Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 20

 

 

    Н.Л-, Э.Б- нарт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч Э.Б-, шүүгдэгч Н.Л-гийн өмгөөлөгч Э.Д-, хохирогчийн төлөөлөгч Д.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийнмагадлалтай, Н.Л-, Э.Б- нарт холбогдох ххх дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Л-гийн өмгөөлөгч Э.Д-гийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн тусгай удирдлагын мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ Завхан аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Э.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Завхан аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газарт мэргэжилтнээр ажиллаж байсан, одоо тодорхой эрхэлсэн ажилгүй, өмнө нь Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны   07 дугаар сарын 04-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан, Н.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Б-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан бүлэглэн төрийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Н.Л-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.2-т зааснаар шүүгдэгч Э.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Шүүгдэгч Н.Л-г 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн

хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Л-гийн өмгөөлөгч Э.Д- гаргасан гомдол болон хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа    ... Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр, магадлалд нөлөөлсөн гэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Шүүгдэгч Э.Б-, Н.Л- нар нь “Наранталст” ХХК нь 2 худаг гаргаагүйг мэдсээр байж, уг компанийн худаг гаргасан гэх баримтуудыг үндэслэн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 2 худгийг шинээр гаргасан далд ажлын актыг тус тус хуурамчаар үйлдэн гарын үсэг зурж, бусад гишүүдээр гарын үсэг зуруулан баталгаажуулснаар бусдад давуу байдал бий болгосон...” /шийтгэх тогтоолын 4-р тал, магадлалын 12-р тал/ гэж дүгнээд шүүгдэгч Н.Л-г албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна гээд 2015 оны Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Шүүх “Н.Л-, Э.Б- нарын гэмт хэрэг үйлдэж байсан цаг хугацаанд 2002 оны Эрүүгийн хуулийг мөрдөж байсан” гэж дүгнэсэн. Иймд Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын  3 дахь хэсэгт албан тушаалын байдлаа "урвуулан ашиглах” гэдгийг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар ойлгож хэрэглэнэ” гэж тайлбарласныг мөрдөх ёстой байв. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгоно гэж заасан байна. Гэтэл шүүх нь шүүгдэгч Н.Л-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн  1-д заасан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нь ганц ч баримтаар нотлогдоогүй буюу объектив талын шинж бүрдээгүй байхад зөвхөн бусдад давуу байдал бий болгосон гэж үндэслэлгүй дүгнэн түүнийг буруутгаж хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн болно. Мөн шүүх шүүгдэгч нарын ажлын байрны тодорхойлолтыг ч судалж үзээгүй, яг ямар хуулиар хүлээсэн албаны бүрэн эрхийг урвуулсан талаар дүгнэлт хийхгүйгээр Н.Л-г 2015 оны Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй юм. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд шүүгдэгч нарыг төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаа зөрчиж, төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг бүрэн эрхийг зөрчсөн гэсэн ерөнхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл Н.Л- нь гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд буюу 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын “Бэлчээр тэжээл, усан хангамж хариуцсан мэргэжилтнээр” Төрийн үйлчилгээний албан хаагчийн 7-1 ангиллын албан тушаалыг хашиж байсан байдаг. Төрийн жинхэнэ албан хаагч биш, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект нь “Нийтийн албан тушаалтан’’ байхыг шаарддаг, тусгай субъекттэй гэмт хэрэг юм. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар "Нийтийн албан тушаалтан гэдэгт Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаал хамаарна”, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1-д Нийтийн албан тушаалтан гэдэгт төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч тус тус хамаарахаар заасан байна. Засгийн газрын 2007 оны 354-р тогтоолын 7-р хавсралтын “Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалтны ангилал, зэрэглэл” гэх журамд зааснаар TY-9-c ТҮ-12 ангилал зэрэглэлийн албан тушаалыг Төрийн үйлчилгээний Удирдах албан тушаал, TY-7-c ТҮ-8 ангилал, зэрэглэлийн албан тушаалыг мэргэжлийн албан хаагч гэж ангилсан байна. Тэгэхээр 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Н.Л- нь Төрийн үйлчилгээний албан хаагчийн 7-1 ангиллын албан тушаал хашиж байсан тул 2015 оны Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект биш юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь шийдвэр магадлалдаа “...Монгол Улсын 2006 онд нэгдэн орсон НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид зааснаар “оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүмүүс, төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг албан тушаалаас нь үл хамааран “төрийн албан тушаалтан буюу нийтийн албан тушаалтан” гэж үзэж авлигын хэргийн субъектэд хамааруулсан тул шүүгдэгч Н.