Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 470

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Тад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Э.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор З.Энхжаргал

          шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Г.Ганхуяг

          Хохирогч Б.Лхагважав, түүний өмгөөлөгч А.Дулмаа

          нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

         

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дугаар сарын 25-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Г.Ганхуяг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Б.Тад холбогдох ..................... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Олхонууд овгийн Баяраагийн Б.Т, 1985 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Грийн стэйшн” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ................................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....................../;

 

Б.Т нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ард-17” хүнсний дэлгүүрийн орчим хамт архи ууж байсан Э.Бтэй маргалдаж улмаар түүний толгойн тус газарт гараараа цохиж, зодсоны улмаас Э.Б нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ухаангүй байдалтай Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн тархины мэс засалд орж, эмчилгээ хийлгэж байгаад 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нас барж, Б.Т нь хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Тыг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Тын эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Тын цагдан хоригдсон 91 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Б.Таас 10,797.700 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Лхагважавт олгож, нэхэмжлэлээс 25,883.450 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Б.Тад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Т гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшин, хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн саад учруулаагүй билээ. Миний санамсар болгоомжгүй үйлдлээс болж анд найз маань хорвоог орхиж талийгаачийн ар гэрт нөхөж баршгүй гарз гарч сэтгэлийн зовлонд унагасандаа үнэхээр их гэмшиж байна. Би шүүхээс тогтоосон бүх хохирол, төлбөрийг 100% төлж барагдуулах болно. Санамсар болгоомжгүйн улмаас найзыгаа цохиж, ийм эмгэнэлт явдал болно гэж төсөөлөөгүй, амьдралдаа хар толбо суулгаж, ял шийтгүүлсэндээ маш их харамсаж, гэмшиж байна. Энэ гэм буруутай үйлдлийн маань золиосонд талийгаачийн ар гэр болон манай гэр бүлийнхэн маань бүгд сэтгэлийн шарх эдлэн хоцорч байгаад харамсаад барахгүй юм. Миний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, ар гэрийн амьдралын маань хүнд хэцүү байдлыг харгалзан үзэж, хуулийн энэрэнгүй зарчмыг баримтлан, хорих ялыг багасгаж өгнө үү. Б.Т би хууль, журмыг чандлан сахиж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй амьдарч чадахаа хуулийн өмнө амлаж байна. ...Миний цагдан хоригдсон хугацаа 212 хоног байхад шийтгэх тогтоол дээр 91 хоног гэж бичсэн байдаг тул үүнийг мөн хянан шийдвэрлэж өгнө үү ...”  гэв.

 

Шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч Г.Ганхуяг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Тыг бусдыг санаатай алсан хэрэгт гэм буруутайд тооцохдоо шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч нарын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 934 дугаартай дүгнэлтээр “ ... Талийгаачид учирсан гэмтэл нь амь нас аврагдах боломжгүй үхэлд хүргэх хүнд гэмтэл" гэснийг үндэслэжээ. Гэтэл уг дүгнэлтэд шинжээч эмч Ц.Ганболдын гаргасан 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 79 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна” гэж үзжээ. Энэ 79 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Ц.Ганболдын мэдүүлэг зэргээс үзэхэд талийгаачийн толгойд их хэмжээний цус хуралдсанаас шалтгаалж тархины комд орж нас барсан байна гэж дүгнэжээ. Гэмтлийн эмнэлэгт талийгаачид хагалгаа хийгээд баруун чамархайн зулай хэсэгт байрлах 10,2 х 3,7 см хэмжээтэй цус хуралтыг авч тархины дарагдлыг чөлөөлсөн байдаг. Үүнээс гадна шинжээч эмч Ц.Ганболд мэдүүлэхдээ “...талийгаачид учирсан гэмтэл нь амь нас аврагдах боломжтой эсэхийг тогтоох боломжгүй” гэжээ. Үүнээс үзэхэд Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч нарын гаргасан 2 удаагийн дүгнэлтэнд талийгаачийн нас барсан шалтгаан хоорондоо зөрүүтэй байна.

