Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 11

 

 

 

           

 

 

 

 

 

Б.Хадбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Н.Туяа даргалж, шүүгч С.Өмирбек, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 524 дүгээр шийдвэртэй, Улаангом сумын 3 дугаар багт  оршин суух, Уран овогт Баастын Хадбаатарын нэхэмжлэлтэй, хариуцагч Улаангом политехник коллежид холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Жамбалсүрэнгийн  илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Хадбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, Д.Дамдинсүрэн, Д.Баттогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:     

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “...Сургуулийн захирал Д.Баттогтохоос би албан ёсоор чөлөө авч 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 26-ны өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хот руу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан бэлтгэх сургалтад суусан хүмүүсийн гэрчилгээ авах, мөн сургалтын үйл ажиллагаа явуулах хугацааг сунгуулах ажлаар явж байгаад иртэл захирал Д.Баттогтох нь ажил тасалсан гэж намайг ажлаас халсан байна. Ингэж ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэсэн байна. Гэтэл би сахилгын зөрчил давтан гаргаагүй бөгөөд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргаагүй болно. Иймд Улаангом политехник коллежийн захирал Д.Баттогтохын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгож, Б.Хадбаатар намайг тус коллежийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Б.Хадбаатарын бичгээр гаргасан өргөдлийн дагуу цохолт хийж, 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд чөлөө олгохыг зөвшөөрсөн. Увс аймгийн Автотээврийн төвөөс авсан лавлагаанд дурдсанаар тэрээр 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаангомоос Улаанбаатар руу явсан, мөн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос Улаангом чиглэлд зорчсон гэдэг нь тогтоогдсон. Гэтэл тэрээр 2016 оны 5 дугаар сарын 25, 26, 27, 30-ны өдрүүдэд ажлын цагийг ямар нэгэн шалтгаангүй тасалсан. Энэ нь манай цагийн бүртгэлийн баримтаар тогтоогдож байгаа. Иймд миний бие хуулийн үндэслэлтэй, нотолгоо баримттайгаар Б.Хадбаатарыг ажлаас чөлөөлсөн ба хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 524 дүгээр шийдвэрээр: “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Увс аймгийн Улаангом политехник коллежийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Хадбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Хадбаатар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.” гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх миний нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж өгсөн 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан хүчин төгөлдөр үр дүнгийн гэрээг үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт үр дүнгийн гэрээг ямар үндэслэлээр яагаад үнэлээгүй болох талаараа тодорхой бичээгүй байна. 2016 оны 01 дүгээр сард үр дүнгийн гэрээ байгуулснаар өмнөх "Хөдөлмөрийн гэрээ"-г дуусгавар болно. Ажил олгогчийн буруу гэрээ байгуулснаас бий болох эрсдлийг ажилтан хүлээх ёсгүй. Хариуцагч Улаангом политехник коллежийн захирал нь надад чөлөө олгож цохолт хийсэн албан бичгийн огноонд засвар хийж шүүхэд өгсөн бөгөөд улмаар шүүх тухайн бичгийг үнэлэх боломжгүй болсон. Тухайн үед намайг чөлөө авч байхад уг чөлөө олгосон албан бичигт ямар нэгэн засвар хийгдээгүй байсан. Ингэж нотлох баримтад засвар хийж намайг ажил тасалсан болгосон.

Мөн тус сургууль өөрийн дотоод журмьгг надад албан ёсоор танилцуулж байгаагүй бөгөөд ямар дотоод журам байдаг, хэзээ батлагдсан талаар огт мэддэггүй байсан. Танилцуулаагүй, мэдэх боломжгүй журмьг дагаж мөрдөх боломжгүй юм. Иймд Увс аймаг дахь Сум дундьгн иргэний хэргийн анхан шатньг шүүхийн 2016 оны 08 дугаар сарьгн 24-ний өдрийн 524 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагьг бүхэлд нь хангаж өгнө үү..” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны  шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь  бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шийдвэр  хууль ёсны бөгөөд үндэслэл  бүхий байх  шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Ажил олгогч Улаангом политехник коллеж нь ажилтан Б.Хадбаатарт календарийн 7 хоногоор буюу 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг дуусталх хугацаанд чөлөө олгосон гэж, харин ажилтан Б.Хадбаатар цалинтай 7 хоногийн чөлөө хүссэн буюу ажлын 7 хоногийн чөлөө авсан гэж ойлгож, 2016 оны 5 дугаар  сарын 30-ны өдөр ажилдаа очсон гэж тус тус тайлбарлаж маргажээ.

Ажил олгогч нь ажилтны чөлөө олгохыг хүссэн хүсэлтийг шийдвэрлэж, заавал хариу мэдэгдэх үүрэгтэй бөгөөд хэрвээ ажилтанд чөлөө олгосон бол түүнд хэдэн хоногийн чөлөөг, цалинтай, эсхүл цалингүйгээр олгосон талаараа мөн мэдэгдэж, ойлгуулсан байх шаардлагатай.

Хэрэгт авагдсан баримтаар ажилтан Б.Хадбаатарт календарийн 7 хоногоор буюу 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд чөлөө олгож, энэ тухай шийдвэрээ  ажилтан Б.Хадбаатарт  мэдэгдсэн гэдгээ ажил олгогч нь нотолж чадаагүй байна.

Хэргийн 41 дүгээр талд авагдсан Бүртгэл хяналтын картад “Б.Хадбаатарт 5 дугаар сарын 24-ний өдрийг дуустал цалинтай чөлөө олгов.” гэж тэмдэглэгдсэн боловч уг шийдвэрийг ажилтанд хэрхэн мэдэгдсэн талаарх баримт хэрэгт  авагдаагүй байна. Харин хэргийн 42 дугаар хуудаст авагдсан ажилтан Б.Хадбаатарын хүсэлтэд ажил олгогчийн хийсэн тэмдэглэгээ засвартай учир тус баримтын уг тэмдэглэгээг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хуульд зааснаар үнэлэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч Б.Хадбаатарын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ажлын 7 хоногийн чөлөө авсан гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй тул түүний ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

Ажилтан Б.Хадбаатар  2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр буюу Даваа гарагт ажилдаа очсон талаар талууд маргаагүй  бөгөөд хэрвээ Б.Хадбаатар 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс ажлын 7 хоногийн цалинтай чөлөө авсан гэж үзвэл, тэрээр 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ажилд орох ёстой байсан боловч ажлын 1 өдөр тасалсан байна. Иймээс уг зөрчлийг зохигчдын хооронд байгуулагдсан  хөдөлмөрийн гэрээний 5.1.-т заасан ноцтой зөрчил гэж үзэх боломжгүй байх тул ажилтан Б.Хадбаатарт ногдуулсан ажлаас халах тухай сахилгын шийтгэл нь түүний гаргасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийн шинж байдал, хэр хэмжээнд тохироогүй байх тул нэхэмжлэгч Б.Хадбаатарыг Улаангом политехник коллежийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

                                                                                 

1. Увс аймаг дахь  сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 524 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн  1 дэх  заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулйин 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б.Хадбаатарыг Увс аймгийн Улаангом политехник коллежийн Хөдөлмөрийн аюулгүй  байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтны үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай.” гэж, 2 дахь  заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар Б.Хадбаатарын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Улаангом политехник коллежийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулсугай.” гэж тус тус өөрчилж, Б.Хадбаатарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.   

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Б.Хадбаатарын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ТУЯА

                                   

ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

 

Д.ЖАМБАЛСҮРЭН