Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/01160

 

С.Гантогоо, Б.Нямхүү, Ж.Цагаан, Л.Отгонбаяр

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/00597 дугаар шийдвэртэй,

С.Гантогоо, Б.Нямхүү, Ж.Цагаан, Л.Отгонбаяр нарын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Мандах инвест ХХК-д тус тус холбогдох,

Гэм хорын хохиролд нэхэмжлэгч С.Гантогоо, Б.Нямхүү, Ж.Цагаан нарт 110,000,000 төгрөг, нийт 330,000,000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах, нэхэмжлэгч Л.Отгонбаярт нөхөн төлбөрт 200,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Мандахсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч С.Гантогоо, Б.Нямхүү, Ж.Цагаан нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч С.Гантогоо, Б.Нямхүү, Ж.Цагаан нар нь 2010-2011 онуудад Скай таур хотхонд орон сууц худалдан авч, амьдралын хэвийн нөхцөлд амьдарч байсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын удирдлага (хуучнаар Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, дарга нь Э.Хүрэлбаатар байсан)-ын захиалгаар Мандах инвест ХХК нь манай орон сууцны урд талд байрлах талбайд 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 58 айлын орон сууцны барилга барихаар зөвшөөрөгдсөн, төлөвлөгдсөн газар 285 айлын 16 давхар орон сууцны барилга барьж байна.

1.2. Энэ 285 айлын 16 давхар орон сууцны барилга нь Скай таур хотхоны оршин суугч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчин хохироож байна. Үүнд:

1.2.а. Ердийн нөхцөлд орон сууцандаа тохь тухтай, таатай тайван, хэвийн аж төрж, амьдрах орчны чанарыг муутгасан.

Дээрх барилга баригдсанаас хойш манай байрууд сүүдэрлэгдэн, нарны ээвэрлэлт халхлагдаж 13 цагаас өмнө нар үзэхгүй болсон. Манай цонхнуудаар тусч байсан нарны тусгалын хэмжээ 16 давхар барилга баригдсаны улмаас бүх улирлын турш 60-70 хувиар багассан. Энэ барилга баригдахаас өмнө өглөөний 7-8 цагаас эхлэн цонхоор тусдаг байсан нар одоо өдрийн 12.30-13 цагаас эхлэн 5-6 цагийн дараа тусдаг болсон. Өглөөний нар тусахгүй болсноор гэртээ тогтмол байдаг бага насны хүүхдүүд, жирэмсэн, хөхүүл эхчүүд, өндөр настан, хэвтрийн хүмүүс гэртээ үргэлж даарч тав тухгүй болж, ханиад томуугаар өвчлөх зэргээр даарч эрүүл мэндээрээ хохирч төлөвлөгдөөгүй зардлууд нэмэгдэж эдийн засгийн хохиролд ч өртөж эхлээд байна.

1.2.б. Манай урд талд цонхыг халхлан баригдаж байгаа барилгын уршгаар үзэгдэх орчин халхлагдаж, байгалийн үзэсгэлэнт Богд хан уул, Туул голоо харах боломжгүй, цэмцгэр сайхан орчинд тохь тухтай, таатай сайхан амьдрах нөхцөлийг үгүй болгосон.

1.2.в. Орон сууцандаа амар тайван амьдрахаар үл хөдлөх үнэ цэнэтэй эд хөрөнгөний маань үнэ цэнэ алдагдаж, өндөр үнээр худалдаж авсан орчин ахуйг маань үгүй болгосон. Автомашины хэт бөөгнөрөл үүсч, замын ачаалал хэтэрч байгаа бөгөөд оршин суугчдаас өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах нөхцлийг дордуулан амьдрах орчны чанарыг бууруулан оршин суугч бүрд саад төвөг учруулж, орон сууцны анхны болон ирээдүйн үнэ цэнийг бууруулахад шууд нөлөөлж байна.

1.3. Ингэснээр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 155 дугаар тогтоолоор батлагдсан Зайсангийн гүүрний баруун хэсгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Хот байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т хүний аюулгүй байдал, байгаль экологи, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах, 24 дүгээр зүйлийн 24.1.5-д холбогдох байгууллагаар хянагдаж баталгаажсан төв, суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад тэдгээрийг зөрчих, зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөхийг хориглох, Барилгын тухай хуулийн 9.1.4, 10.1.5, Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрмийн БНбД 30.01.30-д заасныг тус тус зөрчсөн.

1.4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 45 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 121 дугаартай магадлалаар Нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн газрын нэрээр захиалагдсан 285 айлын 16 давхар орон сууцны барилга нь Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хууль зэрэг удирдамжийн бичиг баримтыг зөрчсөн болохыг тогтоосон. Захиргааны хэргийн шүүх ...төлөвлөж буй барилгын зураг төслийг Барилгын тухай хууль, барилгын норм дүрмийн дагуу тухайлбал автомашин, явган хүн чөлөөтэй зорчих орц гарцтай, автомашины зогсоол, барилга хоорондын зай, гудамж талбайн хэмжээ нь оршин суугчдын амьдрах орчны чанарт сөргөөр нөлөөлөхгүй, Хот байгуулалт, Барилгын тухай хууль тогтоомжийг зөрчилгүйгээр тухайн орчны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн байдлаар боловсруулах замаар дахин шинээр акт гаргаж шийдвэрийг биелүүлэх-ийг хариуцагч Улаанбаатар хотын ерөнхий архитектор болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарт даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч нар шүүхийн шийдвэрийг үл тоомсорлон, төөрөгдүүлж барилгын зурагт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баримтлахгүйгээр барилгын өндрийг 16 давхар хэвээр нь үлдээж 3-4 айлын орон сууцыг нэгтгэн 225 айлын орон сууцны зураг гарган тухайн үед байсан Хотын ерөнхий архитектор Э.Хүрэлбаатар өөрөө баталж барилгаа үргэлжлүүлэн барьсан.

1.5. Хариуцагч нарын хууль зөрчсөн дээрх үйл ажиллагаа нь бидний 20-40 гаруй жилийн хөдөлмөрийн хөлсөөр хурааж хуримтлуулсан хөрөнгө болон банкнаас авсан орон сууцны зээлийн ач холбогдлыг бууруулж, амьдрах орчны чанарыг алдагдуулсан бөгөөд холбогдох хууль эрх зүйн актуудыг үл тоомсорлож иргэдэд санаатайгаар гэм хор учруулсан тул тухайн үед зарагдаж байсан үнийн зөрүүг тооцож үзээд хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар болон Мандах инвест ХХК-аас нэхэмжлэгч тус бүр ажиллагааны явцад хийгдсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч нарт учирсан бодит хохирлоо тодорхойлсон. Төрийн байгууллага буюу Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлж, албан үүргээ зөрчиж, бидэнд гэм хор учруулсан төдийгүй, тэдний хууль бус үйлдлийг дэмжин тусалсан Мандах инвест ХХК хамтран хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна.

1.6. Иймд хариуцагч нараас тус бүр 55,000,000 төгрөг буюу нийт 330,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч Л.Отгонбаярын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын нэрээр захиалагдсан 285 айлын 16 давхар орон сууцны барилгыг бариулж байгаа Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Мандах инвест ХХК нь иргэдийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж, эрүүл аюулгүй орчинд амьдрах, өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөтэй эзэмших, ашиглах эрхийг зөрчин ирээдүйн сөрөг үр дагаврыг нэмэгдүүлэн орон сууцыг үнэгүйдүүлэхэд шууд нөлөөлж, ердийн нөхцөлд хэвийн аж төрөх амьдрах орчны чанарыг бууруулж ноцтой үр дагаврыг үүсгэн хохироож байгаа тул хариуцагч нараас тус бүр 100,000,000 төгрөгийн нөхөн олговор гаргуулна гэжээ.

3. Хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Барилгын байршил тогтоож, барилга барих, газар эзэмших тухай 125 дугаартай захирамж, 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах хугацааг сунгах тухай 179 дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн 01 дүгээр хороо /одоогийн 15 дугаар хороо/-ны нутаг дэвсгэрт манай байгууллагын ажилчдын орон сууцны барилгын зориулалтаар 0,44 га газрыг олгосон. Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслээд 2003 онд батлагдсан Зайсангийн гүүрний баруун хэсгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө-ний дагуу ажилчдын орон сууцны барилгад Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /хуучнаар/-ын 2003 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаартай Мэдэгдэл, 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3011 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар тус тус олгогдож, зураг нь батлагдсан. Дээрх зөвшөөрлүүдийг олгохдоо холбогдох хууль, дүрэм, журам болон барилгын норм ба дүрмийг үндэслэсэн.

3.2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаж байгаа өөрийн орон сууцыг хүссэн зориулалтаар ашиглаж чадахгүй байгаагаас өөрийн амьдрах чанар буурч, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг төлүүлэх гэдэг нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нарын яг ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчигдөж байгаа нь тодорхойгүй. Орон сууцны зориулалттай барилгыг орон сууцаар ашиглах хуулийн зориулалттай. Өөр бусад зориулалтаар ашиглах нь хуульд нийцэхгүй.

3.3. Ажилчдын орон сууц барилгын норм, дүрмийн 30.1.4.2.11, орон сууц, олон нийтийн барилга байгууламжийн хоорондын нарны тусгалд хамааралтай зайны нормын 9.9.19-д заасны дагуу барилга хоорондын нарны гэрэлтүүлэх үргэлжлэх хугацаанд барилгын норм ба дүрмийн 23.4.7, галын аюулаас хамгаалах шаардлагын барилгын норм ба дүрмийн 21.1.2 болон 4 дүгээр хавсралт галд тэсвэржилтийн хууль, дүрэм, журам, нормд заасныг хангасан.

3.4. Сэтгэл санаа болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ буурсан, өмгөөллийн хөлс, улсын тэмдэгтийн хураамж зэргээр 110,000,000 төгрөгийн хохирлоо нэхэмжилж байгаа нь нотлох баримтаар нотлогдохгүй, үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нар нэхэмжлэл гаргасан тул улсын тэмдэгтийн хураамж, өмгөөлөгчийн хөлс гэх зардлуудыг төлөх эсэх нь өөрсдийнх нь шийдвэрлэх асуудал.

3.5. Шинжээчийн 2014 оны дүгнэлтээр нарны ээврэлтийг 5-6 цаг тусаж байна гэсэн. Барилгын норм болон дүрмийн 23.4.7-д зааснаар 2 цаг 30 минут нар тусч байвал нарны ээврэлтийн хугацааг хангаж байна гэж тодорхойлсон байдаг. Уг барилга нь нарны ээврэлтийн хугацааг хангаж байна. Норм ба дүрмээ хангаад барилга баригдсан. Өмнөх шинжээчийн нарны ээврэлттэй холбоотой дүгнэлт нь барилгын норм болон дүрэм, барилгын нарны ээврэлтийн хугацааг тодорхойлохоос илүү нарны хэт ягаан туяа, бусад хүний биемахбодид үзүүлдэг нөлөөг гаргасан. Энэ нь хэрэгт ач холбогдолгүй.

3.6. Урд нь байрлах Туул ван хотхоны орон сууцны 1 м.кв нь 4,360,000 төгрөг байхад Скай тауэр хотхоны орон сууцны 1 м.кв нь 2,200,000-2,400,000 төгрөг болж хямдарсан гэдэг нь баримтаар нотлогдоогүй.

3.7. Нэхэмжлэлийн шаардлага нь баримт нотолгоогүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагч Мандах инвест ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

4.1. Мандах инвест ХХК-ийг тус иргэний хэрэгт хариуцагчаар татсан нь үндэслэлгүй. Учир нь Мандах инвест ХХК Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, шүүхийн шийдвэрийг санаатай болон санамсаргүй зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй огт гаргаж байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч нарын тайлбарлаад байгаа байдлаар бол бодит үнэнд нийцээгүй, нотлох баримтад тулгуурлаагүй, үндэслэлгүй гэж үзэж байгаа.

