Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 102

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,                             

Улсын яллагч З.Энхжаргал,

Иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг,

Шинжээч Ө.Сарангэрэл,

Хохирогч Б.Лхагважав, түүний өмгөөлөгч А.Дулмаа,

Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Г.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овогт Б-ийн Т-д холбогдох эрүүгийн 1709025500402 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Грийн стэйшн" ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт,  ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн Олхонууд овогт Б-н Т нь: 

 

- 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ард-17” хүнсний дэлгүүрийн орчим хамт архи ууж байсан Э.Бат-Эрдэнэтэй маргалдаж улмаар түүний толгойн тус газарт цохиж, зодсоны улмаас Э.Бат-Эрдэнэ нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ухаангүй байдалтай Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн тархины мэс засалд орж, эмчилгээ хийлгэж байгаад 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нас барж, Б.Т нь хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг харуулсан зураг / 2 дугаар хавтас 146-158 /

 

Хэргийн газарт нэмэлт үзлэг хийсэн тэмдэглэл / 2 дугаар хавтас164 /

 

Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл / хх 14-15/

 

Хохирогч Б.Лхагважав мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...  2017 оны 12 сарын 12-ны өглөө би ажилдаа 08 цагийн орчим явсан. 12 цагийн орчим Бат-Эрдэнэ над руу утсаар яриад “Ард 17 дэлгүүрийн дансаар 20,000 төгрөг явуулчих” гэхээр нь би дэлгүүрийн данс руу 20,000 төгрөг явуулсан. 00 цаг өнгөрч байхад манай нөхөр гэртээ ирээгүй байсан. Өглөө 11 цаг 43 минутанд Наранчимэг /Отгоо/ Бадмаагийн утсаар залгаад “ Бат-Эрдэнэ манай гэрт ухаангүй байна. Түргэн дуудчихлаа. Чи эмнэлэг дээр хүрээд ир “ гэхэд хажуунаас нь түргэний эмч энэ хүн харвалтын байдалтай ухаангүй байна. Эндээс аваад явлаа. Сүхбаатар дүүргийн эмнэлэг дээр хүрээд ир гэж хэлсэн. Би эмнэлэг дээр очиход Бат-Эрдэнэ ухаангүй хөшсөн, бие нь хөрсөн байдалтай байсан. Эмч осголтын байдалтай байна гэж хэлээд тархины зураг авахад гэмтлийн гаралтай харвалт байна гээд Гэмтэл согог судлалын эмнэлэг рүү хүргүүлсэн. Гэмтлийн эмнэлэг дээр сэхээн амьдруулах тасагт 19 цагт тархины хагалгаанд ороод 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нас барсан. Тархинд хурсан цусыг авсан боловч нас барсан. Бат-Эрдэнэ хагалгаанд орсон орой би Түвшинбат, Анхбаяр, Буянбаатар нарыг дуудаад юу болсон талаар асуухад Түвшинбат хэлэхдээ “ Бат-Эрдэнэ архины аяга авах гэж дэлгүүр рүү ороод гарч ирэхгүй болохоор нь араас нь ортол дэлгүүр дотор Бат-Эрдэнэ 5 хошуу болоод коридорт унасан байсан “ гэснээ бас “ Бат-Эрдэнийг дэлгүүрийн коридорт паар түшээд байж байсан” гэж надад хэлсэн. Түвшинбат нь Буянбаатар Бат-Эрдэнийг гэр рүүгээ аваад явна гэхээр нь Бор гэх хүнтэй машин засах, нэг болохоор айл зааж өгөхөөр машинд нь суугаад явсан гээд янз бүрээр худлаа яриад байхаар нь би Ард 17 дэлгүүрийн камерийг шүүхэд манай нөхөр Бат-Эрдэнэ дэлгүүррүү 20:55-д орж тамхи, тоорт авч гараад 21:32 минутанд Түвшинбат, Баяраа нар Бат-Эрдэнийг хоёр суганаас нь дамжлаад дэлгүүрлүү оруулаад тавьдаг. Бат-Эрдэнэ энэ хугацаанд шууд ухаангүй болсон. Түвшинбат болохоор архи уугаад Бат-Эрдэнийг согтсон гээд худлаа яриад байгаа. Түвшинбат гэмтлийн эмнэлэг дээр надад хэлэхдээ “ Ард 17 дэлгүүрийн эзэн Бат-Эрдэнийг цохьсон байж магадгүй “ гээд байсан. Түвшинбатыг би дагуулаад дэлгүүрийн камер шүүх гээд “ Та хоёр хэдэн цагт дэлгүүр рүү орсон юм бэ “ гэхэд “ 22 цагаас хойш Бат-Эрдэнэ дэлгүүр рүү орсон “ гээд худлаа яриад өөрийнхөө орсон цагийг өнгөрөөж хэлээд байсан гэжээ.  / хх 30-32 /

Гэрч С.Анхбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Б.Т Бат-Эрдэнийг цохих шиг болсон. Би архи аягалаад сууж байхад түк гээд дуугарахаар нь хартал Бат-Эрдэнэ газар унасан. Түвшинбат архины хэрүүлээ хийгээд байсан. Баяраа, Буянбаатар бид гурав Түвшинбатыг Бат-Эрдэнээс холдуулж, Бат-Эрдэнийг хоёр суганаас нь татаж босгоод би малгайг нь өмсгөөд шатан дээр суулгасан. Тухайн үед харанхуй байсан болохоор сайн хараагүй. Цохиулснаасаа хойш босоогүй.  Б.Т Бат-Эрдэнийг дулаан газар оруулна гээд Баяраа ахтай хамт хоёр талаас нь сугадаад "Ард 17" дэлгүүрийн коридорт оруулж суулгасан. Баяраа ах, Буянбаатар бид гурав дэлгүүрээс гараад үлдсэн архиа хуучин зогсож байсан газраа очиж уусан. Түвшинбат харин дэлгүүрт талийгаачтай үлдсэн гэжээ. / хх  210 /

Гэрч О.Баяраа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тухайн үед бид нар тэр 3 давхар РС тоглоомын газрын баруун талын шатан дээр архи ууцгааж байсан. Б.Т, Бат-Эрдэнэ хоёр тэнд маргалдсан. Бат-Эрдэнэ нь Б.Тад цохиулаад унахдаа тэр довжооны хажууд байх явган хүний зам дээр миний харснаар баруун талаараа ойчсон гэжээ. / хх 47-48 /

Гэрч Ч.Буянбаатар мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Б.Т Бат-Эрдэнийн зүүн гар талд нь зогсож байгаад толгойн хэсэгт нэг удаа цохьсон. Гадаа харанхуй байсан болохоор яг хаана нь цохьсон талаар сайн мэдэхгүй байна. Түвшинбат л цохьсон. Цохиод унагаасны дараа Баяраа ах түшээд босгоход хамраас нь жаахан цус гарсан байсан. Маргааш нь эмнэлэг явж байхад Түвшинбат надад “ Бат-Эрдэнийг би цохиогүй. Дэлгүүрийн шатан дээр унасан хэвтэж байсан. Дэлгүүрийн эзэн залуу цохьсон “ гээд янз бүрээр яриад байсан. Түвшинбат тэгж хэлээрэй гэж хэлээгүй. Ер нь тиймэрхүү утгатай юм яриад байсан. Сүүлд нь камерийн бичлэг шүүхэд Түвшинбат худлаа ярьсан байсан гэжээ.  / хх 21 /

 

Гэрч Д.Мягмарсүрэн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Ард 17” хүнсний дэлгүүрт өглөө 07 цагаас орой 00 цаг хүртэл жижүүр хийсэн. Тухайн өдөр 22 цагийн орчим би дэлгүүрийн коридор шүүрдээд гаднах хогоо хамах гээд гартал манай дэлгүүрээр орж ирдэг өндөр залуу ухаан мэдрэлгүй нэг залууг ар нуруунаас нь өвдгөөрөө тулаад зогсож байсан. Хажууд нь намхан бор залуу зогсож байсан. Тэдгээр залуучуудыг бол танихгүй, нэрийг нь мэдэхгүй. Өндөр залуу буюу Түвшинбатыг 2-3 харж байсан. Түвшинбатын араас нь тулсан залууг харахад ямар нэг ухаангүй, хамаг бие нь сув сул байсан. Би Түвшинбат руу “ Чи наад хүнээ хурдан аваад яваач. Наад хүн чинь даарлаа шүү дээ “ гэхэд Түвшинбат нь “ Энэ согтуу байгаа юмаа. Би одоо аваад явлаа “ гэж надад хэлсэн гэжээ. / хх 212-213 /

 

Гэрч Ц.Очирбат мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би өөрийн “Ард 17” дэлгүүртээ сууж байхад орой 21 цагийн орчим байх Бат-Эрдэнэ ганцаараа жаахан архи үнэртүүлсэн байдалтай орж ирээд 3 ширхэг тамхи, напелион торт аваад гарсан. 30 минутын дараа байх би банк явах гээд гартал коридорт Бат-Эрдэнэ хөлөө жийгээд толгойгоо тонгойлгосон сууж байсан. Түвшинбат гээд залуу хажуунаас нь түшээд зогсож байсан. Би Түвшинбатад “ Наадахаа гэрт нь хүргэж өгөөд амраагаач “ гэхэд Түвшинбат “ Босохгүй байна “ гэж байсан. Би банк яваад 10 минутын дараа ирэхэд коридорт зогсож байсан. Дэлгүүртээ ороод буцаж гараагүй. Хэдийд тэд нар явсан талаар мэдэхгүй байна. 2 хоногийн дараа байх Бат-Эрдэнийн эхнэр нь ирээд манай дэлгүүрийн камер шүүгээд найзууд нь худлаа ярьсан байна гэж байсан. Манай дэлгүүрээс Бат-Эрдэнэ зүгээр гараад хэдэн арван минутын дараа байх Бат-Эрдэнийг хоёр талаас нь сугадаад авчирч байсан. Бат-Эрдэнээс архи үнэртэж байсан. Гэхдээ согтолт нь гайгүй байсан гэжээ. / хх 67   /

 

Гэрч Б.Ган-Очир мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 22 цаг 32 минутанд 17-н автобусны буудал дээр согтуу хүн хэвтэж байна гэсэн дуудлагын дагуу ахлах ахлагч Ганбаяр, ахлах ахлагч Түдэв нар хамт очсон. Очиход 17-н автобусны буудал дээр Бат-Эрдэнэ гэх залуу цэцгийн мандал дээр хэвтсэн. Хажууд нь Буба гэх залуу халамцуу зогсож байсан. Би Буба гэх залуугаас юу болсон талаар асуухад Бат-Эрдэнийг “ Сая зүгээр байснаа гэнэт тасарчихлаа. Гэр нь хаана байдаг талаар мэдэхгүй. Гэр рүүгээ авч явах гэсэн чинь чадахгүй байна “ гэхээр нь Бат-Эрдэнэ гэх залууг гаднаас нь шалгаж үзэхэд гаднаа ил харагдах шархгүй, амнаас нь архи үнэртэж байсан. Буба гэх залуугаас “ Та нар хаана архи уусан бэ “ гэж асуухад “ Өнөөдөр манай найзын төрсөн өдөр болоод архи уусан “ гэж хэлсэн. “ Найзыг маань манай гэрт хүргээд өгөөч “ гэсэн. Бат-Эрдэнийг 2 талаас нь түшээд машинд суулгаад Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 5 дугаар гудамжинд хүргэж өгөхөд хашаанаас ээж нь гэх эмэгтэй гарч ирээд Бат-Эрдэнийг дамжлаад гэр рүүгээ орсон. Бид хоёр дараагийн дуудлаганд явж байхад 23 цаг 20 минутанд Рашааны 5-аас “ Согтуу хүн гэрт бөөлжөөд агсан тавиад байна “ гэх дуудлагаар очиход нөгөө Бат-Эрдэнийг хүргэж өгсөн айл байсан. Байшинд ортол ээж нь “ Энэ залуу гэрт бөөлжөөд шээх гээд амраахгүй байна “ гэсэн. Тэгтэл гаднаас Буба орж ирээд “ Рашааны 2-188 тоотод Батмөнх ах манайд авчраад унтуулчих гээд байна “ гэхээр нь найз Бубатай хамт Батмөнх гэх айлд аваачиж өгсөн. Батмөнх гэх хүн “ Наадах чинь манай дүү байгаа юмаа. Энд унтуулчих “ гэсэн. Намайг дуудлаганд очиход Бат-Эрдэнэ юм ярихгүй, согтуу тасарсан хүн шиг байсан гэжээ. / хх 62-63 /

 

Гэрч Н.Батмөнх мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Бат-Эрдэнэ найз Анхбаяртай 9 цагийн үед орж ирсэн. Бат-Эрдэнэ “ Өнөөдөр миний төрсөн өдөр “ гэхэд Бадмаа эгч 4 шил архи авч өгөөд бид нар ууцгаасан. Араас Түвшинбаяр, Буянбаатар нар ирээд архинаас ууцгаасан. Өдөр 14 цагийн орчим Буянбаатар, Түвшинбат, Анхбаяр, Бат-Эрдэнэ, Буянжаргал нар архиа ууж дуусгаад гараад явсан. Би архи их уусан болохоор тасраад унтаад маргааш өглөө нь 09 цагийн үед босоход газар Бат-Эрдэнэ хөнжил нөмрөөд хэвтэж байсан. Бадмаа эгч өглөө 10 цагийн үед орж ирээд Бат-Эрдэнийг сэрээх гэхэд сэрэхгүй байхаар нь эхнэр түргэн дуудсан. Манай гэрээс Бат-Эрдэнэ архи ууж байгаад зүгээр гарсан. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байх манай гэрт Анхбаяр, Буянбаатар /Буба/, хоёр орж ирээд Бат-Эрдэнийг Түвшинбат архинаас болж маргалдан РС-ны улаан тоосгон байшингийн хойд талд толгой руу нь цохиод унагаасан. Бат-Эрдэнэ цохиулаад босч ирэхгүй, ухаангүй байгаад байсан гэж хоорондоо ярьж байсан. Бат-Эрдэнийн хамраас нь жаахан цус гараад хатсан байсан. Хурхираад унтаад байх шиг байсан. Би Бат-Эрдэнийг орж ирснийг мэдээгүй. Өглөө сэрээд мэдсэн гэжээ. / хх  214-215 /

 

Гэрч Б.Наранчимэг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 23 цагийн орчим нөхөр Батмөнх, дүү Буянжаргал бид 3 унтсан. Тэгтэл 24 цагийн орчим Буянбаатар Бат-Эрдэнийг суганаас нь сугадаад барьсан, 2 цагдаа дагасан байдалтай орж ирсэн. Бат-Эрдэнийг ухаангүй согтуу байна гэж бодоод газраар ор засаад хоёр хөл нь цэв хүйтэн байхаар нь гаднаас цас оруулж ирээд хөл гарыг нь угаагаад хувцастай нь хэвтүүлээд юмаар хучсан. Буянбаатар манайд унтаж байгаад 04 цагийн орчим гэрээс гараад явсан. Өглөө Бадмаа эгч ирээд түргэн дуудсан. Буянбаатар “ Бат-Эрдэнийг гэртээ хонуулах гэтэл Бат-Эрдэнэ өмдөндөө шээгээд бөөлжсөн чинь ээж цагдаа дуудахаар нь би танайд аваад ирлээ гэсэн. Дараа нь Цагдаагийн газар ирээд байж байхад Анхбаатар, Буянбаатар нар хоорондоо Түвшинбат Бат-Эрдэнийг цохьсон гэж ярьж байсан. Шөнө Бат-Эрэдэнэ манайд ирэхэд хамарны нүхэнд нь цус цухуйж хатсан байсан гэжээ. / хх 55-56 /

 

Гэрч С.Бадмаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нөхөр бид хоёр 14 цагийн орчим байх Батмөнхийн гэрт очиход Батмөнх, эхнэр Наранчимэг, Бат-Эрдэнэ, Түвшинбат, Буянбаатар, Буянжаргал нар архи уугаад сууж байсан. Нөхөр, Наранчимэг бид гурав Нарантуул-2 зах руу явж гэрт нь хулдаас, төрсөн өдөр болж байгаа юм байна гээд 3 шил архи, бялуу хоол унд авсан. Батмөнхийн гэрт архиа ууж дуусаад байж байтал би утсаа Бат-Эрдэнэд өгснөө мартаад хайтал Наранчимэг миний утсыг Бат-Эрдэнээс аваад өгсөн. Бат-Эрдэнэ, Анхбаяр хоёр түрүүлж гараад Түвшинбат, Буянбаатар нар араас нь гарсан байх. Нөхөр бид хоёр араас нь гараад явсан. Маргааш нь нөхөр бид хоёр 11 цагийн орчим байх Батмөнхийн гэрт очиход Бат-Эрдэнэ газраар хэвтэж байхаар нь одоо хүртэл унтаад байгаа юм уу гээд очоод хөлөнд хүртэл цэв хүйтэн, гар таталттай байхаар нь “ Энэ хүн чинь эвгүй болсон байна “ гээд би өөрийн утаснаас түргэн дуудсан. Удалгүй эмнэлэгт ирээд Бат-Эрдэнийг ухаангүй байна гээд аваад явсан. Бат-Эрдэнэ Батмөнхийн гэрт хүмүүстэй архи уухдаа хүнтэй маргалдсан, зодолдсон асуудал байхгүй гэжээ. / хх 57 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 79 дүгээр дүгнэлтэнд:

1. Талийгаачид баруун зулайн ар, дагз ясны хугарал, баруун лямда хэлбэрийн заадлын салалт, баруун тал бөмбөлөгийн хатуу хальс доорхи цус хуралт, аалзан бүрхүүл доорх цус хуралт, духны баруун дэлбэн, дагзны дэлбэнгийн няцралт, баруун зулай, чамархайн хуйхны тархмал цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Талийгаач нь баруун зулайн ар, дагз ясны хугарал, баруун лямда хэлбэрийн заадлын салалт, баруун тал бөмбөлөгийн хатуу хальс доорхи цус хуралт, аалзан бүрхүүл доорх цус хуралт, духны баруун дэлбэн, дагзны дэлбэнгийн няцралтын улмаас тархины комд орж нас баржээ.

4. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин эмгэг үгүй байна.

5. Эмнэлэгт 4 хоног эмчлэгдсэн тул согтууруулах ундаа хэрэглэсэнг тогтоосонгүй.

6. Цус нь 4-р бүлэг байна.

7. Дээрхи гавал тархины гэмтэл нь мохоо зүйлээр цохих, доргих үед үүснэ гэжээ. / хх 83-85 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 934 дүгээр дүгнэлтэнд:

1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 79 дүгээр дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Талийгаачид учирсан баруун зулайн ар, дагз ясны хугарал, баруун лямбда хэлбэрийн заадлын салалт, баруун тал бөмбөлөгийн хатуу хальс доорх доорх цус хуралт, аалзан бүрхүүл доорх цус хуралт духны баруун дэлбэн, дагзны дэлбэнгийн няцралт, баруун зулай, чамархайн хуйхны тархмал цус хуралтууд нь амь нас аврагдах боломжгүй үхэлд хүргэх гэмтлүүд байна.

3. Дээрх гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон нэгээс дээш удаагийн цохих, доргих үед үүснэ гэжээ.  / 2 дугаар хавтас 139-140 /

 

Шинжээч эмч Б.Долгормаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Талийгаачид баруун зулайн ар дагз ясны хугарал, баруун лямбда хэлбэрийн заадлын салалт, баруун тал бөмбөлгийн хатуу хальс доорх цус хуралт, духны баруун дэлбэн, дагзны дэлбэнгийн няцралт, баруун зулай, чамархайн хуйхны тархины цус хуралт гэмтэл нь хүний өөрийн өндрөөс арагш унах үед үүсэхгүй бөгөөд талийгаачийн толгойн тус газар хүч үйлчилсний улмаас буюу цохих үед доргиж, бетон гадаргуу дээр хугарлын түвшинд цохигдох үед үүснэ. Талийгаачид цаг хугацаа алдалгүй гзмтэл авсан даруйд нь эмнэлэгийн тусламж үзүүлж эмчилгээ хийсэн ч гэсэн амь насыг аврах боломжгүй хүнд гэмтэл юм. Шинжээч эмч нартай санал нэгтэй 934 дугаартай дүгнэлтийг гаргасан гэжээ. / хх 141-143 /

 

Шүүгдэгч Б.Т-ыг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 5-8  /  

 

Шүүгдэгч нар урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / 1 дүгээр хавтас  161 / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр талийгаачтай 13 цагийн үед “Ард 17” дэлгүүрийн үүдэн дээр таарсан. Батмөнх гэдэг айлд хамт архи уучихаад орой 17 цагийн үед талийгаачийн гэр рүү явсан. Тэгээд 6 буудлаас хоёр шил архи аваад 20 цагийн үед буцаж ирэхэд С.Анхбаяр, Ч.Буянбаатар 2 хүлээгээд гүүрний хажууд зогсож байсан. Тэгээд Буянжаргал  таараад “ Архи байна уу” гэж асуухад би байхгүй гэж хэлсэн. Талийгаач “ Архиа харамлаад байхдаа яадаг юм “гэж хэлэхээр нь би “ Наадах чинь өөрөө архитай явж байж бид нараас архи асуухаар нь байхгүй гээд уурандаа хэлчихлээ” гэж хэлсэн. Тэгээд би талийгаачтай архины талаар жаахан маргасан. Бид нар дэлгүүрийн арын шатны орчим архиа хувааж уугаад сууж байхад талийгаач их согтолтын байдалтай Анхбаярын хажууд сууж байсан. Талийгаач босч ирэхдээ эвгүй унах шиг болсон. Би тухайн үед барьж авах гээд барьж авч чадаагүй бөгөөд гэрч нар согтуу байсан учраас цохиод унагаачихлаа гэж харсан байж магадгүй.  Тэгээд би Баяраа ахтай өргөөд, гадаа шатан дээр суулгасан. Талийгаачийг тасарчихсан байна гэж бодоод дэлгүүр рүү өргөж оруулаад суулгаж байсан. Дэлгүүрээс гарч ирэхэд хоёр цагдаа ирээд “ Яасан юм “ гэж асуухаар нь “ Төрсөн өдөр нь болоод тасарчихсан байна. Одоо гэр рүү нь хүргэж өглөө “ гэж хэлсэн. Тэгээд Буянбаатар гэр рүүгээ аваад явчихъя гээд аваад явсан. Би буудал дээр зогсож байгаад хүний машинд суугаад харьсан.

Маргааш нь Гэмтлийн эмнэлэг дээр очиход Лхагваа надаас өчигдөр юу болсон талаар асуухад нь би Буянжаргалаас сонссоноо хэлсэн. Мөн би дэлгүүрийн худалдагч цохьсон байж юуны магадгүй л гэсэн утгаар хэлсэн. Би түүнд “ Тэр дэлгүүр камертай. Хэрэв дэлгүүрт ямар нэгэн зүйл болсон бол камерын бичлэгт бичигдэнэ. Тэрийг шүүж үзээч “ гэж хэлсэн. Тэгээд бид нар 13-ны шөнийн 12 цагийн үед дэлгүүр хамт очиж, камер шүүсэн. Би талийгаачийг цохиогүй.

Би согтуу байсан боловч болсон асуудлыг мэдэж байна. Гэрч нар өөрсдийгөө гэмт хэрэгт орох байх гэсэндээ үгсэн тохиролцож намайг гүтгэж байна. Талийгаачийг удаан хугацаагаар нааш цааш авч явахдаа тархиар нь унагасан байх боломжтой. Ийм хэрэг болсонд харамсаж байна гэв.

 

Хохирогч Б.Лхагвасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би шүүгдэгчид маш их гомдолтой байна. Надад эмнэлэг дээр байхаасаа эхлээд  худлаа ярьсан. Шүүгдэгч манай гэрт очсноо надад хэлээгүй. Манай хүүхэд Түвшинбатыг хараад “ Аав өчигдөр энэ ахтай хамт ирсэн “ гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамт ирснийг нь мэдсэн. Дараа нь “ Яах гэж манайд очсон бэ “ гэхэд намайг байхгүйг мэдсээр байж мөнгө авахаар очсон гэж худлаа хэлсэн. Манай нөхөр намайг гэрт байхгүйг мэдсээр байж гэрт очихгүй. Мөнгө авах байсан бол утсаар яриад авах боломжтой байсан. Хэрэг гарснаас хойш шүүгдэгч болон шүүгдэгчийн ар гэрийнхэн огт надтай уулзаагүй, утсаар ч яриагүй. Талийгаач согтохоороо тасарч унадаг хүн биш. Тэгээд камерын бичлэг шүүхдээ би “ Та хоёр хэдэн цагийн үед энэ дэлгүүрт орж ирсэн юм “ гэж асуухад “ Бид хоёр 10 цагаас хойш энэ дэлгүүрт орж ирсэн “ гэж хэлдэг. Би тухайн дэлгүүрийн камерыг 9 цагаас хойш шүүхэд гарч ирэхгүй байсан. Маргааш дахин ирж камерын бичлэг шүүхэд ломбардны хүн “ 20 цагаас хойш намайг явахад энд гурван хүн суугаад байсан “ гэж хэлсэн. Тэгэхэд 20 цаг 45 минутанд дэлгүүр рүү ороод гурван ширхэг тамхи, нэг ширхэг напелион торт аваад  20 цаг 55 минутанд гарсан байдаг. Талийгаачийг хагалгаанд оруулахад эмч “ Энэ хүн угаасаа найдваргүй. Бид нар хуулийн дагуу арга хэмжээгээ авч байна “ гэж хэлсэн. “ Бид нар тархинд нь хурсан цусыг авна. Та нар найдаад хэрэггүй шүү “ гэдгийг очсон цагаас хэлсэн. Оршуулгын зардал 16.671.150 төгрөг, сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хуулийн дагуу шийдэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ард-17” хүнсний дэлгүүрийн орчимд хамт архи ууж байсан Э.Бат-Эрдэнэтэй маргалдаж улмаар түүний толгойн тус газарт цохиж, унагасны улмаас Э.Бат-Эрдэнэ нь тархиндаа хүнд гэмтэл авч, улмаар нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

...Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл,  гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг харуулсан зураг / 2 дугаар хавтас 146-158 /,  ...Хэргийн газарт нэмэлт үзлэг хийсэн тэмдэглэл / 2 дугаар хавтас164 /,   ...Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл / хх 14-15/,  ... Би эмнэлэг дээр очиход Бат-Эрдэнэ ухаангүй хөшсөн, бие нь хөрсөн байдалтай байсан. Эмч тархины зураг авахад гэмтлийн гаралтай харвалт байна гээд Гэмтэл согог судлалын эмнэлэг рүү хүргүүлсэн. Гэмтлийн эмнэлэг дээр сэхээн амьдруулах тасагт 19 цагт тархины хагалгаанд ороод 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нас барсан. Бат-Эрдэнэ хагалгаанд орсон орой би Түвшинбат, Анхбаяр, Буянбаатар нарыг дуудаад юу болсон талаар асуухад Түвшинбат удаа дараа янз бүр хэлсэн ба дэлгүүрийн камерыг шүүхэд түүний ярьсан худлаа байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Лхагважавын мэдүүлэг / хх 30-32 /,  ... Түвшинбат Бат-Эрдэнийг цохих шиг болсон. Би архи аягалаад сууж байхад түк гээд дуугарахаар нь хартал Бат-Эрдэнэ газар унасан. Б.Т архины хэрүүлээ хийгээд байсан. Баяраа, Буянбаатар бид гурав Б.Т-ыг Бат-Эрдэнээс холдуулж, Бат-Эрдэнийг хоёр суганаас нь татаж босгоод би малгайг нь өмсгөөд шатан дээр суулгасан. Тухайн үед харанхуй байсан болохоор сайн хараагүй. Цохиулснаасаа хойш босоогүй гэж  мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч С.Анхбаярын мэдүүлэг / хх  210 /,   ...Тухайн үед бид нар тэр 3 давхар РС тоглоомын газрын баруун талын шатан дээр архи ууцгааж байсан. Т, Бат-Эрдэнэ хоёр тэнд маргалдсан. Бат-Эрдэнэ нь Т-д цохиулаад унахдаа тэр довжооны хажууд байх явган хүний зам дээр миний харснаар баруун талаараа ойчсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч О.Баяраагийн мэдүүлэг / хх 47-48 /, ...Т Бат-Эрдэнийн зүүн гар талд нь зогсож байгаад толгойн хэсэгт нэг удаа цохьсон. Гадаа харанхуй байсан болохоор яг хаана нь цохьсон талаар сайн мэдэхгүй байна. Т л цохьсон. Цохиод унагаасны дараа Баяраа ах түшээд босгоход хамраас нь жаахан цус гарсан байсан. Маргааш нь эмнэлэг явж байхад Т надад “ Бат-Эрдэнийг би цохиогүй. Дэлгүүрийн шатан дээр унасан хэвтэж байсан. Дэлгүүрийн эзэн залуу цохьсон “ гээд янз бүрээр яриад байсан. Т тэгж хэлээрэй гэж хэлээгүй. Ер нь тиймэрхүү утгатай юм яриад байсан. Сүүлд нь камерийн бичлэг шүүхэд Т худлаа ярьсан байсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Ч.Буянбаатарын мэдүүлэг / хх 21 /,  ... Тухайн өдөр 22 цагийн орчим би дэлгүүрийн коридор шүүрдээд гаднах хогоо хамах гээд гартал манай дэлгүүрээр орж ирдэг өндөр залуу ухаан мэдрэлгүй нэг залууг ар нуруунаас нь өвдгөөрөө тулаад зогсож байсан. Өндөр залуу буюу Т-ыг 2-3 харж байсан. Т-ын араас нь тулсан залууг харахад ямар нэг ухаангүй, хамаг бие нь сув сул байсан. Би Т руу “ Чи наад хүнээ хурдан аваад яваач. Наад хүн чинь даарлаа шүү дээ “ гэхэд Т нь “ Энэ согтуу байгаа юмаа. Би одоо аваад явлаа “ гэж надад хэлсэн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Мягмарсүрэнгийн мэдүүлэг  / хх 212-213 /,   ... орой 21 цагийн орчим байх Бат-Эрдэнэ ганцаараа жаахан архи үнэртүүлсэн байдалтай орж ирээд 3 ширхэг тамхи, напелион торт аваад гарсан. 30 минутын дараа байх би банк явах гээд гартал коридорт Бат-Эрдэнэ хөлөө жийгээд толгойгоо тонгойлгосон сууж байсан. Т гээд залуу хажуунаас нь түшээд зогсож байсан. Би Т-д “ Наадахаа гэрт нь хүргэж өгөөд амраагаач “ гэхэд Т “ Босохгүй байна “ гэж байсан. 2 хоногийн дараа байх Бат-Эрдэнийн эхнэр нь ирээд манай дэлгүүрийн камер шүүгээд найзууд нь худлаа ярьсан байна гэж байсан. Манай дэлгүүрээс Бат-Эрдэнэ зүгээр гараад хэдэн арван минутын дараа байх Бат-Эрдэнийг хоёр талаас нь сугадаад авчирч байсан. Бат-Эрдэнээс архи үнэртэж байсан. Гэхдээ согтолт нь гайгүй байсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Ц.Очирбатын мэдүүлэг / хх 67   /,  ... Дуудлагын дагуу очиход 17-н автобусны буудал дээр Бат-Эрдэнэ гэх залуу цэцгийн мандал дээр хэвтсэн. Би Буба гэх залуугаас юу болсон талаар асуухад Бат-Эрдэнийг “ Сая зүгээр байснаа гэнэт тасарчихлаа. гэхээр нь Бат-Эрдэнэ гэх залууг гаднаас нь шалгаж үзэхэд гаднаа ил харагдах шархгүй, амнаас нь архи үнэртэж байсан. “ Найзыг маань манай гэрт хүргээд өгөөч “ гэсэн. Бат-Эрдэнийг 2 талаас нь түшээд машинд суулгаад Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 5 дугаар гудамжинд хүргэж өгсөн. Дараагийн дуудлаганд явж байхад 23 цаг 20 минутанд нөгөө айл байсан. Тэндээс аваад Батмөнх гэх айлд аваачиж өгсөн. Дуудлаганд очиход Бат-Эрдэнэ юм ярихгүй, согтуу тасарсан хүн шиг байсан гэж  мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Ган-Очирын мэдүүлэг / хх 62-63 /,  … Тасраад маргааш өглөө нь 09 цагийн үед босоход газар Бат-Эрдэнэ хөнжил нөмрөөд хэвтэж байсан. Бат-Эрдэнийн хамраас нь жаахан цус гараад хатсан байсан. Хурхираад унтаад байх шиг байсан.  …2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байх манай гэрт Анхбаяр, Буянбаатар /Буба/, хоёр орж ирээд “ Бат-Эрдэнийг Т архинаас болж маргалдан РС-ны улаан тоосгон байшингийн хойд талд толгой руу нь цохиод унагаасан. Бат-Эрдэнэ цохиулаад босч ирэхгүй, ухаангүй байгаад байсан гэж хоорондоо ярьж байсан “ гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Н.Батмөнхийн мэдүүлэг  / хх  214-215 /,  ... 24 цагийн орчим Буянбаатар Бат-Эрдэнийг суганаас нь сугадаад барьсан, 2 цагдаа дагасан байдалтай орж ирсэн. Бат-Эрдэнийг ухаангүй согтуу байна гэж бодоод газраар ор засаад хоёр хөл нь цэв хүйтэн байхаар нь гаднаас цас оруулж ирээд хөл гарыг нь угаагаад хувцастай нь хэвтүүлээд юмаар хучсан.  ...Дараа нь Цагдаагийн газар ирээд байж байхад Анхбаатар, Буянбаатар нар хоорондоо “Т Бат-Эрдэнийг цохьсон “ гэж ярьж байсан. Шөнө Бат-Эрэдэнэ манайд ирэхэд хамарны нүхэнд нь цус цухуйж хатсан байсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Наранчимэгийн мэдүүлэг / хх 55-56 /,   ...Маргааш нь 11 цагийн үед Батмөнхийн гэрт очиход Бат-Эрдэнэ газраар хэвтэж байхаар нь хөлөнд нь хүртэл цэв хүйтэн, гар таталттай байхаар нь “ Энэ хүн чинь эвгүй болсон байна “ гээд би өөрийн утаснаас түргэн дуудсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч С.Бадмаагийн мэдүүлэг / хх 57 /,  …Талийгаачид баруун зулайн ар, дагз ясны хугарал, баруун лямда хэлбэрийн заадлын салалт, баруун тал бөмбөлөгийн хатуу хальс доорхи цус хуралт, аалзан бүрхүүл доорх цус хуралт, духны баруун дэлбэн, дагзны дэлбэнгийн няцралт, баруун зулай, чамархайн хуйхны тархмал цус хуралт тогтоогдлоо. Талийгаач нь баруун зулайн ар, дагз ясны хугарал, баруун лямда хэлбэрийн заадлын салалт, баруун тал бөмбөлөгийн хатуу хальс доорхи цус хуралт, аалзан бүрхүүл доорх цус хуралт, духны баруун дэлбэн, дагзны дэлбэнгийн няцралтын улмаас тархины комд орж нас баржээ.  Дээрх гавал тархины гэмтэл нь мохоо зүйлээр цохих, доргих үед үүснэ гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 79 дүгээр дүгнэлт / хх 83-85 /,  ...Талийгаачид учирсан баруун зулайн ар, дагз ясны хугарал, баруун лямбда хэлбэрийн заадлын салалт, баруун тал бөмбөлөгийн хатуу хальс доорх доорх цус хуралт, аалзан бүрхүүл доорх цус хуралт духны баруун дэлбэн, дагзны дэлбэнгийн няцралт, баруун зулай, чамархайн хуйхны тархмал цус хуралтууд нь амь нас аврагдах боломжгүй үхэлд хүргэх гэмтлүүд байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 934 дүгээр дүгнэлт / хх /,   ...Талийгаачид баруун зулайн ар дагз ясны хугарал, баруун лямбда хэлбэрийн заадлын салалт, баруун тал бөмбөлгийн хатуу хальс доорх цус хуралт, духны баруун дэлбэн, дагзны дэлбэнгийн няцралт, баруун зулай, чамархайн хуйхны тархины цус хуралт гэмтэл нь хүний өөрийн өндрөөс арагш унах үед үүсэхгүй бөгөөд талийгаачийн толгойн тус газар хүч үйлчилсний улмаас буюу цохих үед доргиж, бетон гадаргуу дээр хугарлын түвшинд цохигдох үед үүснэ. Талийгаачид цаг хугацаа алдалгүй гэмтэл авсан даруйд нь эмнэлэгийн тусламж үзүүлж эмчилгээ хийсэн ч гэсэн амь насыг аврах боломжгүй хүнд гэмтэл гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн шинжээч эмч Б.Долгормаагийн мэдүүлэг / хх 141-143 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Тыг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Тын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм буруут үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан 12 жилийн хорих ялыг оногдуулж, оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч Б.Лхагважав нь оршуулгын зардал 16.671.150 төгрөг, сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг, нийт 36.671.150 төгрөг нэхэмжилсэн болно. Эдгээрээс сэтгэл санааны хохирлыг одоогийн дагаж мөрдөж байгаа хуулиар гаргуулах боломжгүй,  хохирогч нь  өөрийн эгчийн ирсэн зардал 1.000.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан, мөн шашны зан үйлтэй холбоотой хохирол зэрэг нийт 25.283.450 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчээс оршуулгын зардал 10.797.700 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож, шүүгдэгчийн цагдан хоригдсон 91 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганхуяг нь: ...талийгаачийн яг толгойн тус газар нь цохьсон гэсэн нотлох баримт байхгүй, гэрч нар дагзаараа савж унасан гэж мэдүүлэг өгсөн байдаг. Шинжээчийн 79 дүгээр дүгнэлтэнд талийгаачийн гэмтэл нь шууд үхэлд хүргэх гэмтэл гэж бичээгүй, талийгаачийг 20-иод цаг зөөвөрлөн явахад тархинд нь цус хурж нас барсан. Иймд шүүгдэгч Б.Тын зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар зүйлчилж өгнө үү.

