Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01121

 

Х ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 27-ны өдрийн 102/ШШ2024/00986 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.С, Ч.Б нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 240,253,243 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний 2.9 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож 2,000,000 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний 2.2, 2.3, 2.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож 222,022,093 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

иргэний хэргийг зохигч талуудын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Б.М, Т.У, хариуцагч Ж.С, Ч.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Хариуцагч Ж.С, Ч.Б нар 2014 оны 07 сарын 01-ний өдөр Х ХК-тай 11600***** дугаартай зээлийн гэрээ байгуулан 200,000,000 төгрөгийг 240 сарын хугацаатай, 365 хоногт 20 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Банк нь зээлийн хөрөнгийг 2014 оны 07 сарын 02-ны өдөр Х дахь Ж.С-ийн эзэмшлийн *********** тоот дансанд шилжүүлж зээл олгосон. Талууд 2014 оны 07 сарын 01-ний өдөр 11600*****-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ байгуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар С дүүргийн **-р хороо, *-р хороолол, М-ийн гудамж, **-р байр, * давхарт байрлах 180 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан. Гэрээний хугацаанд хариуцагч нар үндсэн зээлд 17,854,214 төгрөг, зээлийн хүүд 221,940,649 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 82,253 төгрөг төлсөн. Хариуцагч нар 2019 оны 11 сараас хойш сар бүр төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй 611 хоног хугацаа хэтрүүлж 58,107,457 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү хуримтлагдсан ба зээл нь муу ангилалд шилжин цаашид гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Банкны зүгээс талуудын хооронд байгуулсан 11600***** дугаартай зээлийн гэрээний 6.1.1-д заасныг үндэслэн 2022 оны 02 сарын 11-ний өдрөөр тасалбар болгон зээлийн гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас өмнө цуцалсан болно. Иймд хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөрт 182,145,786 төгрөг, үндсэн хүү 58,015,603 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91,854 төгрөг, нийт 240,253,243 төгрөгийг гаргуулж, хариуцагч нар сайн дураар төлбөрөө төлөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нар хариу тайлбартаа: Бид банкнаас 200,000,000 төгрөгийг зээлсэн, зээлээ төлж байсан боловч эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан бүрэн төлж чадаагүй. Банк төлбөрийн тооцоог буруу тооцож гаргасан, 2014 онд энэ зээлийг авсан, хүүг сар тутамд буурч явна гэж ойлгосон боловч хүү буураагүй. 200,000,000 төгрөг эргүүлж төлсөн, хувьсах хүү буураагүй, 2014 оны 07 сарын 01-ний өдрийн гэрээнд зээлийн хүүг 20 хувь гэж заагаагүй, 16,5 хувь+3,6 хувь нэмж төлнө гэж байсан. Банкны суурь хүүг 2014 онд тогтоогоод өөрчилсөн зүйл байхгүй. 2017 оны 06 сарын 07-ны өдөр суурь хүүг тогтоосон шийдвэр байхгүй, 3,5 хувиар бодох ёстой гэж үзэж байна. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь ойлгогдохгүй, төөрөгдүүлсэн шинжтэй байна гэжээ.

3.   Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлдээ: Х ХК зээл олгохдоо зээлийн хүү авахаар заасан атлаа үйлчилгээний шимтгэл нэрийдлээр гэрээний үнийн дүнгийн 1 хувь буюу 2,000,000 төгрөгийг суутган авсан. Шимтгэл авсан үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахаар байна. Х ХК шимтгэл авсан нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д заасныг зөрчсөн тул 2014 оны 07 сарын 01-ний өдөр байгуулсан 11600**** дугаартай зээлийн гэрээний 2.9 дэх заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож 2,000,000 төгрөгийг гаргуулна. Мөн 2014 оны 11600***** дугаартай зээлийн гэрээ байгуулан, хувьсах хүү /жил бүр тогтоосон суурь хүү дээр+3,5 хувийн хүү/-тэй орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн. Уг зээлийг авах үед банк бидэнд хувьсах хүүтэй зээлийн нөхцөлийг санал болгосон. Тухайн үед банкны ажилтны тайлбарлаж байснаар хувьсах хүү нь жил бүр тогтоогдож, улмаар таны зээлийн хүү тухай бүр буурах боломжтой гэж ойлгуулсан. Бид хувьсах хүүтэй нөхцөлөөр зээл авбал жил бүр хүү буурах юм байна гэсэн ойлголтоор уг зээлийн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Энэ нөхцөлийг талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 11600***** тоот зээлийн гэрээний 2.2, 2.3-т заасан. Гэрээний 2.5-д зааж, улмаар зээлийн эргэн төлөлтийн хуваарь зохиож түүнд гарын үсэг зуруулсан. Энэ зээлийн эргэн төлөлтийн хуваарийг бид сайн ойлгоогүй бөгөөд хүүгийн төлбөрийг тодорхой тусгаагүй байсан учир ямар хэмжээний хүү төлөөд байгаагаа мэдэлгүй гарын үсэг зурсан. Гэтэл уг зээлийн гэрээ байгуулсан 2014 оны 07 сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд үндсэн зээлд 17,854,214 төгрөг, үндсэн хүүд 221,940,648 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 82,253 төгрөг, нийт 239,877,117 төгрөг төлсөн байхад өнөөдрийн байдлаар Х ХК-д үндсэн зээл 182,145,786 төгрөг, үндсэн хүү 58,015,603 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91,854 төгрөг, нийт 240,253,243 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ нь санхүүгийн луйвар бөгөөд Х ХК зээлдэгч нарт хохиролтой нөхцөл тогтоож, санхүүгийн дарамт учруулж байна. Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 11600***** тоот зээлийн гэрээ нь стандарт нөхцөлтэй гэрээ байна. Уг зээлийн гэрээний 2.2, 2.3, 2.5 дахь заалт нь зээлдэгч нарт илт хохиролтой, харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд нийцээгүй байх тул уг гэрээний заалтуудыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоох үндэслэлтэй. Хариуцагч нь Х ХК-д 2014 оны 07 сарын 01-ний өдрөөс хойш үндсэн хүүгийн төлбөрт 221,940,649 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 82,253 төгрөг, нийт 222,022,903 төгрөгийг төлсөн. Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 11600***** тоот зээлийн гэрээний 2.2, 2.3, 2.5 дахь заалтууд хүчин төгөлдөр бус нөхцөлд хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлөлт 222,022,903 төгрөгийг Х ХК-аас гаргуулах үндэслэлтэй гэжээ.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Улсын Дээд шүүхийн тогтоолд хууль зөрчсөн гэдэг нь хуулийн хориглосон зохицуулалтыг зөрчсөн байхыг ойлгохоор заасан бөгөөд зээлийн гэрээний 2.9 дэх заалт нь хуулийн ямар хориглосон зохицуулалтыг зөрчсөн нь тодорхой бус байна. Нөгөө талаас банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн үйл ажиллагаа нь хуулиар зохицуулагддагаас бус харилцааг нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээгээр зохицуулагдахгүй тул уг хэм хэмжээг зөрчих боломжгүй. Иймд сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Талуудын хооронд байгуулсан 11600***** дугаартай зээлийн гэрээний 2.2 дахь заалт нь Банкны төгрөгийн жилийн суурь хүү дээр 3,5 хувийг нэмсэнтэй тэнцүү хувьсах хүүтэй байна, 2014 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл мөрдөх жилийн суурь хүүгийн хэмжээ нь 16,5 хувь байх ба энэ хугацаанд мөрдөх зээлийн жилийн хувьсах хүүгийн хувь, хэмжээ 20 хувь байна гэж тохирсон. Гэрээний 2.3 дахь заалт нь зөвхөн зээлийн хүүгийн хувь хэмжээнд өөрчлөлт орсон тохиолдолд зээлдэгч талд амаар болон бичгээр мэдэгдэх, гэрээний 2 дугаар хавсралтад тэмдэглэл хийхээр тохирсон заалт болно. Зээл олгосноос хойш 2017 оны 6 сар хүртэл хугацаанд банкны төгрөгийн суурь хүүгийн хэмжээ болох 16,5 хувьд өөрчлөлт огт ороогүй, гэрээний хүү 20 хувь байсан тул зээлдэгчид бичгээр мэдэгдэх, гэрээний 2 дугаар хавсралтад тэмдэглэл үйлдэх шаардлага үүсээгүй. Мөн 2017 оны 06 сарын 30-ны өдрөөс эхлэн банк орон сууцны зээлийн хүүгээ нийтэд нь бууруулан тогтмол 18 хувь болгосноо нийтэд зарласан ба энэ нь хүүгийн хэмжээ буурч зээлдэгчид ашигтай нөхцөл үүссэн гэж үзэж байна. Гэрээний 1 дүгээр хавсралт болох зээлийн эргэн төлөлтийн хуваарьт он тус бүрээр нь сар бүр төлөх үндсэн зээлийн хэмжээг мөнгөн дүнгээр оруулсан, мөн сар бүр төлөх зээлийн хүүг бодохдоо зээлийн өмнөх сарын үлдэгдлийг зээлийн жилийн хүүгээр үржүүлээд гарсан дүнг ашигласан хоногоор үржүүлж бодно гэж тодорхой тусгасан, үндсэн зээлийн үлдэгдлийг жил бүрээр мөнгөн дүнгээр тусгаж ойлгомжтой хэлбэрээр хийсэн. Зээлдэгч нар нь сар бүр зээл, хүүгийн төлбөрийг төлж байсан нь /зээлийн дансны хуулга/ эргэн төлөх хуваарийг бүрэн ойлгосон, гэрээний төлбөр төлөх нөхцөлийг хүлээн зөвшөөрч, биелүүлж байсан гэж үзэж байна. Зээлдэгч нар зээл авснаас хойш зээлийн хүүг бууруулах талаар банкинд бичгээр болон амаар санал хүсэлт ирүүлж байгаагүй, банк нь бусад банкнаас хэт өндөр үндэслэлгүй хүү тогтоож гэрээ хийгээгүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна. Талууд нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 195 дугаар зүйлийн 195.1-д заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлэн элдэв дарамт шахалтгүй, гарын үсэг зурж зээлийн гэрээг байгуулсан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.  Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.4, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Ж.С, Ч.Б нараас 240,253,243 төгрөг гаргуулан Х ХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлгүй тул зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.9, 2.2, 2.3, 2.5 дах заалтуудыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 222,022,093 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ж.С, Ч.Б нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Х ХК-аас 2,000,000 төгрөг гаргуулан Ж.С, Ч.Б нарт олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ж.С, Ч.Б нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн **-р хороо, *-р хороолол, М-гийн гудамж, **-р байр, * давхрын хэсэг тоот хаягт байршилтай, 180 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч байгууллагын төлсөн 1,429,416 төгрөг, хариуцагч нарын төлсөн 1,595,815 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.С, Ч.Б нараас 1,429,416 төгрөг гаргуулан Х ХК-д, Х ХК-аас 46,950 төгрөг гаргуулан Ж.С, Ч.Б нарт тус тус олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