Л-г 2015 оны Эрүүгийн хуулийн 22 дугаар  зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектийн шинжийг хангана гэж үзнэ” гэж дүгнэсэн байдаг. Гэтэл “Авлигын эсрэг НҮБ-ын Конвенц”-ийн 2 дугаар зүйлд “Төрийн албан тушаалтан” гэж "... оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид “төрийн албан тушаалтан” гэж тодорхойлсон хүнийг тус тус хэлнэ. Харин энэхүү конвенцийн II бүлэгт заасан зарим тодорхой арга хэмжээний зорилгоор “төрийн албан тушаалтан” гэж оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсон бөгөөд тэрхүү оролцогч улсын хуулийн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу төрийн үйлчилгээ үзүүлдэг хүнийг хэлж болно ...” гэж заасан байна. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид “оролцогч улсуудын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсон албан тушаал хамаарна” гэж заасан байхад МУ-ын нэгдэн орсон Олон улсын гэрээг буруугаар тайлбарлан, төрийн үйлчилгээний албан тушаалтан нь Нийтийн албан тушаалтанд хамаарна гэж үзээд, Эрүүгийн хуулийн 22 дугаар  зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектийн шинжийг Н.Л- нь хангасан байна гэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илт дордуулсан байна. Ийнхүү Н.Л- нь 2015 оны Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан гэмт хэргийн субъект биш байхад түүнийг энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй юм. Мөн анхан шатны шүүх нь шүүгдэгч Э.Б- нь 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш 5 жилийн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдээгүй тул 2002 оны эрүүгийн хуулиар түүнийг эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байна гэж дүгнээд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Харин шүүгдэгч Н.Л-гийн тухайд 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш 2019 он 02 дугаар сарын 03-ны өдөр хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн этгээд эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай үйлдвэл хөөн хэлэлцэх хугацаа тасрах бөгөөд энэ тохиолдолд сүүлчийн хамгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тоолно” гэж заасан байх тул түүнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тасарсан гэсэн үндэслэлээр түүнд ял оногдуулсан. /шийтгэх тогтоолын 10-р тал/ Үүнийг давж заалдах шатны шүүх магадлалдаа “... анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн ...” гэж зөвтгөн дүгнэсэн. /магадлалын 12-р тал/ 2002 оны Эрүүгийн хуулийн 72.2-т гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ хуулийн 72.1-д заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай үйлдвэл хөөн хэлэлцэх хугацаа тасрах бөгөөд энэ тохиолдолд уг хугацааг сүүлчийн хамгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тоолно” гэж тусгажээ. Үүнийг Улсын дээд шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 20-р тогтоолын 4.1-д гэмт хэрэг үйлдсэн этгээд эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрөөгүй байхад шинээр гэмт хэрэг санаатай үйлдсэн бол хөөн хэлэлцэх хугацаа тасрах бөгөөд энэ тохиолдолд өмнөх хэргийн хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн хамгийн хүнд ялтай гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн шинээр тоолно” гэж тайлбарласан байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван cap хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн байдаг. Энэхүү гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван cap хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах" ялтай. Харин Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг нь “нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих” ялтай байна. Өөрөөр хэлбэл, Н.Л-гийн 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр үйлдсэн “хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах” гэмт хэрэг нь өмнө үйлдсэн гэх гэмт хэргээс хөнгөн ялтай байна. Гэтэл Улсын дээд шүүхийн тайлбарт “сүүлчийн хамгийн хүнд ялтай гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тасрана” гэж тусгасан. Тэгвэл Н.Л-гийн 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр үйлдсэн гэмт хэрэг нь сүүлчийн хамгийн хүнд ялтай гэмт хэрэг биш болж таарч байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь Н.Л-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Улсын дээд шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 20-р тогтоолын 4.1-дэх хэсгийг өөрөөр тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлгүй юм.Н.Л-гийн 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр үйлдсэн “хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах” гэмт хэрэг нь өмнөх 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр үйлдсэн гэх гэмт хэргээс хөнгөн ялтай байх тул шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсгийг хэрэглэхгүйгээр, хуулийг шүүгдэгчид ашигтай байдлаар хэрэглэн, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцэх байсан гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүх нь хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр, магадлалд нөлөөлсөн гэж үзэж байх тул Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар 26-ны өдрийн 2021/ДШМ/13 дугаартай магадлалын Н.Л-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

Хохирогчийн төлөөлөгч Д.Э- хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хууль болон Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбарыг зөв хэрэглэсэн. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Улсын дээд шүүх 2019 оны 407 дугаар тогтоолоороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн талаар хууль ёсны тайлбар хийсэн. Уг тогтоолд “... төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан ажиллах, сахилгыг зөрчсөн бол ...” гэж тодорхойлсон байгаа. Шүүгдэгч Н.Л- нь нийт малчдын эрх ашиг буюу мал болон өөрсдөө ундаалах усан хангамжийг нэмэгдүүлэх, хариуцах, хамгаалах чиг үүргээ ноцтой зөрчсөн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч Э.Б-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  1.8 дугаар зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, шүүгдэгч Н.Л-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч тус бүрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна. Харин анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар иргэний хариуцагч “Наран талст” ХХК-иас 34.740.000 төгрөгийг гаргуулж, Хүнс Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яаманд олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас улсад хохирол учирсан байхад иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэх нь үндэслэлгүй. Иймд тогтоол, магадлалд шүүгдэгч тус бүрээс 17.370.000 төгрөгийг гаргуулж, Хүнс Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яаманд олгохоор өөрчлөлт оруулах нь зүйтэй. “Наран талст” ХХК болон Хүнс Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны хооронд байгуулагдсан гэрээний үүрэг нь тусдаа асуудал байжээ. Шүүгдэгч нар нь албан тушаалын байдлаа ашиглан хуурамч бичиг баримт үйлдэж, Хүнс Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүлсэн. Мөн анхан болон давж заалдах шатны шүүх тухайн хэргийн субъектийн талаар маш тодорхой хууль зүйн дүгнэлт хийсэн. Шүүгдэгч Н.Л-гийн тухайд эхний гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн учир гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тасарсан талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгч Н.Л-гийн өмгөөлөгч Э.Д-гийн гаргасан гомдлыг үндэслэн Н.Л-, Э.Б- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  40.5 дугаар зүйлд заасны дагуу хоёр шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзээд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах боломжгүй байх бөгөөд гомдлын үндэслэл хэрхэн үгүйсгэгдэж байгааг дараах байдлаар тодотгон тайлбарлах нь зүйтэй байна.

 

2.1. үүгдэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Н.Л- нь Төрийн үйлчилгээний албан хаагчийн 7-1 ангиллын албан тушаал хашиж байсан тул 2015 оны Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект биш” гэжээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцэд нийцүүлэн Монгол Улсын Их хурлаас 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баталсан Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4 “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2“хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно, мөн хуулийн 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан буюу хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд өөрөөр хэлбэл, гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байна.   

Хэрэгт авагдсан баримт буюу Завхан аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/05 дугаар тушаалаас үзэхэд Н.Л- нь 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газарт “Бэлчээр, тэжээл, усан хангамж хариуцсан мэргэжилтний албан тушаал”-д ажиллаж байсан болох нь тогтоогдсон ба тус албан тушаал Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолын хавсралт 1-д заасан Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийн “Дэс түшмэл”, “ТЗ-5-4”-т хамаарч байна. Өөрөөр хэлбэл, Н.Л- нь Завхан аймгийн ажлын хэсгийн Инженерийн хийцтэй худаг, уст цэгийг сэргээн засварлаж, шинээр гаргаж хүлээлгэн өгсөн тухай №2 акт, Инженерийн хийцтэй худаг, уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргасан далд ажлын тухай №3 актад  гарын үсэг зурж баталгаажуулах үедээ төрийн захиргааны албан хаагч буюу нийтийн албан тушаалтан байжээ. 