4.2. Мандах инвест ХХК нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газартай 2011 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 11/08 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, хөрөнгө оруулагч талтай байгуулсан 09/11 дугаартай Хамтран ажиллах гэрээ-нд үндэслэн төсөлд ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан. Мандах инвест ХХК нь захиалагч талдаа орон сууцны төслийн хүрээнд батлагдсан зураг төсөл, барилгын норм, стандартын шаардлага хангасан материалаар чанартай хугацаанд нь гүйцэтгэх үүргийг хүлээсэн. Хөрөнгө оруулагч нь зураг төсөл боловсруулах мэргэжлийн байгууллага, барилга угсралтын ажил гүйцэтгэх туслан гүйцэтгэгч болон бусад дулаан, цахилгааны холбоо зэрэг шаардлагатай ажил үйлчилгээг бүх байгууллага, аж ахуйн нэгжүүдээс сонгон шалгаруулж, техникийн нөхцөлүүдээ авах зэрэгтэй холбоотой төрийн болон хувийн байгууллагатай харилцах үүргийг хүлээсэн.

Дээрх барилгын ажлыг гүйцэтгэх явцад Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчин дур мэдэн барилга барьсан үйлдэл хийгээгүй. Захиалагчаас мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн зураг төсөл, төрийн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлүүдийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно.

4.3. 2013 онд Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Захиалагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зураг төсөлдөө өөрчлөлт оруулж, даалгавар гарсан, баталгаажуулаад өгсөн. Үүний дагуу бид ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж, барилгыг Улсын комисст хүлээлгэн өгсөн. Захиргааны хэргийн шүүхээс Мандах инвест ХХК-ийг хариуцагчаар татаагүй. Тус компанид холбогдуулж ямарваа нэгэн даалгасан шийдвэр байхгүй. Өөрөөр хэлбэл хууль тогтоомж зөрчиж үйл ажиллагаа явуулсан гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

4.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа 6 удаа өөрчилсөн. Энэ нь шүүх болоод хариуцагч бидэнд тайлбар өгөхөд хүндрэлтэй байсан. Зөвхөн байгалийн гэрэл, нарны ээврэлттэй холбоотой захиргааны хэргийн шүүхээс гадна 3 удаа шинжээч томилсон. Хөрөнгийн үнэлгээнд 3, 4 удаа шинжээч томилуулсан. Нарны гэрэл, байгалийн гэрэл, ээврэлттэй холбоотойгоор нэхэмжлэгч нарын амьдрах орчны чанарыг бууруулсан гэдэг асуудал өмнө Захиргааны хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоод, шийдвэрлэгдсэн. Нэгэнт шүүхээр шийдэгдсэн асуудлыг дахин нотлох шаардлагагүй.

4.5. Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ж.Цагаан 126,000,000 төгрөгөөр, Н.Нямхүү, С.Гантогоо тус бүр 100,000,000 төгрөгөөр орон сууцуудаа худалдаж авсан байсан. Шинжээч нарын дүгнэлтийг үнэн зөв, бодитой, эргэлзээгүй тогтоосон гэж үзэх, хохирлын хэмжээг тогтоож, шүүх шийдэх нь бас эргэлзээтэй, боломжгүй гэж үзэж байна. Учир нь, шинжээч нарын дүгнэлт 2014, 2018, 2020 онд гарсан. Орон сууцны үнэлгээ зах зээлийнхээ зарчмаар үнэлэгддэг. Сүүлд 2020 онд тогтоосон шинжээчийн дүгнэлтийг баримтлаад хохирол нэхэмжилж байгаа нь өнөөдрийн байдлаар бодит бус. Хамгийн сүүлд нийтэд ил болсон баримтаар, хэвлэл мэдээллийн хэрэгслээр бол барилгын материалын үнэ 17 хувиар өссөнтэй холбоотойгоор барилгын үнэ өссөн. Нөгөө талаар нэхэмжлэгч нарын яриад байгаа 1 м.кв-ын үнэ 2,200,000-2,400,000 төгрөг байна. Туул ван хотхоны орон сууцнууд 4,490,000 төгрөгийн үнэтэй байгаа талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй.

4.6. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 135.2, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Мандах инвест ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас нийт 84,533,934 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Гантогоо, Ж.Цагаан, Б.Нямхүү тус бүрт нөхөн төлбөр 28,177,978 төгрөгийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 245,466,066 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Гантогоогоос тэмдэгтийн хураамжид төлсөн 907,950 төгрөг, нэхэмжлэгч Л.Отгонбаяраас тэмдэгтийн хураамжид төлсөн 1,157,950 төгрөг, нэхэмжлэгч Ж.Цагаанаас тэмдэгтийн хураамжид төлсөн 757,950 төгрөг, нэхэмжлэгч Б.Нямхүүгээс тэмдэгтийн хураамжид төлсөн 757,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас улсын тэмдэгтийн хураамжид нийт 580,620 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч С.Гантогоо, Ж.Цагаан, Б.Нямхүү нарт тус бүр 193,540 төгрөгийг олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Гантогоо, Ж.Цагаан, Б.Нямхүү, хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар тус бүрээс 627,500 төгрөгийг гаргуулан нийт 2,510,000 төгрөгийг Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн шинжээч Б.Энхболдод, нэхэмжлэгч С.Гантогоо, Ж.Цагаан, Б.Нямхүү, хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар тус бүрээс 10,675,000 төгрөгийг гаргуулан, нийт 42,700,000 төгрөгийг шинжээч Хохирол үнэлгээний институтэд тус тус олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтын зарим хэсгийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 4 дэх заалтад нэхэмжлэгч тус бүрээс 10,675,000 төгрөг гаргуулан шинжээч Хохирлын үнэлгээний институтэд олгохоор шийдвэрлэсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2020/00281 дугаартай захирамжаар хэргийг түдгэлзүүлж, шинжээч томилсон шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ж.Цагаан нь өмнө нь ажилласан Б.Энхболд шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн учир өөр шинжээч томилуулахыг зөвшөөрөөгүй. Хэрэв заавал дахин шинжээч томилох ёстой гэвэл Б.Энхболд шинжээчээ л дэмжье гэж шүүхэд мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүгчийн захирамжинд тусгагдсан байдаг. Харин хариуцагч Мандах инвест ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралд өөр шинжээчийг дахин томилж ажиллуулах хүсэлт гаргаснаар шүүх түүний хүсэлтийг нь хангасан. Иймд дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан хариуцагч тал шинжээчийн ажлын хөлсийг төлөх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.