6.1.  Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэлгүй тул зээлийн гэрээний 2.9 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа 3 дахь хэсэгт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Хас банкнаас 2,000,000 төгрөг гаргуулан хариуцагч нарт олгохоор шийдвэрлэсэн нь хоорондоо нийцэхгүй, зөрчилдөж байна. Учир нь: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлгүй гэж дүгнэсэн бол түүний үр дагавар болох Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх заалтыг баримтлан шийдвэр гаргах боломжгүй юм.

6.2. Мөн анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлээгүй. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо банк шимтгэл авах нь хууль бус тул зээлийн гэрээний 2.9 дэх заалт хүчин төгөлдөр бус гэж маргасан бөгөөд харин шимтгэлийн хэмжээ бодитой байсан эсэх талаар буюу шимтгэлийн хэмжээг үндэслэлтэй тогтоосон эсэх талаар талууд маргаагүй, мэтгэлцээгүй. Хариуцагч банк шимтгэл авах эрхгүй, шимтгэл авах нь хууль бус гэж үзэж, зээлийн гэрээний 2.9 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бол шимтгэлийн хэмжээ үндэслэлтэй эсэх талаар ярих шаардлагагүй юм. Учир нь энэ 2 шаардлага нь нэгэн зэрэг хэрэгжих боломжгүй бөгөөд нэгэнт шимтгэл авах нь хууль бус гэж үзсэн бол хууль бус шимтгэлийн хэмжээ хэд байх нь хариуцагчид ач холбогдолгүй гэж үзэж байна. Эдгээрээс үзвэл анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагад огт дурдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй асуудлаар дүгнэлт хийж, энэхүү дүгнэлтээ сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ үндэслэл болгосон нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