Харин Завхан аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Э.Б-ын 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/05 дугаар тушаалын хавсралтад Н.Л-гийн эрхэлж байсан албан тушаалын ангиллыг ТҮ-8-1 гэж тухайн үед үйлчилж байсан Засгийн газрын тогтоолын хавсралтад зааснаас өөр, хамааралгүй албан тушаалын ангилалд хамруулан бичсэн байгааг дурдах нь зүйтэй.

Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагддаг билээ.

Иймд Монгол Улсын 2006 он нэгдэн орсон Авлигын эсрэг НҮБ-ын Конвенц, Монгол Улсын төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон Төрийн албаны тухай хуульд зааснаар шүүгдэгч Л.Л- нь  “төрийн албан тушаалтан”-ны ангилал, зэрэглэлд хамаарч байгаа талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Н.Л- нь 2015 оны Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект биш” гэх агуулга бүхий гомдол үндэслэлгүй байна.     

2.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч гомдолдоо “... Н.Л-гийн 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр үйлдсэн “хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах” гэмт хэрэг нь өмнөх 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр үйлдсэн гэх гэмт хэргээс хөнгөн ялтай байх тул шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсгийг хэрэглэхгүйгээр, хуулийг шүүгдэгчид ашигтай байдлаар хэрэглэн, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцэх байсан” гэжээ.

Гэмт буруутай этгээд хуульд заасан хугацааны дотор шинээр гэмт хэрэг үйлдээгүй тохиолдолд ялаас чөлөөлөх боломжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацаа хэмээн хуульчилжээ.  

Эрүүгийн хариуцлагад татах хугацаа дуусаагүй байхад гэмт хэрэг санаатай үйлдвэл хөөн хэлэлцэх хугацаа тасрах бөгөөд шинээр гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлагад татах хугацаа тасарсан бол өмнө үйлдсэн гэмт хэргийн хувьд тоологдож байсан хугацаа хүчингүй болж, тэр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа шинээр үйлдсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхэлсэн үеэс хамт тоологдоно.

Шүүгдэгч Н.Л-гийн өмнөх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх үе буюу 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр санаатай гэмт хэрэг үйлдсэн учир 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар өмнөх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа ийнхүү тасарч, сүүлчийн гэмт хэрэг төгссөн үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа шинээр тоологдож эхэлжээ.

Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байх тул  шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “... хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэх агуулгатай гомдлыг хүлээн авах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

3. Шүүгдэгч Н.Л-, Э.Б- нар нь бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн Завханмандал сумын Сэгсийн баруун үзүүр, Бор бэлчирийн шийр гэх газарт 2 инженерийн хийцтэй худаг шинээр гаргасныг хүлээн авсан гэх агуулгатай №2, №3 дугаартай актуудад өөрсдөө болон холбогдох албан тушаалтнуудаар гарын үсэг зуруулж, тус сумын засаг дарга Д.Б-р  2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01/176 дугаартай “Тус сумын Багахайрханы отрын бүс нутаг болох Сэгсийн үзүүр, Бор бэлчирийн шийр гэдэг газруудад инженерийн хийцтэй гүн өрмийн худгийг “Наран талст” ХХК нь гарган хүлээлгэж өгсөн болно” гэсэн хуурамч тодорхойлолтыг гаргуулан өгснөөр “Наран талст” ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр шинээр худаг гаргасны гүйцэтгэлийн төлбөр болох 34.740.000 төгрөг шилжин орж “Наран талст” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

4. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, шүүгдэгч Э.Б-ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, шүүгдэгч Н.Л-гийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, шүүгдэгч Э.Б-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Харин шүүгдэгч Н.Л-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

5. Түүнчлэн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

6. Иймд шүүгдэгч Э.Б-, Н.Л- нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг няцааж үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй, анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нотлох баримтуудын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Л-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох талаар  өмгөөлөгч Э.Д-гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

7. Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлал нь үг, үсгийн алдаатай болон Олон улсын Конвенцийн (зүй нь Авлигын эсрэг НҮБ-ын Конвенц гэх) нэрийг зөв бичиж байхыг анхааруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Д-гийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

 

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                        С.БАТДЭЛГЭР

 

                                                                         Ч.ХОСБАЯР

 

                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН