Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/0166

 

 

 

Б.А-ын нэхэмжлэлтэй,

Архангай аймгийн Засаг дарга,

Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

  Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Шүүгч Ч.Тунгалаг

Шүүгчид:       Б.Мөнхтуяа  

Д.Мөнхтуяа

П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг   

Нэхэмжлэлийн шаардлага: “2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Засаг дарга Ц.Мөнхнасангийн Архангай аймгийн хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.А-д өгсөн үндэслэлгүй мэдэгдэл болох захиргааны актыг, аймгийн Засаг даргын хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах тухай захиалга, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн орон тоон дээр сонгон шалгаруулалт зарласан захиргааны үйл ажиллагааг тус тус хүчингүй болгуулах тухай”

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 109/ШШ2017/0048 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2018/0048 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ундармаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 109/ШШ2017/0048 дугаар шийдвэрээр: Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйл. 281.1.7, 30 дугаар зүйлийн 30.1.15. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01/2270 дугаар албан бичгээр аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах тухай захиалгыг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Аыг аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Засаг дарга Ц.Мөнхнасангийн Архангай аймгийн хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.А-д өгсөн үндэслэлгүй мэдэгдэл болох захиргааны актыг хүчингүй болгуулах” тухай, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргад холбогдуулан гаргасан “2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн орон тоон дээр сонгон шалгаруулалт зарласан захиргааны үйл ажиллагааг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзсаныг баталж, иргэн Б.А-ын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2018/0048 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 109/ШШ2017/0048 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ундармаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 109/ШШ2017/0048 дугаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2018/0048 дугаар магадлалыг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

4. Аймгийн Засаг дарга Б.Бат-Эрдэнийн зүгээс Хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр Б.А-ыг 2015 онд томилохдоо сонгон шалгаруулалт явуулаагүй, сул орон тоо гарсаар байтал сонгон шалгаруулалт зарлаагүй нь Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолыг тус тус ноцтой зөрчиж Б.А-ыг аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар Хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилсон байдаг.

5. Гэтэл Хүүхдийн 9 дүгээр цэцэрлэг нь 2015 оны 04 дүгээр сард ашиглалтад орсон бөгөөд энэ үед тус цэцэрлэгийн эрхлэгчийн орон тоо шинээр гарсан нь илэрхий байхад аймгийн Засаг дарга Б.Б-Э нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын 7.5-д “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдол бүрт сонгон шалгаруулалтыг шинээр зохион байгуулна” гэж заасныг илтэд зөрчин нэхэмжлэгчийг Эрдэнэбулган сумын Хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр сонгон шалгаруулалтгүйгээр томилсон. Аймгийн Засаг дарга нь 2014 оны 08 дугаар сарын 2/1138 дугаар албан бичгээр сонгон шалгаруулалтын захиалгыг Боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлсэн байдаг боловч уг албан бичигт маргаан бүхий цэцэрлэг дээр сонгон шалгаруулалт явуулах захиалга хүргүүлээгүй нь төрийн хуулийг зөрчиж, хэн нэгэнд давуу байдал үүсгэсэн үйлдэл гаргасан байдаг.

6. Аймгийн Засаг даргаас Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох журмыг зөрчсөн тохиолдол бүрт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн нэгд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг үндэслэн хуулийн хэрэгжилтийг хангуулсан.

7. Шүүхээс төрийн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой гэж үзэж байгаа бол хууль тогтоомжийн хэрэгжилтийг хаана хэнд хэдий үеэс хэрэгжүүлэх вэ? гэдгийг шүүх анхаарах учиртай байтал анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэн аймгийн Засаг даргын Эрдэнэбулган сумын Хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь шүүх хэт нэг талыг барьж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийлгүйгээр, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

8. Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 109/ШШ2017/0048 дугаар шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2018/0048 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих Боловсролын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэргийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.

10. Нэхэмжлэгч Б.А-аас “Өнөөдрийн байдлаар намайг ажлаас чөлөөлсөн, халсан эрх зүйн акт байхгүй. Миний ажиллаж байгаа ажлын байранд сул орон тоо гараагүй байхад тухай ажлын байран дээр сонгон шалгаруулалт явуулах захиалга өгсөн нь миний хөдөлмөрлөх эрх ашгийг ноцтой зөрчиж байна” гэж, хариуцагч “Аймгийн Засаг дарга Б.Бат-Эрдэнийн зүгээс хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр Б.А-ыг 2015 онд томилохдоо сонгон шалгаруулалт явуулаагүй, сул орон тоо гарсаар байтал сонгон шалгаруулалт зарлаагүй нь Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолыг тус тус ноцтой зөрчсөн” гэж маргажээ.

11. Нэхэмжлэгч Б.А нь 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалт”-нд оролцон 63.2 оноо авч тэнцсэн, мөн  оны 09 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалт”-нд оролцож 78.1 оноо авч тэнцэн тухайн шалгалтанд орсон иргэдээс нийт оноогоороо тэргүүлсэн үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

12. Нэхэмжлэгчийг 2014 онд Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулалтад орж хангалттай дүгнэгдэн, аймгийн Боловсролын газрын даргын болон Авилгатай тэмцэх газрын албан бичгээр ирүүлсэн саналуудыг үндэслэн аймгийн Засаг дарга 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр Б.А-ыг  томилсон нь  хууль зөрчөөгүй, түүнийг томилсноос хойш 2 жил 9 сарын дараа тухайн албан тушаалын сул орон тоо гараагүй байхад сонгон шалгаруулалт явуулах захиалга гаргасан нь хуульд нийцээгүй талаар  анхан болон давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэжээ.

13. Хүүхдийн 9 дүгээр цэцэрлэг нь ашиглалтанд орж үйл ажиллагаагаа эхлүүлснээр тус цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тоо гараагүй харин шинээр бий болсон бөгөөд тухайн тохиолдолд Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтанд тэнцэж нөөцөд бүртгэгдсэн ажилтныг зохих байгууллага, албан тушаалтны саналыг үндэслэн томилон ажиллуулсан нь буруу биш байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Хүүхдийн 9 дүгээр цэцэрлэг нь 2015 оны 04 дүгээр сард ашиглалтад орсон бөгөөд энэ үед тус цэцэрлэгийн эрхлэгчийн орон тоо шинээр гарсан... аймгийн Засаг дарга Б.Б-Э нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын 7.5-д “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдол бүрд сонгон шалгаруулалтыг шинээр зохион байгуулна” гэж заасныг илтэд зөрчсөн, ...сонгон шалгаруулалт явуулах захиалга хүргүүлээгүй нь төрийн хуулийг зөрчиж, хэн нэгэнд давуу байдал үүсгэсэн үйлдэл гаргасан” гэх хяналтын гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

14. Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 109/ШШ2017/0048 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2018/0048 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

                        ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН