Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 00524

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

           Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2 дугаар 48 айлын орон сууцны 15 тоотод оршин суух, 1972 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОВ72122417, Уран овогтой Баастын Хадбаатарын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багт байрлах, улсын бүртгэлийн 1570001060, регистрийн 9064893 дугаартай, Улаангом политехник коллежид холбогдох,

         Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Хадбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, хариуцагчийн төлөөлөгч Д.Баттогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Б.Хадбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2009 оны 3 дугаар сард Увс аймгийн Улаангом политехник коллежийн Цахилгаан хэрэгслийн засварын багшаар ажилд орж, ажиллаж байгаад 2013 оны 6 дугаар сараас дэвшин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнаар тасралтгүй 7 жил ажилласан. Ажиллаж байх хугацаандаа гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ цаг тухайд нь сайн биелүүлж байсан бөгөөд сахилгын зөрчил гаргаж, шийтгүүлж байгаагүй болно. Сургуулийн захирал Д.Баттогтохоос албан ёсоор чөлөө аваад 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 26-ны өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хот руу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан бэлтгэх сургалтад суусан хүмүүсийн гэрчилгээ авах, мөн сургалтын үйл ажиллагаа явуулах хугацааг сунгуулах ажлаар явж байгаад иртэл захирал Д.Баттогтох нь ажил тасалсан гэж намайг ажлаас халсан байна. Ингэж ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэсэн байна. Гэтэл би сахилгын зөрчил давтан гаргаагүй бөгөөд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргаагүй болно. Түүнчлэн тус сургуулийн захиргаа надтай үр дүнгийн гэрээ байгуулсан атлаа Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна. … Би 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос гарсан. 25-ны өдөр бие өвдөөд байсан тул эмчид үзүүлэн гэртээ эмчилгээ хийлгэсэн. Ингээд 5 дугаар сарын 27-ны өглөө 11 цагийн үед ажилдаа очсон боловч намайг бүртгэх ямар нэгэн ажилтан, жижүүр байгаагүй. Ингээд 5 дугаар сарын 30-ны өдөр ажилдаа ирсэн. Тэр өдөр мөн л ямар нэгэн жижүүртэй би тааралдаагүй ба ажлын өрөөндөө ороод ажлаа хийсэн. Уул нь би захирлаас 2016 оны 5 дугаар сарын 17-ноос 25-ны өдрийг дуустал буюу ажлын 7 хоногийн чөлөө хүсч, өргөдлөө гаргаад Улаанбаатар хот руу явсан. Энэ хугацаанд намайг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан сургалтад суусан 9 хүний сертификатыг “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа мэдээллийн үндэсний төв”-өөс авч ирэх даалгавар өгч явуулсан. Тэгээд үүнийг нотлохоор Д.Баттогтохын хийж өгсөн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1/88 тоот албан бичиг, тухайн 9 хүний 2-ынх нь сертификатыг нотлох баримтаар өгч байна. Иймд Улаангом политехник коллежийн захирал Д.Баттогтохын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгож, Б.Хадбаатар намайг тус коллежийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтаны ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.   

            Хариуцагч Увс аймгийн Улаангом политехник коллежийн захирал Д.Баттогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Б.Хадбаатар 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот руу Хөдөө аж ахуйн их сургуулийн “Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх” сэдэвт сургалтанд сууна хэмээн албан бичиг барьж ирсэн бөгөөд би тухайн баримттай танилцаад “Таныг уг сургалтад суулгах боломжгүй” гэсэн хариу өгсөн. Тэгтэл “Улаанбаатар хотод байгаа хүүхдээ эргэнгээ сургалтад суугаад ирмээр байна” гэхээр нь түүний бичгээр гаргасан өргөдлийн дагуу хүсэлтэд цохолт хийж, 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд чөлөө олгохыг зөвшөөрсөн. Хөдөө аж ахуйн сургуулиас манай байгууллагын нэр дээр хаяглаж, Б.Хадбаатарыг сургалтад хамруулна уу гэсэн албан бичиг албан ёсоор манай сургуульд ирээгүй, сургуулийн бичиг баримтад бүртгэгдээгүй байсан. Б.Хадбаатар нэхэмжлэлдээ “5 дугаар сарын 19-ний өдрөөс 26-ны өдөр хүртэл чөлөө авч явсан” гэж худал бичсэн байна. Гэтэл Увс аймгийн Автотээврийн төвөөс авсан лавлагаанд дурдсанаар тэрээр 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаангомоос Улаанбаатар руу явсан, мөн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос Улаангом чиглэлд зорчсон гэдэг нь тогтоогдсон. Ингээд 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Улаангом суманд ирсэн бөгөөд түүнтэй хамт явсан манай байгууллагын ажилтан хүртэл үүнийг нотлох юм. Гэтэл 2016 оны 5 дугаар сарын 25, 26, 27, 30-ны өдрүүдэд ажлын цагийг ямар нэгэн шалтгаангүй тасалсан. Энэ нь манай цагийн бүртгэлийн баримтаар тогтоогдож байгаа. Ер нь Б.Хадбаатар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлаа тасалдаг бөгөөд энэ нь олон удаа давтагдаж байгаа. Жишээ нь, 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр орон нутгийн цагаар 15.00 цагт Монгол улс даяар “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-ыг хэрэгжүүлэх жигдрэлтийн дадлага сургалт зохион байгуулагдсан ба уг сургалтыг манай сургууль дээр Б.Хадбаатар багшийн удирдлага дор зохион байгуулах байсан боловч шалтгаангүй ажил тасалж, уг ажлыг өөр бүрэлдэхүүн удирдан хийж байсан. Тухайн үед Б.Хадбаатар нийт 6 өдрийн ажлыг тасалж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдаг. Сургуулийн захиргаанаас түүнд сахилгын арга хэмжээ авах гэтэл эмнэлгийн бичиг авч ирсэн тул ямар нэгэн арга хэмжээ авахгүй өнгөрүүлсэн. Иймд миний бие хуулийн үндэслэлтэй, нотолгоо баримттай түүнийг ажлаас чөлөөлсөн ба хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Б.Хадбаатар нь хариуцагч Увс аймгийн Улаангом политехник коллежид холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

     Хариуцагч Увс аймгийн Улаангом политехник коллежийн захирал Д.Баттогтох “Нэхэмжлэгч нь шалтгаангүйгээр ажил тасалсан бөгөөд хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.

         Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Увс аймгийн Улаангом политехник коллежийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан Б.Хадбаатарыг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/09 тоот захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3 дахь заалт, Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.14 дэх хэсгийн 3 дахь заалт, Ажил олгогч, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийг тус тус үндэслэсэн ажлаас чөлөөлжээ.  

           Нэхэмжлэгч нь хэдгийгээр “Ажлын 7 хоногийн буюу 2016 оны 5 дугаар сарын 17-ноос 25-ны өдрийг дуустал хугацаанд чөлөө авч явсан, мөн Улаанбаатарт захирлын даалгасан ажлыг хийж гүйцэтгэсэн” гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч хэрэгт авагдсан Автотээврийн үндэсний төвийн тодорхойлолтоос үзэхэд Б.Хадбаатар нь 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаангом сумаас Улаанбаатар хот руу, 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос Улаангом сум руу зорчсон болох нь тогтоогдож байгаа бөгөөд тэрээр 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд ажилдаа очоогүй болохоо тайлбартаа дурдаж, “Эмнэлэгт үзүүлсэн” гэж тайлбарлаж байна.

     Гэтэл Б.Хадбаатарын эмнэлэгт үзүүлсэн шалтгааныг тодруулахаар түүний “Амбулаториор эмчлүүлэгсдийн карт”-ын хуулбарыг үзэхэд 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр зөвхөн сэтгэцийн кабинетэд үзүүлэн эм, тариа бичүүлэн авчээ.

          Өөрөөр хэлбэл, Б.Хадбаатар нь захирлын даалгасан ажлыг түүнд чөлөө олгосон 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэн Улаанбаатар хотоос Улаангом суманд ирсэн байх ба ажлаа хийж гүйцэтгэх боломжгүй байсан гэх хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

          Түүнчлэн тэрээр 2016 оны 5 дугаар сарын 25, 26, 27-ны өдрүүдэд ажлаа хийж гүйцэтгэх бүрэн боломжтой байсан ба тухайн өдрүүдэд шалтгаангүйгээр ажил тасалсан болох нь дээр дурдсан зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Ажил олгогч Увс аймгийн Улаангом политехник коллеж, ажилтан Б.Хадбаатар нарын хооронд 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 5 дугаар зүйлд “... Дараалан ажлын 2 өдөр, түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан бол ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлана” гэж, Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.14.2-ын 3 дахь хэсэгт “Ажилтан хичээлийн жилийн нэг улиралд ажлын 3 өдөр буюу нийлбэрээрээ 24 цагийн ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлана” гэж тус тус заасан байх ба уг заалтуудыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлана” гэснийг баримтлан Б.Хадбаатарыг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

           Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан “Увс аймгийн Улаангом политехник коллежийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтаны ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэгч Б.Хадбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Хадбаатар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно. 

           Хариуцагчийн гаргаж ирүүлсэн Б.Хадбаатарын чөлөө хүссэн өргөдөл, тухайн өргөдөлд цохолт хийсэн баримт, 2016 оны 3 болон 5 дугаар сарын цагийн бүртгэлийн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй, мөн Улаангом политехник коллежийн захирлын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/13 тоот тушаал, уг тушаалын хавсралт, Увс аймгийн Онцгой байдлын газрын 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 34/40 тоот албан бичиг зэрэг нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй тул тэдгээрийг нотлох баримтаар тус тус үнэлээгүй болохыг дурдав.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан “Увс аймгийн Улаангом политехник коллежийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтаны ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэгч Б.Хадбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

             2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Хадбаатар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА