Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 194

 

 

 

 

 

Ш.Цэнд-Аюушид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Мөнхтуул, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Батбаяр,

ялтан Ш.Цэнд-Аюушийн өмгөөлөгч Ц.Алтанцол,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг  оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ш.Цэнд-Аюушийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2015 2501 2562 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Шаравдоржийн Цэнд-Аюуш, 1971 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн Ногоон зоорийн 4 дүгээр гудамжны 23 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:СЭ71073179/.

Ш.Цэнд-Аюуш нь 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 15 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Баянзүрх захын баруун талын автомашины зам дээр иргэн Ё.Ганболдыг танхайн сэдэлтээр санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ш.Цэнд-Аюушийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Шаравдоржийн Цэнд-Аюушийг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар Ш.Цэнд-Аюушийг 20 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 20 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 439 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Ш.Цэнд-Аюушаас нийт 11.013.500 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзоригт олгуулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн “Жулиа Төв” гэсэн бичигтэй цагаан өнгийн 1 ширхэг СиДи-г хавтаст хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээхээр шийдвэрлэжээ.

Ялтан Ш.Цэнд-Аюуш давж заалдах гомдолдоо: 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн зах дээр хүний юм зөөж явахад үл таних согтуу хүн дайралдаж надаас архины мөнгө нэхэн чангааж хоргоосон. Би согтуу хүний гарыг зайлуулж, өөрийн гарыг татаж авсан. Иймд Баянзүрх дүүргийн шүүх санаатай гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар 20 жилийн хорих ялыг чанга дэглэмд эдлүүлэхээр тулгаж тасалсан. Би тухайн өдөр Баянзүрх захын баруун талын автомашины зам дээр иргэн Ё.Ганболдыг танхайн сэдэлтээр санаатай алсан гэмт хэрэгт холбогдсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзориг худал мэдүүлж, талийгаач Ё.Ганболдыг 2-3 удаа цохисон, авч шидсэн гэх зэргээр мэдүүлсэн байна. Миний бие Баянзүрх зах дээр 5 жил ажиллахдаа архи дарс ууж, хүмүүстэй маргалдан муудалцаж байгаагүй. Мөрөөрөө ажил хийж, хүний бараа зөөж хоолныхоо мөнгийг олдог байсан. Гэрч нар миний эсрэг мэдүүлж байгааг ойлгохгүй байна. Шинжээчийн дүгнэлтийг үзэхэд талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас нас барсан байдаг. Талийгаачийг би танихгүй бөгөөд түүнийг цохиогүй, авч шидээгүй, өөрийнхөө гарыг татаж авсны төлөө 20 жилийн ял тулгаж байгаа нь ойлгомжгүй байна. Э.Энхтуяа гэх гэрч Баянзүрх захын хажууд оймс зардаг хүүхэн өөрийн нүдээр харсан юм шиг худал мэдүүлж, намайг гүтгэж байгааг ойлгохгүй байна. Иймд надад холбогдох хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзориг тус шүүх хуралдаанд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Миний эцэг Ё.Ганболд нь 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх захын орчим гэр лүүгээ харих замдаа Ш.Цэнд-Аюуш гэгч согтуу этгээдэд хоолойгоо боолгож, ухаан алдах үедээ засмал зам дээр толгойгоороо савж унасны улмаас эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт 7 хоногийн дараа нас барсан. Ш.Цэнд-Аюуш Баянзүрх дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар 18 жилийн хорих ял шийтгүүлсэн боловч эрүүгийн хариуцлагаас зугатааж, үйлдлээ үгүйсгэж, сэтгэцийн өвчтэй гэж давж заалдах гомдол гаргаснаар давж заалдах шатны шүүх, Хяналтын шатны шүүхээр хянагдсан ба Улсын Дээд Шүүхээс сэтгэцийн байдлыг дахин шалгуулахаар буцаасан. Шинжээчид ялтан Ш.Цэнд-Аюуш нь хэрэг хариуцах чадвартай эсэхийг нь нотолсоны дараа анхан шатны шүүх дахин хэлэлцэхэд тэрээр илт мэдрэл хүн шиг байдал гаргаж, ойлгохгүй байгаа дүр эсгэж, худал тайлбар мэдүүлэг өгөх зэрэг үйлдлүүд гаргаж байсан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч би шүүх хуралдааны явцад “...Шүүхийн үйл ажиллагааг үл хүндэтгэж, хэт худал мэдүүлж, мэдэн будилж, мэргэжлийн шинжээч эмч нар хэрэг хүлээх бүрэн чадвартай гэж дүгнэлт гаргах эрүүл болохыг нь тодорхойлсоор байтал илт ойлгохгүй, мэдрэл хүн шиг байдал гаргаж байна. Мөн ялтан түүний өмгөөлөгч нар хөдөлбөргүй нотлох баримт болох видео бичлэг байсаар байтал хүмүүсийн өгсөн гэрчийн мэдүүлгийг урьтал болгохыг санаархаж, бичлэгийг үзээгүй мэт авир гаргаж байгаа нь шүүх болон шүүх хуралдааны үйл ажиллагааг илтэд хүндэтгэхгүй байгаа учраас оногдуулсан 18 жилийн хорих ялд гомдолтой байгаа талаараа хэлж, түүнд оногдуулах ялыг нэмж оногдуулах талаар санал...” гаргасны дагуу Ш.Цэнд-Аюушид 20 жилийн хорих ял оногдуулсан. Гэтэл Ш.Цэнд-Аюуш нь өөрийн хийсэн үйлдэлдээ ухамсарлаж уучлал гуйхын оронд давж заалдах шатны шүүхэд дахин гомдол гаргаж байгаад эсэргүүцэл илэрхийлж байна.

