгч нар нь Х.Дөлгөөнийг хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж зурагтыг өргөн явж байгаад цагдаагийн ажилтанд баригдсан гэж тус тус мэдүүлж байх тул уг гэмт хэрэгт Х.Дөлгөөн хамтран оролцсон эсэхийг шалгаж тодруулах, мөн Э.Ариунбаяр нь 2016 оны 9 дүгээр сарын эхээр Баянзүрх дүүргийн 1000 оюутны байраас нөөтбүүк, гар утас, бэлнээр 30.000 төгрөг зэрэг эд зүйлс хулгайлсан гэх үйлдлийг нэмж шалгах.

Түүнчлэн Э.Ариунбаяр нь У.Энхбаттай бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 28-ны оройн 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 30-А байрны орцонд иргэн Я.Эрдэнэбилэгийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж довтлон куртик, гар утас, түрийвч, бэлэн 50.000 төгрөг зэрэг эд зүйлийг нь дээрэмдэж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд Отгонбаяр гэгч хамтран оролцсон тухай Э.Ариунбаяр нь мэдүүлж байх тул энэ талаар шалгах.

Мөндөн байцаалтын шатанд эдгээр ажиллагаа бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзээд, Э.Ариунбаяр, Х.Дөлгөөн нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, Э.Ариунбаярт авсан цагдан хорих, Х.Дөлгөөнд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очтол тус тус хэвээр үлдээж, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор С.Цэрэндорж бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...иргэн Д.Гансүхийн цонхоор нэвтрэн орж хулгай хийсэн талаармөрдөн байцаалтын шатанд Э.Ариунбаяр мэдүүлэхдээ“...хашаа байшинтай айл байсан ба би цагаан өнгийн байшингийн вакум цонхыг түлхэн орсон. Намайг дотор нь ороход нэг өрөө бүхий жижигхэн байшин байсан ба би уг байшингийн баруун талын хананд байрлуулсан зурагтыг тавиур дээр байсан хар өнгийн бүтээлгэнд боож аваад тухайн айлын цонхоор буцаад гарсан. Өөр ямap нэгэн зүйл аваагүй. Надад мөнгөний хэрэг байсан болохоор тухайн айлруу орсон ба би найз Хүрэлсүхийн гэрт байсан.…надад мөнгө хэрэгтэй байсан болохоор л хэрэг хийсэн юм. ...Х.Дөлгөөн мэдээгүй байсан ба намайг хэрэг хийж байхад айлд байсан юм. Тэгээд надтай тааралдаад “яах гэж хулгай хийсэн юм бэ гэж загнаж байсан.” гэсэн мэдүүлэг, сэжигтнээр X.Дөлгөөний өгсөн мэдүүлэгт “...Хадбаатар гэх хүний гэрт ганцаараа орсон ба танил Ариунбаяр дэлгүүрээс тамхи авна гээд хоцорсон байсан....Тэгээд ороход уулзаж мөнгөө авах гэхэд манай төрсөн дүү Анхбаатар болон Хадбаатарын хүү Даваажав нар байсан. ...Ариунбаяр байхгүй байсан тэгэхээр нь хажуу талын гудамжруу нь орж хартал өөдөөс Ариунбаяр ганцаараа урдаа саарал өнгийн орны бүтээлэгт зурагт боочихсон бариад ирж байсан. Тэгэхээр нь би урдаас нь очоод “юу юм бэ” гэхэд Ариунбаяр “зурагт, найз нь гусчихсан юм аа” гэсэн. Тэгэхээр нь би “яах гэж авсан юм бэ” гэж хэлээд бид хоёр хамтдаа баруун тийш Сэлбийн гол гатлаад “Сансар 32” чиглээд явсан...” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Х.Анхбаатар мэдүүлэхдээ “...Би тэдний гэрт 10 цагийн үед очоод байж байсан. Тэгтэл гаднаас Дөлгөөнөө ах ганцаараа орж ирсэн. Тэгээд Хадаа ахыг асууж цай уугаад 10 минут орчим сууж байгаад гараад яваад өгсөн. Хадаа ах өөрөө байхгүй байсан. Нямка гараад явсан байсан. Хадаа ахын бага хүүхэд нь болох Даваажав байсан. Даваажав нь одоо 1 дүгээр ангид сурдаг...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Лхагвасүрэн мэдүүлэхдээ“...Би тухайн иргэдийг анх саатуулаагүй бөгөөд манай хэлтсийн дэд дарга хурандаа Гомбо надруу утсаар холбогдон “Дарь-Эхээс хулгай хийсэн этгээдүүд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдутаар хэлтэс дээр саатуулагдсан байна чи яаралтай очиж авчир” гэсэн үүргийн дагуу Эрүүгийн төлөөлөгч Баттимуртай хамт очиж авчиран мөрдөн байцаагч Пүрэвжавд хүлээлгэн өгсөн. ...саатуулах үед зурагт 32 инчийн “Sharp” брендийн хар өнгийн зурагт байсан гэсэн мэдүүлэг болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэгдэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгийн үнэлгээ зэрэг хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар яллагдагч Э.Ариунбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, яллагдагч Х.Дөлгөөнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дугнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба яллагдагч Э.Ариунбаярын хулгайлах гэмт хэрэг, яллагдагч Х.Дөлгөөн, Э.Ариунбаярыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд гэмт хэргийг үл мэдээлэх гэмт хэргийг тус тус үйлдсэн нь нэг мөр эргэлзээгүйгээр тогтоогдсон. Хэрэгт хийгдвэл зохих мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн байна.Э.Ариунбаяр нь мөрдөн байцаалтад хулгайлах гэмт хэргийг ганцаараа үйлдсэн талаар тогтвортой мэдүүлсэн байдаг ба түүний мэдүүлэг нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн болон бусад ноллох баримтуудаар батлагдсан болно.

Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт түүний өгсөн “...хулгайн гэмт хэргийг Х.Дөлгөөнтэй бүлэглэн үйлдсэн...” гэх мэдүүлгийг үндэслэн Э.Ариунбаяр нь Х.Дөлгөөнтэй бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн эсэхэд дахин мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагатай байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн Э.Ариунбаяр нь 2016 оны 9 дүгээр сарын эхээр Баянзүрх дүүргийн 1000 оюутны байрнаас нөтбүүк, гар утас, бэлнээр 30.000 төгрөг зэрэг эд зүйлс хулгайлсан гэх үйлдлийг нэмж шалга гэжээ. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад Э.Ариунбаяр дээрх хулгайн гэмт хэргийн талаар мэдүүлдэг. Тус эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байх хугацаанд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсүүдээс эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгуулах хэрэг байгаагүй болно. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасан байхад шүүх хавтаст хэрэгт цуглуулаагүй нотлох баримтыг шаардаж буруу дүгнэсэн гэж үзэж байна.

Хэрэв Цагдаагийн байгууллагад иргэн дээрх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл гаргаж эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд энэ зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна. Ингэж шийдвэрлэхдээ өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор бүрэн буюу xaгac эдэлсэн ялыг оруулан тоолно...” гэж заасны дагуу тус заалтыг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн Э.Ариунбаяр нь У.Энхбаттай бүлэглэн дээрмийн гэмт хэрэг үйлдэхэд Отгонбаяр гэгч хамтран оролцсон тухай Э.Ариунбаяр нь мэдүүлж байх тул энэ талаар нягтлан шалга гэжээ. Эрүүгийн 201401020285 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад уг дээрмийн гэмт хэргийн гол эх сурвалж болох хохирогч Я.Эрдэнэбилэгийг хоёр залуу буюу Э.Ариунбаяр, У.Энхбат нар хүч хэрэглэж, бие махбодид хөнгөн гэмтэл учруулж, эд зүйлийг нь дээрэмдсэн талаар мэдүүлдэг нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэг, шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлт, таньж олуулах ажиллагаа, яллагдагч У.Энхбатаас хохирогч Я.Эрдэнэбилэгийн гар утсыг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэргээр тогтоогдсон байдаг. Түүнчлэн яллагдагч У.Энхбат, Э.Ариунбаяр нар мөрдөн байцаалтын шатанд өгсөн удаа, дараагийн мэдүүлэгтээ дээрмийн гэмт хэргийг Отгонбаяр гэх хүнтэй хамтран үйлдсэн талаар огт дурдаж байгаагүй зэргээс дүгнэхэд хохирогчийг Э.Ариунбаяр, У.Энхбат нар бүлэглэн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, эд хөрөнгийг дээрэмдсэн болох нь тогтоогдож байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 oны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 54 дүгээр шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Анхан шатны шүүх Э.Ариунбаяр, Х.Дөлгөөн нарт холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтыг сайтар судлалгүйгээр зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан Э.Ариунбаярын мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 23 дугаар гудамжны 558 тоотод оршин суух иргэн Д.Гансүхийн гэрээс эд зүйл хулгайлсан гэмт хэргийн үйл баримтын талаар харилцан зөрүүтэй мэдүүлэг өгсний аль хэсэгт нь үнэлэлт дүгнэлт өгч бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байхад энэ талаар анхан шатны шүүхээс огт дүгнэлт хийлгүй хэргийг мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй байх тул шүүхийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэж үзвэл мөрдөн байцаалтын шатанд дараах зүйлийг шалгаж тогтоох шаардлагатай. Тухайлбал:

 

1. Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ширэндэв 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ялтан Э.Ариунбаярт холбогдох эрүүгийн 201401020285 дугаартай хэргээс 201625013912 дугаартай хэргийг тусгаарлах тогтоол гаргажээ. /1-р хх-ийн 1/ Мөн тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч ахлах дэслэгч Г.Ууганжаргал, хяналтын прокурор Э.Бадрал нар 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр эрүүгийн хэрэг нэгтгэх тухай тогтоол баталжээ. Уг тогтоолын “ОЛСОН НЬ” хэсэгт эрүүгийн 201401020285 тоот хэрэгт эрүүгийн 2014250001688 хэргийг нэгтгэх нь зүйтэй гэж дүгнэсэн атлаа  “ТОГТООХ” хэсэгтээ Э.Ариунбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан 2014250001377 тоот хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан 201401020285 тоот хэрэгт нэгтгэсэн /1-р хх-ийн 117/ нь ойлгомжгүй байна.

 

Хэрэгт авагдсан Э.Ариунбаярыг сэжигтнээр тооцох тухай тогтоолуудаас үзэхэд бусадтай бүлэглэн 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Б.Бүрэнтөгсийг шалтгаангүйгээр зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан хэрэг 201401020285 тоот эрүүгийн дугаартай /1-р хх-ийн 152/, 2014 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Ц.Тунгалагийн гэрт нэвтэрч эд зүйл хулгайлсан хэрэг 2014250001377 тоот эрүүгийн дугаартай /1-р хх-ийн 253/ байна.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт сэлт, мэдээллийг нотлох баримт гэнэ.”, 79.4 “Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж хуульчилжээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд тусгаарласан хэргээс эрүүгийн 201625013912 тоот хэрэгт нотлох баримтуудыг хуулбарлан авч нотлох баримт бүрдүүлэхдээ хэргээс дутуу хуулбарласан, хуулбарласан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, судлах боломжгүй зэрэг байцаан шийтгэх ажиллагааны зөрчил гарсан байна. Үүнд:

 

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахлах дэслэгч О.Эрдэнэбатын бичсэн илтгэх хуудас /1-р хх-ийн 30/-ны төгсгөл хэсэг байхгүй, тус хэлтсийн мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Ц.Лхамсүрэнгийн 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Д.Баянжаргалыг сэжигтнээр байцаасан тэмдэглэл унших боломжгүй /1-р хх-ийн 224-225, 229-231/ зэрэг байдлууд нь дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна.

 

Эдгээр нотлох баримтыг давж заалдах шатны шүүхэд оролцсон прокурор С.Цэрэндорж “…унших боломжгүй байна…” гэх тайлбар гаргасан нь түүний үйлдсэн яллах дүгнэлт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүйг нотолж байна.

 

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж маш тодорхой заасан бөгөөд байцаан шийтгэх ажиллагааг хэрэгжүүлэгч шүүгч хэрэгт авагдсан нотлох баримт хуульд нийцсэн эсэх, прокурорын яллах дүгнэлт хуулийн шаардлага хангасан, хэргийн зүйлчлэл тохирсон зэргийг нягтлах учиртай. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж хэрэгт бэхжүүлсэн, шинжлэн судлах боломжгүй нотлох баримтуудыг үнэлж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байхад анхан шатны шүүх түүнийг зөвтгүүлэх байтал шүүхийн тогтоолдоо дурдаад орхисон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн хууль ёсны байх зарчимд нийцэхгүй юм.

 

Иймээс Э.Ариунбаярт холбогдох хэргүүдийг нэгтгэсэн хэрэгт түүний үйлдсэн гэх гэмт хэрэгтэй хамаарал бүхий нотлох баримтуудыг нэг бүрчлэн хавсгарах шаардлагатай.

 

3. Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор Э.Бадрал 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдийн 354 дүгээр тогтоолоор эрүүгийн 201401020285 дугаартай хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр түдгэлзүүлж шийдвэрлэсэн /1-р хх-ийн 105/ бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд уг хэргийг сэргээж, байцаан шийтгэх ажиллагаа явуулсан тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна” гэж заажээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ширэндэв 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 406 дугаар “Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол”-оор эрүүгийн 201401020285 дугаартай хэргээс Э.Ариунбаярт холбогдох иргэн Ц.Тунгалаг, Н.Батбаяр, С.Оюунжаргал нарын орон байранд нэвтэрч хулгай хийсэн 3 удаагийн үйлдлийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /1-р хх-ийн 212-213/ нь дээрх хуулийн заалттай нийцэж байгаа эсэхийг дахин нягтлах.

 

Ингэх нь Э.Ариунбаярын бусадтай бүлэглэн 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Б.Бүрэнтөгсийг шалтгаангүйгээр зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан, 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Я.Эрдэнэбилэгийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, эд зүйлийг нь дээрэмдсэн гэмт хэргүүд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах эсэхэд хууль зүйн дүгнэлт хийхэд чухал ач холбогдолтой.

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн зарим зүйл, хэсэгт эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх буюу хэрэглэхгүйгээр гэж заасан байдаг тул тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн өмчлөлийн эд хөрөнгийн нэр төрөл, хэмжээ, үнэлгээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд нэг бүрчлэн тогтоож, түүнчлэн шүүх эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахдаа хураах эд хөрөнгийн нэр төрөл, хэлбэр, тоо хэмжээ, түүний үнэлгээг мөнгөн илэрхийлэлд оруулж шийтгэх тогтоолдоо нэг бүрчлэн заах шаардлагатай байдаг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145, 147 дугаар зүйлүүдэд заасан гэмт хэргийг шүүх хэлэлцэн шийдвэрлэхэд дээрх шаардлагыг хангасан байвал зохино.

 

Гэтэл Э.Ариунбаярын өмчлөлийн эд хөрөнгийн нэр төрөл, хэмжээ, үнэлгээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд тогтоож ирүүлээгүй байх тул дээрх ажиллагааг хийж гүйцэтгэх.

 

Дээрх эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулж,бусад шаардлагатай байцаан шийтгэх ажиллагаа явуулсны дараа Э.Ариунбаяр, Х.Дөлгөөн нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул давж заалдах шатны шүүх прокурор С.Цэрэндоржийн бичсэн“анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

 

            Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, энэ магадлалд заасан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: