Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2019/0192/З |
Дугаар | 221/МА2019/0543 |
Огноо | 2019-10-17 |
Маргааны төрөл | Газар, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2019/0543
“И т” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Ц.Цогт, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0481 дүгээр шийдвэртэй, “И т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0481 дүгээр шийдвэрээр:
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.7, 43 дугаар зүйлийн 43.1, 48 дугаар зүйлийн 48.2, 50 дугаар зүйлийн 50.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч “И т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/*** дугаар тушаалыг хүчингүй болгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/*** дугаар тушаалаа хүчингүй болгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: “ ... “И т” ХХК-д газар ашиглах олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/** дугаар тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана.” гэж заасныг хэрэгжүүлээгүй, хууль бус тушаал гэж үзэж байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийг хэрэгжүүлэхээр Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас санал авахад Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/**** дугаар албан тоотоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/** дугаар тушаалаар Богдхан уулын Дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд “И т” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар 4404 м2 газар ашиглах зөвшөөрөл олгогдсон байна.
Тухайн газрын орчинд “Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн” байрладаг ба уг байгууламж нь иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай орчинг бүрдүүлсэн газруудын нэг тал барилга байгууламж барих тохиодолд олон нийтийн эрх ашиг хөндөгдөх, “Бурхантай хөшөө”-нөөс зайтай бариулах талаар санал ирүүлсэн байна. Мөн Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 05 дяар сарын 17-ны өдрийн **** тоот албан бичгээр Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн газар дээр иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад газар ашиглуулах шаардлагагүй ба газрын нийслэл хотын иргэд чөлөөт цагаа өнгөрөөдөг ногоон байгууламж хэвээр байлгах гэсэн саналуудыг тус тус ирүүлсэн байна.
“И т” ХХК нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйл. Захиргааны актыг мэдэгдэх: 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүний гаргасан захиргааны байгууллага хариуцна.” гэж заасны дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1487 тоотоор “И т” ХХК-д мэдэгдсэн байна. Тус албан тоотыг Монгол шуудан 2018 оны 12 дугаар сарын 17-нд бүртгэн авч 2018 оны 12 дугаар сарын 180нд “И т” ХХК-ний хаягийн дагуу гардуулж өгсөн нь хэрэгт авагдсан баримтаас нотлогдож байна.
Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д “Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно” гэж заасан байдаг.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасан байдаг.
Яам нь төрийн захиргааны байгууллагын дээд шатны байгууллага бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад дээд шатны албан тушаалтан гэж байдаггүй.
Иймд нэхэмжлэгч маргаан бүхий акттай холбоотой нэхэмжлэлээ 2019 оны 01 дүгээр сард багтаж шүүхэд гаргах байтал 2019 оны 03 дугаар сарын 05-нд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “Энэ хуулийн 14.1-14.4-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг. Гэтэл шүүх хуулийн дээрх зохицуулалтуудыг буруу тайлбарлаж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль хэрэг зарчмыг зөрчиж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, хуулийг буруу хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байх тул нотлох баримтыг бүрэн цуглуулалгүйгээр хэргийн үйл баримтыг дутуу дүгнэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Маргаан бүхий 2018 оны А/*** дугаар тушаалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0144 дүгээр шийдвэр, Засгийн газрын 2015 оны 324 дүгээр тогтоолоор батлагдсан аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.5 дахь хэсэг, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 01/**** дугаар албан бичиг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны **** дугаар саналыг тус тус баримтлан
1 дэх заалтаар ... Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн ам, Бурхан багшийн хөшөөний эдэлбэр газарт аялал жуулчлалын зориулалтаар 0.44 га газарт ашиглах эрхийг авсан “И т” ХХК, ... мөн газарт ... 0.5 га газрыг ашиглах эрх авсан “А т” ХХК-ийн 0.2 га буюу тушаалын хамаарах хэсгийн газар ашиглах эрхийг тус тус дуусгавар болгож, эдгээр аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээг цуцалж,
2 дахь заалтаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны нэр дээрх ... 1.2 га газрын эрхийг баталгаажуулан нэмж Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 0.8 га, нийт 2.0 га газрыг олгож тус тус шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчээс анх гаргасан дээрх А/*** дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, А/*** дугаар тушаалаа хүчингүй болгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг тушаалаа хүчингүй болгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгуулах гэснийг анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйл болон 50 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан захиргааны байгууллага, албан тушаалтан нь өөрийн гаргасан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актаа хууль бус гэж өөрөө үзсэн тохиолдолд өөрчилж, хүчингүй болгоно. Өөрөөр хэлбэл уг хуулийн заалт нь захиргааны байгууллагыг сөрөг нөлөөлөл бүхий актаа хууль бус гэж үзэж хүчингүй болгохыг шаардах эрхийг иргэн, хуулийн этгээдэд олгосон заалт биш тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр А/*** дугаар тушаалаа хүчингүй болгоогүй хууль бус “эс үйлдэхүй” гэж үзэж, хүчингүй болгохыг хариуцагчид даалгасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Харин иргэн иргэн хуулийн этгээд захиргааны актыг хууль бус гэж үзвэл захиргааны хэргийн шүүхэд зохих журмын дагуу тухайн захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулгах нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй боловч энэ талаарх нэхэмжлэлээ өөрчилсөн нь ойлгомжгүй байх тул давж заалдах шатны шүүх уг нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.
Мөн уг А/*** дугаар тушаалаар бусад байгууллага, хуулийн этгээдийн асуудлыг шийдвэрлэсэн байхад шүүх нэхэмжлэгч” И т” ХХК-ийн нэхэмжлэлээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгохыг хариуцагчид даалгасан нь нэхэмжлэлийн хүрээнээс хэтэрсэн байна.
Сайдын А/*** дугаар тушаалд “Г д” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 87 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагатай хэргийг шийдвэрлэсэн (хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлсэн) Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 144 дүгээр шийдвэрийг заасан.
Гэвч хариуцагчаас 2018 оны А/*** дугаар тушаалыг зөвхөн “Г д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг шийдвэрлэсэн дээрх шийдвэрийг биелүүлэх хүрээнд гаргасан гэж үзэхээргүй байх тул “Г д” ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсанаар тухайн захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон “И т” ХХК-д эерэг өөрчлөлт гарсан гэж үзэж, Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийх үүрэгтэй гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ.
Учир нь А/*** дугаар тушаалд шүүхийн шийдвэрийг зааснаас гадна Засгийн газрын 2015 оны 324 дүгээр тогтоолоор батлагдсан аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.5 дахь хэсэг, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 01/**** дугаар албан бичиг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 618 дугаар албан бичгийг тус тус үндэслэсэн байна.
Эдгээр албан бичгээр тухайн газарт ашиглуулах шийдвэр гаргахдаа “Бурхан багшийн хөшөөнөөс зайтай байлгах, Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнг хамгаалалтад байлгах” талаар тусгажээ.
Үүнээс үзвэл хариуцагч нь шүүхийн шийдвэрийн дагуу “Г д” ХХК болон “И тур” ХХК-ниудын газар ашиглах хүсэлт, хавсаргасан баримт, “И тур” ХХК-д ашиглах эрх олгосон сайдын 2017 оны А/** дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийг нягталж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар ирүүлсэн дээрх албан бичиг, холбогдох нөхцөл байдлыг тодруулах үед тухайн маргаж байгаа газар нь Богдхан уулын дархан цаазат газарт хамаарахаас гадна Бурхан багшийн хөшөөтэй цэцэрлэгт хүрээлэнгийн газар байгаатай холбоотой тухайн газарт ашиглах эрхтэй болсон хуулийн этгээдүүдийн хэн алиных нь эрхийг цуцалсан байх тул нэхэмжлэгчид эерэг өөрчлөлт гарсан гэж үзэхээргүй байна.
Харин анхан шатны шүүх дээрх шүүхийн шийдвэрээс гадна А/*** дугаар тушаалын бусад үндэслэлтэй холбоотой “... дүүргийн Засаг дарга болон хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн дээрх албан бичгүүдийг газар ашиглуулахаас татгалзсан санал гэж үзэхгүй, нэхэмжлэгч компанийн зохих байгууллагаас холбогдох зөвшөөрлүүдийг авсны үндсэн дээр хэрэгжүүлэх төсөл нь Засгийн газрын хөтөлбөр, аялал жуулчлалын Үндэсний хөтөлбөрт тусгагдсантай зөрчилдөхөөр байгааг хариуцагч нотлоогүй гэж үзэн тушаалын энэ үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэхдээ холбогдох баримтуудыг бүрэн цуглуулаагүй байна.
Өөрөөр хэлбэл А/*** дугаар тушаалын шүүхийн шийдвэрээс бусад үндэслэлтэй холбоотой Бурхан багшийн хөшөөний нийтийн эдэлбэрийн талбайд нэхэмжлэгчийн газар аль хэсэгт, ямар байдлаар байрлаж, давхцалтай байгаа, нэхэмжлэгчийн эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авсан, аялал жуулчлалын гэх төсөл нь дархан цаазат газарт хуулиар зөвшөөрөгдсөн барилга барих, үйл ажиллагаа явуулах эсэх, мөн Бурхан багшийн хөшөө, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалт, нийтээр ашиглах боломжийг алдагдуулах эсэх, төрийн байгууллагын хамгаалалтад байлгах зайлшгүй шаардлага гарсан эсэхтэй холбоотой баримт цуглуулж, А/*** дугаар тушаалын хууль зүйн үндэслэл, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.