Бусдын амьд явах эрхийг хүндэтгээгүй байж, өөрийн хийсэн үйлдлийг ухамсарлахгүй, шүүхийн үйл ажиллагааг илтэд үл хүндэтгэж байгаа тул зохих ёсны хариуцлагыг Ш.Цэнд-Аюушид оногдуулж өгнө үү гэжээ. 

Ялтан Ш.Цэнд-Аюушийн өмгөөлөгч Ц.Алтанцол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хэргийг Улсын Дээд Шүүхээс хянаж, ялтны хувийн байдал буюу сэтгэцийн байдлыг нэмж тогтоолгох зорилгоор шинжээч томилуулж дүгнэлт гаргуулахаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Харин миний бие анхан шатны шүүх хуралдаанд энэ байдал бүрэн шалгагдаагүй гэдэг тайлбарыг анхнаасаа ярьж ирсэн. Шинжээчийн дүгнэлтээр органик эмгэгтэй гэдэг болохоор өвчний түүх, эмчилгээ хийлгэж байсан баримтууд эмнэлгийн байгууллагаас алга бололгүй хэрэгт авагдсан бол арай өөр байдлаар дүгнэлт хийх байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон, магадлалыг хүчингүй болгосон гэж урд оногдуулсан 18 жилийн хорих ялыг 20 жил болгож хүндрүүлж шийдвэрлэж байна уу гэмээр байдал харагдаж байна. Ш.Цэнд-Аюуш нь талийгаачийг татаж, өөрийгөө давуулаад шидсэн үйлдэл гаргасан ба талийгаачийг алах гэсэн шууд санаа агуулаагүй. Архины мөнгө нэхээд байхаар нь өөрөөсөө зайлуулах үүднээс ийм үйлдэл гаргасан. Эдгээр байдлууд нь камерын бичлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэсэн атлаа шууд бус санааг нь шууд санаатай, танхайн сэдэлтээр үйлдсэн гэж хүндрүүлж дүгнэсэн. Ял шийтгэлийг оновчтой, гэм бурууд нь тохирсон байдлаар хөнгөрүүлж үзэлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд өмгөөлөгчийн зүгээс Ш.Цэнд-Аюушийн үйлдсэн хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг алсан гэж үзэж байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэв.