6.2. Мөн шинжээч Е.Баярмаа хэргийг хүлээн авснаас хойш шүүхэд 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээлгэн өгөх хүртэлх хугацааг 3,416 цагаар, нэг цагийн хөлсийг 12,500 төгрөг гэж тооцоо гаргасан нь ажлын 8 цагаар бодоход 427 хоног болж байна. Нийт 1,170 хуудас баримт шүүхэд ирүүлснийг харахад тэрээр өдөрт 2-3 хуудастай л уншиж танилцсан, эсхүл дүгнэн бичсэн бололтой ч ажлын хөлсөнд 42,700,000 төгрөг нэхэмжилсэн байна. Гэтэл шүүхэд ирүүлсэн 1,170 хуудасны 95-98 хувь нь шинжээчийн дүгнэлт гаргахын тулд танилцсан баримт бичгийн хуулбарууд байдаг.

6.3. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг гаргахдаа шинжээчийн нэхэмжилсэн дүнг шууд төлүүлэхээр шийдвэрлэсэн боловч үнийн дүн нь хууль ёсны эсэх, бодолт нь зөв эсэхэд дүгнэлт хийгээгүй. Шинжээчийн ажлын хөлс шүүхээс урьд нь шийдвэрлэж байсан хэмжээ, мөн зохигч нарын зардал төлж байсан хэмжээтэй дүйцэхүйц байж чадахгүй байгааг анхаарч үзээгүй байна. Шинжээчийн хөлс хэт өндөр байгаа нь нэхэмжлэгч нарын шударга шүүхээр хэргээ шийдүүлэх эрхэнд халдаж байна гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нар шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаа ч шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтын холбогдох хэсэгт гомдол гаргаж байгаа тул шийдвэрийг хянан үзэж, холбогдох хэсгийг өөрчилж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримт болон хуулийн үндэслэлгүй, шинжээчийн дүгнэлтийг шүүх зөв үнэлж дүгнээгүй байна.

7.1. Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуучнаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын эзэмшил газарт ажилчдын орон сууцны барилга барихтай холбоотой асуудлаар 2013 онд нэхэмжлэгч нараас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэрээр шинээр захиргааны акт гаргахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид даалгаж шийдвэрлэсний дагуу барилгын зураг төслийг 60 айлаар багасгаж, орц гарц болон зэргэлдээх байрны нөхцөл байдлыг харгалзан үзэж 225 айлын эскиз зураг батлагдсан. Байгалийн гэрэл, нарны ээвэрлэлттэй холбоотойгоор шинжээч томилсны дагуу шинжээчийн дүгнэлтээр Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 179 дүгээр тушаалаар батлагдсан Барилгын норм ба дүрмийн орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын (ээвэрлэлтийн) хангамж БНбД 23-04-07-ийн 3.1-д нарны шууд тусгалаас үүсэх хүний эрүүл мэнд, сэтгэл зүй физиологийн нян устгах болон дулааны үр ашигтай нөлөө нь орон сууцны хорооллын нутаг дэвсгэр, орон сууц олон нийтийн барилгын өрөө тасалгаанд нарны шууд тусгалын тасралтгүй үргэлжлэх хугацаа өдөр 3-4 цаг байхад хангагдана гэж заасан. SCETCH UP 8 PRO программын үр дүн болон дээрх норм дүрмийн заалтуудыг үндэслэж дүгнэхэд Sky tower 16 давхар орон сууцны барилгын өрөө тасалгаанд тусах нарны шууд тусгалын тасралтгүй үргэлжлэх хугацаа нь өдрийн 5-6 болон 8 цагийн турш нартай буюу нарны ээвэрлэлттэй байгаа нь оршин суугчдын амьдрах орчны чанар дордох сөрөг нөлөөлөл үзүүлэхгүйгээр холбогдох норм ба дүрэмд заагдсан шаардлагыг хангаж байна, нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна гэжээ.

Хуульд шинжээчийн дүгнэлт гэж хуульд заасан шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартыг хангаж, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг ойлгоно гэж заасан бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нарны ээвэрлэлт нь Барилгын норм ба дүрэмд заасан шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Үүнийг шүүх зөв үнэлж дүгнээгүй байна.

Мөн нэхэмжлэгч нарын хүсэлтийн дагуу хөрөнгө үнэлгээний шинжээч томилсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын дагуу нарны ээвэрлэлт хааснаар орон сууцны үнэ буурч, амьдрах орчны чанар доройтсон гэдэг нь өмнөх Захиргааны хэргийн шүүхэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон асуудал болно.

7.2. Ж.Цагаан 126,000,000 төгрөг, Б.Нямхүү, С.Гантогоо нар 100,000,000 төгрөгөөр тус тус орон сууц худалдаж авсан. Гэтэл шинжээч нарын 2014, 2018, 2020 оны дүгнэлтээр орон сууцны үндсэн худалдаж авсан үнэ болон тухайн үеийн зах зээлийн үнийг бодитоор тооцоолоогүй, зах зээлийн үнэлгээ буурсан гэдэг дүгнэлтийг шүүх үнэлж шийдвэртээ үндэслэл болгосон нь шинжээчийн дүгнэлт, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн байна. Нэхэмжлэгч нар нь 2018, 2020 оны шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 2024 онд хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байхад шүүх уг дүгнэлтийг үндэслэл болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нараас 1 м.кв байрны үнэ 2,200,000-2,400,000 төгрөг байхад Туул вангийнх 4,490,000 төгрөгөөр зарагдаж байна гэж байгаа боловч хэрэгт энэ талаар ямар ч нотлох баримт авагдаагүй. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу тухайн байршилд 1 м.кв нь 2,200,000-2,400,000 төгрөгийн үнэтэй байр одооны буюу 2024 оны зах зээлийн ханшаар байхгүй нь нийтэд тодорхой ил мэдээлэл байхад шүүх зөв үнэлж дүгнэлгүй 2018 оны шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгож шийдвэрлэсэн байна.

7.3. Мөн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон хохирлын мөнгөн дүнг ямар үндэслэлээр хэрхэн тодорхойлсон, нотлох баримтаар нотлогдохгүй, тодорхой үндэслэл байхгүй байна.

7.4. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж буй гомдлыг хангаж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/00597 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

8.1. Хэргийн материалд авагдсан баримтуудаас харахад Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас шүүх хуралдаанд оролцдоггүй, эсхүл төлөөлөгч нь солигддог, хэргийн материалтай танилцдаггүй.

6 удаагийн шинжээчийн дүгнэлтийн 3, 4-т нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг зөрчигдсөн гэсэн. 2018, 2020 онд томилогдсон шинжээчийн дүгнэлтээр орон сууцны үнэ одоогийн зах зээлийн үнээс багаар тогтоогдсон. Нэхэмжлэгч нарын зүгээс ашиг харсан тохиолдолд орон сууцны үнийг нэмэх байсан. Гэвч нэхэмжлэгч нарын зүгээс үнийн дүнг нэмүүлэх сонин биш бөгөөд хэргийг үнэн, зөв шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Шинжээч нарын дүгнэлт нь хуульд заасан шаардлага хангасан гэж Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан шинжээчийн дүгнэлтийг дурдсан. Гэвч Захиргааны хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад уг барилга нь 6 давхар баригдсан байдаг. Тухайн үеэс хойш 16 давхар барилга болж баригдсанаас хойш гарсан дүгнэлтүүдтэй хариуцагч танилцаагүй байна. Үнэлгээ өсөж 2,200,000 төгрөг болсон бөгөөд тухайн орон сууцны урд талын Туул ван барилгын үнэлгээ өсөж 4,490,000 төгрөг болсон талаарх баримт байхгүй гэх боловч шинжээч нарын дүгнэлтээр батлагдаж байна. Хариуцагчийн зүгээс давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна.

8.2. Мөн хохирлын мөнгөн дүнг ямар үндэслэлээр хэрхэн тодорхойлсон талаарх нотлох баримтыг тогтоогдоогүй гэж гомдол гаргасныг нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагч нь хэргийн материалтай танилцаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй учраас буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Хэргийн материалд нотлох баримт авагдаж, анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан. Иймд хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдлын хүрээнд хянаж, нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангаж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч С.Гантогоо, Ж.Цагаан, Б.Нямхүү нар нь хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Мандах инвест ХХК-д тус тус холбогдуулан гэм хорын хохиролд нэхэмжлэгч тус бүр 110,000,000 төгрөгийг хариуцагч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулах, нэхэмжлэгч Л.Отгонбаяр нь 200,000,000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон бөгөөд талууд энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч С.Гантогоо нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014964 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн /17040/, Зайсангийн гудамж 30 дугаар байрны 11 тоот, 110 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн.

3.2. Нэхэмжлэгч Б.Нямхүү нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014941 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн /17040/, Зайсангийн гудамж 30 дугаар байрны 13 тоот, 110 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн.

3.3. Нэхэмжлэгч Л.Отгонбаяр нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014944 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн /17040/, Зайсангийн гудамж 30 дугаар байрны 7 тоот, 110 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр 2011 оны 08 дугаар сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн.

3.4. Нэхэмжлэгч Ж.Цагаан нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014951 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн /17040/, Зайсангийн гудамж 30 дугаар байрны 17 тоот, 110 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр 2010 оны 08 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн.

3.5. Нэхэмжлэгч нар нь одоогоор Sky tower хотхоны оршин суугчид болно. /1хх-ийн 245, 247, 249, 2хх-ийн 11 дэх тал/

3.6. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар буюу хуучин нэрээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд өөрийн эзэмшлийн газар дээр ажилчдын орон сууцны зориулалтаар 255 айлын 16 давхар барилга барьсан, 2012 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2014/461 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ захиалгатай 69 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй 255 айлын орон сууцны барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан. /хавсралт нотлох баримтын 2хх-ийн 269-272 дахь тал/

3.7. Хариуцагч Мандах инвест ХХК нь хариуцагч Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /хуучин нэрээр/-тай 2011 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж дээр дурдсан 16 давхар барилгыг барьж ашиглалтад оруулсан.

3.8. 225 айлын 16 давхар барилга нь ертөнцийн зүгээр нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууцны барилгын урд талд оршин байдаг.

4. Дараах үйл баримтыг анхан шатны шүүх дутуу дүгнэснийг залруулах боломжтой.

4.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 45 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 121 дүгээр магадлалаар Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Хүрэлбаатарын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд 16 давхар 285 айлын орон сууцны барилгын зураг /эскиз/-ийг зөвшөөрч баталсан үйлдэл болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.Жүрмэндоржийн Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 190/2012 тоот зөвшөөрлийг цаашид хэргийн нөхцөл байдлыг тодруулж дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, төлөвлөж буй орон сууцны барилгын төслийг Барилгын тухай хууль, барилгын норм дүрмийн дагуу, тухайлбал автомашин, явган хүн чөлөөтэй зорчих орц гарцтайгаар, автомашины зогсоол, барилга хоорондын зай, гудамж талбайн хэмжээ нь оршин суугчдын амьдрах орчны чанарт сөргөөр нөлөөлөхөөргүй, хот байгуулалт, барилгын хууль тогтоомжийг зөрчихгүйгээр, тухайн орчны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн байдлаар боловсруулах замаар дахин шинээр акт гаргаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Улаанбаатар хотын ерөнхий архитектор, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарт тус тус даалгаж шийдвэрлэжээ. /1хх-ийн 11-31 дэх тал/

4.2. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 598 дугаар тогтоолоор Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, энэхүү ажиллагаанд нэхэмжлэгч нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу гомдлоо гаргаагүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /1хх-ийн 62 дахь тал/ Энэ дүгнэлтэд зохигч давж заалдах гомдол гаргаагүй.