Шүүгдэгч Б.Т нь: ...Би гэмт хэрэг үйлдээгүй, гэрч  Анхбаяр, Буянбаатар, О.Баяраа нар нь өөрсдийгөө хэрэгт орох байх гээд намайг үгсэн тохиролцож гүтгэж байна. Согтуугаар нь нааш цааш зөөж явахдаа тархиар нь унагасан байх боломжтой гэж мэдүүлсэн бөгөөд талийгаач нь маргаан болохоос өмнө архи үнэртүүлснээс бус хэвийн байсан бөгөөд Түвшинбаярт цохиулснаас унаж, тархиндаа гэмтэл авч улмаар ухаангүй, комын байдалд байсаар хагалгаанд орсны дараа нас барсан бөгөөд шүүгдэгч Б.Тын мэдүүлэг болон өмгөөлөгчийн хүсэлтийг дараахь баримтуудаар няцааж байна. Үүнд:

1.  ... Орой 21 цагийн орчим байх Бат-Эрдэнэ ганцаараа жаахан архи үнэртүүлсэн байдалтай орж ирээд 3 ширхэг тамхи, напелион торт аваад гарсан. 30 минутын дараа байх би банк явах гээд гартал коридорт Бат-Эрдэнэ хөлөө жийгээд толгойгоо тонгойлгосон сууж байсан. Түвшинбат гээд залуу хажуунаас нь түшээд зогсож байсан гэсэн гэрч Ц.Очирбатын мэдүүлэг / хх 67 /

2. Б.Т Бат-Эрдэнийг цохих шиг болоод түк гээд дуугарахаар нь хартал Бат-Эрдэнэ газар унасан. Баяраа, Буянбаатар бид 3 Т-ыг Бат-Эрдэнээс холдуулж, Бат-Эрдэнийг хоёр суганаас нь татаж босгоод шатан дээр суулгасан. Цохиулснаасаа хойш босоогүй гэсэн гэрч С.Анхбаярын мэдүүлэг / хх  210 /,  

3. ...Б.Т Бат-Эрдэнийн зүүн гар талд нь зогсож байгаад толгойн хэсэгт нэг удаа цохьсон. Цохиод унагаасны дараа Баяраа ах түшээд босгоход хамраас нь жаахан цус гарсан байсан гэсэн гэрч Ч.Буянбаатарын мэдүүлэг / хх 21 /, 

4. ... Тухайн өдөр 22 цагийн орчим би дэлгүүрийн коридор шүүрдээд гаднах хогоо хамах гээд гартал манай дэлгүүрээр орж ирдэг өндөр залуу ухаан мэдрэлгүй нэг залууг ар нуруунаас нь өвдгөөрөө тулаад зогсож байсан. Т-ын араас нь тулсан залууг харахад ямар нэг ухаангүй, хамаг бие нь сув сул байсан гэсэн гэрч Д.Мягмарсүрэнгийн мэдүүлэг  / хх 212-213 /,

5.  ... Дуудлагын дагуу очиход  Бат-Эрдэнэ гэх залуу цэцгийн мандал дээр хэвтсэн гаднаа ил харагдах шархгүй, амнаас нь архи үнэртэж байсан. Бат-Эрдэнэ юм ярихгүй, согтуу тасарсан хүн шиг байсан гэсэн гэрч Б.Ган-Очирын мэдүүлэг / хх 62-63 /,

6.  ... Өглөө нь 09 цагийн үед босоход газар Бат-Эрдэнэ хөнжил нөмрөөд хэвтэж байсан. Бат-Эрдэнийн хамраас нь жаахан цус гараад хатсан байсан. Хурхираад унтаад байх шиг байсан гэсэн гэрч Н.Батмөнхийн мэдүүлэг  / хх  214-215 /, 

7.  ... 24 цагийн орчим Буянбаатар Бат-Эрдэнийг суганаас нь сугадаад барьсан, 2 цагдаа дагасан байдалтай орж ирсэн. Бат-Эрдэнийг ухаангүй согтуу байна гэж бодоод газраар ор засаад хоёр хөл нь цэв хүйтэн байхаар нь гаднаас цас оруулж ирээд хөл гарыг нь угаагаад хувцастай нь хэвтүүлээд юмаар хучсан гэсэн  гэрч Б.Наранчимэгийн мэдүүлэг / хх 55-56 /, 

8.   ...Маргааш нь 11 цагийн үед Батмөнхийн гэрт очиход Бат-Эрдэнэ газраар хэвтэж байхаар нь хөлөнд нь хүртэл цэв хүйтэн, гар таталттай байхаар нь “ Энэ хүн чинь эвгүй болсон байна “ гээд би өөрийн утаснаас түргэн дуудсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч С.Бадмаагийн мэдүүлэг / хх 57 /

9.  ... Талийгаачид цаг хугацаа алдалгүй гэмтэл авсан даруйд нь эмнэлэгийн тусламж үзүүлж, эмчилгээ хийсэн ч гэсэн амь насыг аврах боломжгүй хүнд гэмтэл юм. Дээрх гэмтлийг хүний өөрийн өндрөөс арагш унах үед үүсэхгүй бөгөөд талийгаачийн толгойн тус газар хүч үйлчилсний улмаас буюу цохих үед доргиж, бетонон гадаргуу дээр хугарлын түвшинд цохигдох үед үүснэ гэсэн шинжээч эмч Б.Долгормаагийн мэдүүлэг / хх 141-143 / зэрэг болно.

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 934 дүгээр дүгнэлтээр ...Талийгаачид учирсан гэмтэл нь ам нас аврагдах боломжгүй, үхэлд хүргэх гэмтэл / 2 дугаар хавтас 139-140 / гэсэн дүгнэлт зэрэг болно.

 Иймд шүүгдэгч Б.Т-ад холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                  

1. Шүүгдэгч Олхонууд овогт Б-н Тыг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б-н Тыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Тын  эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Тын цагдан хоригдсон 91 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Б.Таас 10.797.700 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Лхагважавт олгож, нэхэмжлэлээс 25.883.450 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Б.Тад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Тад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

               

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЮУНЧИМЭГ

 

                          ШҮҮГЧИД                                         Б.МӨНХ-ЭРДЭНЭ   

                                                                                   

        Б.ДУЛАМСҮРЭН