Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2016/01444

 

Б.Хадбаатарын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 524 дүгээр шийдвэртэй,

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч :  Б.Хадбаатар,

Хариуцагч :  Увс аймгийн Улаангом политехник коллеж,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох тухай,

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Сургуулийн захирлаас албан ёсоор чөлөө аваад 2016.5.19-ний өдрөөс 26-ны өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хот руу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан бэлтгэх сургалтад суусан хүмүүсийн гэрчилгээ авах, мөн сургалтын үйл ажиллагаа явуулах хугацааг сунгуулах ажлаар явж байгаад иртэл  “ажил тасалсан” гэж намайг ажлаас халсан байна. Сахилгын зөрчил давтан гаргаагүй бөгөөд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргаагүй болно. Түүнчлэн тус сургуулийн захиргаа надтай үр дүнгийн гэрээ байгуулсан атлаа Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Би 2016.5.23-ны өдөр Улаанбаатар хотоос гарсан. 25-ны өдөр бие өвдөөд байсан тул эмчид үзүүлэн гэртээ эмчилгээ хийлгэсэн. Би 2016.5.17-ноос 25-ны өдрийг дуустал буюу ажлын 7 хоногийн чөлөө хүсч, өргөдлөө гаргаад Улаанбаатар хот руу явсан. Иймд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Хадбаатар 2016.5.17-ны өдөр Улаанбаатар хот руу Хөдөө аж ахуйн их сургуулийн Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх сэдэвт сургалтанд сууна хэмээн албан бичиг барьж ирсэн бөгөөд би тухайн баримттай танилцаад таныг уг сургалтад суулгах боломжгүй гэсэн хариу өгсөн. Тэгтэл Улаанбаатар хотод байгаа хүүхдээ эргэнгээ сургалтад суугаад ирмээр байна гэхээр нь түүний бичгээр гаргасан өргөдлийн дагуу хүсэлтэд цохолт хийж, 2016.5.24-ний өдрийг хүртэл хугацаанд чөлөө олгохыг зөвшөөрсөн. Хөдөө аж ахуйн сургуулиас манай байгууллагын нэр дээр хаяглаж, Б.Хадбаатарыг сургалтад хамруулна уу гэсэн албан бичиг албан ёсоор манай сургуульд ирээгүй, сургуулийн бичиг баримтад бүртгэгдээгүй байсан. Б.Хадбаатар нэхэмжлэлдээ 5 дугаар сарын 19-ний өдрөөс 26-ны өдөр хүртэл чөлөө авч явсан гэж худал бичсэн байна. Гэтэл Увс аймгийн Автотээврийн төвөөс авсан лавлагаанд дурдсанаар тэрээр 2016.5.17-ны өдөр Улаангомоос Улаанбаатар руу явсан, мөн 2016.5.23-ны өдөр Улаанбаатар хотоос Улаангом чиглэлд зорчсон гэдэг нь тогтоогдсон. Ингээд 2016.5.24-ний өдөр Улаангом суманд ирсэн бөгөөд түүнтэй хамт явсан манай байгууллагын ажилтан хүртэл үүнийг нотлох юм. Гэтэл 2016 оны 5 дугаар сарын 25-30-ны өдрүүдэд ажлын цагийг ямар нэгэн шалтгаангүй тасалсан. Энэ нь манай цагийн бүртгэлийн баримтаар тогтоогдож байгаа. Ер нь Б.Хадбаатар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлаа тасалдаг бөгөөд энэ нь олон удаа давтагдаж байгаа. Жишээ нь, 2016.3.24-ний өдөр орон нутгийн цагаар 15.00 цагт Монгол улс даяар Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журмыг хэрэгжүүлэх жигдрэлтийн дадлага сургалт зохион байгуулагдсан ба уг сургалтыг манай сургууль дээр Б.Хадбаатар багшийн удирдлага дор зохион байгуулах байсан боловч шалтгаангүй ажил тасалж, уг ажлыг өөр бүрэлдэхүүн удирдан хийж байсан. Тухайн үед Б.Хадбаатар нийт 6 өдрийн ажлыг тасалж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдаг. Сургуулийн захиргаанаас түүнд сахилгын арга хэмжээ авах гэтэл эмнэлгийн бичиг авч ирсэн тул ямар нэгэн арга хэмжээ авахгүй өнгөрүүлсэн гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 524 дугаартай шийдвэр гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б.Хадбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.  

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Б.Хадбаатарыг Увс аймгийн Улаангом Политехник коллежийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтны үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурдаж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Б.Хадбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон мэдүүлэгтэй удаа дараа санаатай худал мэдүүлсэн. Жишээ нь: нэхэмжлэлдээ 19-нд УБ хот явсан гэснээ шүүх хурал дээр 18-нд явсан гэсэн. Гэтэл аймгийн Авто тээврийн газрын лавлагаагаар энэ хүн 17-нд УБ хот явсан 24-нд ирсэн болох нь тогтоогддог. Мөн надтай үр дүнгийн гэрээ хийсэн тул хөдөлмөрийн гэрээ үйлчлэхгүй Хөдөлмөрийн тухай хуулиар намайг халсан нь үндэслэлгүй гэж байгаа нь энэ хүн өөрөө 2012.10.26-ны өдрийн ТАТЗ-ийн тогтоолыг мэдэхгүй байгаа нь тодорхой бөгөөд ажил тасалсан 26, 27-ны өдрүүдэдээ эмнэлэгт үзүүлсэн гэх боловч үүнийгээ нотолж чадаагүй анхан шатны шүүх энэ бүхнийг үнэлж зөв шийдвэр гаргасан. Б.Хадбаатар нь давж заалдсан гомдолдоо" Намайг Хөдөлмөрийн гэрээг үндэслэн ажлаас халсан нь үндэслэлгүй яагаад гэвэл би үр дүнгийн гэрээ байгуулсан бөгөөд энэ цагаас эхэлж урьд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ хүчингүй, мөн байгууллагын дотоод журмыг над танилцуулаагүй" гэж үндэслэлээ тайлбарласан. Шүүх 11 дугаартай магадлалдаа "ажил олгогч Улаангом политехник коллеж нь ажилтан Б.Хадбаатарт календарийн 7 хоногоор буюу 2016.5.18-ны өдрөөс 2016.5.24-ний өдрийг дуусталх хугацаанд чөлөө олгосон гэж, харин Б.Хадбаатар нь цалинтай 7 хоногийн чөлөө хүссэн буюу ажлын 7 хоногийн чөлөө авсан гэж ойлгож 2016.5.30-нд ажилдаа очсон гэж маргажээ гээд ажил олгогч нь хэдэн өдрийн чөлөө олгосоноо, ажилтанд хэзээ ажилд орох талаар мэдэгдсэнээ нотолж чадахгүй байна гээд 1 өдрийн ажил тасалсан байна гээд Б.Хадбаатарыг эргүүлэн томилох шийдвэр гаргажээ. 1. Нотлох баримтаар гаргаж өгсөн Улаангом политехник коллежийн Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө, дүрэм журмууд номын 41-х хуудаст байгаа Хөдөлмөрийн дотоод журмын 9 дэх хэсэг "Багш, ажилтанд чөлөө, тэтгэмж, тусламж, нөхөн олговор олгох" гэсэн дэд бүлгийн 9.1.1-д "Захирал, дэд захирал нь тухайн ажилтны өргөдөлд үндэслэн албаны даргаар дамжуулан ажлын 5 өдрийн... чөлөө олгоно" гэж заасан байна. Мөн энэ журмын 9.4-д Ажилтан эмнэлгийн чөлөө авсан тохиолдолд тухайн өдрөө үндсэн нэгжийн удирдлагад мэдэгдэх үүрэгтэй, 9.6-д Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөний хугацааг сунгах тохиолдолд чөлөө дуусахаас өмнө мэдэгдэн шийдвэрлүүлнэ гэж заасан байна үүнээс хархад захирал ажлын 5 хоногийн чөлөө олгож болох бөгөөд ажилтан чөлөө авснаас хойш ажилд орох хугацаа болон чөлөөг сунгахтай холбоотой харилцааг мэдэж байх үүрэгтэй болох нь харагдаж байна. Б.Хадбаатар нь 17-нд УБ хот явсан нь тогтоогдсон. /Авто тээврийн газрын лавлагаа/ мөн ажлын хоногоор биш өдрөөр чөлөөг олгосон /бүртгэл хяналтын карт/-д Б.Хадбаатарт 5 дугаар сарын 24-ний өдрийг дуустал цалинтай чөлөө олгов гэсэн байгаа/, Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу ажлын хоног гэж ойлголт байхгүй харин ажлын цаг, өдөр гэсэн ойлголт байдаг. 2. Хөдөлмөрийн дотоод журмын 9 дэх хэсэг "Багш, ажилтанд чөлөө, тэтгэмж, тусламж, нөхөн олговор олгох" гэсэн дэд бүлгийн 9.1.1-д захирал чөлөө олгохдоо албаны даргаар дамжуулан олгох процессыг журамласан байна. Хэдний өдөр хүртэл чөлөө олгосон талаараа бүртгэл хяналтын картад бичилт хийсэн нь нотлох баримтаар үнэлэх боломжтой юм. Б.Хадбаатар нь чөлөө авснаа мэдсэний үндсэн дээр хот явсан бөгөөд чөлөөний хугацаа 24-нд дуусна гэдгийг мэдэж байсан учир тухайн өдөр автобусанд суусан байдаг. Өөрөөр хэлбэл, Б.Хадбаатар нь 2016 оны 5 дугаар сарын 17-20, 23, 24 гэсэн 6 өдөр ажлаас цалинтай чөлөө авсан бөгөөд 25-27 гэсэн дараалсан 3 өдрийн ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүй тасалсан бөгөөд ажил олгогчийн зүгээс 25-ны өдрийг замд явж байсан гэж үзлээ гэхэд 26, 27 гэсэн дараалсан 2 өдрийг тасалсан нь ажлаас халах үндэслэл болж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа Б.Хадбаатарын 2016.5.18-ны өдрөөс эхлэн ажлын 7 хоногийн чөлөө авсан гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй " гэсэн дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилсөн нь хууль буруу тайлбарлаж хэргийн үнэн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийж чадаагүй байх тул магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.       

                                                                ХЯНАВАЛ:

Б.Хадбаатар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Увс аймгийн Улаангом политехник коллежийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх Б.Хадбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх өөрчилж, нэхэмжлэлийг хангасан байна.

Хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх  бүрэлдэхүүн дүгнэв.

Увс аймгийн Улаангом политехник коллежийн захирал 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Б/09 дугаар тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 6.14-ийн 3, хөдөлмөрийн гэрээний 5-г үндэслэн Б.Хадбаатарыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтны үүрэгт ажлаас чөлөөлсөн /хх 4/ байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4 дэх хэсэгт “...ажилтай хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан... бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцална...” гэж заажээ.

Зохигчдын хооронд 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний /хх 38/ 5-д “...сургуулийн дүрэм, дотоод журмын 2-с дээш заалтыг нэг дор зөрчих, албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлэх, ажлын байранд согтууруулах болон мансууруулах зүйл хэрэглэсэн эсхүл гаднаас ийм байдалтай орж ирсэн нь нотлогдвол, эд зүйл зөвшөөрөлгүй авсан нотлогдвол, дараалан ажлын 2 өдөр түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан бол, гэмт хэрэг, авилгатай холбоотой асуудалд холбогдсон нь нотлогдсон, мэргэжлийн ёс зүй зөрчил давтан гарсан байдлыг ноцтой зөрчилд тооцох...” талаар заасан байна. 

Увс аймгийн Улаангом политехник коллежийн захирал 2016 онд Б/09 дүгээр тушаал гаргахдаа Б.Хадбаатар ямар зөрчил гаргасан талаар тушаалдаа заагаагүй тул   ажилтныг “ноцтой зөрчил гаргасан” эсхүл “давтан зөрчил гаргасан” гэж халсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна. Түүнчлэн, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5-д заасан аль нэг зөрчлийн талаар тушаалд дурдаагүй байв. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 67 дугаар зүйлийн 67.1, 116 дугаар зүйлийн 116.3-г зөрчихгүй юм. 

Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажил олгогчийн 2016 оны Б/09 дүгээр тушаалын үндэслэл баримтаар нотлогдоогүй тул хариуцагчийн гомдлыг хангах, улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.   

Зохигчид “...ажилтан ажил тасалсан...” эсэх талаар мэтгэлцсэн, энэ талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.  

Давж заалдах шатны шүүх Б.Хадбаатарын нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хэвээр үлдээв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                         ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