4.3. Мандах инвест ХХК-ийн барьж буй 285 айлын орон сууцыг 225 айлын орон сууц болгож дахин барилгын эскиз зураг боловсруулж, архитектур төлөвлөлтийн 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 606 тоот даалгавар батлагджээ. /1хх-ийн 68-69 дэх тал/

4.4. Нэхэмжлэгч С.Гантогоогоос Нийслэлийн Засаг даргад хандаж Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар гаргасан хүсэлтэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 7/4078 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн байна. Энэ албан бичигт ... Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар уг асуудлыг 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс Техникийн зөвлөлийн хурлаар авч хэлэлцэн орон сууцны барилгын зураг төсөлд өөрчлөлт оруулах дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтийн дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар бичигдэж барилга угсралтын ажил гүйцэтгэгч Мандах инвест ХХК-д орон сууцны барилгын зураг төсөлд өөрчлөлт оруулах, айлын тоог 60 айлаар багасгах, автомашины зогсоолын талбайг нэмэгдүүлэх, гудамж талбайг ойр хавьд байрлах орон сууцны оршин суугчдын амьдрах орчинд сөргөөр нөлөөлөхгүйгээр төлөвлөж зураг төслөө шинээр боловсруулж батлуулах шаардлага тавьсан байна. Уг шаардлагын дагуу Мандах инвест ХХК зураг төслийг шинэчлэн боловсруулж, тухайн орон сууцны айлын тоог 60-аар багасгасан, автомашины зогсоолын тоог нэмэгдүүлж 2 давхар гарааштай байхаар төлөвлөсөн, тухайн барилга руу урдаасаа орохоор орц гарцыг төлөвлөж хойд талд байрлах орон сууцны оршин суугчдын хүсэлт шаардлага, зэргэлдээ барилгын ашиглалтын хэвийн нөхцөл хангасан, Барилгын хууль, барилгын норм дүрэмд нийцсэн байна гэж үзэж ерөнхий архитектор баталсан байна. ... Тухайн байрлалд Монгол Улсын Засгийн газрын 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдах орон сууцны жагсаалт батлах тухай 2012 оны 82 дугаар тогтоолоор 285 айлын орон сууц бариулахаар зөвшөөрсөн, энэхүү тогтоол хүчин төгөлдөр байгаа талаар дурджээ. /1хх-ийн 65-66 дахь тал/

4.5. Харин ерөнхий архитекторын шинэ эрхийн актад нэхэмжлэгч нар нь захиргааны журмаар гомдлоо гаргаагүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтэд хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй байна.

5. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм хорын хохирол гэж тодорхойлсон. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134 дүгээр зүйлд заасан хөршийн эрхтэй холбоотой зохицуулалтыг баримтласныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй", мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагчийн хууль бус үйлдэл байх, уг үйлдэлдээ гэм буруутай байх, уг үйлдэл, хохирогчид учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана. Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч С.Гантогоо, Ж.Цагаан, Б.Нямхүү нарт хохирол учирсан нь тогтоогдож байх тул тэдгээр нь уг хохирлыг нотлосон хэмжээгээр хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас шаардах эрхтэй юм.

5.1. Анхан шатны шүүхээс хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар буюу хуучин нэрээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь өөрийн эзэмшлийн газар дээр ажилчдын орон сууцны зориулалтаар барилга барихдаа Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 155 дугаар тогтоолоор батлагдсан Зайсангийн гүүрний баруун хэсгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан барилгын давхар, барилга хоорондын зайн хэмжээнд эрх бүхий этгээдээс өөрчлөлт оруулаагүй атал 285 айлын орон сууцыг 225 болгон барилгын төсөлд өөрчлөлт оруулан, 16 давхар барилга барьж ашиглалтад оруулсан гэж хийсэн дүгнэлт ойлгомжгүй болсныг давж заалдах шатны шүүхээс тодруулах боломжтой гэж дүгнэлээ.

5.1.а. Уг төлөвлөгөөнд барилга хоорондын зай 23 метр байхаар заасныг хариуцагч тал зөрчиж нэхэмжлэгч нарын оршин суугаа барилгаас 14.85 метрийн зайтай барилгаа барьсан, хариуцагч тал уг зөрчлийг арилгаагүй. Энэ талаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч Д.Цэвэлмаа, Ш.Цэдэнпүрэв нарын гаргасан дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар бодитой, үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэнэ. /1хх 7-48 дахь тал/

Эдийн засгийн шинжээч-аудитор Ё.Баярмаагийн 2022 онд гаргасан дүгнэлтийн 3.5 дахь хэсгийн 2-т Барилга, хот байгуулалтын эрсдэлийн чанарын удирдлагын заавал мөрдөх 16 давхар 2 дугаар ангилалыг орон сууц барилгын тууш урт талууд хоорондын норматив 62 метрийн зайн хэмжээ-тэй байх стандартыг Хан-Уул дүүргийн одоогийн 19 дүгээр хороо /2003 оны байдлаар 1 дүгээр, 2012 оны байдлаар 15 дугаар хороо/ Ээрмэлийн үйлдвэрийн зүүн урд талд Үйлдвэрийн 17040-Зайсангийн гудамжид орших Sky Tower цамхаг гэх орон сууцны 30 дугаар байртай орон сууцны барилгын тууш урт талууд хоорондын зайг 14 метр 85 см хэмжээтэй ойртуулж зөрчсөн гэж дүгнэснээр давхар тогтоогдож байна.

Иймд барилга хоорондын зай баримтлаагүй нь Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5-д заасан холбогдох байгууллагаар хянагдаж баталгаажсан төв, суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад тэдгээрийг зөрчих, зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөх-ийг хориглосон хэм хэмжээг зөрчсөн байна.

5.1.б. Харин шинжээч Д.Цэвэлмаа, Ш.Цэдэнпүрэв нарын гаргасан дүгнэлтээс ... хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь бүхэлдээ 2-5 давхар байсныг 15-16 давхар барилгууд барихаар нэмэгдүүлж өөрчилсөн гэх хэсэгт дурдсан үйл баримт нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг өөрчилсөн баримт байхгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй байна.

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч, эрүүл ахуйч, их эмч Б.Баясгалан, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ нарын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд Байгалийн гэрэл халхлагдах болсон шалтгаан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 155 тоот тогтоолоор батлагдсан Зайсангийн гүүрний баруун хэсгийн хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу НБХБТГ-ын 5 давхар орон сууцны барилга болох 2-3 давхар таун хаус барихаар төлөвлөгдсөнийг зөрчиж 16 давхар барилга барьсан байна гэж дүгнэснээс ...Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 155 тоот тогтоолоор батлагдсан Зайсангийн гүүрний баруун хэсгийн хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу НБХБТГ-ын 5 давхар орон сууцны барилга болох 2-3 давхар таунхаус барихаар төлөвлөгдсөнийг зөрчиж 16 давхар барилга барьсан байна гэснийг хүлээж авах үндэслэлгүй. Учир нь шинжээчид нь мэргэжлийн хувьд эрүүл ахуйч, их эмч, эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан байх бөгөөд тэдний мэргэжлийн үйл ажиллагаанд хариуцагч нараас барилга барихдаа эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн эсэх асуудал хамаарахгүй юм. Харин уг дүгнэлтээс Байгалийн гэрэл халхлагдах болсон шалтгаан нь ...16 давхар барилга барьсан байгаа-тай холбоотой хэсгийг хүлээн авах боломжтой. /2хх 180-186 дахь тал/

5.1.в. Иймд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 155 дугаар тогтоолоор батлагдсан Зайсангийн гүүрний баруун хэсгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд зааснаар хариуцагч талын барьсан барилга нь 5 давхраас хэтрэх ёсгүй байжээ.

5.2. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5-д заасан холбогдох байгууллагаар хянагдаж баталгаажсан төв, суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад тэдгээрийг зөрчих, зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөх-ийг хориглосон хэм хэмжээг зөрчиж барилга барьсан буруутай байна.

5.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Гантогоо, Ж.Цагаан, Б.Нямхүү нарт тус бүрт нь учирсан хохирлыг 28,177,978 төгрөгөөр тодорхойлсныг буруутгах боломжгүй байна. Учир нь:

5.3.а. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч, эрүүл ахуйч, их эмч Б.Баясгалан, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ нарын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд Sky Tower орон сууцны барилгын 9 давхрын 17 тоот, 6 давхрын 11 тоот, 2 давхрын 3 тоотод өглөө хийсэн хэмжилтээр, 9 давхрын 17 тоот, 6 давхрын 11 тоот, 2 давхрын 3 тоотод орой хийсэн хэмжилтээр байгалийн гэрэлтүүлгийн коэффициент Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-д заасан шаардлагыг хангахгүй байна. Мөн харьцуулах зорилгоор хийсэн өглөөний хэмжилтээр Twin Park орон сууцны 7 давхрын айлын байгалийн гэрэлтүүлгийн коэффициентээс 24-50 дахин бага гарсан. гэсэн бол Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн шинжээч Б.Энхболдын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтэд Twin Park орон сууцны байгалийн нарны тусгалын хэмжээнээс Sky Tower орон сууцны байгалийн нарны тусгалын хэмжээ өглөө 36,29 ... дахин бага буюу 2,76%, өдөр 8,66 ... дахин бага буюу 11,55%, дунджаар 7,15 % байна. Харин барилгын гадна нарны тусгалын хэмжээнээс Twin Park орон сууцны байгалийн нарны тусгалын хэмжээ өглөө 25,36%, өдөр 14,74% буюу дунджаар 20,07% байна. гэж дүгнэснийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Харин уг дүгнэлтэд маргаан бүхий орон сууцны давхар бүрт хийсэн нарны тусгалын хэмжээг барилгын гадна нарны тусгалын хэмжээтэй харьцуулсан хэсгийг Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10 дүрмээр орон сууцны өрөө тасалгаа, дотор орон зайн байгалийн гэрэлтүүлгийн хэмжээний доод хязгаарыг 0,9% байдаг стандартын хэмжээнд байгаа талаарх дүгнэлт хийхдээ хэмжилтийн үр дүнд хэмжилт хийсэн цаг, хэмжилтийн багаж зэрэг хүчин зүйл нөлөөлснөөс алдаатай дүгнэлт гарсан байх магадлалтайг дурджээ. Иймд дээр дурдсан стандарттай харьцуулах замаар маргаан бүхий орон сууцны байгалийн гэрэлтүүлгийн дундаж хэмжээг тодорхойлсон хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй болно.

Энэ дүгнэлтэд орон сууцны үзэгдэх орчин халхлагдсан, нарны тусгал буурсан зэргийг тодорхойлох уг ажил нь манай оронд урьд өмнө хийгдэж байгаагүй, анхдагч оролдлого ... байсан талаар дурдаж 2017 оны 06 дугаар сард хийгдсэн Дэвид Флеминг, Артур Гримес, Лаурент Лебретон, Дэвид С Мари, Петер Наннс нарын нарны тусгалын үнэлгээ судалгааны үр дүн жилийн дунджаас илүү гарсан өдрийн нарны тусгалын цаг тутамд тухайн орон сууцны үнэ цэнийг 2,4 хувиар нэмэгдүүлдэг гэдгийг үндэслэн маргаан бүхий 4 орон сууцны үнэ цэнийн бууралтыг тус бүрт нь 28,177,978 төгрөг, нийт 112,711,914 төгрөгөөр тодорхойлсныг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэх боломжтой тул анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосныг буруутгахгүй юм.

5.3.б. Анхан шатны шүүх эдийн засгийн шинжээч-аудитор Ё.Баярмаагийн гаргасан дүгнэлтээр маргаан бүхий орон сууцны үнэ 1 м.кв тутамд 700,000 төгрөгөөр буурсан гэх нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй бөгөөд уг баримтыг үнэлээгүй гэх агуулгаар зохигч давж заалдах гомдол гаргаагүй.

5.3.в. Анхан шатны шүүх маргаан бүхий орон сууцны үнэ цэнэ буурсан талаар дүгнэж, нэхэмжлэлийг хангасан бөгөөд харин тэдгээр оршин суугчдын амьдрах орчны чанар дордсон гэх талаар дүгнэлт хийж мөнгөн хөрөнгө гаргуулахаар шийдвэр гаргаагүй байна. Түүнчлэн орон сууцны үнэ цэнэ буурсан байдалд тухайн орон сууцыг ямар үнээр худалдаж авсан нь хамааралгүй юм. Мөн анхан шатны шүүх бусад ижил төстэй орон сууцыг худалдах үнэтэй харьцуулах замаар маргаан бүхий орон сууцны үнэ цэнийг тодорхойлоогүй. Иймд хариуцагч талаас энэ агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж дүгнэнэ.

5.4. Хариуцагч Мандах инвест ХХК-ийг барилгын ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгчийн хувьд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулаагүй гэж дүгнэж холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

5.5. Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас 84,533,934 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Гантогоод 28,177,978 төгрөг, Ж.Цагаанд 28,177,978 төгрөг, Б.Нямхүүд 28,177,978 төгрөгийг олгох шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлтийг дараах үндэслэлээр оруулна.