6.3.  Түүнчлэн, зээлдэгч нь шимтгэлийн хэмжээ үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй учраас буцаан гаргуулах үндэслэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д хамаарах бөгөөд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасны дагуу зээлийн шимтгэлтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зээлийн шимтгэлийг зээлдэгч банкинд төлсөн өдрөөс буюу 2014 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн тоологдож, 2017 оны 07 сарын 01-ний өдөр дууссан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн гэж үзнэ. Х ХК нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 2,000,000 төгрөгийн үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч нар давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар зээлийн шимтгэлтэй холбоотой асуудлаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахдаа тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох талаар нэхэмжлэл гаргасан. Түүнчлэн сөрөг нэхэмжлэл гаргасан тайлбартаа хууль зүйн үндэслэл буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг дурдсан. Х ХК-ийн зүгээс шимтгэлтэй холбоотой 2,000,000 төгрөгийн зарцуулалт байсан талаарх нотлох баримтуудыг гаргаж өгөх, энэ нь Монголбанкны журамд нийцэж байгаа эсэх талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч Х ХК болон анхан шатны шүүх дээрх асуудлыг хүлээж аваагүй. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг дүгнэн үзэж шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлахаас илүү Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д заасныг баримтлах байсан гэж үзэж байна. Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шийдвэрийн холбогдох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах боломжтой гэж давж заалдах гомдол гаргасан гэжээ.

8. Хариуцагч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

8.1.  Талуудын хооронд байгуулагдсан 11600***** тоот Зээлийн гэрээ-ний 2.2-д заасан төгрөгийн суурь хүүгийн хэмжээг өөрчилсөн байна. Х ХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны А/393, А/840, А/1764, А/345, А-761, А-1100, А-900, А-316, А-/1684 тоот тушаалаар 2014 оны 04 сарын 01-ний өдрөөс 2017 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд төгрөгийн суурь хүүг 16.5 хувь байна. Харин Х ХХК-ийн 2017 оны 06 сарын 07-ны өдрийн А1/779 тоот Орон сууц худалдан авах, барьж дуусгахад зориулан олгох зээлийн нөхцөлийг шинэчлэн батлах тухай" тушаалаар Хувьсах хүү буюу төгрөгийн суурь хүү гэх ойлголтыг байхгүй болгож, зээлийн хүүг тогтмол 18 хувь болгосон байдаг. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 07 сарын 01-ний өдрийн 11600***** тоот Зээлийн гэрээ-ний 2.2 дахь заалт өөрчлөгдөөгүй бөгөөд хувьсах хүүтэй зээл хэвээрээ байгаа. Үүнээс харахад нэхэмжлэгч Х ХК-аас 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс хойш төгрөгийн суурь хүү-г батлаагүй тул түүнээс хойш хүү тооцох ёсгүй. Гэтэл анхан шатны шүүх уг асуудалд эрх зүйн дүгнэлт өгөхгүй, нэхэмжлэгчийг хүү шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Банк зээлийн гэрээний нөхцөлд нэг талын санаачилгаар гэрээний гол нөхцөл болсон хүүнд өөрчлөлт оруулах бол зайлшгүй нөгөө талдаа мэдэгдэж, бичгээр гэрээний өөрчлөлтийг байгуулах ёстой. Хэрэгт авагдсан баримтуудаас зээлийн хүүг тогтмол болгож өөрчилсөн асуудлаар гэрээнд өөрчлөлт оруулсан баримт байхгүй, банк өөрсдийн программд хүүг тооцохдоо өөрчлөлт оруулсныг шүүх ямар эрх зүйн үндэслэлээр зөвтгөж байгааг ойлгохгүй байна.