2. Гэрч Э. Энхтүвшингийн мэдүүлэгт “Хугацаа алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх нь амь нас аврах, хөдөлмөрийн чадвар алдагдалтыг багасгах зэрэгт нөлөөлдөг” гэжээ. Хэргийн материалаас үзэхэд 2017-оны 12 дугаар сарын 12-ны орой 20 цаг 57 минутаас 21 цаг 32 минутын хооронд Э.Б гэмтэл авсан байх магадлалтай юм. Гэтэл түүнээс хойш 2017 оны 12 дугаар сарын 13-ны орой Гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орох хүртэл 20 орчим цаг талийгаачийг хэд хэдэн айлаар зөөвөрлөн авч яваад эцэст нь Батмөнх гэдэг айлд унтуулсан байдаг. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Лхагважавын өргөдөлд “Гэмтлийн эмнэлэг дээр очиход эмч нь Э.Бат- Эрдэнийг хугацаа их алдаж ирсэн байна” гэж хэлж байжээ. Дээрх байдлуудаас дүгнэлт хийхэд амь хохирогч Э.Б хүнд гэмтлийн улмаас нас баржээ гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Тыг хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өөрчилж өгөхийг хүсье...” гэв.

 

          Хохирогч Б.Лхагважав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдолтой байна. Б.Т нь нэг ч удаа ч уучлал гуйгаагүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд анх удаа хийсэн хэргээ хүлээсэн талаар сонсож байна. Мөн би хохирогчийг залуу хүн учраас, эмнэлгийн байгууллагад арай эрт очсон бол яах байсан болоо гэдэг талаар өөрийн бодлоо өргөдөлдөө бичсэн. Түүнээс Гэмтэл согог үндэсний төвийн эмч дээрх үгийг хэлээгүй. Хохирол, төлбөр төлөөгүй, уучлал гуйгаагүй  учраас гомдолтой байна... гэв.

 

          Хохирогч Б.Лхагважавын өмгөөлөгч А.Дулмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Б.Тын хохирогчийн толгой руу шууд цохисон  үйлдэл нь амь хохирогчийг үхэлд хүргэсэн. Мөрдөн байцаалтын шатанд хэргийн үйл баримт нотлогдсон. 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр “эмнэлгийн тусламж үзүүлж эмчилгээ хийсэн ч амь нас нь аврагдах боломжгүй” гэдэг. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдснаар хэргийн зүйлчлэлийг өөрчлөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү... гэв.

         

          Прокурор З.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоосон 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Эхний дүгнэлтээр цогцост задлан шинжилгээ хийсэн. Дараа нь бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан. Анхан шатны шүүх хуралдаанд дүгнэлт гаргасан шинжээч эмчийг оролцуулж, дүгнэлтийн талаар тайлбар авсан. Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судалсан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан. Шинжээч эмч Ганболд гэрчээр мэдүүлсэн. 1 дүгээр хавтас хэргийн 90 дүгээр талд 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчийн дүгнэлттэй холбогдуулж асуухад “дээрх мэдүүлэг нь хүнд гэмтэл учраас амь насыг аврах боломжгүй. Эмчилгээ хийлгэсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой эсэхийг тогтоох боломжгүй” гэсэн мэдүүлэгт асуулт тавьж хариулт авахад “амь нас аврагдах боломж муутай” гээд өөрөө залруулж хэлдэг. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Хохирогч тархины хүнд гэмтэл авсан. Цаг хугацаа алдалгүй эмчилгээ хийсэн ч хохирогчийн амь нас аврагдах боломжгүй, хүнд гэмтэл болох нь 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Эхний шинжээчийн дүгнэлтийг дараагийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр “эхний шинжээчийн дүгнэлт үндэслэл бүхий гарсан, талийгаачид учирсан тархины гэмтлүүд амь нас аврагдах боломжгүй үхэлд хүргэх гэмтлүүд байна. Дээрх гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон нэгээс дээш удаагийн цохих, доргих үед үүснэ” гэж дүгнэсэн. Тийм учраас Б.Тын санаатай цохисон үйлдлээс уг гэмтэл учирсан. Хохирогчийн биед хүнд гэмтэл учирсны улмаас хохирогч нас барсан. Цаг алдалгүй эмчилгээ хийгдсэн ч үхэлд хүргэх гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлт болон мэдүүлгээр  тогтоогдсон. Мөн цагдан хоригдсон хоног зөрүүтэй бичигдсэн асуудал яригдсан. Цагдан хоригдсон хоногийг залруулж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү... гэв.

 

                                               

ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Б.Т нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ард-17” хүнсний дэлгүүрийн орчим хамт архи ууж байсан Э.Бтэй маргалдаж улмаар түүний толгойн тус газарт гараараа цохиж, зодсоны улмаас Э.Б нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ухаангүй байдалтай Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн тархины мэс засалд орж, эмчилгээ хийлгэж байгаад 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нас барж, Б.Т нь хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 14-15/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 16-17/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 хх 18/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 19/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 20/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 21/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 хх 22/, эд мөрийн баримт /2 хх 137-138/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 146-147/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх 148-158/, хэргийн газарт нэмэлт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 164/,

 

Хохирогч Б.Лхагважавын “...манай нөхөр Э.Б 20 цаг 55 минутанд дэлгүүр лүү орж ирээд тамхи, тоорт авч гараад 21 цаг 32 минутанд Б.Т, Баяраа нар Бат-Эрдэнийг хоёр суганаас дамжлаад дэлгүүр лүү оруулаад тавьдаг. Э.Б энэ хугацаанд шууд ухаангүй болсон...” /1 хх 27-32, 208-209/,

Гэрч Ч.Буянбаатарын “...Түвшинжаргал, Э.Б 2 дэлгүүрээс гарч ирэхгүй болохоор нь би дэлгүүрт ортол дэлгүүрийн 2 гишгүүртэй шатны хажууд Э.Б хөлөө жийгээд суучихсан, Түвшинжаргал налуулаад суулгасан, өргөх гээд, 2 цагдаа хажууд нь зогсож байсан. Би ороод 2 цагдаад “би 2 хүний найз нь байгаа юм” гэж хэлэхэд 2 цагдаа “тэгвэл найзыгаа аваад явж чадах бол аваад яв” гэж хэлэхэд Түвшинжаргал бид хоёр өргөх гэхэд дийлэхгүй байсан. ...Тэр үед талийгаачийн хамарнаас цус гарчихсан. Куртик хувцас нь цусны толбо болчихсон байсан. Б.Т бид хоёр дэлгүүрээс дамжлаад гарсан. Тэгтэл талийгаач хөл дээрээ гишгэж чадахгүй бид хоёрт чирэгдээд ямар ч ухаангүй болчихсон байсан. Би тэр үедээ Б.Таас яасан ийсэн гэж асуухад тасарчихсан намайг орж ирэхэд шат дэрлээд хэвтэж байсан гэж хэлсэн. Гараад ирэхэд Анхбаяр бас алга болчихсон байсан. ...Б.Т Бат-Эрдэнийн зүүн гар талд нь зогсож байгаад толгойн хэсэгт нэг удаа цохисон, гадаа харанхуй байсан болохоор яг хаана нь цохисон талаар сайн мэдэхгүй байна. Б.Т л цохисон. Цохиод унагаасны дараа Баяраа ах түшээд босгоход хамраас нь жаахан цус гарсан байсан, ...хамар руу нь 1 удаа цохиход замын хашлага мөргөөд ойчсон, дагзаараа саваад унаж байгаа харагдсан...” /1 хх 35-37, 38-41, 59, 211/ гэх,

Гэрч С.Анхбаярын “... Бид хэд хойноос Буянжаргалыг хүрээд ир ээ, хүрээд ир ууя, ууя гээд орилоод дуудахад тэр чигээрээ яваад өгсөн. Тэгтэл талийгаач нь Б.Т руу “чи Буянжаргалыг уурлуулчихлаа, үхсэндээ наад архиа харамлаад байгаа юм бэ” гэж хэлээд тэр хоёр хоорондоо маргалдаад Б.Т нь талийгаачийг цохиод талийгаач газар саваад ойчсон. Тэгээд Б.Тыг болиоч чи гэж хэлээд салгаад Буянбаатар бид хоёр талийгаачийн хоёр талаас түшээд босгосон. ... Б.Т Бат-Эрдэнийг цохих шиг болсон. Би архи аягалаад сууж байхад түк гээд дугарахаар нь хартал Э.Б газар унасан.” /1 хх 42-44, 45-46, 210/,

Гэрч О.Баяраагийн “... Э.Б Б.Т хоёрын хооронд маргаан үүсээд Бат-Эрдэнийн нүүрэн тус газарт Б.Т цохиод унагаасан. Тэгтэл Э.Б нь газарт савж ойчоод Бат-Эрдэнийг Анхбаяр, Буянбаатар хоёр өргөөд босгосон. ...Тухайн үед бид нар тэр 3 давхар PС тоглоомын газрын баруун талын шатан дээр архи ууцгааж байсан. Б.Т Э.Б хоёр нь тэнд маргалдсан. Э.Б нь Б.Тад цохиулаад унахдаа тэр довжооны хажууд байх явган хүний зам дээр миний харснаар баруун талаараа ойчсон. ...Э.Б цохиулахаасаа өмнө тухайн үед их согтсон зүйл байгаагүй. Зүгээр юм яриад байж байсан. Бат-Эрдэнийг цохиулсны дараа босгоод шатан дээр суулгасан хойно Э.Б юм яриагүй. Б.Т тухайн үед их согтсон харагдаагүй...” /1 хх 47-48, 49/,

Гэрч Б.Наранчимэгийн “...Цагдаагийн газар ирээд байж байхад Анхбаяр, Буянбаатар нар хоорондоо Б.Т Бат-Эрдэнийг цохисон гэж ярьж байсан. ...Шөнө Э.Б манайд ирэхэд хамарын нүхэнд нь гоожоогүй, хатсан цус цухуйж хатсан байсан. Хувцас хунар нь шороо болсон, өмдөндөө шээсэн байсан...” /1 хх 55-56/,

Гэрч Н.Баянмөнхийн “...Анхбаяр, Буянбаатар хоёр орж ирээд “Бат-Эрдэнийг Б.Т архинаас болж маргалдаад PC-ны улаан тоосгон байшингийн хойд талд толгой руу нь цохиод унагаасан. Э.Б цохиулаад босч ирэхгүй, ухаангүй байгаад байсан” гэж хоорондоо ярьж байсан...” /1 хх 214-215/,

Шинжээч эмч Н.Ганболдын “...Дээрх гэмтэл нь мохоо зүйлээр цохих үед баруун зулай дагзны заадас салж хугарах боломжтой. Дээрх гэмтлийг авсны дараа тодорхой хугацаанд хөдлөх, ярих, зогсох зэрэг үйлдэл хийх боломжтой. Дээрх гэмтэл нэг удаагийн цохилтоор үүсэх боломжтой. ...Дээрх тархины гэмтэл нь хүнд гэмтэл учраас амь насыг аврах боломж багатай. Эмчилгээ хийлгэсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой эсэхийг тогтоох боломжгүй...” /1 хх 90-91, 2 хх 6-8/ гэх мэдүүлгүүд, мөн хавтас хэрэгт авагдсан гэрч Б.Ган-Очир /1 хх 61-63/, П.Түдэв /1 хх 64-66/, Ц.Очирбат /1 хх 67/, Г.Отгон-Эрдэнэ /1 хх 68-69/, Д.Мягмарсүрэн /1 хх 212-213/, Б.Бүрэнтөгс /1 хх 216-217/, Э.Энхтүвшин /2 хх 9-10/ нарын мэдүүлгүүд,

 

“Талийгаач нь баруун зулайн ар, дагз ясны хугарал, баруун лямбда хэлбэрийн заадлын салалт, баруун тал бөмбөлөгийн хатуу хальс доорх цус хуралт, аалзан бүрхүүл доорх цус хуралт, духны дэлбэн, дагзны дэлбэнгийн няцралтын улмаас тархины комд орж нас барсан, Дээрх гэмтэл нь мохоо зүйлээр буюу цохих, доргих үед үүсэх боломжтой” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн задлан шинжилгээний 79 тоот /1 хх 82-84/,

“Дээрх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн задлан шинжилгээний 79 тоот дүгнэлт үндэслэлтэй, талийгаачид учирсан баруун зулайн ар, дагз ясны хугарал, баруун лямбда хэлбэрийн заадлын салалт, баруун тал бөмбөлөгийн хатуу хальс доорх цус хуралт, аалзан бүрхүүл доорх цус хуралт, духны дэлбэн, дагзны дэлбэнгийн няцралт, баруун зулай, чамархайн хуйхны тархмал цус хуралтууд нь амь насыг аврагдах боломжгүй үхэлд хүргэх гэмтлүүд, мохой зүйлийн үйлчлэлээр нэг болон нэгээс дээш удаагийн цохих, доргих үед үүсэх боломжтой” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 934 тоот /2 хх 131, 139-140/ дүгнэлтүүд,

Түүнчлэн “Б.Т нь сэтгэцийн өвчингүй, үнэн, зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх баримт байхгүй” болохыг тогтоосон Шүүх сэтгэц эмгэг судлалын /1 хх 87-89/ дүгнэлт,

Өвчний түүх /1 хх 105-145/, хохирлын баримтууд /1 хх 169-194, 225-231, 233-236/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Дээр дурьдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцэж байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлан шүүгдэгч Б.Тын хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Тад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, түүнд оногдуулсан ял гэм бурууд нь тохирсон, хэргийн зүйлчлэл зөв, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 79 тоот “...Талийгаач нь баруун зулайн ар, дагз ясны хугарал, баруун лямбда хэлбэрийн заадлын салалт, баруун тал бөмбөлөгийн хатуу хальс доорх цус хуралт, аалзан бүрхүүл доорх цус хуралт, духны дэлбэн, дагзны дэлбэнгийн няцралтын улмаас тархины комд орж нас барсан, Дээрх гэмтэл нь мохоо зүйлээр буюу цохих, доргих үед үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /1 хх 82-84/ болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 934 тоот “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 79 тоот дүгнэлт нь үндэслэлтэй байна, талийгаачид учирсан баруун зулайн ар, дагз ясны хугарал, баруун лямбда хэлбэрийн заадлын салалт, баруун тал бөмбөлөгийн хатуу хальс доорх цус хуралт, аалзан бүрхүүл доорх цус хуралт, духны дэлбэн, дагзны дэлбэнгийн няцралт, баруун зулай, чамархайн хуйхны тархмал цус хуралтууд нь амь насыг аврагдах боломжгүй үхэлд хүргэх гэмтлүүд байна, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон нэгээс дээш удаагийн цохих, доргих үед үүсэх боломжтой...” гэх дүгнэлтүүд, шинжээч эмч Н.Ганболдын “Дээрх тархины гэмтэл нь хүнд гэмтэл учраас амь насыг аврах боломж багатай. Эмчилгээ хийлгэсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой эсэхийг тогтоох боломжгүй” гэх /1 хх 90-91/ мэдүүлэг зэргээс үзэхэд хохирогчийн амь насыг аврах боломжгүй байсан нь тодорхой байна.

 

Мөн шинжээч эмч Н.Ганболдын “... амь насыг аврах боломжгүй байсан байна. Учир нь Э.Бд хагалгаа хийж, эмчилгээ хийж зөв ажиллаж эмчилсэн байна. Тархины олон төрлийн гэмтэл үүссэн байна...” гэх /2 хх 6-8/, шинжээч эмч Б.Долгормаагийн “...Талийгаачид цаг хугацаа алдалгүй, гэмтэл авсан дариуд нь эмнэлгийн тусламж үзүүлж, эмчилгээ хийсэн ч гэсэн амь насыг аврах боломжгүй хүнд гэмтэл юм...” гэх /2 хх 141-143/ мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 934 тоот “...талийгаачид учирсан баруун зулайн ар, дагз ясны хугарал, баруун лямбда хэлбэрийн заадлын салалт, баруун тал бөмбөлөгийн хатуу хальс доорх цус хуралт, аалзан бүрхүүл доорх цус хуралт, духны дэлбэн, дагзны дэлбэнгийн няцралт, баруун зулай, чамархайн хуйхны тархмал цус хуралтууд нь амь насыг аврагдах боломжгүй үхэлд хүргэх гэмтлүүд байна...” гэх дүгнэлт зэргээс үзэхэд хохирогчид цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн ч гэсэн амь насыг аврах боломжгүй байсан байна. Амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтэл, шүүгдэгч Б.Тын үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Тын “…Миний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, ар гэрийн амьдралын маань хүнд хэцүү байдлыг харгалзан үзэж, хуулийн энэрэнгүй зарчмыг баримтлан, хорих ялыг багасгаж өгнө үү...” гэх давж заалдах гомдол болон түүний өмгөөлөгч Г.Ганхуягийн “...анхан шатны шүүхээс шүүгдэгч Б. Б.Тыг хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өөрчилж өгөхийг хүсье.” гэх давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсгийн 4 дэх заалтад цагдан хоригдсон хоногийг 91 хоног гэж буруу тооцсон байх тул энэ талаар Б.Тын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 заалтад “...91 хоног...” гэснийг “...211 хоног...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Г.Ганхуяг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