5.5.а. Иргэний хуулийн 134, 135 дугаар зүйлүүдэд хөршийн эрхийн талаар зохицуулсан. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн агуулгаас дүгнэвэл хөршийн нөлөөлөл ноцтой гэх үндэслэлээр нөхөн төлбөр авахаар шаардаагүй байна. Түүнээс гадна Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь хөрш буюу нэхэмжлэгч нарын эрхийг зөрчиж буй 16 давхар барилгын өмчлөгч нар болох юм. Харин нэхэмжлэгч нар уг барилгыг барьж ашиглалтад оруулсан эрх бүхий этгээд болох Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрыг хариуцагчаар тодорхойлж, нөхөн төлбөр бус хохирол шаардсан байна. Иймд энэ маргаанд Иргэний хуулийн хөршийн эрхийн зохицуулалт хамааралгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 134, 135 дугаар зүйлийн холбогдох хэсгийг дүгнэж, тогтоох хэсэг баримталсныг хууль хэрэглээний алдаа гаргасан гэж дүгнэх бөгөөд уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулсан болно.

6. Нэхэмжлэгч Л.Отгонбаяр нь мөн хариуцагч нарт холбогдуулан нөхөн төлбөрт 200,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхгүй оролцсон, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг зөв явуулж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хууль хэрэглээний алдаа гарсныг мөн залруулна. Учир нь нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нөхөн төлбөрөөр тодорхойлсон боловч үндэслэлийг нь хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэж заажээ. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар түүний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулав.

7. Анхан шатны шүүх Хохирол үнэлгээний институтэд шинжээчийн зардалд 42,700,000 төгрөгийг зохигчоос хувь тэнцүүлэн гаргасныг алдаатай гэж давж заалдах шатны шүүхээс залруулав.

7.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг шүүхийн зардал гэнэ гэж заасан ба уг зардалд мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлс орох юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2- т зааснаар шинжээчийн ажлын хөлсийг шүүхээс төлсөн хэмжээгээр нөхөн төлүүлэх учиртай.

Хэдийгээр мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр заасан боловч бодитоор хэрэгжих боломжгүй буюу анхан шатны шүүхийн Тамгын газрын төсөвт шинжээчийн зардал зохих хэмжээнд байхгүйгээс шинжээчид зардал авалгүйгээр дүгнэлтээ гаргаж байгаа. Энэ нь шинжээч зардлаа үндэслэлгүйгээр тодорхойлох үндэслэл болохгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.2-т тус тус зааснаас дүгнэвэл шинжээчийн зардлыг шүүх төлөхдөө шинжээчийн зардал зохих хэмжээнд байгааг хянах боломжийг олгожээ. Харин Хохирол үнэлгээний институт шинжээчийн зардлын хэмжээг шүүх хянах боломж олгоогүйг дурдах нь зүйтэй. Хохирол үнэлгээний институтийн эдийн засгийн шинжээч-аудитор Ё.Баярмаагаас гаргасан гэм хорын хохирлын нэгдсэн тооцоо гэх баримтад шинжилгээний үргэлжилсэн хугацааг 3,416 цаг гэж бичсэн боловч хийсэн дүгнэлтэд хавсаргасан 3 хавтас 530 хуудас баримтын 505 хуудас баримт нь бусад холбогдох байгууллагаас гаргасан баримтууд байх бөгөөд шинжээчийн хувьд уг баримтыг өөрөө үйлдээгүй тул албан бичиг явуулах замаар цуглуулж авсан хугацааг бүхэлд нь шинжилгээ хийхэд зарцуулсан гэж дүгнэхэд учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл баримт цуглуулахтай холбоотой албан бичиг бичих, түүний хариу ирэх хугацааг шинжилгээ хийсэн бодит хугацаа гэж дүгнэхээргүй байна. 530 хуудас баримтад шинжилгээ хийхэд 3,416 цаг буюу ажлын 8 цагаар тооцоход 437 хоног /1 жил 2 сар/ зарцуулсан гэдэг нь эргэлзээтэйгээс гадна ийм хэмжээний ажил хийсэн гэх өөр бусад баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд 3,416 цагийн нэг цагийн ажлын хөлсийг 12,000 төгрөгөөр тооцож ирүүлсэн шинжээчийн ажлын хөлс эргэлзээтэй байх тул зохигчид энэ хэмжээгээр төлбөрийг хариуцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасан зайлшгүй зардалд тооцох боломжгүй.

Иймд Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын шинжээчид олгосон 2,510,000 төгрөгийн хэмжээгээр Хохирол үнэлгээний институтын шинжээчийн зардлыг шүүхээс тооцон тогтоож, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй. Харин Хохирол үнэлгээний институт нь баримтаа гаргаж бодит зардлын зөрүүг энэ хэргийн зохигч нараас шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

7.2. Шинжээчийн зардлыг хуваарилахад нэхэмжлэгч болон хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хуваавал хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас шинжээчийн ажлын хөлсний тал хувь буюу 1,255,000 төгрөг, нэхэмжлэгч Ж.Цагаан, С.Гантогоо, Б.Нямхүү нараас шинжээчийн ажлын хөлсний тал хувь буюу 1,255,000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүрээс 418,333 төгрөгийг гаргуулж Хохирол үнэлгээний институтэд олгох нь зүйтэй байна.

8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон шинжээчийн зардал хуваарилсан байдалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/00597 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 134 дүгээр зүйлийн 134.1, 135.2 гэснийг хасч, 497 дугаар зүйлийн 497.1 гэсний дараа 510 дугаар зүйлийн 510.1 гэж нэмж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 135.2 гэснийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 гэж,

Тогтоох хэсгийн 4 дэх заалтын нэхэмжлэгч С.Гантогоо, Ж.Цагаан, Б.Нямхүү, хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар тус бүрээс 10,675,000 төгрөгийг гаргуулан, нийт 42,700,000 төгрөгийг шинжээч Хохирол үнэлгээний институтэд тус тус олгосугай гэснийг нэхэмжлэгч Ж.Цагаанаас 418,333 төгрөг, С.Гантогоогоос 418,333 төгрөг, Б.Нямхүүгээс 418,333 төгрөг, хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас 1,255,000 төгрөгийг тус тус гаргуулан шинжээч Хохирол үнэлгээний институтэд тус тус олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ж.Цагаан, С.Гантогоо, Б.Нямхүү нараас төлсөн 557,250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ  

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Э.ЗОЛЗАЯА