8.2. Нэхэмжлэгч Х ХК нь 2021 оны 08 сарын 17-ны өдөр анхан шатны шүүхэд хариуцагч Ж.С, Ч.Б нарт холбогдуулан 2014 оны 07 сарын 01-ний өдрийн 11600***** тоот Зээлийн гэрээ-ний үүргийг шаардаж нэхэмжлэл гарган, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан байна. Харин Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 17-ны өдрийн 102/Ш32021/09743 тоот "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэлээр буцаасан. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа буюу 2021 оны 08 сарын 17-ны өдөр 2014 оны 07 сарын 01-ний өдрийн 11600***** тоот Зээлийн гэрээ-г хугацаанаас нь өмнө цуцалсан байхад анхан шатны шүүх ямар эрх зүйн үндэслэлээр гэрээг 2022 оны 02 сарын 11-ний өдөр цуцалсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, нэгэнт цуцлагдсан гэрээний эрх зүйн харилцааг дахин цуцлах боломжгүй бөгөөд гэрээ цуцлах ойлголт нь хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээний харилцаанд хэрэглэгдэх боломжтой. Гэтэл уг эрх зүйн асуудлыг шүүх огт дүгнэхгүй ганц мэдэгдэлд үндэслэн гэрээг 2022 оны 02 сарын 11-ний өдөр цуцлагдсан гэж дүгнэсэнд гомдолтой байна,

8.3.  Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргах Шаардах эрх үүссэн үе-ийг хэрхэн тодорхойлсон нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрт хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж бичсэн болохоос хэрхэн дуусгавар болсон талаар дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагчаас Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д заасныг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 07 сарын 01-ний өдрийн 11600***** тоот Зээлийн гэрээ-ний 2.2, 2.3, 2.3 дахь заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бус гэж маргасан. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргаж, гэрээний заалтуудыг хүчин төгөлдөр бус гэж үзэж маргасан шалтгаан нь Х ХК-д анх гэрээ байгуулсан 2014 оны 07 сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл хугацаанд хариуцагч нар нийт 239,877,313 төгрөг төлсөн боловч үндсэн зээлээс 17,854,214 төгрөг хасагдаж, бусад нь хүү, нэмэгдүүлсэн хүүнд суутгагдсантай холбоотой. Учир нь, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хавсралт буюу зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарьт засвар оруулж, зээлдэгч нарт нээлттэй мэдээллийг санаатай хасаж, зээл, хүүгийн төлөлтийг зээлдэгч нарт мэдэх боломжгүй болгосон. Түүнчлэн, 2014 11600***** тоот "Зээлийн гэрээ-ний хавсралт буюу зээл, хүүгийн эргэн төлөлтийн хуваарь нь бүхэлдээ томьёо хэлбэртэй учир уг хэсгийг энгийн зээлдэгч уншаад өөрийн төлөлтийн нөхцөлийг бүхэлд нь мэдэх боломжгүй. Тийм учраас хариуцагч нар нэхэмжлэгч Х ХК-ийн зээл, хүүгийн эргэн төлөлтийн нөхцөлийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаар шинжээч бодолт хийсний дараа мэдэж, улмаар өөрсдийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх уг үйлдэлд эрх зүйн дүгнэлт өгөхгүй шаардах эрх үүссэн асуудлыг шууд гэрээ байгуулагдсан огноогоор тодорхойлж, улмаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг дуусгавар болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

9. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.3-т өөрчлөн тогтоосон зээлийн хүүгийн хувь хэмжээг банк зээлдэгчид мэдэгдээгүй нь өөрчлөн тогтоосон хүүгийн хэмжээг мөрдөхгүй байх үндэслэл болохгүй гэж заасан. Энэ заалтыг үндэслэн анхан шатны шүүх зээлийн хүүгийн төлбөрийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэснийг нэхэмжлэгч тал үндэслэлтэй гэж үзэж байна. Тодруулбал, зээлдэгч нар 2017 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл 20 хувиар тооцож зээлийн хүүг төлж байсан ба энэ өдрөөс хойш 18 хувиар тооцож зээлийн хүүг төлж эхэлсэн. Ийнхүү зээлийн хүү өөрчлөгдсөн шалтгаан нь Х ХК нь 2017 оны 06 сарын 17-ны өдрийн А1/779 дугаар тушаалаар орон сууцны зээлийн хүүгийн хувь хэмжээний дээд хязгаарыг 18 хувь болгон бууруулж тогтоосон. Энэ нь хариуцагч нарт буюу зээлдэгч нарт ашигтай байдлаар зээлийн хүү буурсан. Хэрэв хариуцагч нар зээлийн хүүг бууруулсан талаар мэдэгдээгүй учир зээлийн хүүг төлөхгүй гэж маргаж байгаа тохиолдолд үүний үр дагавар нь 2017 оны 06 сарын 30-ны өдрөөс хойш анх зээлийн гэрээгээр тохиролцсоны дагуу 20 хувиар тооцож хүү төлөх ёстой гэж банк үзэж байна. Учир нь тухайн зээлийн гэрээний хүү 20 хувь байсан талаар хариуцагч нар мэдэж байсан нь зээлийн гэрэээний 2.2, гэрээний хавсралт 2-т авагдсан баримтаар нотлогдоно. Мөн хариуцагч нар Х ХК нь хувьсах хүүг байхгүй болгосон тул 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн зээлдэгч нар хүү төлөх ёсгүй байсан гэж тайлбарладаг. Гэтэл зээлийн хүү хувьсах эсхүл тогтмол байна гэдэг нь зээлийн хүү тогтоох арга бөгөөд зээлийн хүүг тогтоох арга өөрчлөгдсөнөөр гэрээнд заасан зээлийн хүү гэх ойлголт бүхэлдээ байхгүй болно гэх утга биш тул энэ үндэслэлээр зээлийн хүүг төлөхгүй гэх хариуцагчийн тайлбар бодит байдалд нийцэхгүй ба зээлийн хүү төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гэж харагдахаар байна. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлээр зээлийн гэрээний хугацаанд төлсөн бүх хүүгийн төлбөрөө банкнаас буцаан шаардаж байгаа нь зээлдэгч гэрээний үүргээ шударгаар биелүүлэх зарчмыг зөрчиж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, зээлдэгч нь 10 жилийн турш бусдын мөнгөн хөрөнгийг үнэ төлбөргүй, хүүгүй ашиглана гэж шаардаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Банк зээлийн тооцооллыг үнэн зөв хийсэн бөгөөд энэ тооцоолол үндэслэлтэй байсан болох нь Монголбанкны шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд хариуцагч нарын гаргасан гомдол үндэслэлгүй. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлдээ дурдсан зээлийн гэрээний 2.2, 2.3, 2.5 дахь заалтуудын улмаас зээлдэгч хохирсон нөхцөл байдал тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д заасны дагуу шаардах үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацааны тухайд анхан шатны шүүхийн дүгнэсэн 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэх нь зүйтэй гэж үзэж байна. Талууд 2014 оны 07 сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тухайн өдөр зээлийн гэрээний заалтуудтай танилцаж, мэдсэний үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурсан тул энэ өдрөөс буюу тухайн гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тоологдож 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 07 сарын 01-ний өдөр дууссан. Иймд хариуцагч нар шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт гарсны дараа эрхээ зөрчигдсөн талаар мэдсэн гэх тайлбар үндэслэлгүй. Мөн хариуцагч тал банк эргэн төлөлтийн хуваарьт засвар оруулсан, санаатайгаар мэдээллийг нуун дарагдуулсан гэж тайлбарладаг боловч энэ тайлбараа нотолж чаддаггүй. Банкны хувьд зээлдэгчийн зээлийн төслийг санаатайгаар нуун дарагдуулсан нөхцөл байдал огт байхгүй. Түүнчлэн зээлдэгч нь 5 жилийн турш зээлийн хүүг сар бүр төлсөн атлаа ямар хэмжээний хүү төлж байсан талаар мэдэхгүй гэх тайлбар үндэслэлгүй. Хариуцагч нар нь гэрээний нэг тал учир харилцан хариуцлага хүлээх бөгөөд үнэхээр мэдэхгүй байсан тохиолдолд банкнаас тодруулах бүрэн боломжтой байсан. Мөн гэрээг цуцалсан өдрийг буруу тогтоосон, 2021 оны 08 сарын 10-ны өдөр зээлийн гэрээг цуцлах ёстой байсан гэж хариуцагч тал гомдолдоо дурдсан байсан. Х ХК нь 2021 оны 08 сард анх энэ зээлтэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн аваагүй. Тодруулбал, 2021 онд шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэлгүй хариуцагч нар зээлийн гэрээг тус оны нэхэмжлэл гаргасан өдрөөр цуцлах ёстой байсан гэж дурдсан нь үндэслэлгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Ж.С, Ч.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 182,145,786 төгрөг, зээлийн хүү 58,015,603 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91,854 төгрөг, нийт 240,253,243 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, зээлийн гэрээний 2.9 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож 2,000,000 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний 2.2, 2.3, 2.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож 222,022,093 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Талууд 2014 оны 07 сарын 01-ний өдөр 11600***** тоот Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Х ХК нь 200,000,000 төгрөгийг 240 сарын хугацаатай, банкны төгрөгийн жилийн суурь хүү дээр 3.5 хувийг нэмсэнтэй тэнцүү хувьсах хүүтэй зээлдүүлэх, Ж.С, Ч.Б нар зээлийн мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ.

Мөн өдөр талууд 11600*****-01 тоот Баталгаат ипотекийн гэрээ байгуулж, Ж.С-ийн өмчлөлд бүртгэлтэй, С дүүргийн **-р хороо, *-р хороолол /18032/, М-гийн гудамж, **-р байрны *-р давхрын хэсэг тоот хаягт байршилтай 180 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлжээ.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

5. Зээлдүүлэгч нь 2014 оны 07 сарын 02-ны өдөр 200,000,000 төгрөгийг зээлдэгч нарын өмчлөлд шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байна.

6. Зээлдэгч нар 2019 оны 11 сараас зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн ба нэхэмжлэл гаргах үеийн буюу 2022 оны 02 сарын 11-ний өдрийн байдлаар 611 хоногийн хугацаа хэтрэлтэй байна.

Зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэхийг зээлдэгч нараас удаа дараа шаардсан үйл баримт тогтоогдсон.

7. Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцооллоос үзвэл зээлдэгч нар зээлийн гэрээний эргэн төлөлтөд үндсэн зээл 17,854,214 төгрөг, зээлийн хүү 221,940,649 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,253 төгрөг, нийт 239,877,117 төгрөгийг төлсөн, нэхэмжлэл гаргах үеийн буюу 2022 оны 07 сарын байдлаар үндсэн зээл 182,145,786 төгрөг, зээлийн хүү 58,015,603 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91,854 төгрөг, нийт 240,253,243 төгрөгийн өр төлбөртэй болох нь тогтоогдож байна.

8.  Хариуцагч тал ...банк нь төлбөр тооцоог буруу тооцсон, бид нарийвчлан тооцно... гэсэн агуулгатай хариу тайлбарыг гаргасан боловч дээрх тооцооллыг няцаасан тооцоолол шүүхэд гаргаж өгөөгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзал, түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

Түүнчлэн, шүүхээс томилогдсон шинжээч нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцооллыг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 сарын 13-ны өдрийн А-236 тоот тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-д нийцсэн гэж дүгнэн, зээлдэгч нарын хүлээх үүргийг үндсэн зээл 182,145,786 төгрөг, зээлийн хүү 58,016,603 төгрөг гэж тооцож гаргасан нь нэхэмжлэгч талын шаардсан үндсэн зээл, зээлийн хүүний үнийн дүнтэй тохирч байна.

9.   Нэхэмжлэгч Х ХК нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хариуцагч Ж.С, Ч.Б нараас шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт нийт 240,253,243 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай тус тус нийцсэн боловч хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийн зохицуулалтыг баримталсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулна.

10. Зээлийн гэрээний 2.2, 2.3, 2.5, 2.9 дэх заалтуудыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д заасан харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаарх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

Зээлийн гэрээний дээрх заалтууд нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд хийгдсэн тохиролцоо байна.