Прокурор Г.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ялтан Ш.Цэнд-Аюуш нь 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 15 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Баянзүрх захын баруун талын автомашины зам дээр иргэн Ё.Ганболдыг танхайн сэдэлтээр санаатай алсан гэмт үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлээр бүрэн нотлогдсон. Шүүхээс ялтан Ш.Цэнд-Аюушид оногдуулсан ял шийтгэл тохирсон, хэргийн зүйлчлэл зөв. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “ …шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна…” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Ш.Цэнд-Аюуш нь 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 15 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Баянзүрх захын баруун талын автомашины зам дагуу хойноос урд чиглэлд алхаж явсан ахмад /64/ настай иргэн Ё.Ганболдыг тодорхой  шалтаангүйгээр энгэрээс нь гэнэт заамдан боож, хөлийг ташиж, түлхэснээс ар дагзаар нь асфальтан зам руу унагаж “…гавал тархины битүү гэмтэл, зулай, чамархай, суурь ясны шугаман хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдалт, тархины эдийн няцрал, эд доторх цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, хуйхны цус хуралт, дагзны няцарсан шарх, зүүн сарвууны цус хуралт” бүхий хүнд гэмтэл учруулж, танхайн сэдэлтээр санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзориг, ялтан Ш.Цэнд-Аюуш нарын мэдүүлэг, мөрдөн байцаалтад гэрч Ж.Энхтуяа, С.Сүхээ, Ш.Тэгшжаргал, Г.Өлзийбаяр нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1965 дугаар дүгнэлт, гэмт хэрэг гарсан байдлыг харуулсан СД бичлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ГССҮТ-ийн 11812 дугаар өвчний түүхийн хуулбар болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, ялтан Ш.Цэнд-Аюушийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн  аюулын шинж чанар, түүний гэм буруу, хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээнд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдоогүй байна.

Ш.Цэнд-Аюушийг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 20 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Ялтан Ш.Цэнд-Аюушийн гаргасан: “…Талийгаачийг би танихгүй бөгөөд түүнийг цохиогүй, авч шидээгүй, өөрийнхөө гарыг татаж авсны төлөө 20 жилийн ял тулгаж байгаа нь ойлгомжгүй байна. Э.Энхтуяа гэх гэрч Баянзүрх захын хажууд оймс зардаг хүүхэн өөрийн нүдээр харсан юм шиг худал мэдүүлж, намайг гүтгэж байгааг ойлгохгүй байна. Иймд надад холбогдох хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү …” гэсэн давж заалдах гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл:

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзоригийн: “…Төрсөн эцгээ алуулсан тул маш их гомдолтой байна. ... Цагдаагийн газар Цэнд-Аюуш нь аавыг заамдсан, юу хийснээ тодорхой мэдүүлж байсан. Яагаад ингэж гуйвуулж ярьж байгааг ойлгохгүй байна. Эхэндээ мэдрэл хүн шиг яриад, сүүлдээ асуугаад байхаар зүгээр хариулж байна. Энэ хүн манай аавыг заамдахад аав зогсоо байдалтай ухаан алдаад унасан, дараа нь дахин эргэж ирээд цээж рүү нь 2-3 удаа цохисон. ... энэ хүн болсон асуудлын талаар тодорхой хэлж мэдүүлж байсан. Камерийн бичлэгийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчид бүрэн үзүүлж өгнө үү. Болсон асуудлыг мэдэхгүй юм шиг зүйл яриад байна. Маш их гомдолтой. Хавтаст хэрэгт авагдсан баримтын дагуу хохирлыг гаргуулж өгнө үү…” /2хх-115/,

мөрдөн байцаалтад сэжигтэн Ш.Цэнд-Аюушийн: “…Баянзүрх захын баруун талд “Жулиа” төвийн ойролцоо Ганболд гэдэг хүнтэй таарсан. Ганболд намайг хоргоогоод “архи аваад өг” гэж хэлсэн, тэгэхээр нь “би мөнгөгүй байна, юм хүргэж өгөөд ирж байна” гэж хэлээд энгэрээс нь заамдаж татаж байгаад түлхчихээд яваад өгсөн. Намайг түлхэхэд гэдэргээ ойчсон…” /1хх-81/,