Зээлийн гэрээний 2.2-т Банкны төгрөгийн жилийн суурь хүү дээр 3.5 хувийг нэмсэнтэй тэнцүү хувьсах хүүтэй байна. 2014 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл мөрдөх жилийн суурь хүүгийн хэмжээ нь 16.5 хувь байх ба энэ хугацаанд мөрдөх зээлийн жилийн хувьсах хүүгийн хувь, хэмжээ 20 хувь байна гэж тусгасан нь ойлгомжтой, салаа утга агуулаагүй байна.

Зээлийн гэрээний 2.9-д Зээлдэгч нь зээлийн гэрээний 1 хувьтай тэнцэх хэмжээний зээлийн үйлчилгээний шимтгэлийг зээлийг олгох үед банкинд бэлнээр төлнө гэж заасан нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 сарын 13-ны өдрийн А-236 дугаар тушаалын хавсралтаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын тухай журмын 3.2.1-д Зээлдэгчээс авах шимтгэл ...-ийн төрөл, хэмжээг банк тогтооно гэж, 3.2.2-т Банк зээлдэгчээс авах шимтгэл ...-ийг зээлийн гэрээнд заавал тусгана гэж тус тус заасантай нийцжээ.

11. Анхан шатны шүүх хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлээс 2,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхээс уг сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

Учир нь, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан ба уг хугацааг мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасны дагуу зээл олголтын шимтгэл төлсөн 2014 оны 07 сарын 02-ны өдрөөс эхлэн тоолбол хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 07 сарын 02-ны өдөр дуусчээ.

Иймд Х ХК нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байна.

12.  Х ХК-ийн гүйцэтгэх захирлын Суурь хүү тогтоох тухай тушаалуудаас үзвэл 2014 оны 04 сарын 01-ний өдрөөс 2017 оны 07 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төгрөгийн суурь хүү 16.5 хувь байсан болох нь тогтоогдсон.

Төгрөгийн суурь хүү дээрх хугацаанд өөрчлөгдөөгүй тул банк нь зээлийн гэрээний 2.3-т зааснаар зээлдэгчид мэдэгдэх, хавсралтад тэмдэглэх үүргийг хүлээхгүй.

Харин Х ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 06 сарын 07-ны өдрийн А1/779 дугаартай Орон сууц худалдан авах, барьж дуусгахад зориулан олгох зээлийн нөхцөлийг шинэчлэн батлах тухай тушаалаар орон сууц худалдан авахад зориулан төгрөгөөр олгох зээлийн хүүгийн хувь хэмжээний дээд хязгаарыг жилийн 18 хувь байхаар тогтоосон нь зээлдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд зээлийн хүү ийнхүү буурсан талаар зээлдэгч нарт мэдэгдээгүй, хавсралтад тэмдэглээгүй гэж банкийг буруутгах боломжгүй, энэ нь зээлдэгч нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Түүнчлэн, зээлийн гэрээний 2.3-т ...Өөрчлөн тогтоосон хүүгийн хувь хэмжээг банк зээлдэгчид мэдэгдээгүй нь өөрчлөн тогтоосон хүүгийн хувь хэмжээг мөрдөхгүй байх үндэслэл болохгүй гэж тусгасныг дурдах нь зүйтэй.

 13. Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зээлдэгч Ж.С гарын үсэг зурсан, уг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт 2019 оны 12 сарын 24-ний өдөр хүртэлх үндсэн зээлийн үлдэгдэл 192,558,978 төгрөг байхаар тусгагдсан байна.

Иймд хариуцагч талын гаргасан ...үндсэн зээлийн үлдэгдэл их байгааг мэдээгүй... гэсэн тайлбар үндэслэлгүй.

14. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 27-ны өдрийн 102/ШШ2024/00986 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...453 дугаар зүйлийн 453.1... гэснийг хасаж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...56 дугаар зүйлийн 56.1.1... гэсний ард ...202 дугаар зүйлийн 202.1... гэж нэмж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Х ХК-аас 2,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ж.С, Ч.Б нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 6 дахь заалтад ...Х ХК-д байгууллагад, Х ХК-аас 46,950 төгрөг гаргуулан Ж.С, Ч.Б нарт тус тус олгосугай гэснийг ...Х ХК-д олгосугай гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Ж.С-ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 04 сарын 03-ны өдөр урьдчилан төлсөн 1,359,216 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Х ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 04 сарын 05-ны өдөр урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

Д.НЯМБАЗАР