мөрдөн байцаалтад яллагдагч Ш.Цэнд-Аюушийн: “…Ганболдтой таарахад намайг хоргоогоод архи аваад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би “мөнгөгүй байна, би юм хүргэж өгчөөд ирж байна” гэж хэлээд энгэрээс нь заамдаж татаж байгаад түлхчихээд яваад өгсөн. Намайг түлхэхэд гэдэргээ ойчсон. Би Баянзүрх зах руу ороод байж байхад цагдаа нар ирээд таныг Цэнд-Аюуш гэдэг үү гээд намайг хэлтэс руу авч явсан…” /1хх-84/,

2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт ялтан Ш.Цэнд-Аюушийн: “…талийгаач миний нүүр лүү цохиж байсан. Тухайн өдрийн камерын бичлэг зөрж байна. Хавтаст хэргийн материалтай танилцсан. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна…” /1хх-204/,

мөрдөн байцаалтад гэрч Ж.Энхтуяагийн: “…цэнхэр халаадтай, бугуйндаа мах эвдэхэд хэрэглэдэг юм шиг цагаан ханцуйвч маягийн зүйл хийсэн эрэгтэй хүн согтуу байдалтай урдаас “ална даа пиздаануудаа” гэж орилоод гараад ирсэн. Замдаа нэг эрэгтэйтэй тааралдаад бариад нөгөө эрэгтэй нь тавиулаад цааш яваад өгөхөд дахин  өөдөөс нь явж байсан өөр буурал толгойтой хөгшин хүнийг барьж аваад хувцасны захаар нь зөрүүлж хоолойг нь урдаас нь бооход тэр хөгшин хүн эсэргүүцэж чадахгүй байсан. Тэр хөгшин хүнийг нэлээд боож байгаад өөрийнхөө дээгүүр давуулаад шидэхэд буурал толгойтой хүн нь дагзаараа зам дээр унасан. Амнаас нь цус ихээр гараад байсан…” /1хх-36/,

мөрдөн байцаалтад гэрч С.Сүхээгийн: “…Баянзүрх захын баруун талд миний самар зардаг газрын ойролцоо буюу “Мултимедиа” эмнэлгийн шатны хажууд Аюуш гэж дууддаг мах зөөдөг хүн нэг өвгөнтэй энгэрээс нь зуурсан байдалтай чанга чанга яриад байсан. Нэг их удалгүй нөгөө өвгөн нь машины зам дээр дээш харсан байдалтай унасан байсан. Аюуш Хөдөө аж ахуйн яамны чиг яваад буцаж “Баянзүрх зах” руу орж байсан…” /1хх-39/,

мөрдөн байцаалтад гэрч Г.Өлзийбаярын: “…Баянзүрх захын баруун талд байрлах явган хүний зам дээр эмнэлгийн гадна нэг эрэгтэй унасан байдалтай байсан. Унагаасан гэх хүн нь дээш явж байсан. Хүмүүс наад настай хүнийг чинь “чи муу юу вэ гээд боож аваад унагаасан” гэж хэлээд байсан. … унагаасан эрэгтэй хүн нь буцаад хашгираад хойд зүгээс ирж Баянзүрх зах руу орсон байх гэж бодож байна. Хүмүүс “нөгөө хүн чинь энэ байна ш дээ” гэж хэлэхэд “яах гээд байгаа юм пиздаануудаа” гэж орилоод байсан. … гаргаж байгаа араншинг нь харахад согтуу юм шиг харагдсан…” /1хх-53/ гэсэн мэдүүлгүүдээр болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1965 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх-59-60/, гэмт хэрэг гарсан байдлыг харуулсан СД бичлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-22/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-18-21/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-23-31/, ГССҮТ-ийн 11812 дугаар өвчний түүхийн хуулбар /хх-89-99/ зэрэг баримтуудаар Ш.Цэнд-Аюуш нь ахмад /64/ настай иргэн Ё.Ганболдыг танхайн сэдэлтээр санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн нотлогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй болох нь  “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний  төв”-ийн шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн шүүх 1143 дугаартай дүгнэлт /1-р хх-63-64/, “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2016.12.09-ний өдрийн 1157 дугаартай дүгнэлт /2хх-42/-ээр тогтоогдсон, анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг үгүйсгэх болон няцаах нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул ялтан Ш.Цэнд-Аюушийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Иймд ялтан Ш.Цэнд-Аюушийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.